Сүмийн өсөлтийн гол хүчин зүйл нь эрх мэдэл үү, ах дүүсэг хайр уу?

25,641 үзэлт

Сионы гэр бүл та бүхэн шинэ гэрээний сайн мэдээ хурдтай тунхаглагдаж, Бурханы цусаар өмчилж авсан сүм маань хурдан өсөөсэй гэж хүсэж байгаа байх. Үүний тулд нэг сэтгэлээр залбирч, авралын зар тараан, Бурханыг баярлуулах ажил хийе гэж чармайн байгаа бүхий л зүтгэлд тань талархлаа илэрхийлье.

Сүм өсөж хөгжинө гэдэг нь итгэгчдийн тоо олшрох, сүмийн барилга сүндэрлэн өндөрсөх гэх мэт тоо хэмжээний хувьд л өргөжин тэлэхийг хэлдэггүй. Итгэгч хүн нэг бүр Бурханы дотор зөв итгэлээр төлөвшихийг л сүмийн жинхэнэ өсөлт хөгжил гэж хэлж болно. Жинхэнэ утга учир бүхий сүмийн өсөлт бий болгохын төлөө хэрхэх ёстой талаар Библи дэх анхны сүмийн түүхийг гол болгон судалцгаая.

Анхны сүмийн гайхамшигтай өсөлт

Анхны сүмийн өсөлтөнд нөлөөлсөн хамгийн том хүч нь Бурханы соёрхсон Ариун Сүнс байлаа. Харин дараа нь тухайн үеийн итгэгчдэд байсан сэтгэлийн төрх дундаас яг юу нь Ариун Сүнсний ажлыг үргэлжлүүлж, сүм хөгжүүлэх гол хөдөлгөгч хүч болж ирснийг бодож үзэх хэрэгтэй юм. Сайн мэдээний хөгжлийн түүхээс харахад сүм эрх мэдлээр бус, харин ах дүүсийн хайранд тулгуурлан хөгждөг гэж тэмдэглэгдсэн байдаг. Үйлс номоор дамжуулан анхны сүмийн өсөлтийн үндэс болсон гол зүйлийг хайж олоод, эдүгээ бид ч дэлхий дахинд сайн мэдээг хурдан тунхаглацгаая.

“Пентэкостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа. … Харин Петр арван нэгийн хамт босоод, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглаж… Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв. Тэр өөр олон үгээр гэрчлэн —Энэхүү гажууд үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.” Үйл 2:1, 14, 39-41

Есүсийг тэнгэрт одсоноос 10 хоногийн дараа Пентэкостын өдрөөр Бурханы Ариун Сүнсний хүчийг аван Петр тэргүүтэй элч нар сайн мэдээ тунхаглахад өдөрт гурван мянган хүн Христийг хүлээн авч байсан явдал гарч байв. Түүний өмнөхөн Маркийн дээд давхрын өрөөнд цуглаад хамтдаа залбирч байсан дагалдагчдын тоо зуун хорь байсан билээ.

Үүгээр зогсохгүй Христийг хүлээн авч байсан итгэгчид өдрөөс өдөрт улам нэмэгдэж байв.

“Үгийг сонсогсдоос олноороо итгэсэн ба тоо нь таван мянга орчим болжээ.” Үйл 4:4

“Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олноороо энэхүү итгэлд дуулгавартай болж байлаа.” Үйл 6:7

Үйлс 4-р бүлэгт өдөрт таван мянган хүн итгэсэн гэж дахин тэмдэглээд, харин 6-р бүлэгт дагалдагчдын тоо хэр их болсныг тоогоор тэмдэглэж чадалгүй, зүгээр л үлэмж ихээр нэмэгдсээр байсан гэж илэрхийлсэн байна. Иерусалимаас эхэлсэн сайн мэдээ ийнхүү бүх Иудей, Самари, дэлхийн хязгаар хүртэл хурдтай тунхаглагдаж байсан юм.

Анхны сүмийн өсөлтийн гол хүчин зүйл

Үүнчлэн анхны сүм хурдацтайгаар өсөх болсон гол хүчин зүйлийг судлаад үзэхэд юун түрүүнд ямар ч зовлон хавчлага дунд сөхрөлгүй, сайн мэдээг айж эмээлгүйгээр зоригтой тунхаглаж байсан юм.

“тэд зөвлөгөөг нь авчээ. Тэд элч нарыг дуудаж авчран, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав. Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж тооцогддогт баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа. Тэгээд өдөр бүр сүм дотор бас айлаас айлд зааж, Есүс бол Христ гэдгийг тунхаглахаа эс зогсоов.” Үйл 5:40-42

Анхны сүмийн итгэгчид Христийн нэрээс болж хавчигдаж байсан ч өдөр бүр Христийн нэрийг гэрчилж, амрах чөлөөгүй дэлгэрүүлж байсны үр дүнд олон үр жимс гаргаж байв. Тэгвэл ямар сэтгэл нь айж эмээлгүй, зоригтойгоор тунхаглах хөдөлгөгч хүч болсныг хамтдаа мэдэцгээе.

“Тэд, элч нарын сургаалд мөн нөхөрлөлд, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа. … Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон, Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.” Үйл 2:42-47

Анхны сүмийнхэн Бурханы заасан сургаал үгийг үндэс сууриа болгон, ямар ч хүн сүм рүү ирсэн сүнсний минь ах дүү, эгч дүү гэсэн сэтгэлээр угтаж, нэгдэж чадаж байв. Баяр хөөр, зовлон гунигаа хамтдаа хуваалцаж, өдөрт гурван мянга, таван мянган хүн орж ирсэн ч хүлээн авч чадах хэмжээний хангалттай их хайраар бялхаж байжээ. Христийн сургаалын дагуу бие биенийхээ дутууг нөхөн, алдаа дутагдлыг нь засан залруулж, тэнгэрийн хаанчлалд хамтдаа очиж чадахуйц сүнслэг тусламж дэмжлэгийг харилцан үзүүлж байв. Мөн өдөр бүр баяр хөөртэйгөөр нөхөрлөн, Бурханы сайхныг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олсон болохоор Бурхан аврагдагсдыг өдрөөс өдөрт нэмэгдүүлсэн гэж бичсэн байдаг.

Анхны сүм Петр, Паул зэрэг хэдхэн элч нарын эрх мэдлээр өссөн юм биш. Ах дүүгийн халуун дулаан хайран дээр суурилан зоригтойгоор сайн мэдээ тунхагласны үр дүнд тооны хувьд ч, чанарын хувьд ч гайхамшигтайгаар өсөж хөгжсөн байдаг. Энэ мэтчилэн өмнөх Бурханы сүм ах дүүсэг хайраар Ариун Сүнсний дүүргэлтийг өмсөж, сайн мэдээг хөгжүүлж байсан бол энэхүү сүүлчийн үед ч бас эрх мэдлээр биш, харин ах дүүгийн хайранд суурилж байж Бурханы сүмийн онцлог болон уламжлалаа хадгалахгүй гэж үү?

Хайр гэгч шим тэжээлээр гаргах үр жимс

Шинэ гэрээний замыг бүрэн гүйцэлдүүлье гэвэл хайр хамгаас чухал. Шинэ гэрээний Библийг бүхэлд нь уншсан ч эхнээсээ дуустал биднээс хүссэн зүйл нь Бурханыг гэсэн төгс хайр ба ах дүүс хоорондын үзэсгэлэнтэй хайр байдаг.

“Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахуйг, өөрийгөө захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ итгэл сүсгийг, итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга. Та нарт эдгээр нь байгаад, нэмэгдсээр байвал, энэ нь Эзэн Есүс Христийг маань мэдэхэд та нарыг ашиггүй, үр жимсгүй байлгахгүй. … Ингэснээр бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн мөнх хаанчлалд хангалттай орох болно.” 2Пет 1:5-11

Үр жимсийг олноор нь гаргахыг эрмэлзэж, тэнгэрийн хаанчлалд хангалттай орохыг хүсвэл энэ сургаалд чих тавих хэрэгтэй. Та нарын зөвт байдал фарисайчууд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй хэмээсэн (Мат 5:20). Библийн бүхий л сургаалыг Бурхан бидний авралын төлөө л өгсөн болохоор бид хэрэгжүүлэх нь гол юм.

Нэг сүнсийг нандигнан хайрлаж, асран тойлох үед л Бурхан үр жимс өгдөг. Айж эмээх сэтгэлээр биш, Бурхан үхэж байгаа сүнснүүдийг амьдруулах гэсэндээ надаар дамжуулан гараа сунгаж байгаа гээд өрөвдөн энэрч, чин үнэн хайрын сэтгэлээр сайн мэдээ тараавал үзэсгэлэнтэй цэвэр буудай үр жимс ихийг гаргах болно.

Сүмийн өсөлтийн гол чухал хүчин зүйл нь хайр юм бол эрх мэдэлд түшиглэдэг байсан сэтгэлээ өнөөдрөөс ч болов бүгдийг нь хаях хэрэгтэй. Эрх мэдлийг урьтал болгож, хайрыг хэрэгжүүлдэггүй сүм байвал тэнгэрийн хаанчлалын амбаарт цэвэр буудай хураах бэлтгэлээ огт хангаагүй сүм гэж хэлсэн ч хэтрүүлэг болохгүй байх.

Гэлээ ч удирдаж байгаа гэр бүлүүдийн эрх мэдлийг үгүйсгэ гэсэн үг биш. Эрх мэдлийг үгүйсгэдэг нэгэн нь хургүй үүлтэй адил хэмээсэн (Иуд 1:12). Итгэгч нар удирдаж байгаа хүмүүсээ хүндэтгэж, удирдаж байгаа хүмүүс нь Сионы ах эгч дүүсээ мөнхийн тэнгэрийн хаанчлалд бүгдийг нь дагуулж явахын төлөө шаналан зовж, ертөнцийн мэхлэл болон хавчлагаас итгэл нь сарнисан нэгнийгээ аврахын төлөө бүх хүч, ухаанаа дайчлах үед Эцэг Эх илүү олон сайн мэдээний үр жимс соёрхоно.

Итгэл дээрээ сайн чанар болон мэдлэг, өөрийгөө захирахуй, тэвчээр, итгэл сүсэг, ах дүүсэг энэрэл болон хайрыг хамтатгаж байж л үр жимс сайн гарна хэмээн айлдсан болохоор бид энэ сургаалыг хэрэгжүүлцгээе. Сайн чанар, Эцэг Эхийг ухаарах мэдлэгээр бялхаж, ах дүүсэг энэрэлтэй, даруу дөлгөөн байж бусдыг хайрлаад, эргэн тойрныхоо бүх хүнд тэнгэрийн хаанчлалыг мэдрүүлэх ёстой биш гэж үү?

Ингэж чаддаг хүн л толгой болно, ингэж мэдэхгүй нь сүүл болно. Дэг журмын төлөө энэ газар Бурханы тогтоож өгсөн албан үүрэг, албан тушаалд хоргодох биш, яавал Бурханы хүслийг бүрэн төгс биелүүлэх вэ хэмээн байнга санаж байхыг хүсэх байна.

Эрх мэдлээс илүү хайраар бидэнд ойртсон Бурхан

Хэд хоногийн өмнө хуучин дэвтрүүдээ цэгцэлж байгаад өнөөг хүртэл бидэнд өгсөн Эхийн сургаалыг дахин нэг уншиж үзсэн юм. Тэр дотор эхнээсээ дуустал “Бие биенээ хайрла”, “Бусдыг өөрөөсөө дээр тавивал бүх зүйл сайхан болно” гэсэн өөрчлөгдөшгүй сургаалууд байсан юм. Сургаалыг нэг бүрчлэн эргэн хараад одоог хүртэл Эхийн үгэнд дуулгаваргүй амьдран, Бурханы хүсэж байгаа төвшинд хараахан хүрээгүй байх вий гэхээс үнэхээр их уучлал эрмээр болж билээ.

Бид Бурханы хайрыг орхиж, нүгэлтэн болсон байхад ч хүртэл зүрхэнд маань Бурхан хязгааргүй хайраа цутгасаар ирсэн.

“Найдвар нь биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг. Биднийг дорой байхад, сүсэг бишрэлгүй хүмүүсийн өмнөөс Христ яг л цагтаа үхсэн билээ. Хэн нэг нь зөвтний төлөө барагтай бол үхэхгүй ч сайн хүний төлөө хэн нэгэн үхэхээр зүрхэлж магадгүй юм. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан.” Ром 5:5-8

Тэнгэрт нүгэл үйлдээд хөөгдөж ирсэн нүгэлтнүүдийг гэсэн хамгийн дээд ариун хайр Бурханд байсан болохоор Өөрийн биеэр махан биен асрыг өмсөхдөө ч Өөрийн эрх мэдэлд зохимжтой хүндлэлийг авч чадалгүй, тэнгэр элчээс дорд байр сууринд байсан. Алуурчин дээрэмчнээс ч муугаар үзэгдэж, хавчигдахдаа ч энэ бүгдийг тэвчсэн билээ. Бурханы ийм л хайраас сайн мэдээ төрсөн юм. Мөн сайн мэдээ нь Бурханыг болон өмнөөс нь цусаа урсгаж аварсан ах дүү нараа хайрлаж мэддэг ийм л хайраас шим тэжээл авч өсдөг юм.

Хайр бол хуулийн гүйцэлдэл бөгөөд (Ром 13:10), хайр үгүй бол юу ч биш (1Кор 13:1-3). Эцэг Эхийн жишээ үзүүлсэн жинхэнэ хайр бидний дотор дүүрэхэд сайн мэдээ үтэр түргэн гүйцэлдэх юм.

“… Тэрээр Өөрийн алдрын баялгийн дагуу, Сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай. Ингэж итгэлээр Христ зүрхэнд тань нутаглаж, та нар хайр дотор үндэслэгдэн суурилагдаад, тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрлээр бялхах болтугай.” Ефе 3:14-19

“үнэнийг барьж, ингэхдээ харин хайранд, тэргүүн болох Түүн өөд, Христ өөд бүх талаар өсцгөөе. Хэсэг нэгбүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог. … та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол, амьдралын чинь урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж, оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, үнэний зөвт байдал ба ариун чанар дор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс.” Ефе 4:15-24

Бидний итгэл хайранд үндэслэн ургах үед л хайр гэдэг үр жимс гаргаж чадна. Бурхан энэ газарт ирсэн нь эрх мэдлийг босгохын тулд биш, зөнд нь орхивол үхэхээс өөр аргагүй болох хүн төрөлхтнийг өрөвдөн энэрч, анхаарал тавьж, үнэнээр амьдруулахын төлөө байв. Бид Бурханыг санагалзаж, талархан хүндэтгэж байгаа шалтгаан ч мөн Бурханы агуу байдал эрх мэдлийнх нь улмаас биш, бидэнд соёрхсон хязгааргүй их золиосын хайр нь сэтгэлийн маань учгийг хөндсөн болохоор биш гэж үү?

Тиймээс бид ч мөн Бурханы хайраас жишээ авч, ах эгч дүүгээ халамжилж чаддаг итгэлийн замыг туулах ёстой. Тэрхүү өндөр, өргөн, гүн хайрыг ухаараад, сэтгэлдээ дүүргэхийг Сионы ах эгч дүү нараасаа бүгдээс нь хүсэж байна.

Ах дүүс нэгдэх үзэсгэлэнтэй Сион

Итгэл, найдвар, хайр гурав бол итгэлийн амьдралаас салгах учиргүй гурван элемент юм. Энэ дундаас итгэл болон найдвар нь хэсэг хугацаанд биднийг хөтөлдөг ч мөнхөд оршин тогтнох зүйл биш. Тэнгэрийн хаанчлалд орвол итгэл батжиж, найдвар ч гүйцэлдэж дахиад хэрэг болохгүй. Харин хайр нь тэнгэрийн хаанчлалд ч бас тэнгэр Эцэг Эх, үр хүүхдүүдийн хооронд үеийн үед үргэлжлэх юм. Тиймээс Библид хамгийн агуу нь хайр мөн хэмээн илэрхийлсэн байдаг.

Бүх хариулт Библид бий. Сайн мэдээг гүйцэлдүүлэхийн төлөөх Сионы төрх ямаршуу байр байдалтай байх ёстой талаар Дуулал номонд хариулт өгсөн байна.

“Харагтун, ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ! … Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг, мөнх амийг тушаасан билээ.” Дуу 133:1-3

“Ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь сайхан бөгөөд тааламжтай” гэсэн сургаал Бурханы сэтгэлийг тэр хэвээр нь дүрслэн илэрхийлсэн юм. Энэ мэтчилэн ах дүүсийн хайр нь Бурханы сэтгэлийг хөдөлгөдөг хамгийн чухал зүйл бөгөөд зөгнөлийн Сионд байх ёстой зайлшгүй болзол юм.

Гэр бүлүүд олширч, сүмийн барилга өндөрсөж, олон хүн албан тушаалын өмнө толгой бөхийх тусам Бурханы сургаал үгийг санан, хайрыг амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй. Албан тушаал нь чухал биш, Христийн хайрыг хэр тунхаглаж, амьдралд хэр хэрэгжүүлж байгаа вэ гэдэг нь илүү чухал. Тоо хэмжээний хувьд өсөөд ирэхээр нэг л мэдэхэд сүм дотор эрх мэдэл үйлчилж эхлэн, Сатаны занганд унаж ч мэднэ. Тэгвэл сайн мэдээ нэг л агшинд зогсонги байдалд орно. Харин сүнс нэг болгоныг хайрлаж, тэр сүнсийг амьдруулахын төлөө сэтгэлээ зориулахад Бурхан заавал тэнгэрийн хаалга нээж өгдөг.

Өнөөг хүртэл урдахаа л харж ирсэн бол одооноос өөрийгөө анзаарч засах ёстой. Дэлхийн аль ч Бурханы сүмийн хаана нь ч очсон Христийн үнэр, хайрын үнэрийг анхилтал амьдралдаа бүгд хайрыг хэрэгжүүлцгээе. Библийн сургаал дагуу дэг журмыг барьдаг, Эцэг Эхийн яруу алдрын төлөө тэвчдэг, буруу замаар явж байгаа нэгнээ мэргэн ухаанаар хийгээд ивээлтэйгээр сэнхрүүлж, зөв зам руу хөтөлж чаддаг байх хэрэгтэй юм.

Бурханы сүм бол хэн нэг хүний эрх мэдэлд тулгуурлан хөтлөгддөг сүм биш, хайраар нэгдсэн сүм юм. Эцэг Эхийн айлдсан энэ бүх сургаалын дагуу ах дүүсийн үзэсгэлэнтэй эв нэгдлийг бий болгож, сайн мэдээнд зохистой амьдраарай.