Хүн хаанаас ирээд хаашаа явдаг вэ?

27,857 үзэлт

Хүн төрөлхтөн энэ дэлхийд оршин сууснаас хойш соёл иргэншил тасралтгүй хөгжиж ирсэн ч одоо хэр нь хүн төрөлхтний тайлж чадаагүй нууц олон бий. Тэр дунд өрнө дорно, эрт эдүгээ гэлтгүй олон хүний сонирхож ирсэн зүйл бол сүнсний асуудал юм. “Энэ газарт төрөхөөсөө өмнө хүн хаана байсан юм бол?” “Хорвоог орхиход бүх зүйл дуусдаг юм болов уу, эсвэл өөр ертөнцөд очдог юм болов уу?” Хүмүүс эдгээр асуултын хариултыг олж чадалгүй, үхлээс айцгааж байна. Хожим очих газраа мэдэхгүйгээс болоод ирээдүй нь баталгаагүй тул арга ч үгүй биз.

Бурхан “бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан” (Евр 2:15) хүмүүсийг өрөвдөн, махан биен төрхөөр энэ газарт ирээд, аврал авсан ард түмний очих тэнгэрийн хаанчлал ба аврал авч чадахгүй сүнснүүдийн очих там байгаа гэдгийг хүн төрөлхтөнд зааж өгсөн юм. Одоо Бурханы зааж өгсөн сургаал дээр үндэслээд, сүнсний ертөнцийг ухаарахад цаг гаргацгаая.

Хүн хаанаас ирдэг вэ?

Хүн төрөлхтөн энэ газар хүн гэх махан биеийг өмсөхөөс өмнө хаана, хэрхэн оршиж байсан, мөн яагаад энэ газарт төрөх болсон зэрэг асуултуудын хариуг Библиэс судалж үзье.

“Эрт цагийн үйлсээсээ өмнө, замынхаа эхнээс авахуулан ЭЗЭН намайг бүтээсэн. Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс Би тогтоогдсон байсан. Оёоргүй гүн үгүйд, оргилох булаг оргүйд би гарсан юм. Уулс толгодыг босгохын өмнө, би гарсан юм. Газар дэлхий, тариан талбай хийгээд ертөнцийн тоосонцрын дээжийг ч Тэр бүтээгээгүй байхад, тэнгэрийг бүтээж, оёоргүй гүний гадаргуу дээр тойрог хязгаарыг сийлж байхад Би тэнд байсан. … Газрын суурийг тавихад Би тэнд байсан юм. Би тэгэхэд хажууд нь урлаач, өдрөөс өдөрт бахдал нь байж өмнө нь үргэлж баярлаж байсан.”Сур.Үгс 8:22-30

Сургаалт үгс номыг бичсэн Соломон өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс өмнө өөрийгөө бий болсон гэсэн байна. Тэр үед “Бурхан хараахан ертөнцийн тоосонцрын дээжийг ч бүтээгээгүй байх үе” гэсэн болохоор ертөнц бүтээгдэхийн өмнө тэрээр аль хэдийн оршин байсан гэсэн үг юм.

Түүгээр ч үл барам Бурхан тэнгэрийг бүтээж, газрын суурийг тавих үед Соломон өөрийгөө Түүний хажууд урлаач байсан тухайгаа бичжээ. Бурханы хаанчлалд Бурхантай хамт амьдарч байхдаа тэр хэнийг “Аав” гэж дуудах сан билээ? Мэдээж Бурханыг “Аав” гэж дуудсан байх. Тийн байсан Соломон Давидын хүү болж энэ газар мэндлэн, Израилийн гурав дахь хаан болсон юм. Тэрээр энэ газар дээр бол Давидыг “Аав аа” гэж дуудсан. Энэ газарт махан биеийн аав байдаг бол тэнгэрт сүнсний Аав оршдог юм.

Энэхүү өмнөх ертөнцийн талаарх ухаарал байхгүй бол Бурханыг яагаад “Аав”, “Ээж” гэж дуудах ёстойг ойлгож чадахгүй. Бид энэ газар төрөхөөсөө өмнө, хүн төрхт хувцсыг өмсөхөөсөө өмнө байсан ертөнцөд Бурханыг “Аав”, “Ээж” хэмээн дууддаг байсан хэрэг.

Соломон гэх хүнээр дамжуулан бүх хүн түүнтэй адил Бурханы хүүхэд байсныг Библи гэрчилдэг. Түүнчлэн хүн амьдралаа эцэслээд энэ газрыг орхиж, дахин Бурханы энгэрт буцан явдаг гэдгийг ч мэдүүлсэн байдаг. Амьдралын үндэс нь энэ газарт биш харин тэнгэрт байсныг, мөн бидэнд заавал буцах ёстой эх нутаг байгаа гэдгийг Иов номноос бататгаж болно.

“Тэгтэл ЭЗЭН хуй салхин дундаас Иовд хариулан —Ухаангүй үгсээрээ зорилго төлөвлөгөөг минь сөрдөг хэн юм бэ, чи? За, бэлхүүсээ чанга бүсэл. Эр хүн шиг зогс. Чамаас Би асуух бөгөөд чи Надад мэдүүлж өг. Газар дэлхийн суурийг тавихад минь чи хаана байв аа? Мэддэг бол Надад хэлээч. … Тэр үед төрсөн учраас чи мэдэх ёстой. Тэгэхээр өдрүүд чинь тоолшгүй их билээ!”Иов 38:1-4, 21

Эхлэл номон дахь Бурханы бүтээлийн ажлыг харахад зургаан өдрийн турш тэнгэр газар, далай ба загас, мал адгуус, төрөл төрлийн амьд амьтдыг бүгдийг нь бүтээгээд, сүүлийн өдөрт хүнийг бүтээсэн тухай гардаг. Харин Бурхан Иовоор дамжуулан гэрчилсэн үгэнд хэлэхдээ “газар дэлхийн суурийг тавихад” буюу Бурхан тэнгэр газар түмэн бодисыг бүтээсэн тэр үед Иов аль хэдийнээ төрсөн байсан гэжээ.

Газрыг бүтээхийн өмнө гэвэл дэлхий бий болохын өмнө гэсэн үг шүү дээ. Тэгвэл тэр үед Соломон, Иов нар хаана амьдарч байсан байх уу? Тэд дэлхий гэгч энэ одноос ангид, өөр ертөнцөд амьдарч байсан нь илт байна. Бурхантай хамт амьдарч байсан гэхээр тэр газар нь Бурханы хаанчлал буюу тэнгэрийн хаанчлал юм.

Тэгвэл Соломон Иов хоёр л амьдарч байсан хэрэг үү? Бурхан Соломон болон Иовын жишээгээр биднийг энэ газарт ирэхээс өмнө хаана, хэрхэн оршин байсныг ойлгуулсан юм. Бид Бурханы хаанчлалд амьдарч байсан үзэсгэлэнт тэнгэр элч нар бөгөөд Бурханы хүүхдүүд. Энэ талаар Номлогчийн үгс номонд тодорхой гардаг.

“Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, амь амьсгаа нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ.”Ном.Үгс 12:7

Энд “тоос” нь хүний махан биеийг хэлж байна (Эхл 2:7 үзэх). Тоос буюу махан бие нь газар шороондоо буцаж, “амь амьсгаа” буюу сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцдаг хэмээсэн. Энэ үгнээс бидний сүнс тэнгэрээс ирсэн гэдгийг тодорхой ойлгож болно. Махан биед байгаа бидний сүнс энэ газарт бидний махан биеийг бий болохоос өмнө, тэнгэр элчийн биеэр өөрөөр хэлбэл сүнслэг биеэр оршиж байсан. Тэгээд хүн үхвэл махан бие нь газар шороонд ялзран алга болж, сүнс нь махан бие өмсөхөөс өмнө байсан тэр газартаа буцна гэсэн үг.

Цаашдаа бидний очих газар одоо тодорхой болсон. Бидний гарч ирсэн газар тэнгэрийн хаанчлал юм бол цаашид очих газар ч мөн мөнхийн тэнгэрийн хаанчлал биш гэж үү? Баяр хөөр, аз жаргал дүүрэн, хүний зүрх сэтгэлд орохооргүй сүр жавхлант тэнгэрийн хаанчлал (1Кор 2:9 үзэх). Тэр газар бол хожим бидний буцаж очих сүнсний минь эх нутаг билээ.

Нүглээсээ болж алдсан тэнгэрийн хаанчлал

Бид сүр жавхлант тэнгэрийн хаанчлалд амьдардаг Бурханы хүүхдүүд байсан. Тийм байтал яагаад энэ газар ирэх болсон юм бол? Махан биеэр орших болсон тэр мөчөөс бид тэнгэрийн ой санамжаа алдсан юм. Харин Бурхан бүх үнэн байдлыг Библиэр сануулаад байгаа билээ.

“Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Сонор нь сонсож чадахааргүй дүлий биш ээ. Харин хилэнц чинь та нарыг Бурханаас хагацуулан, нүглүүд чинь Түүний нүүрийг та нараас далдалжээ. Тиймээс Тэр сонсдоггүй.”Иса 59:1-2

Хилэнц маань биднийг Бурханаас хагацуулсан гэжээ. Сүр жавхлант тэнгэрийн оронд амьдарч байсан тэнгэр элч нар энэ газар хүн төрхөөр төрж амьдрахаас өөр аргагүйд хүрсэн учир нь тэнгэрийн оронд үйлдсэн томоос том нүглээс болсон аж. Бурхан үүнийг мэдэхгүй амьдарч байсан хүмүүсийн төлөө тэнгэрийн орон буцан явах баярт мэдээг аваад, биднийг хайж энэ газарт ирсэн билээ.

“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.”Лук 19:10

Есүс энэ газарт ирсэн учир нь тэнгэрээс алдагдсан хүмүүсийг хайж аврахын төлөө ирсэн хэмээсэн. Мөн тэнгэрээс алдагдсан хүмүүс нь нүгэлтэн байсныг ч ойлгуулж өгсөн юм.

“Харин явж “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.”Мат 9:13

Есүсийн сургаалуудыг холбон авч үзэхээр бүх хүн тэнгэрт нүгэл үйлдсэн алдагдсан хүмүүс юм. Энэ талаар Исаиа номонд “Хилэнц чинь та нарыг Бурханаас хагацуулсан” гэсэн байна. Дүгнээд хэлэхэд бид тэнгэрт нүгэл үйлдээд, газарт хөөгдөн ирсэн тэнгэр элч нар юм. Энэ газар нь нүгэл үйлдсэн тэнгэр элч нарын хоригдож байгаа сүнсний шорон учраас эндхийн амьдрал зовлонтой бөгөөд хичээж зүтгэхээс өөр аргагүй юм.

Тийм учраас Бурхан бидэнд эхлээд гэмшээрэй гэж заасан билээ. Учир нь нүгэлдээ гэмшин, нүглийн уучлал авч чадахгүй бол бид төрсөн нутаг тэнгэрийн орондоо үүрд буцаж чадахгүй.

Шинэ гэрээний Алгасал баяраар амласан нүглийн уучлал

Тэгвэл бид юуг хийж байж нүглээ уучлуулан, тэнгэрийн орон дахин явж чадах юм бол? Энэ бол зөвхөн христчин хүмүүст ч бус, түүнчлэн нүглээс болоод хөөгдөж ирсэн бүх хүний тайлах ёстой асуулт гэж хэлмээр байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Бурхан Өөрийн биеэр энэ газар ирсэн билээ.

“Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга.”Иох 1:29

Есүсийг ирэхээс өмнө 1500 гаруй жилийн турш хурганаас авхуулаад үй олон мал амьтдыг нүглийн уучлалын тахил болгон золиосолж байв. Энэхүү хуучин гэрээний тахилын тогтолцоо нь ч бас нүглээ уучлуулах арга зааж өгсөн хэлбэр байлаа. Бурхан биднийг нигүүлсэн энэрч, энэ газарт ирээд, Өөрөө нүглийн уучлалын тахилуудын бодит болж, тэнгэрийн нүгэлдээ гэмшсэн хүмүүст золиосын цусаараа нүглийн уучлал соёрхсон юм.

“Түүний нигүүлслийн баялгаар бидэнд Түүний дотор цусных нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бий. Тэр бидэнд бүх мэргэн ухаан ба бодрол ухаарлаар тэрхүү нигүүлсэлээ бялхаажээ. Тэр Түүний дотор зорилго тавьж, сайн тааллынхаа дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлэв. …”Ефе 1:7-10

Нүглийн уучлалын тахилын бодит болж, хорвоогийн бүх хүний нүглийг өршөөсөн Христийн золиос үгүй бол бид хэрхэвч нүглийн уучлал авч чадахгүй бөгөөд тэнгэрийн орон буцан явах яруу алдрын зам нээгдэхгүй билээ. Тэгвэл нүглийн уучлал өгдөг Христийн цус нь ямар цус юм бол?

“Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.”Мат 26:17-19, 26-28

Есүс Алгасал баярын усан үзмийн дарсыг өгөөд “Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм” хэмээн айлдсан. Энэхүү нүглийн уучлалын амлалт байхгүй бол бид тэнгэрийн хаанчлал руу огтхон ч буцан явж чадахгүй. Дахин хэлэхэд шинэ гэрээний Алгасал баяр нь тэнгэрт нүгэл үйлдээд, энэ газарт хөөгдөн бууж ирсэн хүн төрөлхтнийг нүглээс нь чөлөөлж, дахин мөнхийн тэнгэрийн хаанчлал руу буцаах Бурханы амлалт юм.

1500 жил гэсэн өнө удаан хугацаанд нүгэлтнүүдийн гэм нүглийн төлөө эвлэрүүлэл хийхээр шатаалт тахилын ширээн дээр золиос болсон үй олон амьтад нь бидний нүглийн хөлсөнд хатгагдсан Бурханы маань золиос, зовлонг харуулж байна. Бурхан биднийг шинэ гэрээний Алгасал баярын зоогонд оролцуулж, тэнгэрийн хаанчлалд хөтлөхийн тулд бидний оронд цусаа урсган золиос болсон юм. Энэхүү үйл явдлаар бий болсон тогтолцоо нь шинэ гэрээний Алгасал баяр билээ.

Тиймээс сүнсний ертөнцийг ухаарахгүйгээр сахих Алгасал баяр утга учиргүй юм. Шинэ гэрээний Алгасал баяр нь сүнсний ертөнцөд үйлдсэн бидний нүглийг цэвэрлэн угааж, биднийг чөлөөлөхийн тулд тогтоосон хууль юм.

“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. … “Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.””Иер 31:31-34

Бурхан амьтны золилтоор нүглийг уучилж байсан хуучин гэрээг цуцлан, шинэ гэрээг байгуулна гэж амласан байна. Тэгээд “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана” хэмээн айлдсанчлан шинэ гэрээгээр бүрэн төгс нүглийн уучлал өгсөн юм. Ийм чухал гэрээ байсан учраас Есүсийг энэ газар ирж, шинэ гэрээ тогтоохоос нь хэдэн зуун жилийн өмнө Иеремиа эш үзүүлэгчээр энэ тухай урьдчилан зөгнүүлжээ.

Хүүхдүүдээ дуудах Сүнс болон Сүйт бүсгүй

Одоо бид хаанаас ирсэн гэх мэт өөрсдийнхөө гарал үүслийг зөв ойлгочихвол ирээдүйд очих газрынхаа төлөө бас зөв бэлдэх хэрэгтэй.

Төрсөн нутаг тэнгэрийн орондоо буцъя гэвэл шинэ гэрээний Алгасал баяраар нүглийн уучлал авах ёстой. Бурхан хүүхдүүдийнхээ нүглийн уучлалын төлөө 2000 жилийн өмнө энэ газарт хүн төрхөөр Өөрийн биеэр ирсэн. Тэгээд хүүхдүүдийнхээ уй гашуу, зовлон, гунигаар дүүрэн амьдралыг нь хараад, шинэ гэрээгээр аврал зөвшөөрч өгсөн. Түүнчлэн энэ үед ч шинэ гэрээ сахидаг ард түмний Бурхан нь болно гэж зөгнөсөн ёсоор шинэ гэрээний үнэнийг тээн Сүнс ба Сүйт бүсгүй болон ирээд бидний Бурхан болж, нүглийн уучлал өгсөн юм. Энэхүү ерөөлтэй мэдээг дэлхийн бүх сүнсэнд тунхаглан, авралын ерөөлөө түгээхийг бидэнд захисан билээ.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.”Илч 22:17

Сүнс болсон Эцэг Бурхан, Сүйт бүсгүй болсон Эх Бурхан “Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг” хэмээн тунхаглаж байна. Тэгвэл Эцэг Эх рүү ирэхгүйгээр амийн ус авч чадах уу? Нүглийн уучлал амласан шинэ гэрээг мэдэж, энэ үеийн Аврагч болох Сүнс болон Сүйт бүсгүйг таньж мэдэж чадах уу?

Сүүлчийн үед хүмүүс амийн усыг (Бурханы үгийг) олохын тулд тэнгисээс тэнгис рүү гэлдрэн явавч эс олно гэсэн зөгнөл бий (Амо 8:11-13). Нэртэй шашин судлаач, Библи судлаач, мөн хичнээн ухаантай, мэдлэгтэй хүн байлаа ч амийн ус өгөх Эцэг Эхийг өөрийн хүчээр олж чадахгүй юм. “Ирээрэй” гэж дуудсан Бурхан руу очин, амийн ус авч байж л алдсан тэнгэрийн хаанчлалаа эргүүлэн олж авч чадна.

Сүнсний талаар зөв ухаарч чадахгүй бол буруу бодол, буруу үйлдлээр нэг олдох амьдралаа үрэн таран хийгээд, эцэстээ Бурханы шүүх сэнтийн өмнө зогсох юм. Бурхан бидэнд сүнсний ертөнцийг ухааруулж, нүглийн уучлал өгсөн нь энэ эрхэм үнэнийг түрүүлж хүлээж авсан хүнийхээ хувьд хараахан мэдэхгүйгээсээ болоод тамын хаалга руу гүйж байгаа үй олон сүнсийг сэрээгээрэй гэсэн Бурханы хүсэл бий. Эргэн тойрны ар гэр, хамаатан садан, хөрш, танил нөхдөө эргэн санаж, бүгдтэй нь цуг нүглийн уучлал аваад тэнгэрийн хаанчлал өөд буцан явахын төлөө шамдацгаая.

Шинэ гэрээгээр бидний Бурхан болсон Сүнс болон Сүйт бүсгүй, Эцэг Эхийгээ дэлхийн хүн нэг бүрд тараацгаая. Тэгвэл тэнгэрээс алдагдсан ах дүү, эгч дүүс маань Эцэг Эхийн дуу хоолойг сонсоод, Сионд эргэн ирж, нүглийн уучлал аваад санагалзах тэнгэрийн орны зүг хамтдаа буцан явж чадна.

Бидний буцах тэнгэрийн орон хөдөлмөр зүтгэл, гашуудах, өвдөх, уйлах гэж байхгүй мөнхийн ерөөл хийгээд аз жаргал бэлтгэгдсэн газар билээ. Буцан явах хүртэл их бага зовлон байгаа ч Библи дотор итгэлийн эш үзүүлэгчид мөнхийн тэнгэрийн хаанчлалд найдан, хавчлага зовлонг ялж байсны адил бүх хэцүү байдлаа хүсэл найдвараар ялан дийлээд, тэнгэрийн хаанчлалд заавал буцахыг Сионы бүх гэр бүлээсээ хүсэж байна.