Бидний хайртай Бурхан

7,052 үзэлт

Бурхан биднийг хайрладаг. 2000 жилийн өмнө тэнгэр Эцэг хүүхдүүдээ аврах гэж сүр жавхлант тэнгэрийн орныг хойш тавьж, махан биен хувцас өмсөөд энэ дэлхийд ирсэн. Асар их доромжлол, доог тохууг тэвчин байж, ширүүн ташуур, загалмайн ялыг амсан байж бидний нүглийн хөлсийг өмнөөс маань төлсөн. Бүр ингэтлээ биднийг хайрласан юм.

Одоо ч бас тэнгэр Эх маань энэ дэлхийд бидэнтэй хамт алхаж, биднийг хайрласаар. Тэнгэрийн яруу алдарт сэнтийгээ хүртэл орхиж, Өөрийн амийг гаргуунд гарган байж бидэнд санаа тавьж, биднийг хайрласан. Ертөнцийн юунаас ч илүүгээр биднийг хайрлаж, ухвар мөчид биднийг үргэлж ойлгон өгч, аргаддаг шүү дээ.

Бид ч Бурханаа хайрладаг. Гэвч Бурханыг хайрладаг гэж хэлж байгаа ч хайртай Бурханаа мартсан үе бидэнд байх вий гэдгээ бодох хэрэгтэй байх. Бидний хайртай Бурхан зүрх сэтгэлд маань оршиж гэмээнэ бид Бурхантай хамт үнэхээр сайхан алхаж, мөнхийн тэнгэрийн хаанчлалд хүрч чадна.

Хайртай хүнтэйгээ хамт алхах нь

Нэгэн асуулт хариултын шоунд “Английн Лондон хотоос Францын Парис руу хамгийн хурдан явж хүрэх арга юу вэ?” гэсэн асуулт байжээ. Хүмүүс онгоцоор, хурдны усан онгоцоор явах гэх зэргээр янз бүрийн хариулт хэлжээ. Гэсэн ч зөв хариулт нь ямар нэг тээврийн хэрэгсэлд байсангүй. Уг асуултыг боловсруулсан хүний сонгосон зөв хариулт нь “Хайртай хүнтэйгээ хамт явах” байв.

Хайртай хүнтэйгээ хамт явахад ямар тээврийн хэрэгсэл байх нь асуудал биш. Удаан гэгч нь үхэр тэргээр сажлаад явсан ч тэр зам богинохон санагдана. Хичнээн хол газар байсан ч, өмнө нь янз бүрийн саад бэрхшээл байсан ч хайртай хүнтэйгээ л хамт явж байвал тэр замаар жаргалтай гэгч нь алхана.

Хайртай гэрийнхнээсээ юм уу хайртай хүнээсээ захиа авсан гэж бодъё. Захиаг нь урт байна гээд “Товчхон гол юмаа л бичихгүй, ямар урт юм бэ?” гэж гомдоллох хүн бий юү? Арав, хорин хуудас байсан ч догдлон байж уншина. Үүн шиг хайртай хүнтэйгээ л хамт байвал юу ч хийсэн залхуутай санагдахгүй. Ярилцсан ч баяртай, дуу дуулсан ч баяртай, ямар ч ажил хийсэн үргэлж баяр хөөр, аз жаргалтай байна.

Хайртай хүнийхээ хүсэлтийг биелүүлнэ гэдэг өөрөө баяр хөөр. Хайртай эхнэр нь нөхрөөсөө ажил тараад ирэхдээ амттай торт авч ирэхийг гуйжээ. Нөхөр нь таг мартчихаж. Гэртээ бараг ирсэн хойноо эхнэрийнхээ хэлснийг санаж. Тэгсэн бол буцаж яваад ч болов эхнэрийнхээ хүсэлтийг биелүүлэх гэхгүй гэж үү? Хэдийгээр ажилдаа ядарч байсан ч эхнэртээ хайртай л бол хүссэнийг нь биелүүлэх гэнэ шүү дээ.

Мөнхийн тэнгэрийн хаанчлалыг чиглэн яваа сайн мэдээний замд бидний хайртай Бурхан Өөрөө бидэнтэй хамт алхаж байна. Энэ замаар алхаж байгаа бидний сэтгэл ямар байгааг эргэн нэг харцгаая. Бурханыг хайрлах сэтгэлээр өдөр бүр догдолж, аз жаргалд умбан амьдарч байна уу эсвэл заримдаа залхаж, туйлдан байна уу? Өөрөө өөрсдийгөө ажиглах хэрэгтэй юм.

Хайртай Бурхантайгаа хамт алхах амьдрал уйтгартай байна гэж үгүй. Бурханыг хайрлах сэтгэлтэй л бол Бурханы үгийг сонсох сургаалын цаг ч, Бурхантай ярилцах залбирлын цаг ч огт уйтгартай юм уу урт санагдахгүй. Бурханыг магтан дуулахдаа ч, Бурханд мөргөл тэмдэглэхдээ ч баяр хөөр төрнө. Библи уншихдаа ч Бурханаас ирсэн захидал гэж бодоод хэрхэвч нэмж хасалгүй, гуйвуулалгүй үгийг нь зүрх сэтгэлийнхээ гүнд шингээж авна. Мөн хайртай Бурхан маань бидэнд “Сайн мэдээ тунхагла” (1Тес 2:4) гэсэн үүрэг өгсөн учраас ямар ч орчин нөхцөлд сайн дураараа тэрхүү үүргээ гүйцэтгэнэ.

Бурханыг хайрлаагүй израиль ард түмэн

3500 жилийн өмнө Бурхан израиль ард түмэнтэй хамт алхсан. Египетээс гарсны дараа тэднийг Канаан нутаг хүртэл нь Бурхан цөлд өдөр нь үүлэн баганаар, шөнө нь галан баганаар хөтөлж, бэрхшээлтэй тулгарах бүрд нь дайснуудыг нь зайлуулж өгсөн. Тэнгэрээс “манна” гэдэг сүнслэг хоол хүнс ч буулгаж байв. Энэ мэт гайхалтай түүхээ харуулж “Би та нартай хамт байгаа” гэдгээ Бурхан цаг ямагт тэдэнд ухааруулж байсан.

Израильчууд өдөр бүр асрын дээр үүлэн багана болон галан багана байгааг хараад Бурхан тэнд оршин байгааг нүдээрээ харцгаадаг байв. Гэсэн ч цөлийн амьдралаа тэд уйтгартай гэж бодсон. “Яагаад Канаан нутагт хурдан хүргэхгүй байгаа юм бол?”, “Яагаад ирсэн замаар буцааж явуулаад байгаа юм бол?” гэж гомдлын үгс асгаруулсан. Хэрэв тэд Бурханыг хайрлаад Бурхантай хамт алхсан бол цөлийн зам богинохон санагдах байсан байх. Гэвч тэдний зүрх сэтгэлд Бурханыг гэсэн хайр байгаагүй. Гомдоллохоо л урьтал болгож, шүтээн шүтэх зэргээр Бурханы дургүй зүйлсийг хийгээд эцэст нь тэд сүйрцгээсэн.

“Та нар үүнийг эс мэдэхийг би хүсэхгүй байна. Ах дүү нар аа, эцгүүд маань бүгд үүлэн дор байж, бүгд тэнгисийг гатлан гарч, бүгд үүл ба тэнгист Мосе уруу баптисм хүртэж, бүгд адилхан сүнслэг хоол идэж, бүгд адилхан сүнслэг ундааг ууж, … Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцээгүй тул цөлд хиарсан юм. Тэд тачаадан хүссэн шиг муу муухай юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм. Тэдний заримтай адилаар шүтээн шүтэгчид бүү бол. … Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгиноцгооё. Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ.” 1Кор 10:1-7, 10-11

Израильчууд Бурхантай хамт алхах нь алхсан ч Бурханыг хайрлаж чадаагүй юм. Тийм ч учраас хоолгүй болбол хоол алга гэж, усгүй болбол ус алга гэж гомдоллож дургүйцсээр 40 жил цөлд амьдрахаас өөр аргагүй болжээ.

Зөвхөн Иошуа Калеб хоёрын сэтгэл л тэднийхээс өөр байв. Тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хайрладаг байсан тул цөлийн зам тэдэнд огт залхмаар санагдаагүй, үргэлж итгэлээр Бурханд дуулгавартай байж, эцэст нь амлалтын газар Канаан нутагт хүрч чадсан юм (Тоо 14:20-38).

Эдгээр түүхийг толь болгоод өнөө үед итгэлийн цөлийн замаар алхаж байгаа өөрсдийн төрхөө эргэн нэг харцгаая. Хайртай хүнтэйгээ хамт алхвал хичнээн хол газар байсан ч ойрхон санагдана. Тэнгэрийн хаанчлал хол санагдаж байгаа бол бид эхлээд Бурханыг гэсэн хайраар зүрх сэтгэлээ дүүргэх учиртай юм.

Хайртай Бурхантайгаа хамт алхах нь

2000 жилийн өмнө Есүс амилсныхаа дараа Петрт илчлэгдэж “Чи Намайг хайрладаг уу?” гэж асуусан.

“Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс, Симон Петрт —Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хургануудыг минь тэжээ гэлээ. Дахин Есүс хоёр дахь удаагаа түүнд —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд—Хоньдыг минь хариул гэлээ. Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Тэрээр гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ.” Иох 21:15-17

Есүс Өөрийг нь гурван удаа үгүйсгэсэн Петрээс Өөрийг нь хайрладаг эсэхийг гурвантаа асуужээ. Петр “Тийм ээ. Бурхан Та миний сүнсийг хэнээс ч илүү мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ” гэж хариулсан. Тэгэхэд нь Есүс “Чи Намайг хайрладаг бол хоньдыг минь тэжээ” гэж захисан байдаг.

Үүний дараа Петр Бурханы хурга болох итгэгчдийг харж хандан, анхаарч халамжлах ажилд бүхнээ зориулсан. Хайртай Бурханых нь хүсэлт юм чинь аргагүй шүү дээ. Эцэст нь Неро хааны хавчлагаас болж загалмайн ял авахдаа ч өөрийг нь уруу харуулж цовдлохыг Петр хүссэн байдаг. Энэ нь өөрийгөө Есүстэй адилхан босоогоороо цовдлогдох эрхгүй нүгэлтэн гэж үзсэндээ тэр аж. Петр тэгтлээ Есүсийг хайрласан юм.

Бид ч бас Бурханыг туйлаас хайрлах сэтгэлтэй байж итгэлийн өвөг дээдсийнхээ алхсан сайн мэдээний замаар алхацгаая. Бурхан биднээс ч бас “Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхагла” гэж хүссэн юм.

“Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.” Үйл 1:8

Тунхаглал нь бидний хайртай Бурханы буулгасан ариун, хайрын тушаал. Энэхүү захиасыг хүлээн авсан хүмүүсийн хувьд мэдээжийн хийх ёстой ажил. Харин эргэн тойрныхоо нөхцөл байдлыг шалтаг болгоод сайн мэдээ тунхаглах ажилд тууштай биш байгаа бол, энэ ажил баяр хөөртэй санагдахгүй байгаа бол бид итгэлээ дахин шинэчилж, итгэлийн тосоо яаралтай дүүргэх хэрэгтэй юм. Бурханыг чин үнэнээр хайрладаг л бол Бурханы хэлсэн бүгдийг баяртайгаар дагаж гүйцэтгэх учиртай билээ.

Бурханыг хайрла хэмээсний учир

Энэ мэт сайн мэдээ тунхаглагчдын сэтгэлд байх ёстой хамгийн чухал зүйл бол Бурханыг гэсэн хайр. Есүс “Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Бурханыг хайрлах нь хамгийн агуу бөгөөд анхны тушаал” хэмээн айлдсан байдаг.

“Тэдний нэг хуульч, Түүнийг сорьж —Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ? гэв. Тэр түүнд —“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.” Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм. Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгч тулгуурладаг юм гэлээ.” Мат 22:35-40

Бурхан биднээс хайр хүссэндээ ийм тушаал өгсөн юм биш. Сансар огторгуйг бүхэлд нь эзэмшдэг Бурхан юу дутсандаа тоос шиг дэлхийд амьдардаг хүмүүсээс хайр хүсэх билээ дээ. Үнэндээ бол бид Бурханыг хичнээн хайрлалаа ч Бурханд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Гэвч бид Бурханыг хайрлахгүй бол бидний нүд аяндаа л үхлийн зам руу эргэхээс өөр аргагүйд хүрнэ. Учир нь тэнд л баяр хөөр, зугаа цэнгэл байгаа мэтээр Сатан үргэлж бидний нүдийг хуурч мэхэлдэг.

Хүүхдүүдээ үүрдийн тамын ялд унах вий гэж санаа зовсон Бурхан бидний авралын төлөө л “Бурханыг хайрла” хэмээх тушаал өгсөн юм. Бид Бурханыг хайрлах юм бол ядаж л Бурханы дургүй юмыг хийхгүй, тэгснийхээ үр дүнд там руу явах зүйл хийхгүй шүү дээ. Тийм учраас л юу юунаас илүү Бурханыг хайрла гэж айлдсан. “Бүх хууль ба эш үзүүлэгч тулгуурладаг” гэж айлдсан энэ анхны тушаал нь бидний авралд зайлшгүй шаардлагатай болзол юм.

“Гэвч “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ.” 1Кор 2:9

Бурхан биднийг дэндүү ихээр хайрладаг. Тэнгэрийн яруу алдарт сэнтийгээ ч орхиж, Өөрийн амийг бидний оронд гаргуунд гарган байж хайрладаг. Бурхан биднийг ямар их хайрладгийг нь Библийн сургаалаар дамжуулан үргэлж эргэн санаж, би чухам одоо Бурханыг хэр их хайрлаж байгаа вэ гэдгээ ч эргэн хараарай гэж хүсэх байна.

Бурхан хайртай хүүхдүүд биднийхээ төлөө бэлдсэн ертөнц бол бидний ганц ч удаа харж байгаагүй, сонсож ч байгаагүй, сэтгэлдээ төсөөлж ч чадахааргүй тийм үзэсгэлэнтэй ертөнц юм. Үзэсгэлэнт тэнгэрийн оронд яруу алдрын титэм бидэнд өгөхийн тулд л тэнгэрт нүгэл үйлдээд дэлхий рүү бууж ирсэн бидний бүх алдаа зөрчлийг уучилж, мөнхийн тэнгэрийн хаанчлалдаа буцаж чадах зам нээж өгсөн билээ. Бурханыг гэсэн хайр. Зөвхөн үүнийг л зүрх сэтгэлдээ нандигнан хадгалж байх аваас Бурхан бидэнд бүх замыг нээж өгнө.

Бурханыг чин сэтгэлээсээ хайрлацгаая

Израилийн 3 дахь хаан Соломоны үед ийм явдал болжээ. Хоёр эмэгтэй нэг хүүхдийг “минийх, минийх” гэж заргалдав. Тэгэхэд Соломон хүүхдийг хоёр хувааж, хоёр эмэгтэйд тал талаар нь өг гэж тушаав. Тэгтэл нэг эмэгтэй нь “Минийх ч болохгүй, тэр эмэгтэйнх ч болгохгүйн тулд хуваатугай” гэж хэлжээ. Харин нөгөө эмэгтэй нь “Минийх болохгүй байсан ч яахав, хүүг амьд үлдээж тэр эмэгтэйд өг дөө” гэж хэлэв. Соломон тэдний үйлдлийг хараад үр хүүхдээ туйлаас хайрлаж байгаа жинхэнэ эхийг нь олж тогтоосон байдаг (1Хаа 3:16-28).

Хайрлах сэтгэл энэ мэт үйлдлээр илэрдэг. Бурхан бидний үйлс үйлдлээр дамжуулан чин сэтгэлээсээ Бурханыг хайрладаг хүн ба хайрладаггүй хүнийг ялгана. Бурханы үгийг баяртайгаар сурч байна уу, Бурханы туулсан замыг дагаад алдагдсан ах эгч дүү нараа хайх ажлыг жаргалтай хийж байна уу… Энэ бүх ажилд чухамдаа Бурханыг хайрлах сэтгэлээр оролцож байгаа эсэхээ нягталж үзэхийг хүсье.

3500 жилийн өмнө цөлийн замаар алхсан Иошуа Калеб хоёр Бурханыг мэдээд зогсоогүй Бурханыг хайрласан. Зүрх сэтгэлд нь хайртай Бурхан нь байсан учраас 40 жилийн турш үржил шимгүй цөлийн замаар алхсан ч тэд залхаагүй. Бурхан тушаасан л бол юу ч байсан баяртайгаар гүйцэтгэж, Бурханы айлдсан үг л бол хэний ч үгнээс илүү дээгүүрт тавьсан. Түүнийхээ үр дүнд тэд сүү, зөгийн бал бялхсан Канаан нутгийг эзэмшсэн хэрэг.

Энэ үед Сүнс болон Сүйт бүсгүйтэй хамт алхаж байгаа бидний итгэл ч бас ийм л байх ёстой. Хааяа бэрхшээл байсан ч Елохим Бурхандаа талархаж, итгэлийн амьдралаа амар тайван, баяр хөөрөөр дүүрэн байлгацгаая. Баяртайгаар сайн мэдээ тарааж, баяртайгаар Бурханы үг сурч, баяртайгаар залбирч, баяртайгаар ах дүүсэг энэрлийг хуваалцаж, Сионоо зөгнөлд байгаачлан баяр баясгалан, дуу хуур тасардаггүй газар болгоцгооё (Иса 51:3). Бурханаа хайрла хэмээсэн Бурханы агуу хүслийг сэтгэлдээ хоногшуулж, бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Бурханыг хайрлаж, мөнхийн тэнгэрийн хаанчлалд хангалттай хүрэх Сионы гэр бүлүүд болоорой.