​Амар хялбар зам ба зөв зам

16,913 үзэлт

Хүн бүрийн амьдралд хэзээд л амар хялбар зам ба зөв зам гэж байдаг. Солонгос улс Японы колони байх үеэр зарим хүмүүс амар хялбар, тав тухтай амьдралыг сонгож байсан боловч зарим нь зөв замыг сонгож, бүхий л амьдралаа эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зориулж байсан юм. Тэдний сонголтоос хамааран тэд тэс өөр амьдралаар амьдарч, тэс өөр үр дүнгээр дууссан юм. Эхнийх нь урвагч хэмээн нүд үзүүрлэгдэж, сүүлийнх нь Солонгосын тусгаар тогтнолын төлөөх зүтгэлтэн хэмээн цоллуулж, ирээдүй хойч үеийнхэнд ч хүндлэгдэн, нэр нь дуурсагдсан юм.

Бидний итгэлийн амьдрал ч мөн амар хялбар зам болон зөв зам гэсэн хоёр салаа замтай. Өнөөг хүртэл бид Бурханы тогтоож өгсөн зөв замыг сонгон амьдарч ирсэн. Хэдийгээр олон хүн ням гаргийн мөргөл сахих нь зөв гэж бодон, өөрсдийгөө зөв итгэлтэй гэж санаж байгаа ч бид Бурханы үгийг бодож зөв зам болох Амралтын өдрийг сахидаг. Жил бүрийн 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Христмас баяр ёслолоор хөөрч байхад харин бид Бурханы цусаараа тогтоож өгсөн шинэ гэрээний Алгасал баярыг нандигнан, хүмүүст буруу замыг нь хэлж, зөв замыг нь зааж өгч байгаа.

Хүн бүр амар хялбар замыг сонгож болох ч харин зөв замыг хэн ч хамаагүй сонгож болдог биш. Бид ямар замаар алхаж ирснээ эргэн нэг бодож, энэ л замаараа тууштай алхах хэрэгтэй. Тэгж л байж бид үргэлж тэнгэр Эцэг Эхийн хүсэлд нийцсэн зөв замыг сонгож, зөвт амьдралыг чиглэн алхах юм.

Бурханы хаанчлалд орохын тулд

Амьдралд заримдаа бид амар хялбар зам ба зөв зам гэсэн хоёр салаа замын уулзвар дээр зогсдог. Зөв замыг сонгох нь төвөгтэй, зовлон бэрхшээлтэй санагдаж мэднэ. Бусад хүн амьдралдаа амар хялбар замыг сонгосныг нь хараад бид “Би ч бас тэдэн шиг амар хялбар замаар амьдарч яагаад болохгүй гэж” гэсэн андуу ташаа бодол тээдэг юм.

Сатан биднийг үргэлж л амар хялбар замаар явуулах гэж сорьж, урхидаж байдаг. Харин Бурхан цаг үргэлж биднийг зөв замаар хөтөлдөг юм. Учир нь энэ л замын эцэст тэнгэрийн хаанчлал хүлээж байгаа.

“Тэр хотод тэд сайнмэдээг тунхаглан, олон хүнийг дагалдагч болгоод Лустр, Икониум болон Антиох уруу буцахдаа дагалдагчдын сэтгэлийг хүчирхэгжүүлж, итгэлдээ байнга байгаарай гэж урамшуулан —Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.” Үйл 14:21-22

Бурханд үнэнээсээ итгэдэг Бурханы ард түмэн саад бэрхшээлтэй тулгарна. Энэ ертөнцийг захирч байдаг Сатан Бурханы ард түмнийг тэнгэрийн хаанчлал руу тийм ч амар явуулчихгүйг хичээнэ. Биднийг гэрэл тусгахад харанхуйн хүч өөрсдийнх нь харанхуйн үйлс илэрчих вий гэж айсандаа дургүйцэж гадуурхдаг (Иох 3:19-21). Тиймээс Бурханы хаанчлалд орохын тулд бид олон саад бэрхшээлийг даван туулах ёстой.

Хүнд хэцүү замаас зайлсхийж, амар хялбар замаар явуулах нь Сатаны хүсдэг зүйл. Харин тэр замын төгсгөлд шүүлт ба сүйрэл л хүлээж байдаг шүү дээ. Зөв замаар алхах үед зарим талаар бид ядарч туйлдан, зүдэрч ч болно. Харин зөв замын төгсгөлд мөнхийн тэнгэрийн хаанчлал биднийг хүлээж байгаа. Тиймээс л бид тэрхүү зөв замаараа эцсээ хүртэл тэвчээртэй алхах ёстой.

Зөв замыг олон хүн дагадаггүй. Учир нь тэнгэрийн хаанчлалыг алдалгүй баттай оръё гэсэн эрс зоримог шийдвэргүйгээр энэ замаар алхах боломжгүй юм. Цөөхөн хүн л явж чадах учраас Библид энэ замыг хавчиг хаалга гэж илэрхийлсэн байдаг (Мат 7:13-14).

Зөв замыг сонгосон Есүс

Амар хялбар зам, зөв зам хоёрын зааг дээр сорилтууд байдаг. Есүс зөв зам, амар хялбар зам гэсэн хоёр салаа замаас зөв замыг нь сонгосон жишээ бидэнд үзүүлсэн.

“Есүс тэгээд диаволд соригдохын тулд Сүнсээр цөл уруу хөтлөгдөв. Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ. Соригч ирээд, Түүнд —Чи Бурханы Хүү мөн аваас энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв. Гэвч Есүс —“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг хэмээв.” Мат 4:1-4

Есүсийг туйлын өлссөн байх үед Сатан дээд зэргээр сульдсан энэ байдлаар нь далимдуулж “Энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” гэж Есүсийг сорьдог. Есүс залбиран таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг хооллож чадсаныг нь сайн мэдэж байсан болохоор Сатан чулуунуудыг талх бол гэж тушаа хэмээн мэхлэхийг оролдсон юм.

Амар хялбар зам, зөв зам гэсэн хоёр салаа зам дээр байсан Есүс огтхон ч эргэлзэлгүйгээр зөв замыг нь сонгосон юм. Харин Есав яасан билээ? Тэрээр өлссөн байхдаа юун түрүүнд өлөө дарах тухайгаа л бодож байсан юм. Тэр ууган хүү байх эрхийн талаар огтхон ч тоогоогүй, ердөө юу ч юм идэхийг л хүсдэг. Харин Есүсийн хувьд дөчийн дөч хоног мацаг барьсны дараах үнэхээрийн тамирдсан эгзэгтэй мөч байсан ч Тэрээр “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж хэлдэг. Энэ нь бидэнд хичнээн их өлсөж, туйлдаж байсан ч Бурханы үгээр амьдрах ёстойг сургаж байгаа юм.

“Тэгэхэд диавол Түүнийг ариун хотод аваачин сүмийн орой дээр зогсоогоод, Түүнд —Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доош үсэр. Учир нь “Тэрээр тэнгэрэлч нартаа Чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ тэд гар дээрээ Чамайг өргөөд явна” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв. Есүс —“Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас бичигдсэн байдаг гэв. Диавол дахин Түүнийг асар өндөр ууланд аваачаад, ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг нь үзүүлээд —Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөөс энэ бүхнийг би Чамд өгье гэж хэлэхэд Есүс —Зайл, Сатан аа! “Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг юм гэлээ.” Мат 4:5-10

Есүсийг Бурхан хамгаалах юм чинь сүмийн оройгоос үсэрсэн ч яах ч үгүй гэж Сатан мэхэлдэг. Амар хялбар амьдралаар замнуулах гэсэн Сатаны мэхлэлд Есүс “Бурхан Эзэнээ бүү сорь” гэж хэлдэг. Үүгээрээ Есүс бидэнд Бурхан бол бидний сорьдог биш итгэх ёстой Оршихуй гэдгийг зааж өгсөн юм. Хэрвээ Есүс цэргүүд, ахлах тахилч нар, фарисайчууд, хуулийн багш нар гээд бүх дайснаа хөнөөчихөөд загалмайн золиосоос зайлсхийж амар хялбар зам сонгосон бол яах байсан бол оо? Тэгвэл бид аврагдаж чадна гэж үү? Харин ч бүгдийг хийж чадах Бурхан амар хялбар замын оронд хүүхдүүдээ л аврах гэж зовлон золиос эдлэх зөв замыг нь сонгосон билээ.

Сатан эцэст нь Есүсийг өөртөө бөхийн мөргөвөл ертөнцийн хаанчлалыг болон сүр хүчийг өгье хэмээн санал болгодог. Тэгэхэд нь Есүс “Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэсэн Библийн сургаалаар Сатаны бүхий л сорилтыг ялсан юм. Есүс ийнхүү хариулсан нь хичнээн хэцүү байсан ч зөв замыг орхин амар хялбар зам сонгож болохгүйг харуулжээ. Есүс махан бие өмсөөд энэ газарт ирсэн үедээ бидэнд биеэрээ үзүүлсэн сургамж нь Түүний энэ хариулт байв.

Есүс сайн мэдээний амьдралыг сонгож, бидэнд захисан

Сатан амар хялбар замыг л үргэлж санал болгож байдаг. Тэрээр бидний чихэнд цаг ямагт “Хэрвээ чи үүнийг хийвэл амьдрал чинь одоо байгаагаасаа илүү амар хялбар болно”, “Ганц л удаа ингэвэл нийгмийн байр суурь чинь амархан дээшилнэ” гэж шивэгнэн мэхэлж байдаг. Харин Христ сайн мэдээний үйлчлэлээ эхэлсэн үеэс л бидэнд бэрхшээл зовлон дунд ч зөв замыг чиглэн урагшилдаг итгэлтэй байхыг сургасаар ирсэн.

Амар хялбар замыг сонговол Сатаны сорилтонд унахаас өөр аргагүй юм. Харин зөв замыг сонгох юм бол Сатанаас ирэх ямар ч урхи саадыг ялан дийлэх болно. Бүгдээрээ хэрхэн зөв амьдрахыг тунгаан бодож, зөв зам сонгосон Христийн амьдралыг судлан, явсан замаар нь дагаж алхацгаая.

“Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв.” Мат 4:17

Сатаны сорилт саадыг ялсны дараа Есүсийн нэн түрүүнд хийсэн зүйл нь ертөнцийн хүмүүст тэнгэрийн хаанчлалын замыг мэдүүлсэн буюу авралын зар тараасан юм. Тэрээр бидний өмнө сайн мэдээний замаар алхан, авралын зар тараах нь бидний хийх ёстой хамгийн нэгдүгээрх зөв ажил гэдгийг жишээгээр үзүүлсэн юм.

Христийн сүүлчийн захиас ч бас ертөнц даяар сайн мэдээ тараах явдал байлаа.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

“Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй” хэмээн гурван жил зургаан сарын туршид Есүс сайн мэдээ тунхаглаж байсан юм. Мөн Тэрээр хүн төрөлхтний авралын төлөө бүх хүчээ зориулж, амилсныхаа дараа ч зөвт замаар явахыг шавь нартаа захиад тэнгэрт одсон юм.

Сайн мэдээ тунхаглана гэдэг тийм ч амар ажил биш. Энэ үүрэг нь үй түмэн бэрхшээл зовлонтой нүүр тулгарахад хүргэдэг. Ертөнцийн шунал хүслээр л зүрх сэтгэл нь дүүрсэн хүмүүсийг гэмшүүлж, Бурхан руу эргэх хүртэл хөтөлнө гэдэг амаргүй зүйл. Тиймээс л Паул элч сайн мэдээний зовлон бэрхшээлийг хүүхэд төрөх зовлонтой адилтгасан байдаг (1Кор 4:15, Гал 4:19 үзэх). Гэвч энэ нь бидний энэ ертөнцөд амьдарч байгаагийн учир шалтгаан, энэ газарт зөв амьдрах арга зам юм. Тиймээс Бурхан биднийг зөвхөн хар амиа бодох биш, эргэн тойрныхоо бүх хүнийг харж халамжлахыг сургасан. Хүн төрөлхтнийг аварч, мөнхийн эх нутаг тэнгэрийн хаанчлалд хамтдаа буцаад ирээрэй гэсэн ариун тэнгэр Эцэг Эхийн маань тушаал билээ.

Бурхан Библид Христийн амьдралыг дагаж чадах замын тэмдгийг тодорхой харуулсан юм. Амар хялбар замын оронд зөв замаар алхах шийдэмгий, зоригтой итгэлээр Эцэг Эхийнхээ алхаж явсан замыг дагавал бид олон сүнс аварч чадна.

Ионагийн сонгосон амар хялбар зам ба зөв зам

Сайн мэдээ тараахад ямар ч зовлон бэрхшээл тулгарсан хамаагүй бид ямагт зөв замыг нь сонгох хэрэгтэй. Бид амар хялбар зам ба зөв замыг сонгосон үед ямар үр дагавар гардгийг Иона эш үзүүлэгчийн амьдралаас харж болно.

“ЭЗЭНий үг Амиттаин хүү Ионад ирж —Босоод, их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь ёрын муу нь өмнө минь өгсөж ирэв гэж айлдав. Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босжээ. Тэрээр Иоппад ирж, Таршиш уруу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, … тэдний хамт явахаар суув.” Ион 1:1-3

Бурхан Ионаг Ниневе хот руу явж тэндхийн ард түмэнд Бурханы үгийг тунхагла хэмээдэг. Ниневе нь Израилийг зовоож байсан дайсан улс буюу Ассирийн нийслэл байв. Ниневе хотын ард түмэн Бурханд итгэдэггүй, шүтээнд мөргөж байсан юм. Тиймээс Иона тийшээ явахаас татгалзан, эш үзүүлэгчийн үүргээ хөсөрдүүлж, Таршиш руу зугтахыг оролддог. Тэрээр Бурханы тушаалд дуулгавартай байх зөв замыг дагахын оронд хүнд хэцүү нөхцөл байдлаас зугтан, амар хялбар замыг нь сонгосон юм. Иона хөлөг онгоцонд суун, нууцаар зугтаахыг оролдсон ч Бурханаас нуугдаж чадаагүй юм.

“Гэтэл ЭЗЭН, далай уруу их салхи илгээн далай дээр хүчит шуурга босгож хөлөг онгоцыг сүйрэхэд хүргэв. … Хүмүүс бие биендээ —Ирцгээ, бидэнд энэ гай хэнээс болж байгааг мэдэхийн тулд шавга татацгаая! гэцгээв. Ингээд тэд шавга татсанд уг шавга Иона дээр буулаа.” Ион 1:4-7

Тэгээд Иона далай руу шидэгдэж, Бурханы явуулсан аварга загас түүнийг залгижээ. Аварга загасны гэдсэнд байхдаа тэрээр Бурханд гэмшлийн залбирал өргөж, хэцүү ч гэлээ Бурханы л хүслийн дагуу амьдрахаар шийдвэрээ өөрчилжээ. Амьдралаа ийнхүү зөв чигт нь оруулсан тул Бурхан аварга загасыг бөөлжүүлж Ионаг хуурай газарт гарган, түүнд Ниневе хот руу дахин явахыг тушаасан юм.

“ЭЗЭНий үг Ионад хоёр дахь удаагаа ирж, —Босоод, их хот Ниневе уруу очиж, Миний чамд айлдах тунхгийг тунхагла гэжээ. Ингээд Иона босож, ЭЗЭНий үгийн дагуу Ниневе уруу явав. … Тэгээд Иона нэг өдөржин хотоор алхан явж, хашхиран —Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно гэв. Тэгэхэд Ниневегийн хүмүүс Бурханд итгэжээ. Тэд мацаг барилт зарлаж, … Тэрээр тунхаг гаргаж —Ниневед хаан болон ноёдынх нь гаргасан бошиг зарлигийн дагуу хүн амьтан, үхэр хонь юу ч амсаж болохгүй. Тэд бүү идээшлэг, бүү ус ууг. Харин хүн амьтан цөм таар нөмрөх ёстой. Хүн бүр муу замаасаа, гар дахь хүчирхийллээсээ эргэхийн тулд Бурханыг байдаг чадлаараа дуудаг. Бурхан эргэж зөөлрөн, шатаж буй уур хилэнгээ татан биднийг устгахгүй ч юм бил үү хэн мэдэх билээ? гэв. Муу замаа орхисон үйлсийг нь Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодолоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ.” Ион 3:1-10

Бурхан Ионаг гэмшсэний дараа Ниневе хот руу дахин яв гэж хэлэхэд тэрээр огтхон ч татгалзалгүй тэрхүү зөв замыг сонгосон юм. Иона Ниневед очин Бурханы үгийг тунхаглахад санаанд оромгүй зүйл болж, Ниневе хотын хаан төдийгүй бүх ард түмэн Бурханд итгэн, мацаг барьж өнгөрсөн нүгэлдээ гэмшжээ. Үүний үр дүнд тэр хотын зуун хорин мянга гаруй хүн өөрсдөд нь нүүрлээд байсан гамшгаас аврагдсан юм (Ион 4:10-11).

Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн гэж Библид айлдсан билээ (Ром 15:4). Иона номоор бидэнд юу сургах гэсэн юм бол? Эхэндээ Иона амар хялбар замыг сонгож, Бурханаас шийтгэл амссан. Тэгээд гэмшиж Бурханы үгийг зоригтойгоор тунхагласан. Энэ нь зуун хорин мянган хүн тэр даруй гэмших гайхамшигтай үйл явдал гаргахад хүрсэн аж. Шинэ гэрээн дээр Петр элч Пентэкостын өдрийн Ариун Сүнсний хүчээр нэг өдөрт 3000, 5000 хүнийг гэмшилд дуудсаныг бид мэднэ. Харин хуучин гэрээн дээр Бурханы талаар мэдлэггүй харь хүмүүс тийм олноороо гэмшсэн тэмдэглэлийг бид ховорхон олж үзсэн билээ. Энэ бүхэн “Хэрэв би үхэх ёстой бол үхнэ” гэсэн хатуу шийдвэрээр зөв замыг л сонгосны үр дүн юм.

Бурханаар батлагдсан хүмүүсийн сонголт ба тэдний үр дүн

Ихэнх хүн амар хялбар замаар л амьдрахыг хүсдэг. Бид харин амар хялбар замыг сонгохын оронд зөв замыг нь сонгох хэрэгтэй. Ямар ч саад бэрхшээл тулгарсан хамаагүй Эцэг Эхийн хүслийг даган зөв замыг сонговол Сатаны хүч замхрах нь гарцаагүй.

Тэнгэр Эцэг Эх хүүхдүүд биднийгээ амьдралдаа амар хялбар замыг сонгох биш, бэрхшээл саад тохиолдсон ч зөвт амьдралаар амьдрахыг сургасаар ирсэн бөгөөд бидний дагах ёстой жишээг Өөрсдийн биеэр үзүүлсэн. Бид Эцэг Эхийн жишээг дагаж байгаа болохоор л Бурханы сүм хурдан хөгжиж байгаа шүү дээ.

Эдүгээ дэлхий даяар манай Сионы ах эгч дүүс хүн төрөлхтнийг аврах зоримог шийдвэрээр сайн мэдээ тунхаглаж байгаа. Бид сайн мэдээ тарааж байгаа учир нь бидний хийх ёстой зөв зүйл энэ болохоор тэр. Бид хүмүүсийг зөнд нь орхивол тэд бүгд там руу явцгаана. Тиймээс бид тэдний сүнсний төлөө санаа зовж “Хэрхэн хүмүүсийг гэмшилд дуудаж тэнгэрийн хаанчлал руу явуулах вэ?” гэсэн сэтгэлээр сайн мэдээ тараадаггүй гэж үү? Зөвхөн амар хялбараар амьдрахыг хүсвэл заавал энэ ажлыг хийх шаардлага байхгүй. Иона амар хялбар замыг сонгоход тэрээр бусдыг бодоогүй, зөвхөн өөрийнхөө л аюулгүй байдлыг бодож байсан. Харин зөв замыг сонгох үедээ тэрээр үхэлд ч зориг шулуудан Бурханы үгийг тунхагласан. Тэгэхэд Бурхан Ионад тусалж, Ниневе хотын бүх хүнийг гэмшүүлсэн юм. Бид үүнтэй адил зөв замыг сонговол Бурхан Ионад өгсөн хүч чадал, ивээлээ бидэнд гарцаагүй буулган өгч, хүн төрөлхтөнд аврал өгнө гэдэгт итгэж байна.

“… Харин сайнмэдээ бидэнд даалгагдахаар Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин зүрхийг маань шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм.” 1Тес 2:3-4

Сайн мэдээ тараана гэдэг нь зөвхөн Бурханаар батлагдсан хүмүүсийн л хийж чадах зөв зүйл. Олныг зөвт байдалд авчрагчид тэнгэрийн хаанчлалд очоод од мэт үеийн үед туяарна хэмээн Библид айлдсан. Хүн бүр өөрсдийн загалмайг үүрэхийн хажуугаар Христийн зовлонд оролцож, үр жимс гаргана гэдэг огтхон ч амархан биш гэдгийг Бурхан мэдэж байгаа учраас л ингэж хэлсэн аж.

Талантын тухай сургаалт зүйрлэлд ч мөн таван талант авсан нь тэр даруй явж, хичээнгүйлэн ажиллаж, тавыг нэмж олсон хэмээсэн. Харин нэг талант авсан нь юу ч хийлгүй, талантаа газарт нуусан байдаг (Мат 25:14-30). Хэрвээ бид талантаа газарт нууж, гар хумхин суувал биед амар л даа. Гэвч бид газарт нуугаад дуугүй байвал эргэн тойронд маань ямар ч өөрчлөлт гарахгүй. Үүний оронд бэрхшээл байлаа ч ялан гараад авралын зар хичээнгүйлэн тунхаглавал бид арвин их талант гаргах болно.

Манай Сионыхон ямар ч саад бэрхшээл тулгарсан Бурханы үгэнд дуулгавартай байж, тэрхүү зөв замаар тууштай алхана гэдэгт би итгэж байна. Зөв зам дээр олон ч саад бэрхшээл биднийг отон хүлээж байгаа. Гэсэн ч тэр л зам дээр олж авсан үр жимс үнэхээрийн үнэ цэнэтэй. Одооноос өөрсдийгөө эргэн харж, “Би нэг талант авсан хүн шиг амар хялбар амьдралаар амьдарч байна уу? Эсвэл арван талант гаргахын тулд зөв замаар алхаж байна уу?” гэдгээ харцгаая. Та бүхэн Эцэг Эхийнхээ бидний өмнө алхсан зөв замыг дагаж, цаг үргэлж Ариун Сүнсний ерөөл дунд бялхан тэнгэрийн хаанчлалд баттай ороорой. Мөн энэ ертөнцийн бүх хүнийг тэнгэрийн орон руу хөтлөөсэй гэж би та нараас хүсэх байна.