​Үүл ба махан бие

19,608 үзэлт

Хуучин гэрээний Библид Христийн ирэлтийн талаарх олон зөгнөл байдаг. Харин Христ нууцаар ирэх тул тэр үеийн шашны удирдагчдын хувьд Христ болох Есүсийг хүлээн авна гэдэг нэн бэрх байлаа.

Тиймээс Иохан элч “Есүс Христ махбодоор ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас бөгөөд Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас бус. Энэ бол антихристийнх” хэмээн бичсэн байдаг (1Иох 4:2-3).Тухайн цаг үед Христийг махан биеэр ирсэн гэдэгт итгэх нь тийм хэцүү байсныг энэ ишлэл харуулж байна.

Тиймээс анхны сүмийн итгэгчдэд байсан гол үзэл санааны нэг нь Христ махан биеэр ирсэн явдал байв. Тэдгээрээс Даниел эш үзүүлэгчийн үүлсээр ирэх тухай зөгнөлийг Библид хэрхэн тайлбарладгийг, мөн анхны сүмийн итгэгчид уг зөгнөлийг хэрхэн ойлгож хүлээн авсныг судалж үзье.

“Би шөнийн үзэгдлийг харсаар байв. Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн тэнгэрийн үүлсээр ирж, Эртний Нэгэн дээр очоод, Түүнд бараалхав. Түүнд эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж, бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Ноёрхол нь үүрдийн ноёрхол. Эс өнгөрөн одно. Хаанчлал нь эс устах хаанчлал юм.” Дан 7:13-14

Есүсийг төрөхөөс 600 жилийн өмнө байсан Даниел эш үзүүлэгч Христ үүлсээр ирнэ гэж зөгнөсөн ч Есүс дэлхийд үнэндээ тэнгэрт хөвж байдаг бодит үүлээр биш, махан биеэр мэндэлсэн юм.

Тэгвэл Даниел эш үзүүлэгчийн зөгнөсөн Нэгэн нь Есүс биш гэсэн үг үү? Тийм биш ээ. Даниелын зөгнөсөн Христ нь гарцаагүй Есүс мөн.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, …” Мат 28:18-20

“Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн Би та нарт өгнө.” Лук 22:29

Есүс бол үүлсээр ирж, эрх мэдэл, хаанчлал авсан Нэгэн. Харин Тэрээр махан биеэр ирсэн. Тэгвэл Даниел яагаад Түүний үүлсээр ирэхийг илчлэлтээр хараа юм бол?

Үүнийг зөв ойлгохын тулд Библийн онцлогийг олж мэдэцгээе.

“Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юуг ч тэдэнд ярьсангүй. Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Би сургаалт зүйрлэлээр амаа нээнэ. Би ертөнцийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг (зүйрлэлээр) хэлнэ» гэсэн байна.” Мат 13:34-35

Бурхан ертөнцийн сууриас эхлэн нууцлагдсан нууцуудыг сургаалт зүйрлэлээр хэлнэ гэжээ. Бурхан Өөрийн мөн чанараа далдалж, энэ газар махан биеэр ирсэн нь агуу нууц юм. Хэрэв Бурхан гэрэл цацруулан, аянга, бүрээн дуугаар түг түмэн тэнгэрийн цэргүүдээ дагуулан ирвэл Түүнд захирагдаж зүрхлэхгүй хэн байх билээ дээ? Гэвч Бурхан хамгийн хүчгүй, хамгийн сул дорой хүн болж ирвэл хичнээн хүн Бурхан гэж хүлээн авах бол? Зөвхөн Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг хүмүүс болон Бурханаар төрсөн хүмүүс л Түүнийг Аврагч гэж итгэх ажгуу.

Махан бие өмсөхөөсөө өмнө Есүс яруу алдарт Бурхан байсан билээ. Харин Тэрээр энэ дэлхийд ирэхдээ сүр жавхлан, яруу алдраа нуун далдалж ирсэн хэдий ч Түүнд мэргэн ухаан, мэдлэгийн бүх эрдэнэс нуугдаж байсан юм. Иймд Түүнийг нууц гэж хэлэхээс өөр аргагүй бидний Бурхан юм.

“Түүнчлэн тэдний зүрх нь урамшиж, хайранд холбогдсоноор тэд бүрэн дүүрэн ойлголтын бүх баялгийг мөн Бурханы нууцын мэдлэг болох Христийг олж аваасай гэж хүсэж байна.” Кол 2:2

Христ бол Бурханы нууцуудын дундах хамгийн том нууц учир Өөрийнхөө ирэлтийн талаар сургаалт зүйрлэлээр ярьж, ингэснээр хүн бүр Түүнийг танихгүй, харин зөвхөн Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг хүмүүс л Түүнийг олж чадах юм.

Үүл нь ус юм

Библийн сургаалт зүйрлэл дунд байгалийн хуультай зөрчилдсөн нэг ч сургаалт зүйрлэл байдаггүй. Үүлний тухай сургаалт зүйрлэлийг ч мөн л Бурханы бүтээсэн энэ ертөнцийн зүй тогтол, байгалийн хуулийн дагуу өгсөн.

Газраас ус ууршиж, агаарт нягтран конденсаци үүсгэж, салхины аясаар хөвөх усны дуслуудыг (H₂O) бид үүл гэж нэрлэдэг. Мөн үүлс газарт ойрхон хөвөхийг нь “манан” гэж нэрлэдэг. Библид махан биетэй хүмүүсийг устай зүйрлэсэн байдаг.

“… Их усны дээр суух их янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя. … Тэр надад —Янхан эмийн сууж байгаа чиний харсан ус бол ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд юм.” Илч 17:1-15

Үүл бол үндсэндээ ус. Махан биетэй ард түмэн, хурсан олныг устай зүйрлэж. Тэгвэл Есүс үүлсээр ирнэ гэсэн зөгнөлийн дагуу махан биетэй хүүхэд болж төрсөн нь зөгнөлийн биелэл биш гэж үү?

Байгаль дээр үүл ямар үүрэгтэй байдаг билээ? Үүлний үүргийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал олон байж болох ч хоёр үндсэн үүрэгтэй гэхэд болно. Нэг нь нарны гэрлийг халхлах, нөгөө нь бороо оруулах.

Үүлний үүрэг- нарны гэрлийг халхлах

Бурхан бол тэнгэр газар, түг түмнийг бүтээсэн Бүтээгч. Бурхан нарнаас хэдэн арван мянга дахин илүү гэрэлтдэг. Бурханд нүгэлтэн бидний харж зүрхлэхийн аргагүй сүр жавхлан, алдар суу бий.

Эрт үед израильчуудыг Синаи уулан дээр Арван тушаал хүлээн авах үед Бурхан буун ирсэн учир уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байсан юм. Харанхуй, түнэр харанхуй, аянгын чимээ, бүрээн дууг сонсоод бүх ард түмэн айн цочирдов. Хэдийгээр Бурхан тэдэнд үзэгдээгүй байсан ч тэд Мосегоос гуйн Бурханыг өөрсөдтэй нь шууд ярихгүй байхыг хүссэн.

Бурханы бурхан чанарын талаар элч Паул “Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй” (1Тим 6:16) хэмээсэн. Элч Иохан ч мөн Бурханыг гэрэл гэж гэрчилсэн (1Иох 1:5).

Тийм байхад хэрэв Бурхан нүглийн хувцас болох махан бие өмсөн амьдарч буй хүмүүст угийн төрх байдлаараа харагдвал хэн амьд байх вэ? Хэн Бурханд ойртож, харж зүрхлэх вэ? Бурхан махан бие өмссөн хүмүүсийг аврах гэсэндээ л яруу алдрын гялалзсан гэрлээ махан бие дотор халхалж, энэ дэлхийд ирсэн. Үүл нарны гэрлийг халхалдаг шиг Есүсийн өмссөн махан бие Бурханы алдрын гэрлийг халхалснаараа үүлний үүрэг гүйцэтгэсэн хэрэг.

«Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм. Мат 1:23

Хэрэв Бурхан Өөрийн гэрлээ халхлахгүй бол яаж бидэнтэй хамт байх билээ? Бурхан ердөө тэнгэрт нүгэл үйлдсэн сүнснүүдийн л өмсөх ёстой махан биеийг өмссөн нь бидэнд ямар их хайртайг нь харуулж байгаа юм.

Исаиа эш үзүүлэгч Есүсийг төрөхөөс 700 жилийн өмнө Ёхова Бурхан энэ дэлхийд ирнэ, Ёховагийн замыг бэлтгэх нэгэн эш үзүүлэгч гарч ирнэ гэж зөгнөсөн.

“Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ. Цөлд Бурханд маань их замыг шулуун болгогтун. … Дуугаа хүч чадалтайгаар өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Бурхан тань энэ байна” гэж Иудагийн хотуудад хэлэгтүн. Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. …” Иса 40:3-10

Энэ зөгнөл биелэх үед Ёхова Бурхан жирийн хүмүүсийн төсөөлж байсан шиг тийм сүр жавхлантай, сүр дуулиантай гарч ирээгүй. Эзэний (Ёховагийн) замыг бэлтгэх, хашхирагч нэгэн ч дэлхийн хүмүүст хүндлүүлэхүйц байдлаар ирээгүй.

“Тэр өдрүүдэд баптисч Иохан Иудейн цөлд гарч ирэн, тунхаглахдаа —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж байлаа. Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа… Би та нарт гэмшлийн чинь төлөө усаар баптисм хүртээдэг. Харин Надаас илүү хүчирхэг Нэгэн миний араас ирж байна. Би Түүний шаахайг авч явах ч үнэ хүндгүй. …” Мат 3:1-11

Исаиагийн зөгнөсөн хашхирагч нэгэн бол баптисч Иохан байв. Мөн ирэх Ёхова Бурхан нь сул дорой махан биеэр ирсэн Есүс байв. Исаиагийн зөгнөл болон зөгнөлийн биелэлтийг харьцуулж үзэхэд махан бие талаасаа бол асар их ялгаатай.

Бурхан хайртай ард түмнээ аврахаар дэлхийд ирэхэд тухайн үеийн шашны удирдагчид болон нийгмийн удирдах давхрагынхан Түүнийг таниагүй. Бурханы алдрын гэрэл тэднээс далдлагдсан байсан тул тэд Бурханыг жигшиж, хавчиж байсан юм.

Есүсийн өдрүүдэд олон хүн байсан ч Есүсийг Бурхан гэж таньж мэдсэн хүн цөөхөн байлаа. Гэвч Бурханы нигүүлслийг ухаарсан элч Иохан зэрэг хүмүүс Есүсийг Бурхан гэж дуудахаас татгалзаагүй юм.

“Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэл байв. Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм. Бурханаас илгээгдсэн Иохан (Баптисч Иохан) гэгч хүн байжээ. Тэрээр мөнөөх гэрлийг гэрчлэх гэрчлэлийн төлөө ирсэн нь түүгээр дамжин бүгд итгэхийн тулд байлаа. Тэрээр өнөөх гэрэл байсангүй, харин тэрхүү гэрлийн тухай гэрчлэхээр иржээ. Ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ. …” Иох 1:4-14

Гэрэл болох Бурхан энэ газар ирэхдээ алдрын гэрлээ махан биеэр халхалж ирсэн юм. Тиймээс энэ дэлхийн бүтээлүүд Түүнийг таньж чадаагүйгээр үл барам Бүтээгч Бурханыг эсэргүүцэх мунхаглал үйлдсэн юм. Гэвч Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй сайн хүмүүс хэдийгээр Түүнийг гэрлээ халхалж ирсэн ч Түүнээс аяндаа гарч ирэх сайн мэдээний гэрлийг хараад хүлээн авсан юм.

Үүлний үүрэг -бороо оруулах

Орчлон ертөнцийн бүх зүйл Бурханы хүслээр бүтээгдсэн. Дэлхий дээр Бурханы хүслээр бүтээгдсэн бүх амьд биет усны ач тусаар амьдардаг байхаар бүтээгдсэн. Үүл бороо оруулахгүй бол яах вэ? Тэгвэл үүл гэх жинхэнэ үүргээ биелүүлэхгүй, улмаар бүх амьд биет амь насаа алдахад хүрнэ.

Үүл нь бороо оруулах үүрэг гүйцэтгэдэг шиг Есүс үүл (махан бие) өмсөж ирсэн шалтгаан нь цангаснаасаа болж үхэж буй сүнснүүдэд амийн ус өгч, амьдруулах байв.

“Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун. Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв.” Иох 7:37-38

Христ болох Есүс үүлээр (махан биеэр) ирж, бидэнд бороо (Ариун Сүнс) өгсөн. Харин хуурамч эш үзүүлэгч болон хуурамч христүүд хүмүүст амийн ус өгч чадахгүй. Тиймээс тэд хургүй үүл юм.

“Эд бол та нарын хайрын зоогон дахь сэв бөгөөд эмээлгүйгээр та нартай найрлахдаа өөрсдийгөө л тэжээдэг. Тэд салхинд туугдах хургүй үүл, …” Иуд 1:12

Есүс бол Бурхан

Бурхан алдрын гэрлээ махан биеэр халхалж энэ дэлхийд ирээд хүмүүст амийн ус өгөхийг Даниел эш үзүүлэгч үүлсээр ирэх үзэгдлээр харсан аж. Есүсийг Христ гэж хүлээн авсан анхны сүмийн итгэгчид Есүсийг сул дорой махан биеэр ирсэн ч мөн чанар нь алдрын Бурхан гэдгийг ухаарч, Түүнд үйлчилсэн юм.

“… Үг нь Бурхан байв. … Үг нь махбод болж, бидний дунд оршин, …” Иох 1:1-14

“Эцгүүд ч тэднийх, Христ ч мах биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн.” Ром 9:5

Анхны сүмийн итгэгчид Есүсийг мөн чанарын хувьд Бурхан гэсэн үзэл санаатай байжээ. Есүсийг таньж ухаараагүй хүмүүс Түүнийг назар хүн эсвэл мужаан гэж ойлгодог байсан ч Түүнийг таньж ухаарснууд нь Есүсийн махан бие дотор нууцлагдсан бурхан чанарыг нь олж харсан байна.

“Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог.” Кол 2:9

Анхны сүмийн итгэгчдийн үзэл санаа, үнэн зэрэг нь эцсийн өдрүүдэд амьдарч буй бидний хувьд маш чухал утга учиртай юм. Өнөө үед ч мөн Христ болох Сүнс болон Сүйт бүсгүй яруу алдрын гэрлээ халхлан үүлээр ирж, амийн хур бороо оруулж байна. Үүлээр ирсэн Христийг хүлээн авсан итгэгчид Сүнс болон Сүйт бүсгүй хаашаа ч хөтөлсөн, дагаж, цаг үргэлж Тэдэнд магтаал, яруу алдар өргөнө.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17