Ач хариулах ухаан

8,717 үзэлт

Хятадын Чунчинд бие биенийгээ огт мэддэггүй таван хүн хөгжмийн хамтлаг байгуулжээ. Эмч, гэрийн эзэгтэй, үл хөдлөх хөрөнгийн худалдагч гээд ажил мэргэжил, зан авир нь дор бүрнээ өөр өөр. Түүний хажуугаар бүгд хөгжмийн талаар мэдэхгүй байж гэнэ. Харин тэд гитар, басс гитар, марака (хэмнэлт хөгжмийн зэмсэг) зэргийг гартаа барьж, мэргэжлийн хөгжимчдөөр заалган, тоглолт хийх гэж ихээхэн бэлтгэл сургуулилт хийж гэнэ. Уг хамтлаг “Нэг хүний хамтлаг” хэмээх нэртэй аж. Хамтлагийн гишүүд “Дахин төрөлт”, “Амьдралыг мэдэр” гэх мэтийн хэцүү дуу тоглохыг зорьсон байна. Нүдний эвэрлэг бүрхэвч, бөөр, элэг зэрэг эрхтнээ донор болгон хамтлагийн гишүүдэд өгчихөөд нэг жилийн өмнө нас барсан нэгэн хүний түүхээс уг хамтлагийн нэр үүсэлтэй аж. Уг донор нийтийн эрх ашгийн төлөө зүтгэдэг, хөгжимд дуртай нэгэн байж. Үүнийг нь тэд сонсоод хөгжмөөр хүмүүст туслах хөгжмийн хамтлаг үүсгэн байгуулсан нь энэ юм.

Тэрхүү “Нэг хүний хамтлаг” хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараахан “Нэг хүний сагсан бөмбөгийн баг” гарч ирсэн юм. Мэргэжлийн сагсан бөмбөгийн бүх оддын тоглолтын эхний хагаст ижил нэр бүхий өмсгөлтэй сагсан бөмбөгийн баг цэнгэлдэх хүрээлэн рүү алхав. Дунд эргэм насны гурван эрэгтэй, 22 настай залуу, 14 настай сурагчаас бүрдсэн уг баг энэ өдөр бүх оддын багтай хоёр минутын турш “нөхөрсөг тоглолт” өрнүүлэв. Тэрхүү багийн гишүүд бүгдээрээ сагсан бөмбөгчин болохыг мөрөөддөг байсан 16 настай жаалхүүгээс зүрх, уушиг, элэг гэх мэт эрхтнийг нь авсан хүмүүс байлаа. Тэд эрүүл, энх тунх амьдралд эргэн ирснийхээ эцэст өөрсдөд нь эрхтнээ хандивласан жаалхүүг дурсан санаж, түүний өмнөөс мөрөөдлийг нь биелүүлэх арга хэмжээ бэлтгэн зохион байгуулсан нь тэр байлаа. Хүмүүс тэдний сагсан бөмбөг тоглох ур чадварыг үл харгалзан “Нэг хүний сагсан бөмбөгийн баг”-г өргөнөөр алга ташин, урам зориг өгч байжээ.

Тэдгээр арван хүний алинд нь ч хөгжмийн эсвэл сагсан бөмбөгийн авьяас байгаагүй. Тэд ердөө өвчинтэйгөө, хөгжлийн бэрхшээлтэйгээ л тэмцэж, эрүүл энх амьдрахыг хэн хүнээс илүү их хүсэж байсан нь тэр юм. Тийм ч учраас өөрсдөд нь эрхтнээ донор болгон өгч, шинэ амь хайрласан хүнийг л баярлуулах ажил хийсэн нь хүмүүсийн сэтгэлийг ихээхэн догдлуулжээ.

Бурхан биднийг мөнхийн үхлээс аварч, мах цусаараа шинэ гэрээний Алгасал баяр тогтоон өгч мөнх аминд хүргэсэн. Үүний л төлөө Бурхан загалмайн зовлонгоос ч татгалзаагүй, улмаар биднийг эцсээ хүртэл итгэлээ сахиж, нүглийн гинжнээс салж аврал аваг гэсэндээ бидний сэтгэлд тэнгэрийн найдвар суулгасан шүү дээ. Түүгээр зогсохгүй Бурхан бидэнд амийн титэм амласан болохоор Бурханы ивээл хайр хязгааргүй их ээ.

Уяман өвчтэй байсан арван хүн Есүс рүү ирж, өөрсдийг нь эмчилж өгөхийг гуйсан шүү дээ. Есүс тэднийг сонсон, эдгээж өгсөн ч ганцхан самари хүн буцаж ирээд Есүст талархдаг. Есүс ихэд гуниглаж, Бурханд алдрыг өргөсөн өнөөх хүнд аврал амласан байдаг юм (Лук 17:11-19).

Бидэнд шинэ амь өгсөн Бурханы ивээлд хариулахыг хүсвэл Бурхан юунд баярладгийг олж мэдээд, түүнийгээ хийцгээе. Онцгой авьяас талант үүнд шаардагдахгүй ээ. Бидний нүдээр том ч бай, жижиг ч бай хамаагүй, ивээлийг нь хариулах гэж хичээдэг хүмүүст Бурхан хүч чадал өгч, Ариун Сүнсний ерөөлөө бялхаан буулгадаг юм шүү.