Бурхан сайн мэдээний ажлыг удирдаж, сайн мэдээнд өөрсдийгөө зориулж буй гэр бүлүүд хамт байгаа тул

Сол Юүн Дог / Бразил, Сан Паулу

6,106 үзэлт

Одоо би Бразилын Сан Паулуд зөнчийн хувиар сайн мэдээний үүрэг гүйцэтгэж байгаа. Бурханы ивээлийг биеэрээ мэдэрснийхээ дараа сайн мэдээний төлөө ямар сэтгэлтэй байх ёстойгоо би сурч авсан юм. Тэгээд би энэ бичвэрээрээ дамжуулан ухаарсан зүйлээ та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.

Сан Паулу Бурханы сүм Рибейран Прето салбар сүмийг удирддаг л даа. 2019 онд Рибейран Прето салбар сүм Бурханы ивээлээр шинэ ариун газартай болсон юм. Рибейран Прето хот нь Сан Паулугаас 300км зайтай байсан тул сүмийн гэр бүлүүд маань барилгын ажилд очиж туслах хэцүү байв. Иймд талархах, санаа зовох зэрэгцэн байлаа.

Яаралтай тус дэм шаардлагатай байхад Сан Паулу хотод барилгын салбарт ажилладаг нэг ах дүү санаанд оромгүйгээр барилгын ажилд туслахаа хэлэв. Тэрээр өмнө нь Сионд бараг ирдэггүй байсан тул би түүнийг сүмийн ажилд туслах сонирхолгүй байх гэж бодож байсан юм. Гэтэл ах дүү туслахаар бүр ажлаасаа хүртэл чөлөө авсан байлаа. Ах дүү долоо хоногийн турш Рибейран Прето хотод байрлаж, өглөөний 6 цагаас эхлэн шаргуу ажиллав. Би ах дүүтэй цуг ажилласан боловч ах дүүгийн хаана нь ч хүрэхгүй байлаа. Тэрээр хоёр, гурван хүний хийх ажлыг хийнэ. Үүнийх нь ачаар барилгын ажил ердөө ганцхан долоо хоногийн дотор дууслаа. Барилгын ажил дууссаны дараа ах дүү Сан Паулу хотод Амралтын өдрийн өглөө эрт ирж мөргөл тэмдэглэн, тэнгэрийн хаанчлалын ерөөл авав.

Барилгын ажлаар итгэл нь өссөн бас нэг ах дүү бий. Тэр ах дүү плита наах ажил хийдэг. Тэрээр хэдэн жилийн өмнө баптисм хүртсэн ч итгэлээ сахих тал дээр хэцүү байдалд байсан л даа. Сан Паулугаас машинаар явахад 31 цагийн зайтай Мата Гранде гэдэг газар амьдардаг байсан төдийгүй тэнд нь Сион байгаагүй юм. Аз болоход Сан Паулу хотод эмэгтэй дүүтэйгээ уулзахаар ирсэн үед нь Рибейран Прето сүм баригдаж эхэлжээ. Барилгын ажлын тухай мэдээ сонсоод ах дүү дуртайяа тусламжийн гараа сунгаж, үүнийх нь ачаар ариун газрын дотоод засал чимэглэлийн ажил хийгдэв.

Ариун газрын барилгын ажил ивээлтэйгээр баригдаж дууссаны дараа ах дүү Сан Паулу руу буцаж ирээд, итгэлээ өсгөхийн тулд тогтмол Библи судалж байв. Анхандаа дүүгийндээ ганцхан сар байна гэж төлөвлөж байсан бол түүнийгээ өөрчлөн гурван сар гаруй байж, долоо хоног тутмын мөргөлүүдээ төдийгүй жил тутмын баяруудаа ч сахив. Пентэкостын өдрийн үеэр тэрээр авралын зар тараах ажилд идэвхтэй оролцон, сайн мэдээний үр жимс хүртэл гаргасан. Тэрээр Эцэг Эхэд бат итгэж, төрөлх хотдоо сайн мэдээ тараахаар шийдээд Мата Гранде руу буцав.

Тун удалгүй ах дүү бидэн рүү залган, амийн үнэнийг хүлээн авахаар арав гаруй хүн хүлээж байгаа гэв. Саяхан л гэхэд ах дүү өөрөө мөргөл сахих ч хэцүү байсан шүү дээ. Ингэж өөрчлөгдсөн нь хичнээн гайхалтай байсан гээч! Би тэр даруй очмоор санагдсан ч Сан Паулугийн ойролцоо Библи сурах гээд олон гэр бүл хүлээж байсан тул явж чадсангүй.

Намрын баяр эхлэхээс өмнө ах дүүгээс дахин дуудлага ирэв. Олон арван хүн тэнд зөнч ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэх нь тэр. Ах дүү биднээс зөнч явуулахыг шалж гуйсан тул нэг үйлчлэгч туслах зөнч түүн дээр очихоор явав. Тэнд очтол ах дүү маань Мата Грандегийн ойролцоох Флореста мужид хүртэл хэдийн сайн мэдээ тараачихсан байж гэнэ. Үйлчлэгчийг тэнд арав хоног байх хугацаанд нь нийт 33 сүнс шинэ амиар төрж, тэдний 20 нь мөргөл сахижээ. Үйлчлэгчийг эргэж ирсний дараа ч уг хоёр бүс нутагт гэр бүлүүд мөргөлөө сахиж байгаа гэсэн Сионы үнэр байнга сонсогдож байв. Ах дүү итгэлийн амьдралаа дөнгөж эхлүүлж байсан хэрнээ яаж ийм олон хүнийг авралд хөтөлж чадсаныг нь хожим түүний хэрхэн залбирсныг сонсоод л би ойлгосон юм.

“Сүнс аврах шинэ гэрээний сайн мэдээний ажлыг бид биш, харин Эцэг Эх маань хийдэг. Дэлхий даяар алдагдсан ах эгч дүү нараа олох сайн мэдээний ажил миний төрсөн нутагт ч бас явагдана гэдэгт би бүрэн итгэж байна.”

Сайн мэдээний ажлыг удирддаг нь манай Бурхан шүү дээ. Би Бразилд зөнчийн хувиар ажиллаж байгаа хэр нь заримдаа Бурханд анхаарлаа хандуулахын оронд эргэн тойрны орчин нөхцөлд автаж эргэлзэх нь энүүхэнд. Гэсэн хэдий ч Бурхан сайн мэдээний үйлчлэгчийг Сан Паулу Сион руу цаг тухайд нь илгээж, Бразилын өргөн уудам нутагт сайн мэдээний ажлыг удирдаж байсан болохоор Сан Паулу Сион их ерөөл авсан юм. Гэр бүлүүд маань сайн мэдээний ажлыг удирдан захирдаг Бурханд туслахын тулд итгэлийн амьдралаар алхаж эхлэв. Эцэг Эхдээ туслахаар хичээж буй тэдний төрх Бурханы нүдэнд хичнээн хайр татам харагдаж байсан бол оо.

Бразилын сайн мэдээний ажлыг надад даалгасан нь би хэрэгтэй байсанд биш, харин Бурханы ивээлээр боломжгүй юм гэж байдаггүй гэдэгт итгэх итгэл үнэмшил, урам зоригийг надад суулгах гэсэндээ даалгасан гэдэгт нь эргэлзэх юм алга. Бурхан намайг илгээсэн энэ газарт сайн мэдээний үүргээ биелүүлэхийн тулд би чадах бүхнээ хийх болно. Хожим шинээр баригдах салбар сүм ч итгэлтэй сүнсээр дүүрч, Мата Гранде ба Флореста бүс нутагт үзэсгэлэнт Сионууд байгуулагдах биз ээ. Бурханы удирдан захирдаг сайн мэдээний ажилд бүх юм боломжтой гэдэгт би итгэлтэй байгаа.