WATV.org is provided in English. Would you like to change to English?

Ургамал ногооны ухаан

406 Үзсэн тоо

Солонгосын сонин сэтгүүлд хааяа “Ургамлын парламент” гэсэн үг хэллэг тааралддаг юм. Энэ нь парламент үүргээ биелүүлэхгүй байж нийгэмд өндөр зардал гаргаж байгааг илтгэсэн ёж үг л дээ. Комд орсон, тархи нь ажиллагаагүй болсон өвчтөнийг мөн “хүн ургамал” гэж тодорхойлдог. Энэ мэтээр үүргээ гүйцэтгэх чадвараа алдсан аливаа зүйлийг эсвэл хүнийг ургамалтай зүйрлэх нь бий. Тэгвэл ургамал ногоо үнэхээр бидний төсөөлж байгаа шиг юу ч мэдрэх чадваргүй юм гэж үү?

“Мэдрэмтгий цэцэг”, “ичимхий цэцэг” гэгддэг мимоза пудика хэмээх цэцэг ургамал ногооны талаарх бидний энэ өрөөсгөл үзлийг үгүйсгэдэг. Энэ цэцгийн навч нь гар хүрэнгүүт хариу үйлдэл үзүүлж байгаа юм шиг гялс хумигдчихдаг. Ингэж хөдөлдөг нууц нь навчны ишний ёзоор дээр байдаг pulvinus дээрээс олджээ. Pulvinus дэх эснүүд нь асар их хэмжээний чийг агуулж, эсийн хананд даралт ирдэг нь навчийг шулуун болж дэлгэгдэх шалтгаан болдог байна. Харин навч гэнэт гар хүрэхийг мэдрэх үедээ эсийн ус гадагшилж, навчаа ороодог байна. Мимоза пудика цэцгийн энэ хариу үйлдэл нь хорхой шавьжны дайралтаас хамгаалах үйлдэл юм.

1999 онд Хятадад болсон “Куньмин” цэцгийн үзэсгэлэнд шуугиан тарьж байсан бүжиглэдэг цэцэг онцгой чадвартай. Гоёмсог чамин хэлбэр, анхилуун үнэр гээд байх юмгүй, мөн ургахдаа ч муу. Харин хөгжим дуугарангуут энэ цэцэг ёстой жинхэнэ үнэ цэнээ харуулна. Жижигхэн навч нь яг л балетчин бүжиглэх мэт уян налархай гэгч нь бүжиж өгнө дөө. Навч нь бүр шууд л илэрхий анзаарагдам хөдөлнө гээч. Бүжигчин цэцэг нартай, дулаан, чийглэг орчинд бүр идэвхтэй бүжиглэнэ. Хүүхэд эсвэл эмэгтэй хүний дуунд бүр ч мэдрэмтгий. Эрдэмтэд бүжиглэдэг цэцгийн pulvinus нь мимоза пудика цэцэг шиг дууны долгионд хариу үйлдэл үзүүлдэг гэж таамагладаг байна.

Мимоза пудика болон бүжиглэдэг цэцэг шиг бүх ургамал тэр даруй шууд хариу үйлдэл үзүүлдэггүй ч ихэнх нь байнга өдөөлт хүлээн авч, хөдөлж байдаг байна. Наранцэцэг мэтийн нарны гэрлийн дагуу хөдөлдөг ургамлууд нар руу толгойгоо бөхийлгөн хөдөлнө. Нар жаргахаар маргааш нар мандах зүг рүү харж тэмүүлнэ. Нөгөө тал руу нь эргүүлээд тавихаар дахиад л нарны гэрэл рүү чиглэн бөхийнө. Ургамал ногоо нь нарны гэрэл байхгүй бол фотосинтез явагдаж чадахгүй. Тиймээс нар мандах зүгийг мэдрээд, аль болох их гэрэл авах гэсэндээ ийн уйгагүй хөдөлдөг байна.

Төв болон Өмнөд Америкийн халуун орны ширэнгэн ойд ургадаг алхдаг дал мод (walking palm) нэрнээс нь харж байгаачлан алхаж явах хүч байдаг байна. Алхдаг дал мод нарны туяа тийш алхаж, нарлаг газар үндэслэнэ. Харин нөгөө талын үндэс нь өмхөрдөг төдийгүй тасалж авдаг байна. Бусад модтой адилгүй, гүн үндэслэдэггүй учраас ихэнх үндэснүүд нь газрын өнгөн хэсэгтээ ил гарч ирдэг ба жилдээ 4-20см хүртэл хөдөлж чаддаг байна.

Ингэхэд ургамал ногоо нүдгүй байж нарны гэрлийг яаж мэдрээд байгаа юм бол? Гэрлийн өдөөлтөнд хариу үйлдэл үзүүлэх ургамлын мөн чанарыг фототропизм гэж нэрлэдэг. Ерөнхийдөө ургамлын иш, навч гэрэл рүү чиглэн ургахыг эерэг фототропизм, харин үндэс нь гэрлийн эсрэг ургахыг сөрөг фототропизм гэдэг байна.

Фототропизм гэдэг нь ургалтын үйл явцыг зохицуулдаг үүрэгтэй ауксин хэмээх гормоноор бий болдог үзэгдэл юм. Ауксинууд нь гэрлээс холдож, татах хүчний зүг шилждэг шинж чанартай. Өндөр концентрацитай ауксинууд нь ургамлын ишний болон навчны ургалтыг хурдасгана. Иш, навчин дээрх ауксинууд гэрлийн эсрэг талд төвлөрч, тэр тал нь илүү их ургадаг тул гэрэл хүлээн авдаг тал нь гэрэл рүү бөхийдөг. Ауксинууд хүндийн хүч рүү төвлөрч, иш навч нь дээш ургадаг байна.

Хөргөгчин доторх сонгино соёо цухуйсан байдгийг та бүхэн мэддэг дээ. Хөргөгчин дотор гэрэл байхгүй байхад яагаад ч юм сонгино соёолсоор л байдаг. Сонгинын ногоон соёо нь бөхийх мэт дээш ургадаг. Хадан хясаан дээр ургасан мод ч хүртэл гадаргуугаасаа эгц ургадаггүй, тэнгэр өөд ургадаг. Энэ нь ургамал ногоо хүртэл хүндийн төвийг мэдэрч байгаа хэрэг.

Ургамлын иш дээш ургаж, үндэс нь хүндийн төвөө мэдрээд доош ургадаг энэ үзэгдлийг гравитропизм гэж нэрлэдэг. Ургамлын гравитропизм энгийн юм шиг хэрнээ биологийн систем нь бүр эрдэмтдийн толгой өвдөх шалтгаан болох хэмжээний тийм ярвигтай хэцүү байдаг аж.

Бид толгойгоо бөхийлгөхдөө толгой бөхийж байгаагаа дорхноо мэдэрнэ. Учир нь дотоод чихний үүдэвч дотор отолит гэж нэрлэгддэг кальцийн карбонатын жижиг талстууд байдаг. Хүн толгойгоо хазайлгахаар уг отолит нь мэдрэлийн систем рүү дохио илгээдэг үсний өдөөгч эс рүү хүндийн төвийн дагуу хөдөлдөг ба үүнийг нь тархи “хөдөлгөөн” гэж боловсруулдаг байна. Отолит мэтийн хатуу биетүүдийг мөн статолит гэж нэрлэдэг аж.

Зуу орчим жилийн өмнө ургамал судлаачид ургамлын үндэсний төгсгөлд байрлах тусгай эс дэх статолитуудтай төстэй харагдах цардуулан үр олж илрүүлжээ. Одоохондоо уг үрийг хүндийн төвийн дагуу хөдөлдөг болохоор ургамал ногоо нь хүндийн төвийг мэдэрдэг гэж таамаглаад байгаа. Ерөнхийдөө stoneworts гэдгээр нь нэрлэдэг Chara globularis нь зарим үндсийг нь таслахад хэдэн сантиметр урттай үндэс маягийн иш маш хурдан үүснэ. Шил шиг тунгалаг эсээс бүрддэг үндэс маягийн иш болох ризоид руу нь микроскопоор харахаар эсийн дотор үй олон тоосонцор хөдөлж, арван хоёр статолит тойрон эргэлдэж байгаа харагдана.

Chara globularis-н ризоид нь хөндлөн нугарч, эсийн доторх статолитууд нь хүндийн төвийн зүг аажуухан хөдөлж, яг доод хэсэгтээ байрладаг эсийн хана руу чиглэн явна. Гурван минут орчмын дараа бүх статолитууд доод хэсэгтээ хүрч, эсийн ханаа мөргөмөгц ризоид нь асар хурдтайгаар нугарна. Хоёр цагийн дотор уг ризоидын эс нь босоо хэлбэрээр бүрэн нугарна. Тиймд тухайн ургамал статолитынхоо байршлаас хамаараад яг л амьтан шиг чиглэлээ өөрчилдөг байна. Харин статолитууд нь физикийн хувьд хол байгаа ауксиныг хэрхэн үүсгэж, хуримтлуулах механизм хараахан батлагдаагүй байна. Энэ нь эсийн дотор талд байдаг бүтцийн хүрээгээр дамжин явагддаг гэсэн таамаг төдий л байгаа аж.

Хараахан батлагдаагүй ургамлын ухааны талаарх зүйл олон бий. Гэхдээ юу хамгийн баттай вэ гэвэл өчүүхэн юм шиг харагддаг ургамал ногоо орчин нөхцөлөө таньж ухаарч байгаа нь баттай юм. Тэд гэрэл хаана байгааг мэдэрч, хүндийн төвийг мэдэрч, гадны орчин нөхцөлд хариу үйлдэл үзүүлж, хэлбэрээ өөрчлөн хөдөлж байдаг. Яаж тийм гайхамшигт хүч ургамал ногоонд байдаг байна аа?

Эх сурвалж
Daniel Chamovitz, What a Plant Knows, Scientific American / Farrar, Straus and Giroux, 2012
Volker Arzt, Intelligent Plants (in German), Goldmann, 2011
Lee Wan-ju, Green Music Farming Methods (in Korean), Deulnyeok, 2011
Kim Yeon-hee, Plants reacts to external stimulus and move (in Korean), Science Times, August 30, 2010