Дуудлагын ивээл

조회 11,718

Эртний Хятадын Хан улсын үед гүрэн улсынхаа бүх цэргийг удирдаж байсан Хан Шин гэдэг жанжин байжээ. Тэрээр удирдах цэргийнхээ тухайд “Их байх тусмаа сайн” гэж эрдэж байсан гарамгай жанжин байсан юм. Харин Хан улсын эзэн хаанд дуудагдахаасаа өмнө бол жирийн л нэг балмад этгээд байв.

Хан улсын анхны эзэн хаанд дуудагдсаныхаа дараа тэрээр сүрлэг жанжин болж өөрчлөгдөн, нутагтаа буцаж ирсэн аж. Хэрвээ эзэн хаан түүнийг дуудаагүй байсан бол тэрээр удаан хугацаанд баатар жанжин хэмээн дурсагдаж түүхэнд үлдэж чадахгүй, насан туршдаа шалихгүй, нэр хүндгүй нэгэн балмад этгээд байх байлаа.

Яг үүн шиг Библид гардаг олон хүн мөн л Бурхан тэднийг дуудсан болохоор л тэд хаан, эш үзүүлэгч, элч, үнэний дайчин болж, тэнгэрийн хаанчлалд орох Бурханы амлалтыг авч, нэр нь Библид бичигдэн үлджээ.

Тэдний нэгэн адил өнөө үед бид ч Бурханд дуудагдсан. Хэрвээ Бурхан биднийг дуудаагүй байсан бол хичнээн хоосон амьдралаар амьдрах байсан бол? Идэж уух, өмсөж зүүх, орох орон гээд хүний төрөлх хэрэгцээ болон ялзарч алга болох махан биеийн хэрэгцээндээ л хүлэгдэн, өт хорхой шиг амьдарч байгаад эцэст нь тамын зовлон эдлэх байсан юм.

Бурханд дуудагдсан хүмүүс

Амьдралыг нэг шөнийн л зүүд гэдэг. Хүмүүний залуу халуун төрх нэг л мэдэхэд уусан одож, санчигных нь үсэнд хяруу унан, нүүр царайд нь нөсөө толбо гарна. Маргаашаа ч мэдэхгүй энэ газрын бидний амьдрал дайраад өнгөрөх мэт түр зуурынх ажгуу.

“… Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ.” Иак 4:14

“… Махтай бодтой бүхэн нь өвс мэт, гоо үзэсгэлэн нь хээрийн цэцэг мэт юм. ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвээс өвс хатдаг, цэцэг ганддаг. Өргөн түмэн гэгч өвс л юм.” Иса 40:6-7

Дээр өгүүлсэнчлэн амьдрал гэгч хэсэгхэн зуур үзэгдээд алга болдог уур манан мэт, түрхэн зуур дэлгэрээд ганддаг хээрийн цэцэг мэт юм. Хэдийгээр сайхан ажилтай, сургуулиа сайн төгссөн, нийгэмд дээгүүр байр эзэлдэг байлаа ч Бурханд дуудагдаагүй л бол тэр хүн үнэхээр өрөвдөлтэй, золгүй нэгэн юм. Учир нь эдгээр нь нар мандвал алга болдог уур манантай адил бөгөөд үхэл хаяанд ирэхэд ямар ч хэрэгцээгүй, үнэ цэнэгүй зүйлс.

Харин ямар ч байдалд бай Бурханд дуудагдсан л бол үнэхээрийн ерөөлтэй, азтай хүмүүс.

Бусад шавь нараа бодвол Есүстэй хамгийн их ярилцаж, мөн зарим үед бусдаасаа илүү алдаа гаргаж байсан элч Петрийг харахад Бурханд дуудагдах нь хичнээн чухал болохыг бид ухаарах юм. Тэрээр Бурханд дуудагдаагүй байсан бол амьдрал нь чухамдаа ямархуу байх байсныг бодож үзье. Жирийн нэгэн загасчны хувиар насан туршдаа л загас жараахай хөөцөлдөж байгаад нас барсныхаа дараа тамын зовлонгоос зугтах аргагүй байх байсан биз ээ.

Зөвхөн Петр ч биш Иаков, Иохан болон бусад элч нар адилхан байсан бөгөөд бид ч мөн адил. Бид дуудагдсан болохоор гялалзсан ирээдүй хүлээж байгаа. Бурхан дуудаагүй байсан бол түр зуурын амар амгалан, байр сууринд тэмүүлж байгаад өдөр хоногууд урсан өнгөрч, өтөлж хөгшрөн, дэмий хоосон амьдралаар амьдрах байсан.

Паул дуудагдаагүй байсан бол амьдрал нь ямар байх байсан бол? Энэ газарт гуч, дөчин жил хуульч хийж байгаад Саул гэдэг нэртэй нүгэлтний хувиар амьдрал нь төгсөж, өнөөгийн үй олон христчүүдийн ой тойнд үлдсэн үнэний агуу дайчны хувиар биш, Бурханы ард түмнийг алж, хавчсан нүгэлтний хувиар тамд орж, мөнхийн зовлонгийн ял авах байсан.

Мосегийн тухайд ямар байх байсан бол? Тэр ч мөн Бурханд дуудагдаагүй байсан бол Фараоноос дайжин зугтсан Мидианы тахилчийн гэрт байнга хонь хариулж, эхнэр хүүхдээ тэжээх гэж махран зүтгэж, хоосон амьдралаар амьдарч байгаад үхэх байсан биз. Мосе төдийгүй Иошуа, Гидеон, Библид тэмдэглэгдсэн итгэлийн бүх өвөг дээдэс Бурханд дуудагдаагүй байсан бол бүгд л тиймэрхүү амьдарч байгаад сүйрэх байсан.

Бурханд дуудагдаагүй хүмүүсийг нэг бодож үзээрэй. Тэдэнд бидний атаархлыг төрүүлэх юу ч байхгүй. Хувцас хунар, хоол хүнс, орох орон гээд амьдралын ердийн хэрэгцээ тэдэнд ч, бас бидэнд ч байгаа л биз дээ. Харин бидний сэтгэл санаа амар тайван, тэнгэрийн хаанчлалд найдан догдолж байгаа. Бурханд дуудагдсан бид энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс.

Библиэс Петрийг харах бүрдээ “ерөөлтэй хүн” гэж бодогддог юм. Хэрвээ Есүс тэр үед тэр олон загасчдаас Петрийг дуудалгүй хажууд нь байсан өөр хүнийг дуудсан бол Петр зүгээр нэг нэр хүндгүй загасчны хувиар махан биеийн ажлын араас тэмүүлж байгаад амьдралаа утга учиргүй дуусгах байсан биз. Харин Бурханд дуудагдсанаараа мундаг элч болж, анхны сүмийн сайн мэдээний түүхэнд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Өнөө үеийн бид Петрээс илүү агуу ерөөл авсан хүмүүс. Бурхан биднийг дуудаад, Петрээс илүү ерөөлтэй байр сууринд тавьж, “анхны үр жимс” гэж дуудагдах хэмжээний үнэ цэнэтэй болгохоор биднийг бүтээж байгаа. Бурханы дуудлагыг талархалтайгаар дагасан Петр, Иаков, Иохан нар огтхон ч харамсах зүйлгүй амьдарсан.

“Петр ээ, Намайг дагах уу?”

“Иохан, Иаков нар аа, та нар ч бас Намайг дагах уу?”

“Бурхан минь, Таны дуудлагаас хэрхэн татгалзах билээ?”

Христийг дуудахад завь, тороо бүгдийг нь орхиод, талархалтайгаар, дуулгавартайгаар дагасан эдгээр хүмүүсийн харамсах юмгүй амьдарч ирснээс жишээ авч, бид ч бас тэгж дагах хэрэгтэй. Христийг болон тэнгэрийн хаанчлалыг тунхагласныхаа төлөө эдэлсэн хавчлага саад, зовлон бэрхшээл, үхлийн аюулыг ч зовлонд тооцолгүй, харин ч эсрэгээрээ Ариун Хүүгийн үеийн Аврагч Есүсийг Христ хэмээн өдөр бүр тасралтгүй тунхаглаж байсан юм. Христийн нэрийн төлөө хавчигдан зовох нь зохистой гэж үзэгдэх болсондоо баярлаж байжээ. Тэд одоо хаана байгаа билээ? Тэд одоо тэнгэрийн хаанчлалын үүдэнд биднийг хүлээж байгаа.

Бурханы дуудлагыг талархалтайгаар дагадаг хүний ерөөл

Дуудлагын ивээл хичнээн агуу гэдгийг Мосегийн амьдралаас судалж үзье.

“Тэгэхэд Мосе хариулан —Хараач, тэд надад итгэж миний үгийг сонсохгүй харин “ЭЗЭН чамд үзэгдээгүй шүү дээ” гэж хэлж магад гэв. … Мосе, ЭЗЭНд —Эзэн минь, өчигдөр ч, уржигдар ч, Та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ч, ер нь би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Учир нь би үг ярианд удаан, ам хойрго гэж хариулав. ЭЗЭН түүнд… одоо яв! Би амтай чинь хамт байж, юу хэлэхийг чинь чамд заана гэв.” Гэт 4:1-12

Тухайн үед хоньчин байсан Мосе хэлэмгий доломгой, үг хэл хурц хүн байгаагүй ээ. Харин яриа хөөрөө муутай, ярих чадвар тааруу хүн байсан ба Бурханд дуудагдсанаасаа хойш Бурханы Сүнсээр дүүрч, Израилийн зургаан зуун мянган явган цэргийг Египетээс хөтлөн гаргах хэмжээний хүч чадалтай болсон юм. Тиймээс цөлийн 40 жилийн турш элдэв саад бэрхшээл, зовлон дунд ч үргэлж Бурханы хүслийг даган, израиль ард түмнийг удирдахуйц агуу удирдагч болжээ.

Дуудагдахын өмнөх Мосе ба дуудагдсаны дараах Мосе хоорондоо асар ялгаатай байлаа. Дуудагдсаны дараах Мосе израиль ард түмнийг аварч гаргах Бурханы авралын үйл хэрэгт тун утга учиртай, урамтай ажилд хэрэглэгдсэн юм. Үүнчлэн Бурханд дуудагдсан хүмүүст Бурханы авралын үйл хэрэгт гүн утга учиртай, агуу гавьяа байгуулах боломж тохиож буй хэрэг.

Мосе, Петр, Паулын амьдрал Христийн дуудлагаар бүрэн өөрчлөгдөж, тэнгэрийн хаанчлалын амлалттай сайхан амьдрал болон өөрчлөгдсөн юм. Тэд Бурханд дуудагдахдаа үүнийгээ утга учиртай, урамтай ажил хийж чадах алтан боломж гэж үзсэн. Тийм боломж өгсөнд талархан, Бурханы дуудлагыг дэлхийн хамгийн үнэ цэнэтэй зүйлд тооцон хүлээн авчээ. Тэдэнд Бурхан яруу алдрын нэр хүнд, шагнал зөвшөөрсөн гэдгийг бид сайн мэдэж байгаа. Тэдэн шиг бид ч мөн биднийг дуудсан Бурханы ивээл хичнээн агууг ухаарч, талархах хэрэгтэй.

Бурханд дуудагдан, Израилийг аварсан Библийн баатар Гидеоныг бодож үзье.

“ЭЗЭН түүнд хандан —Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв. Гидеон Түүнд —Эзэн минь ээ, би Израилийг аварч яахан чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассе дотроос хамгийн дорой нь төдийгүй би эцгийнхээ гэрт хамгийн отгон нь шүү дээ гэсэнд” Шүү 6:14-15

Гидеон дуудлагыг нь хүлээн авсан болохоороо л агуу зоригт дайчин гэж Библид тэмдэглэгдсэн. Бурханы дуудлагыг хүлээн аваагүй байсан бол Гидеон ч мөн энгийн л нэгэн өрх гэрийн тэргүүнээр амьдралаа дуусгах байсан биз. Сул дорой хүн байсан ч Бурханд дуудагдсанаасаа хойш өөрчлөгдсөн юм.

Ийнхүү Бурханы дуудлага бидний амьдралд гайхалтай түүх авчирдаг ажээ. Мосе шиг хэл яриа муу хүн ч олон хүний сэтгэлийг эргүүлэх агуу удирдагч болж, Гидеон шиг туйлын сул дорой хүн ч хүчирхэг дайчин болсон.

Бурханы хүч чадлыг өмсөн ажиллацгаая

Энэ үед дуудагдсан зуун дөчин дөрвөн мянга болох бид энэ дэлхийд хамгийн утга учиртай, урамтай ажил хийхээр сонгогдсон хүмүүс билээ. Хэрвээ бид Бурханд дуудагдаагүй байсан бол бидний амьдрал ямар байх байсан бол? Зүс царай гундуу, байнга л цаг хугацаанд туугдан яарч, өтөлж хөгшрөөд л, утга учиргүй хоосон амьдралаар өдөр хоногийг өнгөрүүлж байгаад эцэстээ үхэлтэй нүүр тулах байсан байх.

Бурханд дуудагдаагүй л бол тэр амьдрал хөөрхийлөлтэй байхаас өөр яалтай. Тийм л хүмүүст хүсэл найдвар өгөх гэж Христ энэ газар ирээгүй гэж үү? Тэгсэн ч Бурханы дуудлагыг авсан хэрнээ байнга л юм юманд гомдоллож, сорилтонд амархан унах юм бол Бурхан дуудлагынхаа ивээлээс хасаж ч мэдэх юм.

Одооноос бүгдээрээ шинэ шийдвэрээр, дуудагдсан ивээлдээ талархаж, оволзсон сэтгэл хөдлөлөөр алдагдсан ах эгч дүү нараа хайцгаая. Сайн мэдээний түүхэнд агуу үүрэг гүйцэтгэх хүүхдүүд болохын тулд хичээцгээе. Хэдийгээр бид хүчгүй, сул дорой ч биднийг дуудсан Бурхан бүх хүч чадлаа хайрлана шүү дээ.

Бурханд дуудагдсан гэдэг маань үнэхээр агуу ерөөл гэдгийг ухаарах хэрэгтэй. Бурхан бидэнд дэндүү утга учиртай ажлыг даалгасан. Бид Христийн эрхтэн болж ямар ч үүрэг хариуцлага хүлээсэн бай өнөөгийн сайн мэдээн дотор хариуцаж байгаа ажилдаа л үргэлж талархах сэтгэлээр оролцох хэрэгтэй.

Сайн мэдээний ажил хийлгэхээр дуудсан нь Бурхан биз дээ? Бурхан дуудаад сайн мэдээний ажил даалгасан болохоор хэрхэн гомдоллож, дургүйцэж болох билээ? Бурхан дуудаад эрхэм үүрэг даалгаж, Петрээс ч, Гидеоноос ч, Мосегоос ч илүү агуу зуун дөчин дөрвөн мянгын яруу алдрыг амласан биш үү?

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

Бид энэ ажлын төлөө дуудагдсан. Дуудагдсан л бол Бурханы дуудсан ивээлд хайнга хандаж болохгүй. Гидеоны дайчид шиг Бурханы төлөө ажиллахаар дуудагдсан маань юутай агуу ерөөл билээ!

Авсан ерөөлийнхөө үнэ цэнийг мэдэхгүй, аягахан улаан шөлөөр ууган хүүгийн эрхээ зарсан Есав шиг мунхаг нэгэн бололгүй, Иаков шиг ерөөлийн үнэ цэнийг ухаарч, түүнийг авахын төлөө хичээдэг хүмүүс болох учиртай юм шүү.

Жирийн нэг загасчин байсан Петр Бурханы дуудлагын ивээлээр элч болж, Израилийн жирийн нэг хоньчин байсан Давид хаан болсон. Сионы ах эгч дүүс бид Бурханы дуудлагын утга учир хичнээн агуу гэдгийг үргэлж тунгаах хэрэгтэй.

Энэ үед Бурхан биднийг дуудаж, нэг гарт маань үнэний бамбарыг, нөгөө гарт маань сайн мэдээний бүрээг атгуулахын зэрэгцээ авралын зар тараахад хэрэгтэй бүх хүч чадлыг ч бас өгсөн юм. Олон ах эгч дүү нараа олж, Бурхан руу хөтлөн, агуу ерөөл авах хүүхдүүд болцгооё. Бурханы агуу хайр ивээл та нарын дээр дүүрэн байх болтугай!