Баяр сахидаг хүнд аврал өгдөг

22,641 үзэлт

Библид тэнгэрийн хаанчлалыг талбайд нуусан үнэт эрдэнэ хэмээн зүйрлэсэн байдаг (Мат 13:44-46). Хүн санамсаргүй эрдэнэ олоод, баярласандаа өөрт байгаа бүхнээ зарж, тэрхүү талбайг худалдаж авсан талаар гардаг. Бидэнд өгсөн тэнгэрийн хаанчлалын аврал хичнээн агуу, үнэ цэнэтэйг Есүсийн энэ үгнээс бага ч болов таамаглах биз ээ.

Мөнхийн тэнгэрийн хаанчлал, их сансар огторгуйн ертөнцөд эрх чөлөөтэй аялах тэнгэрийн яруу алдрыг Бурханы баяр сахидаг хүмүүст өгнө гэдгийг Библиэр дамжуулан бататгаж үзье. Сионы ард түмэн Бурханы шинэ гэрээний алив баярыг эрхэмлэн сахидаг байх учиртай.

Сансар огторгуйн түр зуурын аялал ба мөнхийн аялал

Ертөнцийн хүмүүс ч сансар огторгуйн талаар мэдэх хүсэл тээн, сансрын аялал хийхийг хүсдэг гэнэ. Сансар огторгуй руу яваад ирсэн хүмүүсийн бүгдийнх нь хэлдэг нийтлэг үг бий. Сансар огторгуйд харсан оддын ертөнц туйлын үзэсгэлэнтэй болохоор тэдний хэн нь ч Бүтээгч Бурханы оршихуйг үгүйсгэж чаддаггүй аж.

Саяхан Америкийн нэгэн аяллын компаниас сансрын аялал хийх мөрөөдөлтэй хүмүүсийн хүсэлтийг хүлээн авч байгаа талаар мэдээ гарч байсан юм. Сарны араар хальт тойроод л, дэлхий рүү буцан ирэх аяллын хөтөлбөр аж. Аяллын зардал нь 100 тэрбум вон (250 тэрбум төгрөг) байхад ч хүртэл сансар огторгуйтай танилцах баяр хөөрийг ганц удаа ч болов мэдрэхийг хүссэн хүмүүсийн хүсэлт олноороо ирсэн гэнэ шүү.

Үнэндээ тэд нэлээн өрсөлдөөн дундаас сонгогдон явах болсон ч тэдний хормын төдий сансрын аялал нь аюул осолтой ч байж мэдэх шүү дээ. Ингэн ингэн арай гэж нэг юм сансрын зогсоолд юм уу саран дээр очиход эсвэл дэлхийг ганц тойроход л өнөөх аялал нь дуусна. Сансарт энэ зэргийн газар бол хоёр цэгийн хоорондын тун шалихгүй зай. Тиймхэн аялалд насан турш зүтгээд ч олох боломжгүй асар их мөнгийг зарцуулах нь байна шүү дээ. Энэ мэдээг сонсоод “Ингэхэд би ер нь авралын үнэ цэнийг хэр их ухаарсан билээ? Үлэмж их ерөөл авчихаад хайхрамжгүй хандсан юм биш байгаа?” гэж бодон өөрийгөө эргэн нэг харж билээ. Золоор ганцхан удаа сансарт аяллаа гэхэд тийм үнэ цэнэтэй байхад мөнхийн мөнхөд сансар огторгуйн ертөнцөөр аялна гэхээр бүр хичнээн их үнэ цэнэтэй байх бол оо! Энэ ерөөлийн үнэ цэнийг төсөөлөхийн аргагүй биз ээ.

Бурхан биднийг уудам сансар огторгуйн ертөнцөөр үүрд аялуулна гэж амласан шүү дээ. Бурханд итгэн, ердөө хууль тушаалыг нь сахих төдийд л биднийг Бурхан үнэгүйгээр, зүтгэлгүйгээр тэнгэрийн оронд хангалттай оруулна гэсэн. Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээний үнэ цэнэ хичнээн үлэмж их гэдэг нь ойлгогдож байна.

100 тэрбум вон гэвэл хүмүүс тэрийг олж авахын төлөө яасан их хичээх бол оо? Бурханы соёрхсон авралын үнэ цэнийг 100 тэрбум вонтой харьцуулах аргагүй л дээ. Тийм үлэмжийн их ерөөлөө бид түрхэн зуурын зовлонг тэсвэрлэж чадахгүй юу ч биш юмнаас болж орхих Есав шиг нэгэн болж болохгүй. Харин авралын үнэ цэнийг мэдэж, цаг үргэлж талархан Бурханы хаанчлалд заавал орох хэрэгтэй.

Бурханы ард түмэн ба Бурханы баярын холбоо хамаарал

Библид Бурханы баяр сахихыг Бурханы хаанчлалд орох зайлшгүй болзол гэсэн төдийгүй баяр сахидаг хүмүүст агуу ивээл өгнө гэж заасан байдаг.

“Та нар өөрсдөө Бурханы сүм бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн.” 1Кор 3:16-17

Библид Бурханы ард түмнийг “Бурханы сүм” гэж илэрхийлсэн юм. Энэ нь хаана ч бай Бурханы гэрээ байгаа газар нь сүм буюу ариун газар болно гэсэн утгатай. Ариун газар бол Бурханы өгсөн гэрээний үгийн дагуу Бурханд тахил өргөдөг газар. Амралтын өдөр бүр Амралтын өдрийн шатаалт тахил өргөж, товлосон цагуудад баярын тахил өргөдөг газар бол ариун газар юм.

Тиймээс тэнгэрийн хаанчлалын авралд хүрэхийн төлөө бид баяр сахидаг Бурханы ариун газар болох хэрэгтэй. Эрт үед ариун газарт мал амьтныг тахил болгон өргөж байсан хуучин гэрээний тахил нь шинэ гэрээний үед итгэгчдийн өргөх сүнслэг тахил юм. Өөрөөр хэлбэл сүнсээрээ, үнэнээр тэмдэглэдэг мөргөл болон өөрчлөгдсөн хэрэг. Өмнө нь элдэв байшин барилга ариун газар буюу сүм болж байсан бол харин одоо итгэгч болгон өөрөө Бурханы ариун газар юм. Иймээс Бурханы ариун газар болохынхоо хувиар итгэгч болгон долоо хоног тутам Амралтын өдрийн мөргөл, түүнчлэн жил бүр Бурханы баяр болох 3 удаагийн 7 баярын мөргөлийг сахих ёстой.

Ариун газарт Бурханы товлосон цагт нь тухайн тахилыг нь өргөхгүй бол тэрхүү ариун газар цаашид оршин тогтнох утга учраа алдана. Өнөө үед ертөнцөд үй олон сүм бий. Тэдгээрт Бурханд итгэдэг гэх үй түмэн хүн өөрсдийгөө тэнгэрийн хаанчлалд орно гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэвч өөрийн дураар орох гэж яаж ч зүтгэсэн Бурханы баяр сахидаггүй бол тэр итгэл нь хоосон аж. Тэд эртний нарны бурхан шүтэх өдрөөс үүсэлтэй ням гаргийн мөргөл, Христмас тэмдэглээд байгаа юм чинь нарны бурхны сүм болохоос Бурханы ариун газар биш шүү дээ.

Хуучин гэрээний түүхийг судлан үзвэл Бурханы ариун газар шүтээн, элдэв жигшүүрт зүйлсээр дүүрсэн үед Бурхан хилэгнэсэн байдгийг харж болно. Бурханд итгэдэг гэх хүний сэтгэлд Бурханы баяр байхгүй, Амралтын өдөр ч байхгүй, Бурханы гэрээ ч байхгүй бол энэ нь ариун газар хоосорчихсон, бузарлагдчихсан байдалд байгаа гэсэн үг. Хэрэв тэгэх аваас Бурхан тэр хүнийг устгана гэсэн тул тэрээр огт аврал авахгүй. Бурханы баяр сахидаггүй хүмүүсийн төгсгөл ямар байхыг Библид тодорхой анхааруулсан байдаг.

Баяр сахидаг ард түмнээ цуглуулах Бурхан

Тэгвэл баяруудаар ариун мөргөл сахидаг Бурханы ард түмний эцсийн үр дүн ямар байхыг Зефаниа 3-р бүлгээс тодруулцгаая.

“Сион охин! баяр хөөртэйгөөр хашхир! Израиль аа, уухай хадаа! Иерусалим охин! баясан, бүх зүрхээрээ баярла! … Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, Та нарын дунд байна. Тэр та нарын дээр баяр хөөртэйгөөр баясна. Тэр хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно. Товлосон найр наадмуудын талаар энэлэгсдийг Би цуглуулах болно. Тэд чамаас ирсэн, Сион оо! Цөллөгийн зэмлэл нь тэдний дээрх ачаа юм. Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна. Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж, бүх дэлхийд тэдний ичгүүрийг магтаал болон яруу алдраар солино. Би та нарыг хамтад нь цуглуулах тэр цагт Би та нарыг оруулна. Үнэхээр Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд та нарт яруу алдар болон магтаалыг өгнө. Тэр үед Би та нарын нүдний өмнө амжилтыг чинь сэргээх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.” Зеф 3:14-20

“Товлосон найр наадмууд” гэдгийг англи Библид “appointed feasts” буюу товлосон баяр гэсэн утгаар бичсэн байгаа. Бурхан баяр сахидаг хүмүүсийг бүгдийг нь цуглуулан, дэлхийн бүх ард түмнүүдийн дунд тэдэнд яруу алдар ба магтаал өгнө гэж айлдсан байна. Бурхан чимээгүйхэн хайрлаж, авралаа соёрхох ард түмэн нь баяруудын төлөө энэлж, тэдгээрийг сахих гэж чармайдаг хүмүүс. Бид Бурханы баяруудыг сахиж байгаадаа илүү их бахархаж, сайн мэдээнд хичээнгүйлэн оролцох хэрэгтэй. Бурханы соёрхсон ивээл асар их болохоор бид л мэдрэхгүй байгаа болохоос Бурхан хэзээ ч худлаа хэлдэггүй. Баяр сахидаг ард түмэндээ амласан бүх ерөөлийн үгээ биелүүлэх нь дамжиггүй.

“Ичгүүргүй үндэстэн ээ, хамтдаа цугларцгаа, тийм ээ, цуглар. Өдөр нь будааны хальс мэт хийсэн өнгөрч зарлиг нь хэрэгжихээс өмнө, ЭЗЭНий шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө, ЭЗЭНий хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар. Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, та нар ЭЗЭНийг хайгтун! Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ, зөв шударгыг хай, төлөв байдлыг хай. Магадгүй ЭЗЭНий уурын өдөр та нар нуугдсан байх болно.” Зеф 2:1-3

Бурханы захирамжийг тээж ирсэн даруу хүмүүс Бурханы уурын өдөр нуугдана гэсэн байна. Гай гамшгаас ард түмнээ аварна гэсэн үнэ цэнэтэй энэ амлалтын үг ч Бурханы баяраар л зөвшөөрөгдсөн билээ.

Баярт шингэсэн авралын амлалт

Бид Бурханы ариун газар болсон Бурханы ард түмэн мөн л бол зайлшгүй Бурханы баяр сахих ёстой. Баяр байхгүй бол хэрхэвч аврал авахгүй гэдгийг Библи ийн нотолж байна.

“Иерусалимыг довтлохоор ирсэн бүх үндэстний үлдсэн хүн болгон нь жил бүр ирж, түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөн, Майхан баярыг тэмдэглэнэ. Түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөхөөр Иерусалимд ирдэггүй газар дэлхийн ямар ч гэр бүл дээр бороо хургүй байх болно. Хэрэв Египетийн гэр ирэхгүй, орохгүй бол тэдний дээр бороо хур орохгүй юм. Майхан баярыг тэмдэглэхээр ирдэггүй үндэстнүүдийг цохих ЭЗЭНий гамшиг нь энэ байх юм. Майхан баярыг тэмдэглэхээр ирдэггүй бүх үндэстний шийтгэл болон Египетийн шийтгэл нь энэ байх юм.” Зех 14:16-19

Майхан баяр нь Бурханы 3 удаагийн 7 баярын хамгийн сүүлчийн баяр буюу долоо дахь баяр нь юм. Майхан баяр сахихгүй бол гамшиг цохино гэсэн байхад баяр сахихгүйгээр яаж аврал авах болж байна? Яаж тэнгэрийн хаанчлал явах болж байна?

Түүгээр ч зогсохгүй Бурхан гамшиг алгасан өнгөрүүлдэг баяр болох Алгасал баяраар гэм нүглийн уучлал ба мөнх амийг зөвшөөрсөн.

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.” Иох 6:53-54

“… Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-19, 26-28

Есүсийн мах цусыг идэж ууж байж л мөнх амь авна гээд, мөн Алгасал баярын талх, усан үзмийн дарсыг Есүсийн мах цус гэсэн байна. Тэгэхээр Есүсийн мах цусыг бид Алгасал баяраар идэж уух юм.

Дээрх Библийн ишлэлийг нэгтгэн дүгнэхэд Алгасал баяр сахисан хүн Есүсийн мах цусыг идэж уун, улмаар мөнх амьтай болно. Харин Алгасал баяр сахиагүй хүнд амь байхгүй. Өөрөөр хэлбэл баяр сахихгүй бол мөнх амь ч авахгүй, аврал ч авахгүй гэсэн утга болох юм.

Баяр сахидаг Сионы ард түмэнд аврал өгнө

Тэнгэр Эцэг Эх маань биднийг баяр сахидаг Сион руу хөтөлсөн болохоор Бурхандаа бид үргэлж баяр хөөр, талархал өргөж, Бурханы баяр сахихын чухлыг сэтгэлдээ гүнээ хоногшуулах учиртай.

“Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, нэг ч аргамж нь тасрахгүй, эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж, сэлүүрт завь хийгээд усан онгоц ч түүгээр өнгөрөхгүй. Учир нь ЭЗЭН бол шүүгч маань, ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна. … “Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч эс өгүүлнэ. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах болно.” Иса 33:20-24

Бурхан баяр сахидаг Сионы оршин суугчдын нүглийг уучилж, тэднийг авардаг байна. Эцэст нь аврал авах хүмүүс бол баяр сахигчид юм. Тиймээс л Бурхан баяруудын төлөө энэлэгсдийг цуглуулан, дэлхийн ард түмнүүдийн дунд яруу алдар, магтаал өгнө гэж, баяр сахивал гамшгаас аварч, сахихгүй бол гамшиг буулгана гэсэн хэрэг.

Аврал нь баяр сахидаг Сионоос гарна хэмээн Бурхан айлдсан байхад баяр сахих шаардлагагүй гэх юм уу баяр сахивал харин ч аврал авч чадахгүй гэж ярьдаг хүмүүсийн хий хоосон худал үгэнд хууртаж болохгүй. Бурханы үгийг эсэргүүцдэг сургаал бол диаволын заль мэх төдий л зүйл. Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжил гээд, тэднийг үр жимсээр нь танина гэсэн болохоор (Мат 7:15-20) бид Бурханы үгийг эсэргүүцдэг үйлдлээр нь хуурамч эш үзүүлэгчдийн үнэн төрхийг ялгаж салгаж сурах хэрэгтэй.

Баяр сахидаг ард түмэн үнэхээр Бурханы тогтоосон өдөр аливаа гай гамшгаас хэлтрэн, аврал авах уу гэдгийг бататган харцгаая.

“Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа. … Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч эс чадав. Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.” Илч 14:1-4

Дэлхийгээс худалдаж авсан ариун хүмүүс баяр сахидаг Сионд байна шүү дээ. Элч Иохан баяр сахидаг газар байгаа ариун хүмүүс Бурхантай хамт авралын баяр хөөрийг ханатлаа эдэлж байгаа дүр зургийг илчлэлтээр харжээ. Баяр байхгүй газар аврал гэж үгүй. Библийн мэдлэг байхгүйн улмаас баяр сахихгүй ч тэнгэрийн хаанчлал явж чадах биш үү, аврал болон ерөөл авах биш үү гэж бодох хүн байж мэднэ. Гэвч Библийн сургаалд огт тэгж байхгүй. Бид зөвхөн баяр сахидаг Сионд байж, Бурханд сүнсээрээ, үнэнээр мөргөж, Бурханы соёрхсон авралын үнэ цэнийг баттай ухаарсан ариун хүмүүс болох ёстой.

Бурханы баяр сахидаг ариун хүмүүс төд удалгүй сансар огторгуйн ертөнцөд эрх чөлөөтэй нэвтрэх яруу алдрын авралыг хүлээн авна. Тэрхүү зах хязгааргүй уудам, үзэсгэлэнт ертөнц рүү бид л хэдүүлхнээ явах биш, ертөнцийн бүх хүн хамтдаа яваасай гэх үүднээс авралын мэдээ тунхаглацгаая. Сар руу ганцхан удаа яваад ирэхийн төлөө 100 тэрбум воныг ч хүртэл дуртайяа зарцуулахыг хүсэх хүртлээ сансар огторгуйг бүр тэгтлээ хүсэн мөрөөддөг хүмүүст сар байтугай Ангараг, Сугар, Алтан гадас од руу ч дураараа аялах аялал байгааг мэдүүлцгээе. Сүнслэг Сионд оршин, Бурханы баяр сахидаг бид баттай аврал олж авцгаасан. Бидэнд баяр соёрхон, мөнхийн яруу алдар хайрласан Бурхандаа цаг үргэлж талархал, магтаал өргөөд, Бурханы сайн сайхан хүслийг ивээлтэйгээр хүлээн авцгаая.