WATV.org is provided in English. Would you like to change to English?

Улаан шошны боов нэг үү эсвэл хоёр уу?

324 Үзсэн тоо

Гол дүр болох нэг ахлах сургуулийн сурагч гэртээ иртэл гал тогооны ширээн дээр нь хоёр улаан шошны боов болон ээжийнх нь үлдээсэн зурвас байлаа.

“Дүүтэйгээ нэг нэгээр нь хувааж идээрэй.”

Зурвасыг уншаад тэрээр нэг боовыг нь шууд л идчихэв. Тэгтэл нэгийг идээд цадахгүй байхаар нь ээжийнхээ захисныг ч тоолгүй, дүүдээ өгөх ёстой нэгийг нь ч авч идэв. Эд мөрийн баримтыг устгах үүднээс тэрээр ээжийнхээ зурвасыг хогийн сав руу шидлээ.

Хэсэг хугацааны дараа дүү нь гэртээ ирж, базаж хаясан ээжийнхээ зурвасыг олоод уурлан, улмаар маргаан дэгдэнэ. Ах нь энэ хэргийн улмаас дүүгээсээ уучлал гуйгаад л, дүүдээ улаан шошны боов шинээр худалдаж аваад өгчихөд л болох энгийн зүйл гэж бодно. Гэвч асуудлын гол нь энэ бол энгийн нэг хэрэг биш байлаа. Улаан шошны боовоо нэхсэн дүү нь “Та хоёрыг идээ биз дээ. Тиймээс би бас хоёрыг иднэ. Тиймд надад хоёрыг авч өг” гэв.

Ах нь дүүгийнхээ ийн зүтгэснийг ухаж ойлгож чадсангүй.

“Нэг нь минийх шүү дээ. Тиймээс би чамд нэгийг л авч өгнө. Чамд нэгийг авч өгөх нь маргаангүй шүү дээ.”

Санал бодлын илэрхий ялгаагаа харуулж, төрсөн ах дүү хоёр нэг нэгнийхээ саналыг хүлээн авахаас дургүйцэж байлаа. Тэд тохиролцоонд хүрэлгүй өөрсдийнхөөрөө зүтгэсээр байлаа. Тэгтэл тэдний асуудал яаж шийдэгдсэн гээч? Дүү нь хичээлээ хийж байгаад ширээн дээр нам унтаж, ах нь толгойных нь хажууд сэмээрхэн хоёр улаан шошны боов тавьснаар уг түүх дуусдаг.

Энэ бол “Улаан шошны боовны онол” хэмээх нэртэй богино хэмжээний киноны түүх. Гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгөө, танихгүй хүнтэй санал зөрөлдсөнөөс болоод уурлах явдалтай хүн бүр л таарч байсан байх. Хариу нь тодорхой биш бол аль нь зөв, аль нь бурууг хэлэх хэцүү болж, хоёр тал хоёулаа өөр өөрсдийнхөө саналыг зөвтгөн маргаан дэгдээдэг. Хүмүүсийн сэтгэлийн хөдлөл их ярвигтай болохоор дүпүг шоо дөрвөлжин хэсгүүдэд хувааж байгаа мэтээр төгс шийдвэрлэх хэцүү л дээ. Гэвч зөвхөн өөрийнхөөрөө зүтгэж, хэний зөв хэний бурууг батлах гэж зөрүүд хандлагаар сөргөлдсөн хэвээр байх юм бол уг асуудал огтхон ч шийдвэрлэгдэхгүйгээр үл барам хоёулаа л муухай сэтгэгдэлтэй үлдэнэ. Зарим үед асуудлыг шийдвэрлэх түлхүүр нь хэний зөв хэний бурууг батлах биш, харин эхлээд өөрийгөө дорд болгон, гар сунгах явдал юм. Боовны их бага хэмжээнд биш, буулт хийх болон халамж анхаарлаар асуудал шийдэгдсэн уг богино хэмжээний кинон дээр гардаг түүх шиг.

Библид бие биенээ ах дүүсийн хайраар хайрлаж, бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндлэх ёстойг онцолдог (Ром 12:10). Бид бие биенийгээ хүлээн зөвшөөрөхгүй санал зөрөлдсөн ч анхаарал халамжийн сэтгэлээр, халуун дулаан үгсээр, эхлээд буулт хийвэл ах дүүсэг хайр нахиалж, эв нэгдлийн цэцэгс дэлгэрнэ. Мөн Бурхан ерөөлөө буулган, цаашилбал мөнхийн амь соёрхдог билээ.