Христмас ба нарны бурхны төрсөн өдөр

36,959 үзэлт

Жил бүрийн 12 сарын сүүлчээр дэлхий нийт баярын уур амьсгалтай болдог. Христмас баяр болдог болоод тэр л дээ. Христмасыг Есүсийн мэндэлсэн өдөр гэх нэрийн дор бий болгож, улс орон, шашин шүтлэгийн хил зааг даван дэлхий нийтээрээ л энэ баярыг тэмдэглэн хөл хөөр болно.

Гаднаа бол Христмас нь Христийн мэндэлсэн утга учрыг агуулсан мэт харагддаг. Гэвч үнэний өчүүхэн нэг хэсгийг гуйвуулж өөрчлөхөд л тэр нь цаашид үнэн байхаа больж, Бурханы авралын амлалтыг ч агуулахаа болино гэдгийг бид бүхэн сэтгэл оюундаа хоногшуулах учиртай. Үнэн гэгч зүйл нь бүрэн төгс, цэвэр ариун, Бурханы үгтэй нийцэж байх ёстой төдийгүй өчүүхэн хэсгийг нь ч сэвтээж, бузарлах ёсгүй.

Тэгвэл дэлхий нийтээрээ тэмдэглэх болсон Христмас гэгч нь чухамдаа Христийн мэндэлсэн өдөр мөн үү, биш үү гэдгийг Библиэс тодруулъя.

Христмасын үүсэл болон түүхэн ул мөр

Эхлээд сүмийн түүхээр дамжуулан өнөө үед үй олон сүм Есүсийн мэндэлсэн өдөр гээд тэмдэглээд байгаа Христмас яаж үүссэнийг мэдэж авцгаая.

Есүс тэнгэрт одож, элч нар хорвоог орхисны дараа сүм аажимдаа ертөнцийн ёсыг дагах болж, улмаар харийн шашны үзэл санаа, хэв маягийг хүртэл хүлээн авч эхэлсэн аж. Олон хүн Есүсийн мэндэлсэн өдөр гэж бодож байгаа Христмас ч тэдний нэг юм.

Ромд жил бүр 12 сарын сүүлчээр дараалан 3 том баяр наадам болдог байв. Тэр дундаас 12 сарын 25-нд болдог Брумалиа нь өвлийн туйлын тахилын өдөр бөгөөд тухайн үед газар аваад байсан Митрагийн шашныхны шүтдэг байсан нарны бурхан Митрагийн төрсөн өдөр аж. Өвлийн туйл гэхээр тухайн жилийнхээ хувьд өдөр хамгийн богиносож шөнө уртасдаг өдөр л дөө. 12 сарын 25-ны орчимд өдөр хамгийн богиносно, үүнээс хойш нар хүчирхэгжинэ гэж үздэг ромчууд эл өдрийг нарны бурхан шинээр төрж байна хэмээн боддог байж.

Анхны сүмийн итгэгчид энэ мэт харийн шашнуудын баяр наадмаас зайлсхийж байсан боловч цаг хугацаа урсан өнгөрч аажим аажмаар тэдгээртэй уусаж эхэлсэн байна. Сүмийн түүхийн номд бичсэнийг харахад 4-р зуунаас хойш л 12 сарын 25-нд Христмас тэмдэглэж эхэлсэн тухай гардаг.

Христмас: Христмасыг 12 сарын 25-нд тэмдэглэж эхэлсэн гэж 354 оны тэмдэглэлд гардаг. Энэ нь Ромын харгалзагч Либериусын үе байсан юм. 379 онд Константинополь хотод тэмдэглэгдэж байсан ба улмаар Египет, Палестинд хүртэл тархжээ. Христмасын үүслийг дурдвал зан үйл нь Ром улсаас үүсэлтэй юм. Ром улсад 12 сарын сүүлээр гурван том баяр дараалан болдог байжээ.
Эхнийх нь Сатурналиа (Saturnalia) бөгөөд үүнийг 12 сарын 12-24-ний өдөр хүртэл тэмдэглэдэг байжээ. Нэгэн үе Сатурн бурхан захирч байхдаа алтан үеийг бий болгосныг санан дурсахын тулд тахил өргөдөг байжээ. Уг баяраар дээдэс доодос, баян ядуу хамаагүй бүх хүн зугаа цэнгэлд автацгаадаг байв.
Дараагийн баяр нь 12 сарын сүүлээр болдог Сигиллалиа (Sigillalia) баяр юм. Энэ баярын үеэр хүүхдүүдэд хүүхэлдэй өгч баярлуулдаг байжээ.
Гурав дахь баяр нь өвлийн туйлаас нар гарахад баярлан тэмдэглэдэг Брумалиа (Brumalia) юм. Тэгтэл христийн шашинтнууд эдгээр баяруудад оролцож болдоггүй байсан тул Есүсийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх өөрсдийн гэсэн баяр наадмыг эрэлхийлсэн аж. Тэд нар мандсаны дараа Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь үндэслэлтэй гэж үзэн улмаар нарны мэндэлсэн өдөр болох 12 сарын 25-ны өдрийг Христийн мэндэлсэн өдөр болгон тэмдэглэх зан үйлийг оруулж ирсэн ажээ. Энэ нь Христмас баярын үүсэл юм. 송낙원, “교회사 (Сүмийн түүх)”, Игон хэвлэлийн газар, 1981, 174-175хуу

Христийн шашин ба харийн шашны зан үйл
Христийн сүм харийн шашны үй олон үзэл санаа, бэлгэ тэмдэг зэргийг хүлээн авчээ. Жишээ нь наранд мөргөхөөс авхуулаад Есүсийн мэндэлсэн өдрийг нарны мэндэлсэн өдөр болох 12 сарын 25-нд тэмдэглэхээр болжээ. Ромд 12 сарын 17-ноос 21-ний хооронд болдог өвлийн баярын үеэр хүмүүс зугаацаж цэнгэн, өөр хоорондоо бэлэг солилцож, дараа нь Христмас баярын нийтлэг хэв маяг болсон лаа асаадаг байв. Ромын христчүүд ийнхүү нарны шүтээний зан үйлд оролцож… “A Lion Handbook: The History of Christianity (Лайон гарын авлага: Христийн шашны түүх)”, Лайон хэвлэлийн газар, 1994, 141хуу

Түүх сөхөн харахад Христмас хэрхэвч Есүсийн мэндэлсэн өдөр байж таарахгүй. Библи дэх Есүсийн мэндэлж буй дүр зургаас харцгаая.

“… Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж, тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй. Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байтал Эзэний тэнгэрэлч өмнө нь зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ. Тэнгэрэлч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ.” Лук 2:1-12

Библид Есүс мэндэлсэн шөнө хоньчид хээр сүргээ манаж байсан талаар тэмдэглэж үлдээжээ. Гэтэл Израильд 12 сар бол өвлийн улирал шүү дээ. Цаг агаарын нөхцөл байдлын хувьд авч үзвэл хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглох боломжгүй. Ер нь бол Израилийн хоньчид 3, 4-р сар буюу хавар хонин сүргээ хээр хариулдаг аж. Тиймээс Есүсийн мэндэлсэн өдрийг 3-4 сарын орчим гэж таамаглаж болохоор байна. Тийм байтал 12 сар гэж үзэх нь учир дутагдалтай хэрэг.

Библид Есүсийн мэндэлсэн өдрийг онцгойлон тэмдэглээгүй учраас л христчүүд ертөнцийн ёсыг дагах болж, үнэндээ бол нарны бурхны төрсөн өдөр буюу 12 сарын 25 гэх өдрийг дур зоргоороо Есүсийн мэндэлсэн өдөр мэтээр тогтоон, харийн шашны баяр тэмдэглэж хэвшжээ. Есүсийн мэндэлсэн өдөртэй ямар ч хамааралгүй харийн бурхны төрсөн өдрийг сүмд оруулж ирэн, дэг жаягаа болгож, тэр ч байтугай мөргөлийн зан үйл дээрээ ч нэмж хачирласан аж. Хожим Христмасын мод, Санта клаус гээд элдэв зан үйл, домог яриаг дээр нь нэмээд, эцэст нь Христмас өнөөгийн христчүүдийн хамгийн том баяр наадам болж, байр суурь нь бат болжээ. Энэ зан уламжлал 1600 гаруй жил үргэлжилсэн учраас эдүгээ бүх хүн өөрчлөгдөж гуйвсан зүйлийг байдаг л зүйл мэтээр авч үзэх болсон байна.

Библид нарны бурхан шүтэх талаар гарч байгаа нь

Өнөө үед олон христчүүд нарны шүтээний зан үйлээс гаралтай Христмасыг үнэн биш байхад нь ч хээвнэг дагаж байна. Энэ хэрэг ердөө нэгэн цаг үед л тохиосон биш юм. Хуучин гэрээний үеэс израиль ард түмэн Бурханд итгэдэггүй харь үндэстнүүд шиг нарны шүтээн шүтэх явдалд автан, тэр болгонд нь Бурхан эш үзүүлэгчээ илгээн тэдэнд анхааруулдаг байжээ.

“Би мөргөлийн өндөрлөгүүдийг чинь устгаж, баганануудыг чинь нураан та нарын хүүрийг шүтээнүүдийн чинь сэгэн дээр овоолно. Миний сэтгэл та нарыг жигших болно.” Лев 26:30

Мосегийн үед ч нарны баганууд босгон үйлчилсэн хүмүүс байжээ. Тэдний тухайд Бурхан “Миний сэтгэл та нарыг жигших болно” хэмээж, нарны бурхан шүтэж мөргөхтэй холбоотой бүх шүтээнийг устгана гэсэн хүслээ Леви номд тодорхой илчилсэн байна.

“… Та нар Елиагийн тухай Бичвэрт юу хэлдгийг мэддэггүй юм уу? Тэр Израилийн эсрэг, Бурханд мэдүүлэн «Эзэн, тэд Таны эш үзүүлэгчдийг алж, Таны тахилын ширээнүүдийг нураан хаясан. Би ганцаараа үлдсэн бөгөөд тэд амийг минь хайж байна» гэсэн. Харин Бурханы хариу юу байв? «Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган хүнийг Би Өөртөө үлдээсэн» гэсэн юм. Үүний адил Бурханы нигүүлсэнгүй сонголтын дагуу үлдэгсэд эдүгээ цагт ч байгаа.” Ром 11:2-5

Израилийн Ахаб хааны үед ард түмэн Баал буюу нарны бурханд мэхлэгдэн, түүнд хүндэтгэл үзүүлэх явдал хэрээс хэтэрчээ. Үүнд Бурхан эш үзүүлэгч Елиаг сонгон, Елиагаар Баал шүтэгчдийг устгасан юм. Тэгсэн хэдий ч ард түмний нарны бурхан шүтэх явдал нь Иудагийн Аса хааны үе, Иосиа хааны үе хүртэл үргэлжилж байжээ.

“Аса, Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд сайн, зөв зүйтэйг үйлдэв. Тэрээр харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онго баганануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаяж, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлж, хууль ба тушаалуудыг биелүүлэхийг иудачуудад тушаав. Тэрээр бас Иудагийн бүх хотоос мөргөлийн өндөрлөгүүд болон утлагат тахилын ширээнүүдийг зайлуулав. Түүний үед хаанчлал амар тайван байв.” 2Шас 14:2-5

“Мөн наранд зориулан Иудагийн хаадын өргөсөн, ЭЗЭНий өргөөний үүдэнд, Натан-мелех тайганы хашаан дахь танхимын ойролцоо байсан морьдыг зайлуулав. Тэрээр нарны тэрэгнүүдийг галдан шатаав.” 2Хаа 23:11

“Тэд түүний өмнө Баалуудын тахилын ширээнүүдийг нурааж, өндөрт байрлуулсан утлагын тахилын ширээнүүдийг тэр цавчин унагав. Бас Ашерагийн модон шон, сийлмэл болон цутгамал хөргүүдийг тэрээр хэсэглэн бутлаад, нунтаг болтол үйрүүлэн, … Иуда ба Иерусалимыг цэвэршүүлжээ. …” 2Шас 34:4-7

Библийн түүхийг судлан үзвэл ард түмний итгэлийн амьдрал завхран, Бурхан руу нуруугаа харуулах бүрийд тэр бүхний цаана үргэлж нарны бурхан шүтэх үзэл явж байсан аж. Нар шүтэх явдлыг устгаж, түүнд холбогдох шүтээнүүдийг нураан устгаж байж сая нэг улс орон амар тайван болдог байжээ.

Бурханы өргөөнөөс хуулийн ном олсон Иосиа хаан гэрээний үгсийг биелүүлэхээр зориг шулуудаж, өргөөнд байсан шүтээнээс авхуулаад Иудагийн бүх газарт ард түмний нууцаар үйлчилж байсан шүтээнүүдийг устгажээ. Бурханы Алгасал баярыг сахин, бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа Бурханы хуулийг сахин мөрдөж байсан тэрээр шүтээн шүтэгчдийг устгахаас гадна нарны бурхны шүтээнд хэрэглэгдэж байсан тахил болон тахилын эд хэрэгслийг ч хүртэл бүрмөсөн устгасан юм.

“… Эзэн БУРХАН уулс, толгод, жалгууд хийгээд хөндийнүүдэд ингэж айлдаж байна. «Харагтун. Би Өөрөө та нарын дээр илд авчрах гэж байна. Би мөргөлийн өндөрлөгүүдийг чинь устгах болно. Тиймээс тахилын ширээнүүд чинь эвдрэн эцэс болж, утлагат тахилын ширээнүүд чинь бутарна. Би алагдсан хүмүүсийг чинь та нарын шүтээнүүдийн өмнө унагана.” Езе 6:1-4

Аль ч үед бай нарны бурхан шүтэх аваас түүнд Бурханы хилэгнэл дагалдаж байв. Бурхан Ашерагийн модон шон болон утлагын тавиур харж байсан хүмүүсийн хүчирхэг хотуудыг зэлүүд болгоно хэмээн анхааруулсан байдаг (Иса 17:7-12, 27:7-9). Бурхан нарны бурхан шүтэж байсан хүмүүст огтхон ч баярладаггүй байсныг Библийн хаа сайгүй тов тодорхой нотолж байна.

Сүмд орж ирсэн нарны бурхан шүтэх үзэл санаа

Эрт дээр үед Бурханд итгэдэг гэдэг ард түмэн нарны бурхан шүтэж байсан шиг өнөөгийн энэ үед ч адилхан. Нарны бурхан шүтэх явдал Бурханд итгэдэг хүмүүсийн итгэлийн амьдралтай байнга л ойр явж байна.

Өнөөгийн христийн шашны бодит байдлыг харвал Христмасаас гадна нарны бурхан шүтэх янз бүрийн үзэл санаа, зан үйл ил тод сүм рүү түрэмгийлсээр байна. Үүний төлөөлөл жишээ бол өнөөгийн ихэнх сүмд мөрдөгдөж байгаа ням гаргийн мөргөл юм.

Анхнаасаа Бурхан Бүтээгчийн хүч чадлыг дурсах өдөр хэмээн тогтоосон мөргөлийн өдөр нь долоо дахь өдөр болох бямба гараг, өөрөөр хэлбэл Амралтын өдөр юм. Гэсэн хэдий ч өнөөгийн сүмүүд ням гаргийн мөргөл сахиж байна. Сүм ертөнцийн ёсыг дагах болж, нарны бурхан шүтэх харийн шашнуудын тахилын өдөр байсан ням гаргийн мөргөлийг хүлээж авсан болоод тэр юм. Христийн сүмийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Ромын Константин хаан МЭ 321 онд ням гарагт амрах зарлиг тунхагламагц Амралтын өдрийн мөргөл түүхээс арчигдан баллагдаж, ням гаргийн мөргөл албан ёсных болоод тогтчихсон байдаг.

325 онд Никеагийн хурлаар амийн үнэн Алгасал баяр устан, 354 оны үед Христмас баяр байр сууриа бат эзэлсэн аж. Үнэнийг сахин хамгаалах гэсэн хүмүүс цөлд, ууланд бүгэн, махан биеийн хүслээ тэвчин амьдрахад хүрсэн байна. Ийнхүү шашны харанхуй үетэй золгон уртаас урт он цагийг харанхуйд өнгөрөөх болжээ. Тэгэх явцад хүний бий болгосон зан үйл ертөнц даяар яг л үнэн мэтээр ойлгогдон, нэг л мэдэхэд Христмас, ням гаргийн мөргөл нь христийн шашныг төлөөлөх хэмжээний зан үйл гэдгээрээ танигдах болжээ.

Үнэн мэтээр зүсээ хувиргасан худал хуурмаг зүйл урт удаан хугацаанд уламжлагдах болсон түүх нь 2000 жилийн өмнө Есүсийн айлдсан сургаалт зүйрлэлд ч илэрхий гарч байна. Сургаалт зүйрлэлд эзэн нь талбайдаа сайн үр тарьсан чинь дайсан үрийн сүүл дээрээс нь цацчихдаг шүү дээ. Түрий цухуйхад үрийн сүүл ч харагдав. Тэгэхэд эзэн үрийн сүүлийг шууд зулгаалгүй, ургац хураатал зөнд нь орхи хэмээн зарц нартаа тушаадаг.

Есүсийн айлдсан ёсоор үрийн сүүл мянга гаруй жилийн хугацаанд өсөхийн дээдээр өсөж, хуурамч сүмүүд замбараагаа алдаад буй өнөө үетэй золгосон билээ. Ургац хураах цагт үрийн сүүлийг эхлээд зулгааж, галд шатаахаар багцалж боогоод, буудайг цуглуулан амбаарт хий хэмээсэн байдаг. Энэ үг нь ёс бусыг үйлдэгчид үеийн төгсгөлд ирэх шүүлтээс зугтах аргагүй бөгөөд гагцхүү үнэнийг дагадаг хүмүүс л мөнхийн тэнгэрийн хаанчлалд орж чадахыг харуулж өгчээ (Мат 13:24-30, 36-43).

Нар шүтэгчдийн хувь заяа

Бурхан сүм дотор нар шүтэх явдал ил тод болно гэдгийг хэдэн мянган жилийн өмнө хэдийнээ зөгнөсөн байжээ.

“Тэр надад —Хүний хүү чи, харсан уу? Гэсэн ч чи эдгээрээс ч илүү их жигшүүрийг дахин харах болно гэв. Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хүрээнд авчрав. Харагтун, үүдний танхим ба тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүмд, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүг тийш наранд мөргөж байв. Тэр надад —Хүний хүү чи, үүнийг харж байна уу? Иудагийн гэрийнхний хувьд энд үйлдсэн жигшүүрт хэргийг үйлдэх нь хэтэрхий хөнгөн байна гэж үү? … Тиймээс Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд чихэнд минь чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэв.” Езе 8:15-18

Езекиел эш үзүүлэгчийн харсан илчлэлт дунд Бурханы өргөө буюу сүм дотор байгаа хүмүүс зүүн зүгт наранд мөргөж байжээ. Бурханд мөргөх зохистой сүм дотор наранд мөргөж байгаа гэдэг нь тэд гаднаа Бурханд итгэдэг юм шиг харагдлаа ч дотроо бол нарны бурхан шүтэгчид гэдгийг тодорхой зааж өгч байна. Бурхан энэ мэт үйлдэлд нь ихэд хилэгнэсэн байдаг.

“… Тэр бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй, маалинган хувцас өмссөн хүнийг дуудав. ЭЗЭН түүнд —Хотын дундуур, Иерусалимын дундуур явж, энэ дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв. Харин намайг сонсож байхад бусад хүмүүст Тэр айлдсан нь —Түүний араас даган хотын дундуур явж, цохигтун. Нүд чинь өрөвдөж болохгүй, хэлтрүүлж болохгүй. Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүд ба эхнэрүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар ариун газраас минь эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв.” Езе 9:3-6

Езекиел 9-р бүлэгт жигшүүрт зүйлийн тухайд хэлэхдээ Бурханы шүүлт өөр газраас биш сүмээс эхэлнэ хэмээн зөгнөсөн юм. Өөрөөр хэлбэл Бурханд итгэдэг гэх сүм, тэр дундаа сүмийн удирдагчид дээр эхэлж бууна гэдгийг мэдүүлж байна. Мөн ийм жигшүүрт зүйлээс болж санаа алдан ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь хэмээн мөн тэмдэглэжээ.

Хуучин гэрээний үеэс өнөөг хүртэл хуурамч зүйл жинхэнэ мэтээр зүсээ хувирган, Бурханы үнэнийг мушгин гуйвуулж, Бурханд итгэх итгэлийн ухамсрыг үгүй хийж байгаагийн гол цөмд ямагт л нар шүтэх үзэл санаа оршиж байдаг. Бурханд итгэдэг хүмүүсийн итгэлийн үндэс суурь нь Бурханы үг байх ёстой болохоос аль нэг улсын зан заншил, харь шашны зан үйл байж болохгүй шүү дээ. Есүсийн мэндэлсэн өдөр гэх “баг” зүүсэн Христмас дотор нарны бурханд хүндэтгэл үзүүлэх гэсэн Сатаны овжин заль мэх нуугдаж байгаа. Энэ нь Бурханы нэрийг зээлдээд, олон хүнийг нарны бурхан шүтүүлэхээр чирэн явж буй Сатаны далд явуулга ажээ.

Олон хүн ертөнцтэй зөвшилцөн буруу зам руу явлаа ч бид Бурханыхаа тушаалыг сахиж, Сүнс болон Сүйт бүсгүйн хөтөлж буй Библийн сургаалын дагуу эцэс хүртлээ алхацгаая. Улмаар үнэн худлыг хараахан ялгаж чадахгүй байгаа хүмүүст үнэн мөнийг зааж мэдүүлэх Бурханы хүүхдүүд болцгооё. Үнэнийг мэдэхгүй харанхуй ертөнц тийш үнэний бамбараа гэрэлтүүлж, илүү чанга дуугаар үнэнийг тунхаглах сүүлчийн үеийн шашин шинэчлэгчид болохыг бүгдээс нь хүсэх байна.