“Хүн үхвэл яадаг бол?, Хүнд үнэхээр сүнс байдаг уу?, Үхээд хаачдаг юм бол?” гээд олон хүн энэ талаар сонирхож ирсэн ч энэ асуудлын гогцоог тайлж чадаагүй.
Үй олон хүн өөрийн оршин тогтнож байгаагийн утга учрыг судалсан хэдий ч хариултыг нь хэн ч олоогүй. Өөрийгөө хэн бүтээснийг ч ухаарахгүй, зөвхөн мэдэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн янз бүрийн үзэл санаа, гүн ухааныг тэд бий болгосон. Харин Христийн заасан сүнсний тухай мэдлэг нь хүн төрөлхтөнд өөрсдийг нь хэн болохыг ойлгуулж, тэдний үнэ цэнэ болон амьдралын зорилгыг тодорхой таниулдаг юм.
1. Хүн бүтээх явцад хэдийн байсан сүнс
“Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ.” Эхл 2:7
Дээрх ишлэлийн “амьд биет” гэдэг үг нь “амьд сүнс”, “амь” гэсэн утгатай. Газрын шороо нь амь биш. Газрын шороогоор хүнийг бүтээсэн үед “амьд биет” гээгүй. Зөвхөн Бурханы амин амьсгалыг тэрхүү газрын шороон дотор оруулахад л “амьд биет” болсон гэжээ. Иймд хүний амийн үндэс нь махбод биш, Бурханы өгсөн амин амьсгал буюу сүнс юм. Хүний махан бие газрын шорооноос гаралтай, харин доторх сүнс нь Бурханаас гаралтай. “Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, амь амьсгаа нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ” (Ном.Үгс 12:7) гэж Соломон хэлсэн шүү дээ.
2. Сүнсний талаарх Есүсийн сургаал
Шинэ гэрээний үед сүнсний талаарх ойлголт илүү тодорхой болсон.
“Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.” Мат 10:28
Есүсийн дээр айлдсан үг Эхлэл 2-р бүлэгт хүн бүтээх явцыг тэр чигт нь харуулдаг. Яагаад гэвэл Есүс махбодын үхэл ба сүнсний үхлийг зааглаж тайлбарласан. Дээрх ишлэлд гарч байгаа “сэтгэл” гэдэг үгийг грек хэл дээр “пнюума” гэж хэлсэн байгаа. Энэ нь “сүнс” гэсэн утгатай үг.
“Бурхан бол сүнс (пнюума) …” Иох 4:24
“Эзэн (Есүс) бол Сүнс (пнюума). …” 2Кор 3:17
“… үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд (пнюума) …” Евр 1:14
Бурхан бол махбодоос ангид Сүнс. Есүс ч мөн махбодоос ангид Сүнс юм. Тэнгэр элчүүд ч бас махбодоос ангид сүнснүүд. Тиймээс хүний үхлийг ч бас махбодын үхэл, сүнсний үхэл гэж заагласан байна. Хүмүүс эсвэл диавол бидний махбодыг хөнөөж чадах ч сүнсийг устгах Нэгэн бол зөвхөн Бурхан.
Паул элч Коринт дахь сүмд илгээсэн захидалдаа ийн дурджээ.
“Хүний бодлыг дотор нь буй сүнснээс (пнюума) өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс (пнюума) өөр хэн ч эс мэднэ.” 1Кор 2:11
Есүсийн сургаалаас бид амийн маань үндэс махан биед биш, сүнсэнд байдгийг ойлгох хэрэгтэй.
3. Сүнсний талаарх элч Паулын үзэл санаа
Бид элч нарын үзэл санааг судлах гэсний учир нь тэдний үзэл санаа Есүсийн сургаалд үндэслэсэн бөгөөд Есүсийн сургаалаар тогтсон юм.
Элч нарт “Махан бие бол сүнсний гэр” гэсэн ийм үзэл ойлголт суучихсан байжээ.
“Учир нь газар дахь гэр болох майхан маань нурах аваас (махан бие үхвэл) бидэнд гараар баригдаагүй, тэнгэрт мөнх байх, Бурханы барилга буйг бид мэддэг.” 2Кор 5:1
Бидний сүнс одоо түр зуурын майхан (махан бие)-д амьдардаг. Харин бид аврал аваад тэнгэрийн хаанчлал явбал түр зуурын биш Бурханы барьсан мөнхийн гэрт очиж амьдарна.
“Тиймээс бид үргэлж урамтай байдаг бөгөөд бие дотроо суухдаа Эзэнээс хол буйгаа мэддэг. … Бид урамтай байдаг бөгөөд биеэс хол, Эзэнтэй ойр байхыг илүүд үздэг. Тиймд ойр ч, хол ч Түүнд таалагдах нь бидний эрмэлзэл билээ.” 2Кор 5:6-9
Паул элч Коринт дахь сүмийнхэнд илгээсэн захидалдаа Эзэн (Есүс) сүнсний ертөнцөд, харин бид махан биеийн ертөнцөд оршдог бөгөөд махан бие дотроо суух зуур бид Эзэнээс хол байдаг гэжээ. Мөн Паул элч болон итгэгч нар махан биеэсээ хурдхан холдож, Эзэнтэй ойр, хамт байхыг хавьгүй дээр гэж хэлсэн байна. Ингэхэд махан бие дотор юу оршиж, бас махан биеэс холддог зүйл нь юу юм бол?
Махан биеэсээ холдохыг хүсэж байсан оршихуй нь Паул өөрөө буюу Паулын сүнс юм. Энэ нь Паулын өмсөж буй махан бие нь амийн үндэс биш, харин махан бие доторх сүнс нь Паул болохыг харуулсан. Дахин хэлэхэд Паул элч түр зуур орших майхны (махан бие) төлөө амьдарсан биш. Түүний сүнс майхнаас холдон одож, Бурханы бэлдсэн мөнхийн гэртээ очихын төлөө бэлтгэж амьдарсан хэрэг. Тэрээр Филиппой дахь сүмийнхэнд илгээсэн захидалдаа ийн дурджээ.
“Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм. … Би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Энэ нь хол дээр юм. Гэвч махбодоор үлдэх нь та нарын төлөө илүү чухал юм.” Фил 1:21-24
2Коринт 5-р бүлэгт байгаа “Бид үргэлж урамтай байдаг бөгөөд бие дотроо суухдаа” гэсэн үг, Филиппой 1-р бүлгийн “Эндээс одож” гэсэн үг нь ижилхэн юм. “Эндээс одож” гэж хэлснийг ард бичигдсэн “махбод” гэсэн үгнээс нь харахад махан биеэ орхин одохыг заасан утгатай юм.
Тэгвэл махан бие дотор оршиж, бас махан биеэс холдон одох оршихуй нь юу вэ? Паул өөрөө буюу Паулын сүнс юм. Паул махан биеэсээ холдон одохоос махан биендээ үлдэх нь итгэгч нарын тусын тулд илүү чухал гэсэн байна. Тэрээр махан биеэсээ холдон одох юм бол Христ рүү явах учир энэ нь өөрт нь илүү дээр ч, итгэгчдийн хувьд тэрээр махбоддоо үлдээд тэдэнд Бурханы үнэнийг зааж, тэднийг зөв замаар хөтлөх нь илүү тустай гэсэн санаа юм.
Тэгээд Паул Бурханаас авсан илчлэлтийн тухайд ийн тайлбарлажээ.
“Сайрхах нь ашиггүй ч, зайлшгүй байна. Учир нь би Эзэний үзэгдэл болон илчлэлүүдийн тухай хэлэх гэсэн юм. Би Христ дотор нэгэн хүнийг мэднэ. Тэр арван дөрвөн жилийн өмнө гурав дахь тэнгэрт аваачигдсан юм. Бие дотроо юу эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь би мэдэхгүй, Бурхан мэднэ. Би тийм хүнийг мэдэх ч, бие дотроо юу эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь мэдэхгүй, харин Бурхан,” 2Кор 12:1-3
Паул элч илчлэлт харахдаа “Тэр хүн (Паулын өөрийнх нь сүнс) бие дотроо юу, эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь мэдэхгүй, харин Бурхан мэднэ” гэж дахин давтан хэлжээ. Энэ нь илчлэлт харах үедээ Паул өөрийн сүнсийг биеэсээ гараад диваажинд очсон уу, эсвэл бие дотроо байж байгаад очсон уу гэдгээ мэдэхгүй байсныг илтгэж байна. Энэ үгээр нь бид Паулыг “сүнс махбодоос тусдаа” гэсэн үзэл ойлголттой байсныг нь мэдэж болно. Хэрэв Паул сүнс байдаггүй гэсэн үзэл ойлголттой байсан бол тэрээр “Бие дотроо юу, эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь би мэдэхгүй, харин Бурхан мэднэ” гэж хэлэхгүй байх байсан шүү дээ.
4. Сүнсний талаарх элч Петрийн үзэл санаа
Есүс тэнгэрт одохоосоо өмнө өөрт нь юу гэж айлдсаныг Петр үргэлж санадаг байв.
“Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд, аль хүссэн зүгтээ явдаг байсан. Харин өтлөхдөө чи гараа сунган, өөр хүн чамайг бүсэлж, чиний хүсээгүй газарт чамайг аваачих болно гэж айлдав. Петр ямар үхлээр Бурханыг алдаршуулахыг илэрхийлэн Есүс үүнийг хэлжээ. …” Иох 21:18-19
Петр сайн мэдээний амьдралаа дуусгахын өмнө Есүсийн өөрт нь айлдсан үгийг эргэн санаж, нас барсных нь дараа үлдэх итгэгчиддээ санаа зовж ийн хэлж байв.
“… Би энэхүү асар дотор байхдаа та нарыг сануулгаар сэрээхээ зөв гэж үзэж байна. Ингэхдээ бидний Эзэн Есүс Христийн надад тодорхой болгосончлон, би удахгүй асраа тайчихаа мэдэж байна. Намайг одсоны дараа та нар эдгээр зүйлийг үргэлж санах чадвартай байгаасай гэсэндээ би бас хичээх болно.” 2Пет 1:12-15
Петр өөрийн үхлийг “асраа тайчих” хэмээн илэрхийлж, асраа тайчих гэдгээр өөрийгөө тэнгэрт одохыг хэлсэн юм. Энд хэлсэн махан биеийн асраас холдож буй оршихуй нь түүний сүнс биш гэж үү? Петрийн сүнс махбод дотроо байсан үед түүний махан бие нь Петрийн гэр болсон гэсэн үг. Харин түүний сүнс тэнгэрт одсоны дараа махан бие (асар) нь нурж, газрын шороондоо буцна.
Бид элч нарын үзэл санааг мэдэх гэсний цаад учир нь тэд Есүсээр ямар сургаал заалгаж байсан бэ гэдгийг сурч мэдэхийн тулд билээ. Элч нар Есүсээр “Хүмүүн бидэнд сүнс байдаг” гэсэн сургаал заалгаж байсныг нь тэдний үзэл ойлголтоос мэдэж авч болохоор байна.
5. Жинхэнэ “өөрийн” төлөөх амьдрал
Бид энэ амьдралдаа ер нь “би” гэгч хэн бэ гэж байнга боддог.
“Би” гэдгийн гол эзэн нь махан бие биш, харин махан бие дотор хоригдож буй сүнс юм. “Би” (тодорхой хэлбэл сүнс) нь “махан бие” гэдэг асран гэрт амьдарч байгаа маань бид зөвхөн энэ дэлхий дээр амьдраад л дуусна гэсэн үг биш. Бид хээрийн аялалд явахдаа майхан барьж дотор нь хэд хонодог шиг махан бие доторх амьдрал маань түрхэн зуур майханд өнгөрч байгаа л төдий.
Бид гаднах хүн буюу махан биеийнхээ төлөө амьдарвал асар буюу гэрийнхээ төлөө амьдардаг хүн болно гэсэн үг. Харин бид гэр буюу асар майхны төлөө биш “өөрийнхөө” төлөө амьдрах хэрэгтэй биз дээ?
Итгэлийн амьдралаар амьдарч байх явцад махан биеийн амьдрал руу хэлбийгээд орчих үе бидэнд бий. Махан бие өмсөн амьдарч байгаа тул бид махан биеийн амьдралаа үгүйсгэж чадахгүй л дээ. Харин хэсэг хугацаанд оршиж байгаад алга болох асар майхныхаа л төлөө амьдарвал энэ хичнээн хоосон, мунхаг хэрэг болох билээ дээ?
Бид нүглээсээ болж асар дотор амьдарч байна. Гэсэн ч Христийн Алгасал баяраар золилт, нүглийн уучлал авсан биднийг Бурханы бэлдсэн мөнхийн гэр хүлээж буй. Иймд бид амьдралынхаа фокусыг хаана тааруулах ёстой вэ гэдэг нь тодорхой харагдаж байна.
“Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг (хүсэж найддаг). Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.” 2Кор 4:18