Тэнгэрийн иргэний харьяалалтай болцгооё

22,849 үзэлт

“Алс холоос чиний хүүхдүүд тагтаа мэт нисэн ирнэ” хэмээх Бурханы зөгнөл ёсоор сүүлийн үед сүнсний олон ах эгч дүү нар маань дэлхийн өнцөг булан бүрээс цугларч байгааг харахад Бурханы зөгнөл заавал биелэгддэг гэдгийг харуулж байх шиг.

Бүх үндэстэнд тарж бутарсан Сионы гэр бүлүүд маань арьсны өнгө өөр боловч нэг сэтгэлээр ивээлтэйгээр сайн мэдээ тарааж, Сүнс болон Сүйт бүсгүйд үнэнчээр итгэж, үнэний үгийг маш хурдан ухаарч байна. Зөгнөлийн цаг ойртсон болохоор Бурхан өрнө дорныг ялгалгүй Сионы бүх гэр бүлүүдэд Ариун Сүнсний хүч чадлыг дүүрэн өмсгөж өгч байгаа бололтой.

Дорно өрнө аль зүгт ч байсан Бурханы ард түмний үүрэг нэг ижил. Махан биеэр аль нэг улсад харьяалагдаж байгаа ч сүнсээр бид бүгд тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалалтай тэнгэрийн ариун ард түмэн юм.

Тэнгэрийн иргэний харьяаллын үнэ цэнийг мэддэг хүмүүс

Америкаас Библи сурахаар Солонгост ирсэн нэг гэр бүл байлаа. Нэг удаа тэрээр надаас Солонгост шөнө гадуур гарсан ч аюулгүй юу гэж асуусан. Хүсвэл 24 цагийн хэдийд ч гадагш гарч болно гэж хариулсан чинь тэр хүн тийм улс дэлхийд байсан юм уу гээд гайхаж нүд нь орой дээрээ гарсан. Тэгээд “Солонгос орон нь амьдрахад үнэхээр сайхан улс юм аа” гэж олон удаа дуу алдаж байсан юм.

Үнэндээ дэлхийн хаана ч очсон Солонгос шиг газар байхгүй гэлцдэг. Махан биеийн нүдээр харахад тийм гэнэ. Гэвч энэ газраас ч илүү сайхан улсыг бидэнд бэлдэж байгаа. Энэ бол мөнхийн эх нутаг маань болох тэнгэрийн хаанчлал. Тэнгэрийн хаанчлалд мөнхөд байх иргэний харьяалал авах нь энэ дэлхийн юунаас ч агуу чухал найдвар юм.

Хүмүүс Америкийг дэлхийн хамгийн сайхан улс гэж боддог байх. Дэлхийн ихэнх хүн “American dream” гэгчид автаж, Америкийг хүсэн мөрөөдөж, нөхцөл боломж сайн, ажлын байр олонтой, цэрэг зэвсгээр дэлхийд дээгүүр байр эзэлдэг Америкт амьдрахын хүслэн болж байдаг. Зарим нь Америк руу бүрмөсөн цагаачлаад тэнд суурьшин амьдрах, Америкийн байнгын оршин суугчийн эрх авч, цаашлаад иргэний харьяалалтай болж, хууль ёсны иргэний эрх эдлэх гэж байдгаараа хичээдэг.

Үнэндээ Америкийн уугуул иргэн нь цөөхөн хэдэн индианчууд юм. Ихэнх америкчуудын өвөг дээдэс нь Европ юм уу Ази, Африк зэрэг газраас шилжин ирсэн хүмүүс байдаг. Итали гаралтай америк хүн, филиппин гаралтай америк хүн, герман гаралтай америк хүн… гэх мэтээр Америк нь олон үндэстний нэгдсэн улс юм. Тиймээс Америкийг цагаачдын улс гэдэг.

Иргэний харьяалалтай болж чадахгүй ч ямар ч байсан Америкийн байнгын оршин суугчийн эрхийг ч болтугай авчихвал ертөнцийн хүмүүсийн атаархдаг Америкийн иргэн гэж хүлээн зөвшөөрөгдөнө гэж найдах нь цагаачдын нийтлэг бодол юм. Тийм учраас яадаг ч байсан Америк руу яваад үзье гэсэн бодол нийгэмд газар авч, Америкт хууль бус оршин суугчид дүүрэн байгаа. Хууль бус оршин суугчид гайгүй ажил олж чадахгүй дорд үзэгдэж, хүмүүс хүйтэн хөндий харьцсан ч хэзээ нэгэн цагт байнгын оршин суух эрх юм уу иргэний харьяалалтай болох гэж тэсэн ядан хүлээж, тэвчин амьдардаг. Америкийн иргэний харьяалалтай болох нь тэдний хамгийн том хүсэл найдвар бөгөөд түүнийгээ олоод авчихвал баярлаад сүйд болдог гэнэ.

Гэвч тэд сүнслэг нүдээр сүнсний ертөнцийг харвал яах бол оо? Америкийн иргэний харьяалалд тэгтлээ сүйд болохгүй байх, тийм үү? Тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалал маань дэлхийн ямар ч иргэний харьяаллаас илүү үнэ цэнэтэй шүү дээ.

“Харин бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид Аврагч Эзэн Есүс Христийг хүлээж байна. Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.” Фил 3:20-21

Бид тэнгэрийн иргэний харьяалалтай. Бурхан тэнгэрийн иргэний харьяалал авсан хүмүүс л Христийн цог жавхлант биеэр өөрчлөгдөнө гэдгийг ухааруулж байна. Энэ дэлхийд амьдрах хугацаандаа онцгой улсад амьдардаг гэдгээрээ эргэн тойрныхоо бүх хүний атаархлыг төрүүлж байхад тэр тусмаа тэнгэрийн ийм агуу эрх мэдэлтэй иргэний харьяаллыг бид аваад амьдарна гэвэл хичнээн нэр хүндтэй хэрэг болох вэ?

Есүс энэ газар ирээд бүтээлүүдээсээ хавчлага, доромжлол амссан хэдий ч сүнслэг орныг хүсэн хүлээж байсан учраас тэр бүхнийг өчүүхэн ч тоогоогүй.

“Пилат… —Та иудейчүүдийн Хаан мөн үү? гэхэд Есүс —Та үүнийг өөрөөсөө ярьж байна уу? Эсвэл өөр хүмүүс Миний тухай танд хэлэв үү? гэжээ. Пилат —Би иудей хүн биш биз дээ? Танай үндэстэн болон ахлах тахилч нар л Таныг надад тушаасан юм. Та юу хийчихсэн юм бэ? гэж асуув. Есүс —Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ. Хаанчлал минь энэ ертөнцийнх байсан бол Намайг иудейчүүдийн гарт өгөхгүйн тулд зарц нар минь тэмцэх байсан. Харин одоо Миний хаанчлал эндхийнх биш гэлээ. Пилат Түүнд —Тэгэхлээр Та Хаан байх нь ээ? гэхэд Есүс хариуд нь —Намайг Хаан гэж та хэлж байна. … Үнэний хүн бүр Миний дууг сонсоно гэж айлдлаа.” Иох 18:33-37

Энэ үгнээс Христийн сэтгэлийг бид ойлгох хэрэгтэй. “Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш. Хувингийн дусал мэт хийгээд дэнсэн дээрх ширхэг тоос мэт энэ ертөнцийн хаанчлал Минийх биш. Миний хаанчлал бол устаж мөхөх энэ ертөнцийн хаанчлал биш, тэнгэрийн мөнхийн хаанчлал юм” гэсэн үгээрээ Есүс хүслээ бидэнд ойлгуулж байгаа бөгөөд ийн айлдсан цаад учрыг сайтар тунгаан бодоорой.

Энэ дэлхийн иргэний харьяалал нь бидэнд нэг их үнэ цэнэтэй, утга учиртай зүйл биш. Гагцхүү иргэний харьяалал маань тэнгэрт байгаа гэдгээрээ л бахархах хэрэгтэй. Цагаачид өчүүхэн энэ дэлхийн Америк гэдэг нэг улсын иргэний харьяаллыг авахын тулд тэгтлээ их хүсэж, байдгаараа зүтгэж байхад, мөнхийн тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалалтай байна гэдэг юутай их яруу алдар, нэр төрийн хэрэг билээ? Иргэний харьяалал маань нүдэнд харагдахгүй ертөнцийнх гээд үл тоомсорлож болохгүй.

Эцэгийн хүслийг үйлдэгч нь тэнгэрийн иргэний харьяалалтай болно

Мөнхийн ертөнц ирэхэд хамгийн үнэ цэнэтэй зүйл нь тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалал байх юм. Хэн нэгэн хэдэн мянга, хэдэн арван мянган Америкийн иргэний харьяалал өгье гэсэн ч бид тэнгэрийн хаанчлалын иргэний харьяаллаа сольж болох уу? Бүх сансар огторгуйн сүнслэг зүйлсийн хамгийн их атаархдаг зүйл нь ч тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалалтай болох. Бурхан ийм эрхэм нандин тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалалд хэрхэн багтахыг зааж өгсөн.

“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.” Мат 7:21-23

Тэнгэрийн хаанчлалд тэнгэрийн иргэний харьяалалгүй бол хэн ч орохгүй. Тэгвэл хэн тэнгэрийн хаанчлалын иргэний харьяаллыг авах бол? Нөхцөл нь амархан. Тэнгэр Эцэгийн хүслийг үйлдэгч хүмүүс тэнгэрийн хаанчлалын иргэний харьяаллыг авах болно. Библид тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалал авах арга болон авч чадалгүй гадуурхагдах шалтгаан ч тодорхой тэмдэглэгджээ.

Америк руу орж гарах үед Америкийн иргэний харьяалалтай хүмүүс чөлөөтэй нэвтэрдэг. Тэднийг улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзах зүйл байхгүй. Харин иргэний харьяалалгүй энгийн хүмүүсийн тухайд Цагаачлалын албанаас онгоцны буудал дээр хилийн шалган байцаалт явуулж, тухайн оронд ямар ажлаар ирснийг, мөн хэд хоног байх зэргийг нь нарийвчлан тодруулсны дараа хилээр нэвтрүүлэх юм уу нөхцөл байдлаас хамаарч хилээр нэвтрүүлэхээс татгалзах нь ч бий.

Матай 7-р бүлгийн 21-р ишлэлийн нөхцөл байдал ч мөн тийм байна. Тэнгэрийн хаанчлалд ороход Эцэгийн хүслийг үйлдэгч хүмүүсийг л оруулна. Зөвхөн тэдэнд л тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалал соёрхсон учраас тэр. Харин тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалалтай болж чадаагүй хүн тэнгэрийн хаанчлалд огт орж чадахгүй.

Энэ газарт ч иргэний харьяалал авахын тулд улсын зөвшөөрөл хэрэгтэй. Цагаачлагчид Америкийн иргэний харьяаллыг авъя гэвэл ярилцлаганд тэнцэх ёстой гэсэн. Энэ үед “Америкийн анхны ерөнхийлөгч хэн бэ?”, “Америкийн иргэний дайн хэзээ болсон бэ?” гэх мэтээр Америкийн товч түүх болон Америк улсын талаарх тойм асуултуудыг асууж, хүмүүс нь англиар хариулах ёстой байдаг. Энэ шалгалтанд тэнцэж байж нэвтэрдэг гэнэ.

Үүнтэй адил тэнгэрийн иргэний харьяалалтай болъё гэвэл бид Бурханд зөвшөөрөгдөх хэрэгтэй. Эцэгийн хүслийг үйлдэгч нь тэнгэрийн хаанчлалд орно гэдэг нь Эцэг тэр хүмүүстээ л тэнгэрийн хаанчлалын иргэний харьяаллыг соёрхох учраас тэр юм.

“… Бурханых нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир үүнийг сонсдоггүй гэлээ.” Иох 8:45-47

Бурханы хүн нь Бурханы үгсийг сонсдог. Гэтэл Бурхан Амралтын өдрийг сахь гэсэн байтал ням гаргийг сахиж, Алгасал баяр сахь гэж айлдахад нь Христмасыг тэмдэглэж байгаа нь Бурханы үгийг сонсохгүй байгаагийнх нь илрэл юм. Бурхан тийм хүмүүсийг Бурханых биш гэж хатуу хэлсэн. “Та нар Миний ард түмэн биш учраас Миний үгийг сонсдоггүй.” Хичнээн аймаар үг вэ! Энэ үгээр тэнгэрийн иргэний харьяаллыг авсан хүн, аваагүй хүн хоёрыг хэрхэн ялгахаа Бурхан харуулжээ.

Тэнгэрийн иргэний харьяаллыг баяр тэмдэглэдэг Сионыхонд өгнө

Бурхан хаана оршдогийг нь, Хааны хувиар хаана захирч байгааг нь баталж үзээд одоо бид хаана ирсэн байгаагаа, ямар байр сууринд байгаа хүмүүст тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалал өгөхийг нь бодож үзэцгээе.

“Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, … эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. … ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна.” Иса 33:20-22

Энд гарч байгаа “бид” гэсэн хүмүүс нь Сионд баяр тэмдэглэдэг хүмүүс юм. Бурхан тийм хүмүүсийн Хаан болно гэсэн. Бурхан баяр тэмдэглэдэг Сионы Хаан учир баяр тэмдэглэдэг Сионы ард түмэн бид мэдээж тэнгэрийн хаанчлалын иргэний харьяаллыг авах болно.

“… Би ЭЗЭН, чиний Бурхан байна. … Сионд «Чи Миний ард түмэн» гэж айлдахын тулд…” Иса 51:15-16

Сионд байгаа ард түмэн нь энэ нүгэлт ертөнцөд амьдарч байгаа ч гэсэн тэнгэрийн хаанчлалын иргэний харьяаллыг авсан хүмүүс юм. Дэлхий гэх жижиг од руу бууж ирсэн ч гэсэн тэнгэрийн иргэний харьяалалтай болсон гэдгээрээ бахархаж байх учиртай.

Тэнгэрийн иргэний харьяалалтай хүн Бурханы үгийг сонсох ёстой. Тэгвэл тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалалтай хүний хувиар Бурханы үгэнд дуулгавартай байгаа эсэхээ эргэн хараад, тэнгэрийн иргэний харьяаллыг авахад шаардлагатай болзлуудыг товчхон судалцгаая.

“Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь.” Гэт 20:8

Тэнгэрийн хаанчлалын иргэн болохын тулд юун түрүүнд Амралтын өдрийг сахидаг үйлстэй байх хэрэгтэй. Амралтын өдрийг сахиагүйгээс тэнгэрийн хаанчлалын иргэний харьяаллыг авч чадаагүй хүмүүс ч бас эцсийн өдөр Есүсийн өмнө тэнгэрийн хаанчлалд оруулж өгөөч гэж шалан гуйх болно.

Тэд “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр залбирал их хийж, Таны нэрээр чөтгөрүүдийг их хөөж, Таны нэрээр ядуу хүмүүст тусалж, сайн үйлс их хийсэн биз дээ?” гэж гуйх байх. Гэвч Есүс “Би та нарыг танихгүй” гээд тэднээс нүүр буруулах болно.

“Тэнгэрийн хаанчлалд орох гэж байгаа бол тэнгэрийн иргэний харьяаллаа үзүүл! Би үүнийг чамд өгөөгүй шалтгааныг мэдэх үү? Чи Миний үгийг сонсож Амралтын өдрийг ариунаар сахисан уу?”

Есүсийн энэ хатуу үгэнд тэд юу гэж хариулах бол?

“Миний хоньд дууг минь сонсдог” гэж Бурхан айлдсан (Иох 10:27). Гэтэл “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” гэсэн энэ үгийг хүртэл сахиагүй хүмүүс хэрхэн тэнгэрийн хаанчлалын иргэний харьяаллыг авч чадах билээ? Тиймээс Есүс “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл!” гэж эрс шийдэмгий хэлсэн юм. Тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалалтай хүн болъё гэвэл мөн Алгасал баяр сахих хэрэгтэй.

“Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:14-20

Библид сүнслэг нүгэлтнүүдийн нүглийн уучлал авах зам нь зөвхөн Алгасал баяр сахих гэдгийг мэдүүлсэн байдаг. Тиймээс Бурхан Алгасал баярыг тогтоон “энэ нь та нарын төлөө” гэж айлдсан. Өөрөөр хэлбэл Алгасал баяр сахих нь тэнгэрийн иргэний харьяаллыг авах арга юм.

Хэрвээ Солонгосын иргэний харьяалалтай хүн гэмт хэрэг үйлдвэл Солонгосын Эрүүгийн хуулийн дагуу шийтгэл хүлээнэ. Бүр Солонгосын иргэн байх эрхээ ч хасуулах тохиолдол байдаг. Сүнсээр харвал бид ч адилхан. Тэнгэрт уучлагдашгүй нүгэл үйлдэн, дэлхий рүү хөөгдөн бууж ирсэн. Тэгээд тэнгэрийн иргэний харьяаллаа алдаж, тэнгэрийн орны иргэний хувьд эдэлдэг бүх эрхээ хасуулсан билээ.

Гэвч Христ энэ газар ирээд, цусаа урсган, махаа тасалж бидний бүх алдаа эндэл, гэм нүглийг уучилсан юм. Үхэхээс өөр аргагүй нүгэлтнүүдийн төлөө шинэ гэрээний Алгасал баяраар нүглээс чөлөөлөх зам бэлдсэн болохоор бид өнөө үед тэнгэрийн хаанчлалын иргэний харьяаллаа сэргээх боломжтой болсон юм.

Тиймээс Библид “Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа өргө” (1Тес 5:16-18) хэмээсэн. Бид хааяа нэг итгэл сулрах үед “Талархлаа өргө” гэсэн үгийг сайн хүлээж авч чадалгүй, яагаад “Үргэлж баяртай бай” гэснийг нь ухаарч чадахгүй байх үе ч байдаг. Гэтэл Христ өмнөөс маань үхэж, бидэнд ийнхүү нүглийн уучлал аваад, тэнгэрийн хаанчлалын иргэний харьяаллаа олж авах боломж олгосон болохоор тэр баяр хөөр, талархлыг юутай харьцуулах билээ? Амьдрал хичнээн хэцүү байлаа ч мөнхийн ялын газар болох там руу явж болохгүй. Нүгэлтэн болсон бидэнд тэнгэрийн хаанчлалын иргэний харьяаллыг өгсөн болохоор хичнээн хүнд хэцүү зүйл тулгарлаа ч бид үргэлж баяртай байж, талархах хэрэгтэй.

Мөн тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалал авахад зайлшгүй хэрэгтэй бас нэгэн нөхцөл байдаг. Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг Бурханы баярыг сайн сахихын зэрэгцээ Бурханы нэрийг мэдэх хэрэгтэй. Америкийн иргэний харьяаллыг авахад ч Америкийн ерөнхийлөгчийн нэрийг асуудаг. Тэгвэл тэр тусмаа тэнгэрийн иргэний харьяалал авах гэж буй хүмүүс Бурханы нэрийг мэдэхгүйгээр яаж иргэний харьяалалтай болох билээ? Тийм учраас “Ард түмэн минь Миний нэрийг мэдэх болно” (Иса 52:6) хэмээсэн.

Бид үргэлж Сионд байж, Бурханыг мэдэж, Бурханы тушаасан бүхнийг сахиж, дагах үед л сая нэг тэнгэрийн иргэний харьяалал авч, тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалалд багтах боломжтой.

Бурхан зөвшөөрсөн тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалал бидэнд бий. Үүгээрээ бахархацгаая. Бурхан Амралтын өдөр, Алгасал баярыг бидэнд зөвшөөрч, Аврагчийн нэрийг мэдүүлж “Чи бол Миний ард түмэн” гэж тамгалж баталсан.

Одоо бидний хийх ёстой ажил бол тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалалд дэлхийн бүх үндэстэн багтахад нь туслах ажил юм. Тэд тэнгэрийн хаанчлалын иргэний харьяаллыг авах аргыг мэдэхгүй байгаа.

Би анх гадаад сайн мэдээний төлөө Америкт очихдоо юуг яаж хийхээ мэдэхгүй их сандарч самгардаж байсан. Тэр үед жижигхэн зүйлийг ч болов зааж өгч, тусалсан хүнд маш их талархсан. Өөрийнх нь мэдэхгүй байгаа зүйлийг жижиг гэлтгүй зааж, хөтөлсөн хүнд баярлах нь мэдээжийн хэрэг байхад тэр тусмаа үүрд мөнхийн тэнгэрийн хаанчлалын иргэний харьяаллыг авахад нь тусламжийн гараа сунгавал энэ хичнээн талархмаар хэрэг билээ? Тэнгэрийн хаанчлалд очвол мөнхөд тэр хүний хичээл зүтгэлд талархаж, магтаад дуусахгүй.

Одоо яруу алдрын тэнгэрийн хаанчлалд буцаж очоод бид тэнгэрийн хаанчлалын иргэний харьяаллын сүр хүч, эрхийг эдлэх болно. Бурханы тушаалыг сахиагүй үй олон хүн тэнгэрийн хаанчлалын хаалганы өмнө зогсоод, оруулахыг аминчлан гуйсан ч Христ “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ. Тэр үед манай Сионы бүх гэр бүл сэтгэл тэнүүн гэгч нь тэнгэрийн хаанчлалын хаалгаар орно шүү дээ. Тэнгэрийн орон манай улс, манай гэр учраас л тэр.

Ийм ерөөл зөвшөөрсөн Бурхандаа талархан, тэнгэрийн хаанчлалын иргэний харьяаллыг хүсэн хүлээх үй олон хүнд тусалцгаая. Дорноос өрнө хүртэл хичээнгүйлэн сайн мэдээг тунхаглаарай. Бурханы ивээл хайраар манай Сионы ах эгч дүүс цэвэр буудай үр жимс их гаргана хэмээн найдна.