Хүүхэд байхад намайг хичээлээсээ ирэхэд ээж маань агшаасан арвай будаанд цагаан манжингийн кимчи, нэг халбага улаан чинжүүний жан, ганц хоёр дусал периллийн тос хольж хутгаад цагаан манжинтай бибимбаб хийж өгдөг байж билээ. Идэх дуртай хоолны маань нэг байсан даа. Гэвч би 10 жил бибимбаб идээгүй ээ. Харахаар л хоолой зангирч, нулимс мэлтэлзээд ер идэж чаддаггүй юм.

Арван жилийн өмнө манай ах нэг өдөр ээжид долоо хоногийн л нас үлдсэн гэж билээ. Ээж маань хорт хавдартайгаа тэмцэж байсан ч амьдралд нь нэг их асуудал байгаагүй л дээ. Утсаар ярих болгонд байнга л өөдрөг цовоо байдаг болохоор өвчнөө хангалттай ялж чадна гэж боддог байлаа. Тиймдээ ч би ахынхаа хэлсэн үгэнд итгэж чадахгүй байв. Төрсөн гэртээ очин очтолоо “Ээж маань яасан ч тийм амархан унахгүй” гэж л бодож байлаа.
Харин ээжийнхээ царайг харангуутаа би лагхийн газарт суув. Бүх бие нь шарлаж, гэдэс хэвлий нь усаар дүүрсэн байв. Үргэлж “Зүгээр ээ” гэдэг болохоор нь би үнэхээр л зүгээр юм байх гэж мунхаглан бодож байж. Миний эндүү бодол, дэндүү хайхрамжгүй байдал хоёрын л гай. Хамаг бие нь задарчихаад байхад ч “Өвдөөд хэцүү байна” гэж огт хэлдэггүй байж. Хүүхдүүд нь насан туршдаа ээждээ олигтой ч хандаагүй. Хариу ч үгүй туниагүй хүн хэвтэж байхыг нь хараад би цээжээ дэлсэв.
“Мөн ч өөдгүй хүүхэд юм аа. Арай ч дээ, би. Ээжийнхээ сэтгэлийг хүний урманд ухаараагүй явж.”
Би ээжийгээ хоёрхон өдөр асартал ээж маань өнгө орж, цүдийтэл томорсон гэдэс нь хэвийн байдалдаа оров. Харин гурав дахь хоногоос нь ээж маань намайг хүнтэй суусныг ч мартаж, зөвхөн өөрийнхөө хүүхэд насыг л дурсан яриад байв. Ээж маань нутагтаа иддэг байсан цагаан манжинтай бибимбаб идмээр байна гэх нь тэр.
“Ээж ээ, эмнэлгээс гарахаар чинь цагаан манжинтай бибимбаб охин нь заавал хийж өгнө өө. Ээж та надад дандаа хийж өгдөг байсан биз дээ. Би танд заавал хийж өгнө өө, жаахан тэвчээрэй.”
Тэгж бибимбаб хамт идэхээр амласан байтал эмчийн таамагласнаар ээж маань долоо хоногийн дараа өөд болов. “Ээж ээ, отгон охин чинь таныгаа ямар их санаж байгааг, бибимбаб харах бүрдээ ямар их сэтгэл эмтэрдгийг мэдэх үү?”