Хэлэхээсээ өмнө бод
Харууслаа гээд буцааж болдоггүй зүйл бол үг яриа. Тиймээс хэлэхээсээ өмнө түр азнаж, хэлэх үгээ шүүн тунгааж, хасахыг нь хасаж, засахыг нь засаж бай.
“Бусдын хэлэх үгийг гэхээсээ өөрийнхөө хэлж буй үгийг илүү анхаар” гэсэн Талмудын зүйр үг байдаг. Үүн шиг “хэл” гэгчийг харилцааны хэрэгсэл болгон ашигладаг улс орон бүрд үг ярианы чухлыг ухааруулсан олон онч мэргэн үгс байдаг. Үг бол хүн хоорондоо бодол санаа, мэдээ мэдээллээ дор нь хуваалцдаг хамгийн сайн хэрэгсэл. Гэвч нөгөөтэйгүүр бие биенийхээ сэтгэлийг шархлуулж, үл ойлголцол, маргаан үүсгэх шалтгаан болж ч мэднэ. Хэдийгээр өөр өөр хэлтэй ч хүмүүс бүгд л олон жилийн туршлагаараа адилхан иймэрхүү сургамж авсан байдаг.
Харилцан яриа бол харилцан үйлчилдэг харилцаа. Өөрөөр хэлбэл нэг нь ярьж, нөгөө нь сонсдог. Бөмбөг харилцаж байхад бөмбөг огт өөр зүг рүү явах тохиолдол байдаг даа. Үүн шиг үг хэл ч мөн ялгаагүй. Хүн хүний нөхцөл байдал, байр суурь, сэтгэлгээний хэв маяг, аливаад хандах хандлага зэрэг нь харилцан адилгүй учраас хэлсэн үг нөгөө хүндээ санаандгүй буруугаар ойлгогдох нь бий. Хэдий муу санаа агуулж тэгж хэлээгүйг хаа хаанаа мэдэж байсан ч нөгөө хүн эвгүй байдалд ордог. Ийм маягаар санаандгүй ч бай нэгийг нь эвгүй байдалд оруулж, нөгөөг нь харамсахад хүргэдэг зүйл бол “хэл хальтрах” юм.
Шидсэн бөмбөгийг буцааж авч болдоггүй шиг үг нэгэнт хэлсэн л бол буцааж болдоггүй. Тиймээс үг хэлэхээсээ өмнө өөрөө өөрөөсөө асууж, тунгаан бодох дадлага хийх хэрэгтэй. Тэгвэл хэлэхээсээ өмнө яг юу бодох ёстой вэ? Англиар бодох гэдгийг “think” гэдэг. Энэ үгэн дотор хариулт нь байгаа. THINK гэдгийн T,H, I, N, K үсгээр эхэлсэн таван үгээр сэтгэлд сайхан яриа хөөрөө өрнүүлэхийн тулд санаж байх учиртай таван зүйлийг мэдэж авцгаая.
True
True Энэ ер нь үнэн үг үү?
Үнэн биш үг гэхээр хүмүүс ихэвчлэн хэтрүүлэгтэй дэгс үг, хов жив, худал хуурмаг мэдээ гэх зэргийг л боддог. Гэвч худлаа ярих санаагүй байсан хэр нь үнэн биш, худлаа үг хэлэх энүүхэнд. Эдгээр нь ерөнхийлж дүгнэсэн, мушгин гуйвуулсан, хэт өрөөсгөлөөр нэг талыг барьж тайлбарласан, дүгнэж шүүмжилсэн үгс юм.
Хувийн үзэл бодлоо үнэн гэж итгээд, шүүж тунгаалгүйгээр хүнд хэлбэл санаандгүйгээр хүн хуурч магадгүй. Жишээ нь “Аялалд явж байгаад нэг хүнээс зам асуусан чинь завгүй гээд зүгээр яваад өгч байгаа юм даа. Тэр нутгийнхан ёстой найрсаг биш хүмүүс байна лээ” гэж хэлсэн гэж бодъё. Хүнээс зам асуутал завгүй гээд яваад өгсөн нь үнэн ч тэр нутгийнхан найрсаг биш гэдэг үгийг үнэн гэх аргагүй. Учир нь өөрт тохиолдсон ганц хоёр удаагийн явдлаар ерөнхийдөө тийм юм шиг болгож алдаа гаргаж байгаа хэрэг. Иймэрхүү алдаа гаргалгүй өөрт санагдсанаа илэрхийлмээр байвал “Надад тэндхийнхэн жаахан найрсаг биш санагдсан” гэх зэргээр өөртөө хамааруулах үг хэрэглэх нь зүйтэй.
Өөрийхөө бодлыг үнэн мэтээр яривал түүнээс болж хохирогч гарах нь мэдээж. Нэгэнт тогтсон бодол тийм ч амархан өөрчлөгддөггүй. Тиймдээ ч тогтсон бодол л зөрчил үүсгэх шалтгаан болдог. Хүмүүс асуудлын уг үндсийг мэдэхгүйгээр зөрчил маргаанд орооцолдох нь бий. Үүнээс урьдчилан сэргийлье гэвэл үнэнийг тайлбараас (дүгнэлт шүүмжлэлээс) ялгаж салгах хэрэгтэй. Мөн өөрийн чинь дүгнэлт шүүмжлэл, тайлбар буруу ч байж мэднэ гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Helpful
Энэ ер нь тустай үг үү?
Заримдаа бусдад тус болох үүднээс хэлсэн үг харин ч эсрэгээрээ асуудал тарьчихдаг. Хальт зөвлөгөө өгөх, алдааг нь цохож онцлох, хөндлөнгөөс оролцох зэрэг нь тийм асуудал үүсгэж болзошгүй. Өөрөөс чинь тусламж хүсээгүй байхад тухайн хүний санаа бодол, зан чанарыг нь өөрчлөх гээд хөндлөнгөөс оролцвол үнэхээр сайн санаагаар тус болох байх гээд хэлсэн байсан ч үр дүнгүй.
Го даам тоглож байгааг харж байгаа хүн хөндлөнгөөс оролцож арга зааж өгөхийг “нүүдэл заах” гэдэг. Тоглож байгаа хүн болон тоглолтыг нь хөндлөнгөөс харж байгаа үзэгчийн харах өнцөг өөр өөр байдаг тул заримдаа тоглогчийн хараагүй нүүдлийг хөндлөнгийн хүн олж харах нь бий. Үүн шиг гуравдагч хүний нүдэнд тухайн хүний олж хараагүй зүйл илүү сайн харагдах тохиодол бий. Тэглээ гээд гэнэт хэлбэл сонсож байгаа хүнд өөрийнх нь чадварыг үнэлэхгүй байгаа мэт санагдаж, “Би чамаас илүү дээр юм байна” гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс юун туслуулах манатай, харин ч биеэ өмөөрөх сэтгэл төрдөг.
Хэлж байгаа чинь үнэн мэдээлэл байсан ч ялгаагүй. Жишээ нь нэг амттай хоол идээд сайхан байж байтал эгч чинь хажуугаас “Наадах чинь химийн гаралтай амтлагч их орсон байх даа” гэх юм уу, эсвэл нэг юм хямдхан худалдаж авчихаад баяртай байхад чинь “Наадах чинь хямдхан биш ээ. Би илүү хямдхан дэлгүүр мэднэ” гэж хэлбэл таагүй санагдана биз дээ. Тустай үүднээс хэлсэн ч байсан нөгөө хүнээ сонсоод ямар байхыг анхаарч үзэх ёстойн учир энэ юм.
Inspire
Энэ ер нь урам, хүч өгөх үг үү?
Хайрлаж санаа тавьдаг хүнээ илүү сайн сайхан болгох гэж найдан, чин сэтгэлээсээ туслахыг хүсвэл гашуун үнэнийг хэлэхийн оронд магтах, урамшуулах, хүлээн зөвшөөрөх, урам дэм өгөх зэргээр өөр арга сонгох хэрэгтэй.
Тамирчид үзэгч хөгжөөн дэмжигчдээс урам авахаараа илүү сайн үр дүнд хүрдэгтэй адил ямар ч ажлыг илүү сайн хийе гэвэл өөртөө итгэх итгэл, урам зориг хэрэгтэй. Магтаал, урамшуулал нь эерэг энерги өгч, өөрийгөө сайжруулах хүсэл дагуулж, улмаар дотоод хүч чадлаа харуулах урам зориг төрүүлдэг байна. Хүмүүс өөрийнхөө сул талыг мэддэггүй шиг давуу талаа ч хүлээн зөвшөөрөхгүй байх нь элбэг. Гэвч хэн нэгэн өөрийнх нь давуу талыг хэлбэл нэлээн баярладаг. Бусдын том ч бай жижиг ч бай аливаа ажлыг чадварлаг сайн хийсэн үед нь эсвэл хийж чадаагүй ч хичээл зүтгэл гаргасныг нь үнэлж хүлээн зөвшөөрвөл тухайн хүн стресстэй нөхцөл байдалд ч бат зогсож, бэрхшээлийг даван туулж чаддаг.
Өөрсдийгөө үргэлж нэг тал гэж бие биедээ их итгэдэг хүмүүс нэг нэгийнхээ хатуухан зөвлөгөөг ч хүлээж авдаг. Яг л гашуун эмийг чихэртэй хамт өгөхөөр залгиж чаддаг шиг өөрт нь зөвлөгөө өгч байгаа хүн хэзээд өөрийг нь хайрлаж, удирдан чиглүүлдэг хүн гэдэгт итгэж байх юм бол хэлсэн гашуун үгийг нь ч хүлээж авна.
Итгэж, хүлээцтэй хандаж, эерэг үгээр урам хүч өгч зоригжуулбал зөрчил маргаан, хэрүүл тэмцэл арилна. Гярхай сайн ажиж, давуу талыг нь олж харан, үүнийгээ үгээр илэрхийлэх нь хайраа харуулах хамгийн сайн арга юм.
Necessary
Энэ ер нь чухал шаардлагатай үг үү?
Хэн хэнд нь хөгжилтэй яриа өрнүүлэхийн тулд нийтлэг сонирхлоо мэдэх нь чухал ч юу юунаас илүү хэрэггүй сэдвээр ярихаас зайлсхийх хэрэгтэй. Нөгөө хүнийхээ сонирхох ч үгүйг, эсвэл нөгөө хүнтэй нь ямар ч хамааралгүй зүйл нь “ярих онцын шаардлагагүй зүйл” юм. Мөн өөрөөрөө бахархах, нөгөө хүнээ бусадтай харьцуулах, эсвэл нөгөө хүнийхээ нуухыг хүсдэг зүйл зэрэг нь “ярихгүй байсан нь илүү дээр зүйл” юм.
Шулуун шударга хүн болох гээд бусдын талаар харсан сонссоноо юу юугүй бүгдийг нь ил гаргах гээд байх шаардлагагүй. Жишээ нь ажлаасаа халагдчихаад байгаа хүнд “Одоо ингээд ажилгүй боллоо доо” гэж хэллээ гэхэд хэдий худлаа үг биш ч гэлээ тэгж хэлэх шаардлагагүй үг. Мөн хэн нэгний талаар гуравдагч хүнээс сонсож байлаа ч тухайн хүн өөрөө эхэлж ярихаас нь өмнө дурдаад байх шаардлагагүй. Хэлмээр байгаа чинь үнэний ортой байсан ч “Сонслоо гээд энэ хүнд ашиг тустай юу?” гэж эхлээд бодох учиртай. Тэгэх юм бол шаардлагагүй үгийг шүүн тунгаах амархан байх юм.
Нэг их хэрэгтэй үг биш ч гэлээ хэнд ч хор хөнөөлгүй хөгжилтэй сэдвээр яриа хөөрөө өрнүүлж болно шүү дээ. Энэ нь нэг нэгэнтэйгээ харилцаагаа сайжруулахад тус дэм болдог. Харин хий дэмий маргаан үүсгэж мэдэх, хөгжилтэй биш таагүй уур амьсгал бий болгох зүйл байвал хэлмээр байсан ч хэлэхгүй байх нь дээр.
Kind
Энэ ер нь эелдэг үг үү?
Хэлэх гэж байгаа үг чинь үнэн, тухайн хүндээ ашиг тустай, урам хүч өгөх үг байсан ч “энэ” л байхгүй бол ямар ч ашиггүй. Энэ гэдэг нь дөлгөөн инээмсэглэл бүхий сонсголонтой, намуун зөөлөн ярих “эелдэг байдал” юм. Яриа чинь хичнээн сайхан агуулгатай байсан ч ширүүн дориун, ёозгүй хэлбэл ярианы утга саарч, гажна. Муу санаагаар хэлээгүй байсан ч нөгөө хүн сэтгэл нь шархлаад байдаг шалтгааны нэг нь ярих хандлага чинь байж ч мэдэх юм.
Уурласан эсвэл сэтгэлээр унасан үедээ тэр сэтгэл санааны таагүй байдал ярианы өнгө аясаар андашгүй байдаг. Эхэндээ инээж ярьж байснаа нөгөө хүний яриа таалагдахгүй болоод ирвэл дуугаа өндөрсгөх эсвэл царайгаа барайлгах нь бий. Тиймээс бие биентэйгээ сайхан харилцаагаа хадгалж үлдье гэвэл уурлах, дургүйцэх зэрэг сөрөг мэдрэмжээ захирч чаддаг байх хэрэгтэй.
Өөр өөр санаа бодолтой байсан ч найрсаг хандлагаар харилцан яривал нэг их том асуудал гарахгүй. Нөгөө хүнийхээ эелдэг байдалд уусаж, өөрийн санаа бодлоо тулгахаас илүүтэй тухайн хүнийхээ хүсэлд тааруулах гэдэг. Харин түрэмгий, өргөс мэс мэт ширүүн өнгө аясаар яривал тухайн үедээ бол дийлж, талдаа оруулж мэдэх ч харин сэтгэл нь холддог.
Сэтгэлээ шингээж, гараа гаргаж хийсэн хоолоо гоё аяганд хийж өгвөл илүү хорхой хүрэм, амттай харагддаг шүү дээ. Үүн шиг бодсон санаснаа үгээр илэрхийлэх ч мөн ялгаагүй. Намуун дуу хоолой, зөөлөн дулаан төрхөөр хэлсэн үг сонсож байгаа хүнээ баярлуулдаг. Ийм үг яриа найрсаг халуун дулаан уур амьсгал бий болгоод зогсохгүй, бие биедээ итгэх итгэл, нөхөрсөг дотно харилцааг ч бий болгодог.
“Эелдэг үг хаврын нар шиг дулаахан.” Орос ардын зүйр үг
“Зөөлөн дулаан үг төмөр хаалгыг ч нээнэ.” Болгар ардын зүйр үг
Үнэндээ хэл, яриа гэгч зүйл хэрэглэж л байгаа цагт үг яриан дээрээ бүдрэхгүй хүн гэж үгүй. Харин зүгээр л “Сонсож байгаа хүнд миний үг яаж сонсогдох бол?”, “Яаж илүү аятайхан хандлагаар хэлэх вэ?” гэдгийг ярихаасаа өмнө нэг удаа ч болов анхаарч, бодвол хавьгүй өөрчлөгдөнө. Улмаар байнга туршлагаасаа суралцаж, хичээх юм бол үг яриан дээрээ алдах тоо ч багасах биш үү?
Нэгэнт хэлсэн үгийг буцаах боломжгүй ч харин хэрхэн зохицуулж байгаагаас хамааран өөр үр дүнд хүрч болно. Өөрийнхөө хэлсэн үг яриагаар өрөөл бусдын сэтгэлийг шархлуулсан бол “Санаандгүй хэлсэн үг шүү дээ” гэж залруулах, эсвэл “Тиймхэн үгэнд эвгүйцээд байгаа юм уу?” гэх мэтээр нөгөө хүнээ буруутгахаас илүү, алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж, харамслаа илэрхийл. Тэгвэл хэрүүл маргаан дэгдэж, харилцаанд ан цав гараад байхгүй. Харин эсрэгээрээ нөгөө хүний хэлсэн үгэнд эвгүйрхсэн ч хэлсэн үгэнд нь хар буруу санаагүй байсныг мэдвэл “Тийм юм байх шүү дээ” гээд нэг их ач холбогдол өгөлгүй өнгөрөөвөл ямар уу? Тэгвэл нөгөө хүн чинь өөрийнх нь гаргасан алдаанд уужуу, хүлээцтэй хандаж байгааг хараад талархаж, урт удаан хайрлаж магадгүй юм. Хэлж буй үгэндээ илүү болгоомжилж, анхааралтай хандаж, харин сонсож буй үгэндээ илүү уужуу хандаж, ухаарч ойлгох нь сэтгэлд сэвгүй, сайхан харилцаа бий болгох үндэс суурь юм.