Эдүгээ зөгнөл ёсоор үүрийн шүүдэр мэт залуучууд босож, Бурханд сайн дураараа өөрсдийгөө зориулж байна. Залуу насных нь хүсэл зориг, гал халуун итгэлийнх нь үр дүнд Ариун Сүнсний үр жимс их гарна гэж итгэж байна. Мөн Бурханы яруу алдрыг гаргах гэрлэсэн эгч дүү нар, гэрлэсэн ах дүү нар, залуучууд, хүүхдүүд, ахмадууд гээд Сионы бүх гэр бүл маань цэвэр буудай үр жимс их гаргах ерөөл авахыг хүсье.
Бурхантай уулзахын өмнө ба дараа нь бидэнд өдий төдий өөрчлөлт гарсан. Одоо Библийн үгнээс судалж, Бурхантай уулзсанаасаа хойш бид хэр их өөрчлөгдсөнөө, түүнчлэн Бурхантай уулзахын өмнөх ба дараах амьдралд маань гарсан ялгааг дүгнэж цэгнэж үзэцгээе.
Бурхантай уулзахаас өмнө бид үхлийн боол болон амьдарч байсан нүгэлтнүүд. Бурхантай уулзсаныхаа дараа Бурханы доторх мөнх амиар дахин төрсөн бидний өөрчлөлтийг Библид “залгагдсан мөчир” гэж зүйрлэсэн байдаг.
“Өргөл дээж ариун бол үлдсэн нь бүхэлдээ мөн тийм, үндэс хэрэв ариун бол мөчрүүд ч бас тийм байна. Хэрэв хэсэг мөчир тастагдаад зэрлэг чидун болох та, тэдний дунд залгагдаж, чидун модны үндэсний шимээс хүртэгч болсон бол өнөөх мөчрүүдийн эсрэг бүү сайрх. Хэрэв сайрхмаар бол та үндсийг биш, харин үндэс таныг тэтгэж байгааг санагтун. Тиймээс та «Намайг модонд залгуулахын тулд тэр мөчрүүд тастагдсан шүү дээ» гэж хэлэх болно. Тийм ээ, тэд итгэлгүйдээ тастагдсан бол та итгэлээрээ зогсож байна. Бүү дээгүүр санаарх харин эмээ. Хэрэв Бурхан төрөлх мөчрүүдийг хэлтрүүлээгүй бол таныг ч гэсэн хэлтрүүлэхгүй. Тиймээс Бурханы энэрэл хийгээд хатуурхлыг харагтун. Унагсад дээр хатуурхал байдаг тул Бурханы энэрэлд үлдвээс тан дээр энэрэл оршино. Эс бөгөөс та ч гэсэн тастагдана. Мөн тэд итгэлгүй эс үлдвээс залгагдах болно. Учир нь Бурхан тэднийг дахин залгах чадалтай. Хэрэв та төрөлхийн зэрлэг модноос тастагдаад тэр чанарынхаа эсрэг таримал чидун модонд залгагдсан юм бол, тэр тусмаа төрөлхийнх нь төрөлх модондоо залгагдах биш үү?” Ром 11:16-24
“Залгаас” гэдэг үг нь ургамал судлалд хэрэглэгддэг нэр томьёо төдийгүй аливаа ургамлын нэг хэсгийг нөгөө ургамлын үндэс юм уу ишинд залгаж, хоёуланг нь цуг ургуулах гэсэн утгатай. Энэ явцад өөр модонд залгагдсан мөчир үндсэн уг мөн чанараа алдаж, залгагдаж нэгдсэн нөгөө организмынхаа нэг хэсэг болдог байна.
Бидний Бурхантай холбогдох холбоо хамаарлыг Библид мод ба түүний мөчрөөр зүйрлэж, Бурханаас ангид байвал юу ч хийж чадахгүй гэдгийг маань онцолсон байдаг (Иох 15:1-5). Ром номд “залгагдах” гэсэн нэр томьёо ашиглан, Бурхантай нэгдэх бидний органик нэгдлийг онцгойлон дүрсэлсэн байгаа нь нүгэлтний хувьд бидэнд байсан хуучин мөн чанараа хаяж, Бурханы мөн чанарыг дуурайж өөрчлөгдөх ёстойг сануулж байгаа хэрэг юм.
Ижил төрөл зүйлийн тухайд мөн адилхан. Чанар сайтайг нь “жинхэнэ” гэсэн нэмэлт үг хэрэглэн тодорхойлж, харин чанар муутай төрөл зүйлийг нь “зэрлэг” гэсэн нэр томьёогоор илэрхийлдэг. Чидун модны тухайд ч адилхан. Сайн чанартай жинхэнэ чидун мод ба чанар муутай зэрлэг чидун мод гэж хоёр төрлийн чидун мод бий. Зэрлэг чидун модны мөчир болох бид жинхэнэ чидун мод болох Бурхантай залгагдаад байгаа шүү дээ. Бид төрөлхийн зэрлэг мөн чанартай чигтээ мөнхийн тэнгэрийн хаанчлал руу буцан явж чадахгүй учраас л Бурхантай залгагдан мөнх амьтай болж дахин төрж байгаа юм.
Сайн залгагдсан мөчир жинхэнэ чидун модныхоо шинж чанарыг дуурайдаг. Тэд жинхэнэ чидуны модноос шаардлагатай шим, тэжээлээ авч, улмаар хэлбэр сайтай жимс ургах боломж олгоно. Эцэстээ тэд элдэв шавьж, өвчнөөс өөрсдийгөө хангалттай хамгаалахуйц хүчтэй болдог байна.
Бурхантай уулзахаасаа өмнө бид цаг хязгаартай, энгийн амьдралаар амьдардаг байсан. Бурхантай уулзаагүй байсан бол бид ойртож буй үхлийн өмнө амьдралаа залгуулах гэж махран ажилласаар аажим аажмаар өтөлж хөгшрөн, ямар ч найдвар байхгүй амьдрал л хөврөх байлаа. Эцэст нь бид хий дэмий хоосон амьдралдаа гашуудсаар насан эцэслэх байсан биз.
Ашгүй Бурхантай уулзсанаасаа хойш бидний амьдрал бүрмөсөн өөрчлөгдсөн. Бурхантай уулзахын өмнө бид зөвхөн ертөнцлөг зүйлд л сэтгэл оюунаа чилээж байсан бол Бурхантай уулзсаны дараа юм бүхэн өөрчлөгдсөн. Биднийг урьд өмнөхөөс ялгаатай цол хэргэмээр дууддаг болсон, тийм үү? Бурхантай уулзахаас өмнө бидэнд ямар ч цол хэргэм байгаагүй ч Бурхантай уулзсанаас хойш “шинэ гэрээний үйлчлэгч”, “христчин” гэх зэрэг цолтой болсон. Түүгээр ч барахгүй “елохистчүүд” хэмээх алдар хүндтэй цолтой ч болсон. Бурхан бидэнд тэнгэрт бүр ч агуу ерөөл бэлдчихсэн байгаа.
“Гагцхүү Намайг иртэл юу байгаагаа бат сахь. Ялагч ба үйлсийг минь эцэс хүртэл хамгаалагсдад Би үндэстнүүдийн дээгүүрх эрх мэдэл өгнө. Би Эцэгээсээ эрх мэдлийг хүлээн авсанчлан тэр хүн шавар савнуудыг хага цохих адил тэднийг төмөр таягаар захирах болно. Би түүнд үүрийн цолмонг өгнө. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.” Илч 2:25-29
Бурхантай уулзахын өмнө бид бизнес эрхлэх, энэ газар байшин савтай болох гэх зэргээр газрын юмсыг л эрмэлзэж байсан. Харин одоо Бурхантай уулзчихсан болохоороо тиймэрхүү юмтай харьцуулах аргагүй агуу том найдвар тээж байгаа. Энэ бол тэнгэрийн найдвар, тэнгэрийн хаанчлалд улс үндэстнүүдийг захирах чадвартай хаан тахилч болох хүсэл эрмэлзэл юм. Бурхан бидэнд орчлон ертөнцийг бүхэлд нь харах уужуу хараа соёрхсон юм.
Энэ дэлхийн алдар нэр хөөдөг хүн аль нэг орны ерөнхийлөгч юм уу эсвэл нэг компанийн гүйцэтгэх захирал болохыг мөрөөддөг. Харин насан туршдаа зүдэж зүтгэснийхээ эцэст тэр албан тушаалаа олж авлаа ч тэр байр сууриа удаан хадгалахгүй, төсөөлж байсан шиг нь сэтгэл хангалуун, амар тайван ч байхгүй. Гаднаа нэг л их сүр хүчтэй мэт санагдавч бодит байдал дээр тэдний тэр байр суурийг үй түмэн бэрхшээл хүндрэл дагалдаж байдаг.
Тэнгэрийн сүнслэг эрх мэдэл бол үндэс, чанарын хувьд энэ газрын махан биеийн эрх мэдлээс тэс өөр. Бид Бурхантай уулзсанаас хойш уйтгар гуниг, зовлон шаналал гэж байхгүй, зөвхөн өдөр бүр шинэ баяр хөөр бий болж байдаг мөнхийн ертөнц болох тэнгэрийн хаанчлал руу явж байгаа. Бурхан бидэнд үзэсгэлэнтэй гоёмсог мөнхийн тэнгэрийн хаанчлалд улс үндэстнүүдээс дээгүүрх эрх мэдэл өгнө гэж амласан. Бурхан огт худлаа ярихгүй шүү дээ. Хэдийгээр энэ дэлхийн хүмүүс биднийг танихгүй, биднийг сул дорой, ядмаг гэж ойлгодог ч бид тэнгэрийн оронд нэг орчих л юм бол юм бүхэн өөрчлөгдөнө.
Тэнгэрийн хаанчлалд орохыг хүсэж л байгаа бол зэрлэг чидун модны мөчрийн хувьд байсан төрөлх нүгэлт мөн чанараа бүрэн хаях хэрэгтэй. Библид бидний нүгэлт төрхөө хаяхыг “дахин төрөх” гэж тодорхойлсон байдаг. Есүс “Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна” хэмээсэн (Иох 3:3). Ингэж хэлснээрээ Тэрээр бид дахин төрж, Бурханы бурхан чанартай болж байж л тэнгэрийн хаанчлалд орно гэсэн утга илэрхийлсэн юм. Тэгэхийн тулд бид зэрлэг чидун модны мөчрийн хувиар байсан төрөлх нүгэлт мөн чанараа хаях ёстой.
Бид Елохим Бурхантай уулзсан, мөн зэрлэг чидун модны мөчрөөс жинхэнэ чидун модны мөчир болон өөрчлөгдөж байгаа билээ. Бурхан хаадын Хаан, эздийн Эзэн болж хаанчилдаг шиг бидэнд ч бас улс үндэстнүүдээс дээгүүр эрх мэдэл өгнө гэж амласан. Бурханы энэ л амлалтыг зүрх сэтгэлдээ гүн сийлж, энэ газрын юмсад найдахын оронд тэнгэрийн агуу найдвар тээн, дээр дурдсан зорилгоо чиглэн урагш давших хэрэгтэй.
Петр ч мөн Бурхантай уулзахаас өмнө бол амьдралаа залгуулахын төлөө загасчилдаг жирийн нэг загасчин байсан юм. Бусдын ашиг тусын төлөө гэхээсээ өдөр бүр амин хувийнхаа төлөө л ажиллан, зорилгогүй амьдралаар амьдарч байв. Харин Бурхантай уулзсаных нь дараа түүний амьдралд үй олон өөрчлөлт гарсан.
“Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв. Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй ах дүү хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгддэг Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загасчид аж. Есүс тэдэнд —Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэв. Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа.” Мат 4:17-20
“Есүс Христийн боол бөгөөд элч Симон Петрээс бидний Бурхан ба Аврагч болох Есүс Христийн зөвт байдлаар биднийхтэй ижил үнэтэй итгэлийг хүлээн авсан хүмүүст. … Алдар ба давуу чанараараа биднийг дуудсан Түүний жинхэнэ мэдлэгээр дамжин бурхан хүч нь бидэнд амь болоод итгэл сүсэгт хамаатай бүхнийг соёрхсон.” 2Пет 1:1-3
Есүстэй уулзсаны дараах Петрийн амьдрал уулзахаас өмнөх амьдралаас нь тэс өөр байсан. Нэр цол нь ч хүртэл “загасчин” гэдгээс “элч” болон өөрчлөгдсөн юм. Бурхантай уулзахаас өмнө тэр өдөр бүр хэдэн загас барих вэ гэдэгт л санаа зовж байсан бол Бурхантай уулзсаны дараа тэрээр хэдэн хүн аврал руу хөтлөх вэ гэдгийг л боддог болсон юм. Тэрээр Бурханы амлалтанд л хамаг найдвараа тавьж, тэнгэрийн орны “хаан тахилч” (1Пет 2:9) болохын тулд хичээн, өдөр бүр баяр хөөртэй амьдарч ирсэн юм. Зарим үед бие нь өвдөж, ядарч байсан ч тэрээр огтхон ч найдвараа алдаагүй.
Элч Иохан Паул нар ч мөн ялгаагүй. Бурхантай уулзсаны дараа элч нар олон талаар өөрчлөгдсөн шиг бид ч мөн анх Бурхантай уулзсанаасаа хойш эрс өөрчлөгдсөн. Нэгэн цагт бид зэрлэг чидун модны мөчир байсан бол одоо бид жинхэнэ чидун модонд залгагдан, жинхэнэ чидун модны нэг хэсэг болсон. Тийм учраас бид ирээдүйн хүсэл мөрөөдөл, найдвараа жинхэнэ чидун модтой эн зэрэгцүүлэх хэрэгтэй. Бурханы найдвар бидний найдвар байх ёстой. Бурханы хүсэл бидний хүсэл байх ёстой.
Хүн төрөлхтний аврал бол жинхэнэ чидун мод болох Бурханы үргэлж эрмэлздэг зүйл. Библид “Хүний хүү алдагдсаныг хайж аврахаар ирсэн” (Лук 19:10) гээд, Түүний энэ дэлхийд хоёр дахиа ирэх зорилго нь ертөнцийг аврах (Евр 9:28) гэсэн. Тэгж бид бүх ертөнцийг аврахын төлөө бүхнээ дайчлах ёстой. Тэгсэн цагт л бид өөрсдийгөө жинхэнэ чидун модны мөн чанарыг тэр чигт нь авсан гэж хэлж чадна.
“Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв. Симон болон хамт байгсад нь Түүнийг хайж, олоод —Бүгд Таныг эрж байна гэхэд Есүс —Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав.” Мар 1:35-38
Христ ертөнцийг аврахыг л хүсэж эрмэлзэн, үүнд санаа тавьдаг байсан. Өглөө бүр эрт үүр цүүрээр залбирч, сайн мэдээ тараахаа ер зогсоодоггүй байлаа. Ертөнцийг л аврах гэж махан бие өмсөхөөр шийдсэн Бурханы тэр их эрмэлзэл бидний зүрх сэтгэлд тэр чигтээ суулгагдсан байгаа. Үүний үр дүнд бид одоо сайн мэдээний үүргээ дор бүрнээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа, тийм үү?
Хэрвээ бид Бурхантай уулзахаасаа өмнө зөвхөн ертөнцийн зүйлсийн төлөө амьдарч байсан бол одоо Бурхантай уулзсан юм чинь мөнхийн тэнгэрийн хаанчлалын төлөө болгон зүг чигээ өөрчлөх хэрэгтэй. Өдөр бүр Бурханы үг судалж, өөрсдийгөө Бурхантай яг адилхан болгож бүрэн уусгахын тулд Бурханд таалагдах дүр төрхтэй болж өөрчлөгдөх учиртай. Нүгэлт зан авираа нэг нэгээр нь гээж, Бурханы дүр төрхийг харуулах ёстой. Нэмж хэлэхэд Бурханы баяр хөөрийг өөрсдийн баяр хөөр болгон, бодлоо Бурханы бодолтой нийцүүлж, хүсэл эрмэлзлээ Бурханы хүсэл эрмэлзэлтэй тохируулах учиртай юм. Тэгсэн цагт л Бурхан бидний дотор, бид Бурханы дотор оршино.
Бурхантай уулзахаас өмнөх урьдын амьдралын хэв маяг руугаа буцан очиж болохгүй. Бид сүйрэл рүү ухрагсад бус харин итгэж, амийг хадгалагсад шүү дээ (Евр 10:38-39). Бид Бурхантай уулзсанаасаа хойш дахин төрцгөөсөн.
Бурхан биднийг Өөр рүүгээ хөтөлж, Амралтын өдөр, Алгасал баяр гээд шинэ гэрээний хуулиудыг бидэнд өгсөн. Гэрээгээ сахихыг, тушаалуудаа дуулгавартай дагахыг биднээс хүссэнээрээ Бурхан биднийг Өөрийнхөө төрхтэй адил болгож бүрэн өөрчлөхийг хүссэн хэрэг. Бурхан бидэнд дарамт шахалт үзүүлэх гэсэндээ биш, харин биднийг аврахын тулд энэ бүхнийг сахиж үйлд гэсэн юм. Сүнслэг байдлын хувьд бид жинхэнэ чидун модонд залгагдсан зэрлэг чидуны мөчрүүд юм. Хэрэв бид өөрсдийнхөө мөн чанарыг жинхэнэ чидун модны мөн чанартай болгон өөрчлөхгүй бол эцэст нь өмхөрч үхэх болно. Бид жинхэнэ чидун модонд залгагдсан учраас жинхэнэ чидуны үндэснээс шим шүүсээр бүрэн хангагдах замаар мөн чанарыг нь эзэмших ёстой.
Есүс “Надаас ангид байвал та нар юу ч хийж чадахгүй” (Иох 15:5) гэж айлдсан. Хэрэв бид Бурханы сургаалаас холдох юм бол загас уснаасаа гарахтай адилхан, жинхэнэ чидун модонд залгагдсан мөчир модноосоо таслагдахтай адилхан байх юм.
Ром 11-р бүлэгт Бурхан дотор үлдэх биднийг жинхэнэ чидун модонд залгагдсан зэрлэг чидуны мөчиртэй зүйрлэсэн. Өөр ишлэлүүдэд биднийг хуучин хүнээ тайлж, шинэ хүнийг өмсөх явцдаа байгаа гэж тайлбарласан байна.
“Тиймээс би Эзэний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харийнхан оюун санааны хоосролдоо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй. Тэд ухаан бодолдоо харанхуй болж, дутуу мэдлэг ба зүрхнийхээ хатуугаас болж Бурханы аминаас хөндийрчээ. Тэд ухаанаа алдаж, зүсэн бүрийн бузар булайг шунахайран үйлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдийгөө тушаажээ. Харин та нар ийм замаар Христийг сураагүй. Үнэн Есүст байдагчлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол, амьдралын чинь урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж, оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, үнэний зөвт байдал ба ариун чанар дор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс.” Ефе 4:17-24
Дээрх ишлэлд биднийг “Харийнхан оюун санааны хоосролдоо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй” гэж заасан байдаг. Бид харийнхны амьдралаас өөр амьдралаар амьдрах ёстой. Сатан бидний зүрх сэтгэлд харийнханд байдагтай адилхан хүсэл найдвар суулгах гэж зүсэн бүрийн заль мэх зохиодог. Хэрэв бид Сатаны уруу таталтанд орж, энэ ертөнцөд уусвал эцэстээ бид Бурханы хүслийн эсрэг явж, жинхэнэ чидун модноос таслагдах болно.
Мөн чанар, бодол, амьдралын хэв маяг гээд бидний юм бүхэн өөрчлөгдөх ёстой. Ефес номд дурдсан бидний “хуучин хүн” гэдэг нь бидний зэрлэг чидуны мөчрийн хувьд бидэнд байсан нүгэлт мөн чанарыг хэлсэн юм. Бид хуучин төрх байдлаа хаяж байж л жинхэнэ чидун модтой нэг болж, түүний нэг хэсэг болж чадна.
Жинхэнэ чидун мод болох Бурхан юу таалдгийг Библи бидэнд тов тод өгүүлж байна. Бид бүгд өөрчлөгдөөд сайн мэдээ тунхаглахад бие сэтгэлээ зориулж, Бурханы хүслийг баяртайгаар даган, Бурханы хууль тушаалыг хайрлан, түүнчлэн Бурханаас гардаг юм бүхнийг дээдлэн хүндэлж, хайрлаж, тийнхүү Бурханыг баярлуулах хэрэгтэй юм.
Өөрсдийг нь илүү дуурайсан хүүхдүүддээ хүний аав ээж онцгой хайр энхрийлэл үзүүлдэг гэдэг. Бид ч бас өөрсдийгөө Бурханыг бүрэн дүүрэн дуурайсан хүн болгон өөрчлөх ёстой. Бурхан хүн төрөлхтний авралыг хүсэн таалдаг учир бид ч бас тэдний авралд баярлан, сайн мэдээг хичээнгүйлэн тунхаглаж, хүн төрөлхтнийг тэнгэрийн хаанчлал руу хөтлөхийн төлөө зүтгэх учиртай. Бид ийм итгэл сэтгэлтэй байж, Бурхантай нэг болох учиртай юм шүү.
Одоо дэлхий дахины Сионы ах эгч дүү нар маань олноороо Бурханы сайн мэдээг өдөр бүр баяртайгаар тунхаглаж байгаа. Тэд бүгд үзэсгэлэнтэй, Бурханыг дуурайсан хүмүүс. Тэнгэр Эцэг Эхийн яруу алдар ертөнц даяар, сансар огторгуй даяар цуурайтах хүртэл хуучин хүнээ тайлан хаяж шинэ хүнийг өмсөөд, зэрлэг чидуны мөчир байсан угийн мөн чанараа жинхэнэ чидун модны мөн чанараар бүрэн өөрчилцгөөе. Тэгж гэмээнэ бид дахин төрж, Бурханы дүр төрхөөр өөрчлөгдсөн гэгдэх юм. Та бүхнийг Ариун Сүнсний бялхам ерөөлөөр сайн үр жимс их гаргаж, Бурханы хаанчлалд үндэстнүүдийг захирах хаан тахилч болохыг чин сэтгэлээсээ хүсье.