Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн хүн

21,481 үзэлт

Ертөнцөд үй олон хүн өөрийн санаа бодол, үзэл баримтлал, амьдралын хэв маягаар амьдардаг. Зарим хүн энэ нь зөв, бас зарим нэг нь тэр нь зөв гэдэг. Улс төрийн хүрээнд ч эрх баригч нам ба сөрөг хүчний намынхан үзэл бодол зөрчилдөж хуваагдах нь бий. Заримдаа айл хөршүүд өөр хоорондоо санал бодол зөрөлдөн, дуугаа өндөрсгөх нь энүүхэнд. Түүгээр ч зогсохгүй эхнэр нөхөр хоёр амьдралынх нь хэв маяг өөр байдгаас болж хоорондоо маргах нь байдаг.

Дор бүрнээ биеэ зөвтгөөд байвал зөв бурууг хэн шийдвэрлэх билээ? Библиэс үзэхэд зөв бурууг эцэслэн шийдвэрлэж чадах Нэгэн нь зөвхөн Бурхан юм. Тиймээс Библид сүүлчийн шүүлт гэж байдаг.

Одоо Сионы гэр бүлүүд үерийн ус мэт Иерусалимын энгэрт цутган ирж байна. Есүсийн анхны ирэлтийн үед үнэнийг тараасан элч нар хавчигдаж, анхны Бурханы сүм гүтгүүлж байсан. Одоо ч мөн яг үүнтэй адил зүйл тохиож байгаа. Тэгвэл Бурханд ямар төрлийн хүн хүлээн зөвшөөрөгдсөнийг юун түрүүнд бодоцгооё.

Зөгнөгчид хүлээн зөвшөөрөгдсөн хүн

Эртний Хятадын Сүн улсын үед Фан Вэн Гун гэдэг хүн байжээ. Залуу байхдаа тэрээр зөгнөгч дээр очоод ирээдүйгээ асуусан гэнэ.

“Би төрийн их түшмэл болж чадах болов уу?” гэхэд нь зөгнөгч түүний царайг маш хянуур харж байгаад түшмэл болж чадахгүй гэж хариулжээ. Тэгтэл тэрээр тэгвэл оточ болж чадах уу гэж дахин зөгнөгчөөс асуув. Тэр үед оточ гэдэг нь дорд үзэгдсэн ажил байсан болохоор зөгнөгч гайхаж, түшмэл болох гэж байсан хүн яагаад төдийлөн үнэлэгдээд байдаггүй оточ болох гэснийг нь буцаан асууж гэнэ.

“Би түшмэл болчихвол ядууралд автсан ард түмнээ ядуурлаас нь ангижруулж чадах байх гэж бодсон юм. Гэтэл та намайг тэгэх чадваргүй гэлээ. Тэгэхээр нь л өвчиндөө шаналж зовох хүмүүсийг илааршуулдаг оточ ч болтугай болоод, ард түмэндээ жаахан ч гэсэн тус болъё гэдэг бодол санаанд орлоо л доо” гэж хэлж гэнэ.

Тэгтэл зөгнөгч түүний ингэж ярихыг сонсоод гуяа алгадан олзуурхаж, өмнө хэлснээ буцаан түүнийг түшмэл болно гэж зөгнөв гэнэ. Энэ удаад харин Фан Вэн Гун гайхаж, дахин нягтлан асуужээ. “Зөгнөгч хүн нэг л зөгнөдөг биш үү. Та яагаад өмнөх зөгнөлөө өөрчлөөд байгаа юм бэ? Түрүүн та намайг түшмэл болж чадахгүй гэсэн. Одоо болохоор чадна гээд байна. Тийм зөгнөл гэж хаана байсан юм.” Тэгэхэд нь зөгнөгч ийн тайлбарлажээ.

“Хүний хувь заяа олон салаа замтай. Тэр дундаас хамгийн чухал нь сэтгэлийн зам юм. Танд тэнгэрээс түшмэл болох эрх заяагаагүй ч сэтгэл чинь түшмэл болоход хангалттай байна. Эхэндээ би сэтгэлийг чинь хараахан мэдээгүй байж. Та гарцаагүй төрийн их түшмэл болно.”

“Үнэн зөвийг мэддэг ард түмэн” Бурханд зөвшөөрөгдөнө

Фан Вэн Гун сэтгэлийг нь олж мэдсэн зөгнөгчид түшмэл болох боломжтой гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Бид хэнээс сайн гэж магтаал олж, хэнд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй вэ гэдгийн хариултыг Библи өгч байна.

“Ард түмэн минь, Надад анхааран, үндэстэн минь, Над уруу чих тавигтун. Учир нь хууль Надаас гарна. Ард түмнүүдийн гэрэл болгон шударга ёсоо Би тогтооно. Зөвт байдал минь ойр, аврал минь гарч ирж байна. Мутар минь ард түмнүүдийг шүүнэ. … Үнэн зөвийг мэддэг, зүрхэнд нь Миний хууль буй ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Доромжлолоос нь бүү эмээгтүн. Учир нь дээл хувцас мэт, тэднийг хивэн эрвээхэй идэж, ноос мэт, тэднийг өт хорхой иднэ. Харин зөвт байдал минь мөнхөд, аврал минь үеийн үед байна.”” Иса 51:4-8

“Үнэн зөвийг мэддэг хүн”, “Зүрхэнд нь Бурханы хууль байгаа хүн” гэж хэн бэ? Бурхан шинэ гэрээний хуулиа байгуулсан Сионд байдаг ард түмэн буюу бид бүхэн юм. Бүгдийн Шүүгч Бурхан биднийг хүлээн зөвшөөрч байхад үүнээс илүү баттай үнэлгээ хаана байх вэ?

Бид жирийн нэг зөгнөгчид газар дээрх нэг улсын түшмэл болно гэж хүлээн зөвшөөрөгдсөн биш, харин мөнхийн тэнгэрийн хаанчлалд үеийн үед хаанчлах хаан тахилч болно гэж Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс билээ. Харин Исаиа зөнч Бурханд зөвшөөрөгдсөн хүмүүс нь Бурханд хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүст гүтгэгдэн доромжлуулна гэж зөгнөсөн байдаг. Бурханы бүх үг үнэн учраас энэ ч мөн биелэх ёстой зөгнөл.

Үнэн нь зөвт хүмүүст зөвшөөрөгдөж, ёрын муу хүмүүст гүтгэгддэг

Ертөнцийн зүй тогтлоор зөвт хүн ер нь бүх хүмүүсээр зөвт гэж хүлээн зөвшөөрөгддөггүй мэт. Эртний Хятадын Күнз агуу хүн гэгчийн талаар нэгэн тодорхойлолт өгсөн байдаг.

Күнзийн шавь Зы Гун нэгэн өдөр Күнзээс асуужээ. “Багштан, ямар хүнийг агуу хүн гэх вэ? Тосгон даяараа нэг хүнийг агуу гэж дүгнэвэл агуу хүн болох уу?” Күнз толгой сэгсрээд хэлэв. “Үгүй дээ. Хэрвээ агуу нэгэнд хүлээн зөвшөөрөгдвөл тэр хүн гарцаагүй агуу хүн. Харин муу хүнээс агуу гэсэн үг сонссон бол тэр хүн агуу гэж тооцогдохгүй. Тийм учир тосгоноороо агуу гэж магтах нь тэр хүнийг агуу биш гэсэн нотолгоо байж ч мэднэ.”

Зы Гун дахин асуув. “Тэгвэл агуу хүн гэж ямар хүн бэ?” Күнз ингэж хариуллаа. “Агуу” хүнд агуу гэж хүлээн зөвшөөрөгдөж, муу хүнд агуу гэж хүлээн зөвшөөрөгддөггүй хүн нь жинхэнэ агуу хүн.

Күнзийн үед ч агуу хүн нь муу хүмүүст шүүмжлэгдэн, гүтгэгдэж байсан бололтой. Бурхан бидэнд “Хүний зэмлэлээс бүү ай. Доромжлолоос нь бүү эмээгтүн” хэмээсэн. Муу хүмүүс биднийг муу гэвэл бид зөвт хүмүүс гэдэг нь тодорхой. Зөвт хүмүүсийн хэн нь ч биднийг муу гэхгүй. Агуу Бурхан, агуу тэнгэр элч нар, агуу итгэлийн өвөг дээдэс болон зөвт хүмүүс бүгд шинэ гэрээ сахиж байгааг маань “мундаг”, хичээнгүйлэн авралын зар тарааж байгааг маань ч “мундаг” хэмээн үнэлж байна. Харин сүнслэг хорон муучууд янз бүрээр худал ярьж, биднийг цаг үргэлж гүтгэн доромжилж байна.

Ингээд бодоход Күнзийн ярьсан зүйл зүгээр нэг сонсоод өнгөрөх зүйл биш бололтой. Тэрээр “Агуу хүнд хүлээн зөвшөөрөгдөж, муу хүнд зөвшөөрөгддөггүй хүнийг агуу хүн гэнэ” гэж тодорхойлжээ. Энэ үг манай Сионы ах эгч дүү нарт эргэлзэх юмгүй яг тохирч байгаа юм.

Бурханд хүлээн зөвшөөрөгдөж, хүмүүст гадуурхагддаг үнэн

Бурханд хүлээн зөвшөөрөгдөх хүн хэн гэдгийг бид ямагт боддог байх хэрэгтэй. Шинэ гэрээний Библийн олон сургаалаас энэ талаар олж харж болно.

“… Учир нь өөрийгөө сайшаадаг нь бус, харин Эзэнээр сайшаагддаг нь шалгарна.” 2Кор 10:17-18

“Буруутуудын зөвлөгөөгөөр алхдаггүй. Нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй. Басамжлагчдын байранд суудаггүй хүн ерөөлтэй еэ! ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж, энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. Урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацын цагт жимсээ ургуулж, навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд амжилтыг авчирна. Гэм буруутан нь тийм бус агаад салхиар ялгагдан хаягдах тарианы хальс мэт. Шийтгэл ирэхэд буруутан нь зогсож эс үлдэнэ. Зөвтийн чуулалд ч нүгэлтнүүд зогсож үл хоцорно. Зөвтийн замыг ЭЗЭН мэдмүй. Буруутын зам сөнөж мөхмүй.” Дуу 1:1-6

Бид Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс болох хэрэгтэй. Бурханаар магтуулж, эсвэл Бурханд хүлээн зөвшөөрөгддөг хүмүүс нь Бурханы байгуулсан Сионд байгаа үнэний ард түмэн билээ.

Ёрын муу хүмүүс өөрсөдтэй нь хамт ёрын муу үйлд оролцдог хүнд дуртай байхаас биш, зөвт үйл хийдэг хүнд дуртай байхгүй. Тэд хуурамч шашны зарчим, хуурамч сүмийг зөв гэж хүлээн зөвшөөрч магтдаг. Тиймээс үнэн дотор зөв үйл хийж, зөв шударга замаар алхаж байгаа хүн нь заавал ёрын муу хүмүүсийн саад тотгортой учирдаг.

Библийн 66 номны хаанаас ч харсан, үнэн гэдэг зүйл бүх хүнд хүлээн зөвшөөрөгдөж байгаагүй. Ёрын муу хүмүүст дандаа гүтгэгдсээр ирсэн. Өнгөрсөн үед Нехемиа Бурханы хүслийг дагаад, ариун газар барих үед Тобиа, Санбаллат зэрэг муу хүмүүс ариун газар бариулахгүйн тулд байнга саад учруулж байлаа. Нехемиагийн ариун газар босголтонд тусалсан хүмүүс Бурханы хүслийг дагаж, ариун газар барих ажлыг баяр хөөр хэмээн үзэж байсан бол ёрын муу хүмүүс нь хотын хана босгуулахгүй гэж үргэлж саад хийж байв.

2000 жилийн өмнө ирсэн Есүс ч мөн адил байсан. Шавь нар болон Никодем, Ариматын Иосеф зэрэг зөвт хүмүүс Есүсийн сургаалыг биширч, тэр бүх сургаалд итгэж дагахыг хүсэж байсан ч Есүсийн “Золгүй еэ” гэж зэмлэсэн тэргүүн тахилч, хуулийн багш нар, фарисайчууд Есүсийг гадуурхаж, гүтгэж байсан. Тэд “Ард олныг төөрөгдүүлж байна” гэж Есүсийг гүтгэж, “Хүн байж Өөрийгөө Бурхан болгож байна” гээд чулуу шидэн алахыг ч хүртэл завдаж байв.

Хавчигдаж, зовж зүдэрч байсан анхны сүмийн итгэгч нар ч мөн адил. Тэд ёрын муу хүмүүст муу гэгдэн хавчигдаж, Бурханы болон зөвт хүмүүсийн сүнснүүдэд бол агуу гэж үнэлэгдсэн юм. Анхны сүмийн үед ч, Ноагийн үед ч, Абрахамын үед ч ёрын муу хүн зөвт хүнийг магтсан түүх байхгүй. Иймээс үнэн нь Бурханд хүлээн зөвшөөрөгдөж, муу хүмүүст муу хэлэгдэж, гүтгүүлж байдаг гэдгийг Библийн түүх хэлж өгч байна.

Бурхан тэдний зэмлэл доромжлолоос нь бүү ай, бүү эмээгтүн гэж айлдсан. Учир нь энэ нь ёрын муу хүний дүгнэлт болохоос Бурханы дүгнэлт биш билээ. Бид Бурхан болон зөвт хүмүүсийн сүнснүүдэд хүлээн зөвшөөрөгдөж, харин муу хүмүүст доромжлуулдаг. Энэ нь агуу, зөвт хүн гэж үзэх бүх нөхцөлийг бид хангаж байгааг, мөн үнэний замаар алхаж байгааг нотолж буй хэрэг. Бурхан зөвт хүний замыг хамгаалж, ёрын муу хүний замыг сүйрүүлдэг. Энэ нь л Бурханы хүсэл юм.

Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ гэрээний үйлчлэгч нар

Бид хэнд хүлээн зөвшөөрөгдөх вэ гэдэг нь үнэхээр чухал. Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс баяр тэмдэглэдэг Сион дотор байж, Хургыг хаашаа ч хөтөлсөн дагаж, ах дүүсийн хайраар нэгдэж, Бурханы хүслийг дуртайяа үйлддэг хүмүүс юм.

“Өөрийгөө ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээ.” 2Тим 2:15

Биднийг Бурхан ажилчин буюу үйлчлэгчээ гэж хүлээн зөвшөөрсөн. Харин юуны үйлчлэгч болгохоор дуудсаныг судалж үзэцгээе.

“Бид ямар нэгэн юмыг өөрсдөөсөө гаргадаг юм шиг шаардаж чадахгүй. Харин бидний чадвар Бурханаас гардаг юм. Тэр биднийг үсгээр бус, харин Сүнсээр шинэ гэрээний үйлчлэгчид байх чадвартай болгожээ. Учир нь үсэг бол хөнөөдөг, харин Сүнс бол амь өгдөг аж.” 2004 оны хэвлэлт 2Кор 3:5-6

Бид шинэ гэрээний зарлиг, хуулийг сахин тунхаглаж байгаа. Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс нь шинэ гэрээний үйлчлэгч нар юм. Өнөө үеийн ихэнх сүмүүд шинэ гэрээг сахидаггүй. Тэд Бурханы зарлиг ба тогтоолуудыг орхисон болохоор амаараа “Эзэн минь, Эзэн минь” гэсэн ч үйлсээрээ Бурханыг үгүйсгэдэг.

Үнэний талаарх тэдний дүгнэлт 2000 жилийн өмнөх фарисайчууд болон хуулийн багш нар Есүсийг “Хүн байж Өөрийгөө Бурхан болгож байна”, “Есүст итгэдэг хүмүүс Назарын бүлэглэл” гэх зэргээр дүгнэсэнтэй адил. Бурханд хүлээн зөвшөөрөгддөггүй хүмүүсийн зэмлэлээс айж, эмээх хэрэггүй. Тэд биднийг тэрс гэж дүгнэсэн ч Бурхан биднийг зөвт гэж хүлээн зөвшөөрсөн. Иймдээ ч Есүс болон дагалдагч нар бүгд тэнгэрийн хаанчлалд орж чадсан. Хамгийн чухал нь хүнд биш Бурханд хүлээн зөвшөөрөгдөх явдал.

Үүнийг л бүрэн дүүрэн ойлгосон байхад итгэлийн замаар бид баяр хөөртэй алхаж чадна. Бид Бурханд хүлээн зөвшөөрөгдөж, ёрын муу хүмүүст муу хэлэгдэж байгаа. Тэгэхээр хичнээн агуу ерөөлтэй хүмүүс вэ, бид!

Шинэ гэрээ нь Бурханы гэрчлэл

Бурхан биднийг гэрчилсэн талаар өөр нэг сургаал нэмж үзье.

“Бид хүний гэрчлэлийг хүлээн авдаг бол Бурханы гэрчлэл илүү агуу юм. Энэ бол Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэл мөн. Бурханы Хүүд итгэдэг нь дотроо гэрчлэлтэй. … Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амь өгсөн бөгөөд энэхүү амь Хүүд нь байна. Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй. …” 1Иох 5:9-13

Есүс бидний дотор байх үед бид Түүний дотор байх үед мөнх амь өгнө гэж Бурхан айлдсан бөгөөд Библийн ижил үгээр дамжуулан Есүсийн бидний дотор орших аргыг ч зааж өгсөн.

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч нь мөн Надаар амьдарна.” Иох 6:53-57

Есүс мах цусаа Алгасал баярын талх ба усан үзмийн дарс болгон гэрээлж өгсөн болохоор үүнийг идэж, уугаагүй хүн өөрийгөө хичнээн христчин гэж зүтгэлээ ч Бурхан түүнийг хүлээн зөвшөөрөхгүй (Мат 7:21-23 үзэх).

Христийн шашин нь Бурханы амлалтанд итгэх сүсэг бишрэл юм. Шинэ гэрээний Алгасал баяраар дамжуулан мөнх амь өгч, үүнийг сахисан хүний дотор Есүс оршино гэж амласан болохоор айлдсаныг нь үйлдээгүй хүний дотор Есүс оршихгүй. Үүнээс авч үзэхэд Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс нь шинэ гэрээ сахидаг Бурханы сүмийн итгэгчид гэдгийг мэдэж болохоор байна.

Сүүлчийн үед энэ газраас аврал авах хүмүүс нь Хургатай хамт баяр сахидаг, Сионд байдаг хүмүүс болохоор Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүс хэмээн зөгнөсөн (Илч 14:1-3, 12). Бурхан эдгээр хүмүүсийг хүлээн зөвшөөрч, аврах юм.

Бурханы дүгнэлтийг хэмжүүр болгоцгооё

Бид ёрын муу хүмүүсийн дүгнэлтийг хэмжүүр болголгүй, Бурханы дүгнэлтийг хэмжүүр болгох хэрэгтэй. Гэр дотроо санал зөрөлдөх үед ч, Сионы ах эгч дүү нартайгаа ямар нэг ажлыг хэлэлцэж шийдэх үед ч Бурханы дүгнэлтийг хэмжүүр болгож, Бурханы хүслийг түрүүнд бодож үйлдвэл хэзээд нааштай үр дүнд хүрнэ. Учир нь Бурхан бидэнд мөнх амь ба мөнхийн баяр баясгалан, амар тайван, амар амгалан, эв найр, тэнгэрийн бүх сайн сайхныг өгөх л гэж үнэнээр дамжуулан сургасан юм. Өөрсдийн бодлыг таслан зогсоож, Бурханы сургаал зааврыг даган амьдарч, үнэн худлыг ялгахдаа Бурханы дүгнэлтийг гол болгон амьдарцгаая.

Зөвт хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж, ёрын муу хүмүүст муу хэлэгдсэн хүн бол туйлын зөвт хүн юм. Үүнийг дахин нэг сэтгэлдээ сийлээд, муу хүний дүгнэлтээс болж сэтгэл хоёрдоод байлгүй, Бурханы дүгнэлтэнд цаг ямагт анхаарч, үнэнийг байгаагаар нь дагахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье. Тэгээд хараахан үнэн дотор орж ирээгүй хүмүүст үнэнийг худлаас ялгах чадвар суулган, олон сүнсийг Сион руу хөтлөх үйлсэд бүгд хамтдаа хичээцгээе.