​Дээрээс төрсөн хүмүүс​

6,741 үзэлт

Сүүлийн үед дэлхий дахины Сионы гэр бүлүүдээс маань гэмшлийн болон үзэсгэлэнтэй нэгдмэл байдлын чухлыг ухаарч байгаа талаарх баяртай мэдээ сонсогдсоор байгаа билээ. Тэнгэр Эхийн үзүүлсэн жишээ болон сургаал ёсоор үй олон гэр бүл бие биенээсээ түрүүлж уучлал гуйн, нулимс унаган өөр хоорондоо эвлэрч, гэмшлийн амьдралаар амьдарна гэсэн шинэ шийдвэр гаргацгааж байгаа гэнэ. Тэдний нэг нэгэндээ хэлэх “уучлаарай”, “өршөөгөөрэй”, “намайг уучлаарай” гэх мэт үгс бидний сэтгэлийн гүнд цуурайтаж байна.

Тэнгэрийн хаанчлал ойртох үед итгэгчдийн сэтгэл нэг болж, Бурхан махбодоос чулуун зүрхийг зайлуулж, махан зүрхийг өгнө (Езе 36:24-27) гэж амласан байдаг. Сионы хүүхдүүд өөр хоорондоо нэгдэж байгаа төрхийг хараад тэнгэр Эцэг Эх баярлаж байгаа гэдэгт баттай итгэж байна.

Гэмшсэн хүн орох тэнгэрийн хаанчлал

Өнөөг хүртэл бид нэг газарт хамт байгаа хэрнээ хэн нэгнээсээ сэтгэл холдсон бол одоо энэ цаг мөчид түрүүлж гараа сунган, нэг нэгнийхээ гарыг атгаж байгаад уучлал гуйцгаая. Бид угаасаа нүгэлтэн байсан гэдгээ зөв ухаарч, өргөмжлүүлэхийг хүсэх бус эхлээд өөрийгөө дорд даруу байлгаарай гэсэн Бурханы ариун сургаалыг дагахыг бүгдээс нь хүсэх байна.

Бид тэнгэрт Бурханаас урваж, санамсаргүйгээр муу сүнсний бослогод уруу татагдаж оролцож, энэ газарт хөөгдөж ирсэн. Бидний төрөлх мөн чанар уг нь нүгэлгүй байсан боловч Сатанд урхидуулснаас болоод нүгэл нэмэгдсээр нэмэгдсээр хүчээ аван томорсон юм. Ийм нүглээсээ эргэж байж л төрөлх мөн чанараа сэргээж, тэнгэрийн хаанчлалдаа бид буцах юм.

“«Тэнгис хүрэх зам дээрх Зебулун нутаг ба Нафталийн нутаг, Иорданы чанад, харийнхны Галил аа харанхуйд суугч ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав» гэсэн юм. Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв.” Мат 4:15-17

Гэмших гэдэг нь гэм нүглээсээ эргэж, алдаагаа засахыг хэлж байгаа хэрэг. Бид нэгэнтээ л тэнгэрт нүгэл үйлдсэнийхээ уршгаар энэ газар хөөгдөн ирсэн болохоор энэ дэлхий дээр амьдарч байгаа учир шалтгаанаа гэмшихийн тулд гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй биз ээ. Энэ газар байхдаа л нэг хоёрхон хүн биш, Сионы бүх итгэгч бүрэн дүүрэн, чин үнэнээсээ гэмшвэл мөнхийн тэнгэрийн хаанчлал төдий чинээ хурдан ирэх биш үү?

Египетчүүдийн цөлийн замаар тэгж удаан явсан учир шалтгаан юу байсан бэ? Египетээс Канаан орох хүртэл хол байсан болохоор тэгсэн юм биш ээ. Бодит байдал дээр тийм ч хол байгаагүй. Тэгтэл тэр богино замыг дөчийн дөчин жил туулсан нь гэмших сэтгэл болон төгс итгэлтэй байж чадаагүйтэй нь холбоотой юм.

Эхийн сургаалыг сэтгэлдээ гүн сийлж, жинхэнэ утгаар нь гэмшиж, өмнө байсан Бурханыг гэсэн хайр, хүндэтгэх сэтгэлээ сэргээн, Бурхан руу эргэх хэрэгтэй. Бурхан Алгасал баяраас гадна янз бүрийн үнэний тогтолцоогоор Бурхан руу эргэх замыг бидний өмнө нээсэн шүү дээ (2Шас 30:1-8, Мал 3:7-12 үзэх). Бурханы хөтөлж байгаа тэр замыг тууштай дагах үед Бурхан урьдын нүгэлт бардам төрхийг маань өөрчилж, өөрсдийгөө даруу болгон бие биен рүүгээ түрүүлж гар сунган уучлал гуйж чаддаг үзэсгэлэнтэй төрхөөр өөрчилдөг юм.

Гэмшил ба аврал

Бурхан руу эргэж очих зам холгүй байна. Тэнгэрийн хаанчлал бидэнд тун ойрхон байна. Бид өөрсдөөсөө л болж ойрхон байгаа тэнгэрийн хаанчлалаас холддог юм. Бид гэмшиж, Бурханы хүсэж байгаа үзэсгэлэнтэй төрхтэй болж хурдан өөрчлөгдөх ёстой.

“Гэм буруутны хорон мууг төгсгөж, харин зөвт хүнийг бат тогтоогооч. Зөв шударга Бурхан зүрх ба оюун бодлыг шалгадаг. Миний бамбай болсон Бурхан зөв шударга зүрхтнийг авардаг. Бурхан шударга шүүгч бөгөөд өдөр бүр хилэгнэдэг Бурхан. Хэрвээ хүн гэмшихгүй бол Тэрээр илдээ ирлэх болно. Тэрээр нумаа хөвчлөөд, бэлэн болгожээ.” Дуу 7:9-12

Хэрвээ хүн гэмшихгүй бол Бурхан илдээ ирлэх болно гэсэн нь Бурхан гэмшдэггүй нүгэлтний эсрэг байж, шүүнэ гэсэн утгатай юм. Үүнийг бодоод нүгэлтэн болсон бид энэ газарт өөрийгөө улам бүр даруу байлган, өдөр бүр гэмшлийн болон уучлал эрэх амьдралаар амьдрах ёстой.

“Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан энэ сургаалт зүйрлэлийг айлдав. —Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ. Фарисай хүн зогсоод өөртөө залбиран “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай биш, энэ татвар хураагч шиг ч биш. Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг” гэв. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв. Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.” Лук 18:9-14

Есүсийн сургаалт зүйрлэл дунд татвар хураагч нь өөрийгөө нүгэлтэн гэдгийг ухаарч, Бурханы өмнө өөрийгөө даруу болгож залбирсан юм. Бурхан түүнийг зөв гэж хүлээн зөвшөөрсөн.

Христийн энэхүү сургаалыг сэтгэлдээ сийлж, одоо хэр нь гэмшихгүй байгаа сэтгэл, бардам зан, өөрийгөө дөвийлгөх сэтгэл гээд энэ мэт хорон муу сэтгэлээ хаяж, өөрийгөө даруу байлгаж, Сионы ард түмний хувиар хоорондоо эв найртай, нэгдмэл болцгооё. Өөрийгөө дөвийлгөн өргөмжилж, өөрийн баяр хөөрийн төлөө эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ сэтгэлийг шархлуулах буруу үйлдэл гаргаж байгаа юм биш байгаа гэж өөрсдийгөө эргэн нэг харцгаая.

Сионоо бид цаг үргэлж баяр хөөрийн дуу бялхдаг газар болгох ёстой. Хаана гэмшил, эв нэгдэл байна тэнд ямагт Бурханы ерөөлийн үр жимс байна. Учир нь бид гэмших юм бол Бурхан гэмшилд зохистой үр жимс өгөх юм (Мат 3:8). Дэлхийн өнцөг булан бүрээс ирж байгаа Сионы үнэрээс харахад гэмшсэн л бол үр жимс гаргаж, гэмшсэн л бол олон хүнийг Сион руу хөтөлж, ингэж гэмших газар бүр Бурханы ивээл бялхаж байгаа гэсэн мэдээ сонссоор л байна.

Дахин сэргээх учиртай хайрын мөн чанар

Гэмшил гэгч зүйл бидэнд Бурханыг гэсэн хайр байхад, мөн биднийг гэсэн Бурханы хайрыг мэдэрсэн үед л гардаг. Бүрэн төгс гэмшсэн үед л бид төрөлх хайрын мөн чанараа сэргээж чадах учраас Бурхан биднээс гэмшихийг шаарддаг юм.

“Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Бурхан цорын ганц Хүүгээ ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн улмаас Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэнд л хайр байгаа юм. Хайртууд минь, Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биенээ хайрлах учиртай. Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй. Хэрэв бид бие биенээ хайрлавал, Бурхан бидний дотор байж, Түүний хайр бидний дотор төгс болно. … Хайр дор байгч нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. Үүгээр шүүлтийн өдөр биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов. Учир нь бид энэ ертөнцөд Түүн шиг байдаг. Хайр дор айдас үгүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн нь хайр дор төгс болгогдоогүй байна. Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг. Хэн нэгэн нь “Би Бурханыг хайрладаг” гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол тэр худалч. Учир нь харсаар атлаа ах дүүгээ хайрладаггүй нь, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ. Бурханыг хайрладаг нь ах дүүгээ мөн хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ.” 1Иох 4:7-21

1Иохан 4-р бүлгийн үгээр дамжуулан бид Бурханы хайрыг дахин нэг удаа ойлгож болно. Хайр болсон Бурханыг л дуурайцгаая. Сионы бүх гэр бүл шинэ гэрээний үнэнийг тунхаглахын тулд зүтгэж байгаа. Гэмшил нь шинэ гэрээний үнэн дотор Эцэг Эхийн маань эцсээ хүртэл хүсдэг зүйл.

Гэмших юм бол төрөлх мөн чанараа бид сэргээж чадах болохоор гэмшсэн хүмүүсийг хайр гэх мөн чанараа олсон хүн гэж үзэж болно. Хайрын мөн чанараа сэргээсэн бол ах дүүгээ үзэн ядахгүй. Харагдаж байгаа ах дүүгээ хайрлаж чадахгүй бол харагдахгүй байгаа Бурханыг яаж хайрлаж чадах билээ гэж Бурхан тодорхой сургасан байдаг. Хайр гэсэн төрөлх мөн чанарыг маань сэргээхийн тулд шинэ гэрээн дотор биелүүлэх ёстой гэмшил гэсэн арга замыг Бурхан бидэнд зөвшөөрсөн юм.

Хайр үгүй бол юу ч биш

Хайранд гэмшил, тэвчээр гээд бүгд багтсан байдаг. Нэгэн цагт алдаж орхисон тэнгэр элчийн мөн чанараа сэргээе гэвэл Бурханы зөвшөөрсөн гэмшил гэсэн үйл явцыг бид заавал туулах ёстой.

“Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж. Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр үгүй бол би юу ч биш. Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм.” 1Кор 13:1-3

Тэнгэр элч нарын хэлээр ярилаа ч хайр үгүй бол бид ердөө хий нүргэлэх харанга, хангинах цан төдий юм. Уулыг нүүлгэх бүрэн төгс итгэлтэй байлаа ч хайр үгүй бол юу ч биш гэсэн. Бурхан бол хайр. Тийм болохоор хүүхдүүд нь болох бид ч хайр гэсэн төрөлх мөн чанартай төрсөн. Тэгтэл угаасаа л бидэнд байсан мөн чанарыг Сатан диавол атаархал, үзэн ядалт, ихэрхэг, бардам зангаар сольж орхисон болохоор Бурхан бидний доторх тэнгэр элчийн мөн чанарыг сэргээж өгч байна.

Тэнгэр Эх Өөрийн биеэр айлдсан эрхэм нандин сургаалын дагуу дэлхий дахины Сионы гэр бүлүүд гэмшлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа билээ. 2000 жилийн өмнө элч нар Пентэкостын өдрөөр эрт бороо Ариун Сүнс аван өдөрт 3000 хүн гэмшүүлсэн түүх ч бий (Үйл 2:1-41). Үнэнийг тунхаглан 3000 хүнийг аврал руу хөтөлж чадсан түүхийн цаана гэмшил л байсан юм. Сиондоо үзэсгэлэнтэй гэмшлийг бий болгох үед Бурхан гэмшилд зохистой үр жимс зөвшөөрнө. Эдүгээ өдөрт 3000 хүн төдийгүй түүнээс ч олон хүнийг авралын зам руу хөтөлье гэвэл нэн түрүүнд бид гэмших ёстой биш үү?

Хамаг өмч хөрөнгөө тараан өглөө ч хайр үгүй бол ямар ч ашиггүй гэж Библид айлдсан байдаг. Мэдээж Бурхан шинэ гэрээний Алгасал баярт энэ бүх үнэн хайраа шингээсэн ч Алгасал баяраар талх, усан үзмийн дарсыг ёс төдийд идэж уувал ямар ч утгагүй хоосон болох юм. Бурханы мах, цусаар нэгэн бие болдог шинэ гэрээний үнэн дотор тийм чухал утга учир агуулагдсан байдаг.

“Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.” 1Кор 13:4-7

Хайрын мөн чанар нь тэвчээр болон энэрэнгүй байдал юм. Мөн атаархдаггүй, агсганан ихэрхдэггүй. Ихэрхэх нь өөрийгөө дөвийлгөж буй хэрэг. Бусдаас өөрийгөө дээр гэж үзэх бардам бодлоос өөрийгөө дөвийлгөх хүсэл гардаг. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй. Бас өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.

Төгс гэмшлээр гарах Ариун Сүнсний үр жимс

Тэнгэр элчийн ертөнцөд угаасаа бид сайн мөн чанартай байсан юм. Гэвч Сатаны мэхлэлд автаж, угийн энэ мөн чанараа алдаж энэ дэлхийд хөөгдөж ирсэн. Нийгмийн хэрүүл маргаан дунд амьдрах явцдаа өөрийгөө бусдаас илүү гэсэн магтаал сонсохыг хүсдэг болж, бусдаас илүү дээр нөхцөл байдал олж авахын тулд бусдын өвдөлт шархыг юман чинээ тоохоо болих хандлагатай болсон. Харин шинэ гэрээний үнэн дотор тэнгэр Эцэг Эхтэйгээ уулзсанаас хойш муу зан чанараа хаяж эхэлсэн. Муу зан чанараа хаяна гэдэг нь нүгэлдээ гэмшинэ гэсэн үг. Гэмшинэ гэдэг нь бодол санаагаа өөрчилж, Бурхан руу эргэж очно гэсэн утгатай юм. Түүнчлэн алдагдсан тэнгэр элчийн мөн чанараа сэргээнэ гэсэн утга ч багтсан байна. Тиймээс гэмшихгүй хүн тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй бөгөөд ийм хүмүүст хандан Бурхан илдээ ирлэх болно гэж Библид хатуу сануулдаг шүү дээ.

“Хайр хэзээ ч дуусдаггүй. Харин эш үзүүллэг үгүй болж, хэл ярихуй зогсож, мэдлэг алга болно. Учир нь бид хэсэгхэнийг мэддэг, хэсэгхэнийг эш үзүүлдэг. Харин төгс нь ирэх үед хэсэгхэн нь ч үгүй болно. Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд зангаа орхисон юм. Тэгэхээр бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч, дараа нь нүүр нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ дараа нь би бүрэн мэдэх болно. Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр мөн.” 1Кор 13:8-13

Бидэнд итгэл ч, найдвар ч хэрэгтэй атал Библид хамгийн агуу нь хайр хэмээсэн. Хайрын мөн чанараа сэргээж байж л бид тэнгэрийн хаанчлалд орж чадна. Сионы хүүхдийн хувиар бүрэн төгс гэмшиж, гэмшилд зохистой үр жимс гаргахын төлөөнөө Бурханаас гуйж, Ариун Сүнс дүүрэн аваад, сайн мэдээний үзэсгэлэнтэй үр жимс ихээр гаргаж, Эцэг Эхдээ яруу алдар өргөхийг бүгдээс нь хүсэх байна.

Модноос жимс ургуулъя гэвэл нүдэнд үл харагдах үндсийг нь зохих ёсны ус бордоогоор хангах хэрэгтэй. Тэгвэл мөчирт нь жимс аяндаа ургана. Мөчрийнх нь үзүүрт үр жимс боловсрох хүртэл үндсэнд нь ямар нэг байдлаар нөлөөлөх хэрэгтэй дээ. Тийм болохоор зөвхөн мөчрийг нь л хараад байж болохгүй юм. Үр жимс гаргая гэвэл бид бүхэн Бурхан дотор байж, өөрсдийгөө гэмшлийн бордоогоор бордох учиртай. Та бүхнийгээ бүрэн төгс гэмшиж, Бурханы Ариун Сүнсээр үзэсгэлэнтэй арвин их үр жимс гаргаасай гэж хүсэх байна.