Сүрлэг бахдам нисэх нууц

9,294 үзэлт

Далайн шувууд дундаас хамгийн биерхүү шувуу бол морин цахлай. Морин цахлай хуурай газарт байхдаа тийм ч сэтгэл татам биш л дээ. Лагс том биенээсээ уртаа далавч унжуулчихаад паацганан алхах нь их л хөгтэй харагдана. Ямар сайндаа л “маанаг шувуу” гэж нэр авсан байх вэ дээ. Харин тэнгэрт бол түүний талаар өөр юм ярина шүү.

Хоёр тал руугаа далавчаа дэвхийтэл дэлгэхэд нь 2-3 метр урт далавч нь гарч ирээд л холын хол, хамгийн өндөрт нисдэг. Газраас эхэлж хөндийрөн нисэхдээ жаахан хэцүү ч дээш чиглэсэн агаарын урсгалд нэг л ороод авбал амрахгүйгээр бүр хэдэн өдрийн турш хичнээн зуун километрийн хол зайг нисэн туулдаг аж. Урт далавчаа дэлгээд бараг дэвэлтгүйгээр ниснэ. Түүний тэнгэрт чөлөөтэй нисэх төрх нь уулга алдмаар бахдам сайхан.

Морин цахлай салхинд биеэ бүрэн даатгадаг болохоор ингэж үзэсгэлэнтэйгээр элэн халин нисдэг байна. Өөрийн хүчээр биш салхины хүчээр нисэх үедээ л морин цахлай эцэж цуцахгүйгээр тэнгэрээр эрх дураараа зугаалж маанаг биш сүр төгөлдөр төрхөө харуулна.

“ЭЗЭНд замаа даатга, Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө. Тэрээр зөв байдлыг чинь гэрэл адил, шударга хэргийг чинь үд дунд мэт гийлгэюү.” Дуу 37:5-6

Өөрсдийнхөө хүчээр юу ч хийж чадахгүй нь гэж сэтгэлээр битгий унаарай. Харин ч Бурханд даатгачих. Бурханы өгсөн Ариун Сүнсний хүчинд найдаад, сайн мэдээний далавчаа дэвхийтэл дэлгэн, энэ ертөнцийн хамгийн хол, хамгийн өндөрт дүүлэн нисээрэй.