Библийн Амралтын өдөр нь бямба гараг. Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол?

97,078 үзэлт

Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр буюу бямба гараг гэдэг нь тодорхой. Анхны сүмийнхэн Библийн сургаалын дагуу Амралтын өдрийг ариунаар сахидаг байсан юм (Үйл 17:2, 18:4).

Тэгвэл яагаад ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг юм бол? Үүний учир шалтгааныг олж мэдье.

Ням гараг ба Ромын нарны бурхан шүтэх үзэл

Иерусалимаас эхэлсэн анхан үеийн христийн шашин Израилийн ойролцоох Бага Ази, Македон, тэр байтугай Ромд ч хүртэл түгэн дэлгэрэв. Энэ явцад Ромын шашинтай зөрчилдөх зайлшгүй байдал бий болов.

Ромын хааны гэр бүл иудейн шашинд итгэдэг байсан иудейчүүдийг жигшин зэвүүцдэг байв. Үй олон бурханд итгэж, шүтдэг ромчуудад цорын ганц Бурхан болох Ёховад итгэдэг иудейчүүдийг ойлгоход хэцүү байсан төдийгүй иудейчүүд өөрсдийнхөө шашнаас болж Ромын зарлигийг дагахаас татгалздаг байжээ.

Тиймд христийн шашин ч мөн Есүсийг Аврагч хэмээн цор ганц Бурханд итгэхийн сацуу яг иудейн шашныхан шиг долоо дахь өдрийг Амралтын өдөр гэж сахиж байсан тул иудейн шашны л нэг урсгал мэт санагддаг байж. Тиймээс Ром дахь сүмийнхэн ромчуудын хавчлагаас зайлсхийж чадаагүй юм. Тэд ромчуудад христийн шашин болон иудейн шашин хоорондоо ялгаатайг мэдүүлэхийг хичээж байв. Энэ явцдаа тэр үеийн сүмийнхэн ромчуудын сахидаг байсан ням гаргийг мөргөлийн өдрөө болгон оруулж ирсэн байна.

Ням гараг (Sunday) нь Ромын Митрад (нарны бурханд) мөргөхөд зориулагдсан өдөр байлаа. Персийн Зороастерын шашнаас үүссэн Митрагийн шашин МЭӨ 1-р зуунд Ромд нэвтэрчээ. Митраг “Ялан дийлдэшгүй бурхан”, “Мөнхийн залуу бурхан” гэж тодорхойлж, улмаар Ромын цэргийнхэн голдуу шүтдэг байсан байна. Ромд христийн шашин дэлгэрч байх үед нарны бурхан Митра хэдийн эзэн хаад болон эзэнт гүрнийг хамгаалдаг бурхан хэмээн өргөмжлөгдсөн, Ромд хамгийн нөлөө бүхий шашин байсан юм. Ром дахь сүмийнхэн Митрад хүндэтгэл үзүүлдэг ням гаргийг мөргөлийн өдөр болгон оруулж ирснээрээ ромчуудын хавчлагаас зайлсхийхийг оролджээ.

Константин ба ням гарагт амрах зарлиг

МЭ 2-р зууны орчимд Ром сүм болон үүний хүч нөлөөн дор байдаг зарим сүм ням гаргийг мөргөлийн өдөр болгон хэрэглэж, харин Иерусалимд төвтэй зүүний сүмүүд Библийн сургаалын дагуу долоо дахь өдөр болох бямба гарагт Амралтын өдөр сахиж байсан байна. Тэгтэл Константин хаан МЭ 313 онд бүх шашныг адил тэгш хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий Миланы лүндэн гаргаж, энэ нь христийн шашинд томоохон эргэлт болох нь тэр.

Миланы лүндэн гаргасныхаа дараа Константин христийн шашныг дэмжих бодлого санаачилж, санваартнуудад давуу эрх олгож, сүм байгуулахыг дэмжих болов. Гэвч энэ нь Константин өөрөө христийн шашинд бүрмөсөн орсон гэсэн үг биш юм. Тэрээр Христийг өөрийн таалдаг нарны бурхан Митратай адилтгаж, үхэх хүртлээ Ромын шашны тэргүүн тахилчийн “Понтифекс Максимус” хэмээх цол хэргэмээ хадгалсаар ирсэн байгаа юм. Эцэст нь тэрээр эзэнт гүрнийг бүхэлд нь нэгтгэх гэсэн улс төрийн зорилгоор л христийн шашныг сонгосон хэрэг. Эдгээр санаан дээрээ үндэслэн хожим нь Константин ням гарагт ажил хийхгүй, бүрэн амрах тухай хууль гаргажээ.

Ийнхүү наранд мөргөх өдөр нь христийн шашны мөргөлийн өдөр болж өөрчлөгдсөн байна. МЭ 321 онд гаргасан ням гарагт амрах зарлиг нь Ром сүмийн байр суурийг бэхжүүлсэн үр дагавар авчрав. Константин хаан эрх мэдлийнхээ хүрээнд Ромын эзэнт гүрний бүх хүнийг ням гарагт амрахыг албадсан тул Амралтын өдрийг сахисаар байсан зүүний сүмүүд хүртэл Ром сүмийг дагахаас өөр аргагүйд хүрчээ. Мэдээжийн хэрэг үнэнийг хэвээр хадгалахыг хүссэн хүмүүс цөлд, ууланд нуугдан байж Амралтын өдрөө чанд сахиж байсан ч ням гаргийн мөргөл бүх сүмд тархахаас урьдчилан сэргийлэх боломжгүй байв. Ням гаргийн мөргөл ингэж үүссэн төдийгүй өнөөг хүртэл үргэлжлээд байгаа билээ.

Харин олон сүм ням гаргийн мөргөл сахилаа гээд нарны бурхны мөргөлийн өдөр болох ням гараг Бурханы мөргөлийн өдөр болж өөрчлөгдөх учиргүй билээ. Бурханы алив хууль тушаалыг хэн нэг хүн, ямар нэг шалтгаанаар өөрчлөх ёсгүй юм.

“Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.” Илч 22:18-19

Бурхан Библийн зөгнөлийн дагуу энэ дэлхийд ирж, харанхуйд нуугдаж байсан үнэнийг ертөнц даяар илчлэн мэдүүлж, бидний сахих учиртай үнэн зөв мөргөлийн өдрийг бидэнд мэдүүлж өгсөн юм. Бурханы сүмийнхний долоо дахь өдөр буюу бямба гарагт ариунаар сахидаг Амралтын өдрийн мөргөл нь Хоёрдугаар Христийн сэргээж өгсөн анхны сүмийн цэвэр ариун үнэн юм.