Бурханыг бид сүнсний Эцэг, Эх гэж дууддагийн учир нь бид хүүхдүүд нь болохоор тэр шүү дээ. Тэгээд хуулбар бүхий энэ ертөнцөд байхдаа аав ээжийнхээ сэтгэлийг ойлговол сүнслэг ертөнц дэх тэнгэр Эцэг, Эхийнхээ сэтгэлийг ч ухаарч ойлгох болов уу гэж бодно.
Хүүхдүүдийнхээ ямар төрхийг Бурхан хамгийн ихээр харахыг хүсэж байдгийг дараах хүүрнэлээс мэдэж авцгаая.
Энхрий хайртай хүүгээ дайны талбараас эргэж ирэхийг нь хүлээн, энэлэн шаналан суугаа нэгэн ээж байж гэнэ. Нэг өдөр дайны талбар руу явсан хүүгээ амь эрсэдсэн тухай мэдээ хүлээж аваад, туйлын их уй гашууд автжээ. Хүүгээ алдсанаас хойш хүүгээ ихэд санан, байж сууж чадахаа больсон эх шөнөжин цурамхийлгүй “Хүүг минь дахин ганц л удаа харуулж хайрлаач” хэмээн Бурханд чин сэтгэлийн залбирал өчив.
Бурхан тэр эхийн чинхүү залбирлын хариуд хүүгийнх нь амьд сэрүүн төрхийг тавхан минут л харуулъя гээд хүүгийнхээ амьдралаас хамгийн их харахыг хүсэж байгаа хором мөчийг нь асууж гэнэ. Сургуульдаа онц дүн аваад гэртээ ирж байсан тэр үеийнх нь төрхийг харахыг хүсэж байна уу? гэсэнд эх “Үгүй” гэж хариулав. Дайны талбарт эрэлхэг зоригтойгоор тулалдаж явсан төрхийг нь харахыг хүсэж байна уу? гэсэнд эх мөн л толгой сэгсрэв.
Бурханд өчсөн эхийн хүсэл ийм байлаа. Хүү нь нэг удаа аав ээжийнхээ үгнээс зөрөөд, гэрээсээ явж байсан гэнэ. Тэгээд буруугаа ухаараад эргэн ирж, энгэрт нь тэврүүлсэн тэр төрхийг л хамгийн их харахыг хүссэн байв. “Ээжийнхээ өврөөс гарч тэнэж явахдаа хамгийн эрхэм нандин хүн ээж нь байсныг арай гэж нэг ухааран эргэж ирсэн төрхийг нь, өөрөөр хэлбэл ээжийгээ хамгийн их үгүйлж байсан төрхийг л харахыг ихэд хүсэж байгаа тул харуулж өгөөч” гэж Бурханаас чухалчлан гуйсан байв.
Энэ богинохон түүх хэдий ч ойшоолгүй өнгөрөөчих зүйл биш бололтой. Энэ цаг үеийн бидний амьдрал тэнгэрийн орны гэрэл зургийн хальсанд бичигдсээр байхад Бурхан бидний ямар төрхийг хамгийн ихээр харахыг хүсэж байгаа бол оо?
Үр жимс их гаргаж байгаа төрхөд мэдээж баярлана. Сайн мэдээний ажил махран хийж байгаа төрх, сүсэглэлтэйгээр итгэлийн амьдралаа сахиж байгаа төрх гээд хүүхдүүд биднийхээ бүхий л амьдралыг Бурхан хайрлаж байгаа. Харин энэ дундаас Өөрийг нь хамгийн ихээр үгүйлж нэхсэн үеийн тэр л төрхөд илүү их баярлах болов уу гэсэн бодол төрнө. Махан биеийн аав ээж ч үр хүүхдийнхээ амьдралаас аав ээжийгээ л хамгийн их үгүйлж нэхэж байсан мөчийг санаж байдаг бол сүнсний маань Эцэг, Эх болсон Бурхан ч мөн бидний Бурханыг үгүйлэн нэхэж байсан тэр мөчийг л хамгийн үзэсгэлэнтэй гэж хардаг болов уу?
Хүүхэд ямар үедээ хамгийн өхөөрдөм, хайр булаам байдаг вэ гэж асуувал ихэнх ээж нар бага байхдаа хамгийн хөөрхөн байсан гээд хүүхдүүдийнхээ нялх бага үеийг дурсдаг. Хүүхэд нь өдөр шөнөгүй ноолж, шөнөжин уйлахад нь цухалдмаар байлтай. Гэвч тэр л үед нь хамгийн жаргалтай байсан гэлцдэг.
Эх хүнд үр хүүхдийнх нь нялх багын төрх хамгийн хайр булаам санагддаг аж. Учир нь балчир хүүхэд үргэлж л эхийгээ нэхнэ. Гэдэс нь өлссөн ч, живх норсон ч өдөр шөнөгүй уйлж “Ээж хэрэгтэй байна” гэсэн дохио илгээдэг. Өөрөө бие дааж хийж чадах юм ганц ч үгүй болохоор “Аваарын дохио” хангинуулах л юм бол ээж нь хурдхан гүйж ирээд, бүхий л бэрхшээлийг нь шийдвэрлэж өгнө гэдгийг тэд мэддэг юм.
Харин аажим аажмаар өсөж томроод “Одоо би ганцаараа ч хийчихэж чадна” гэсэн биеэ даасан бодол, үл дагах үзэл сууж, эцэг эхийнхээ хүслийг сөрдөг. Мэдээж энэ нь хүний амьдралын жам ёс. Гэвч ямар ч ээжээс асуухад эхийгээ хамгийн их нэхэж үгүйлдэг тэр л үедээ хүүхэд нь хамгийн хайр булаам, эгдүүтэй хөөрхөн байсан гэж ам уралдан ярьдаг.
Сүнсээр харвал бид Бурханы өмнө бүгд л нялх хүүхдүүд юм. Ямар ч үед Бурханы тусламж л зайлшгүй хэрэгтэй гэдгийг бид мартаж болохгүй. Ганцаараа ганц алхаж ч чаддаггүй нялх хүүхэд шиг бид ч бас Бурхан хамгаалахгүй, асран тойлохгүй л бол амиа хамгаалж чадахааргүй туниа муутай хүүхдүүд шүү дээ.
Хуучин гэрээний үеийн түүхэнд израиль ард түмэн Бурханыг хэрэгтэй гэж үзэхгүй, “Одоо бид өөрсдийнхөө хүчээр юу ч хийж чадна”, “Бурханы тусламж шаардлагагүй” гэсэн бардамналд автсан үедээ Бабел цамхаг барьж, Бурханаас холдон, улмаар нүгэл үйлдсэн тухай тэмдэглэлүүд байдаг.
Израиль ард түмнийг нүгэл үйлдэх бүрд Бурхан тэднийг “Өөрийнхөө Бурханд ойр байсангүй” гэж эш үзүүлэгчдээр дамжуулан хатуухан зэмлэсэн байдаг.
“Тэрслүү, бузартсан, хэрцгий хот хөөрхий еэ! Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй, ямар ч зааврыг зөвшөөрөн аваагүй. Тэр ЭЗЭНд итгээгүй, өөрийнхөө Бурханд ойртоогүй. Тэр хотын жононгууд нь архирагч арслангууд, шүүгчид нь үдшийн чононууд юм. Тэд өглөө юу ч үлдээдэггүй. Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөд тахилч нар нь ариун газрыг бузарлажээ. Тэд хуулийг завхруулжээ.” Зеф 3:1-4
“… Харин Иаков аа, чи Намайг дуудсангүй. Израиль аа, чи Миний төлөө зүдрээгүй. Чи шатаалт тахилынхаа бог малыг Надад авчраагүй, нядлах тахилаараа Намайг хүндэтгээгүй. … харин чи нүглээрээ Намайг дарамталж, хилэнцээрээ Намайг туйлдуулав.” Иса 43:21-24
Хуучин гэрээний үед израиль ард түмэн Бурханы тусламж хэрэгтэй үе болгонд Бурханыг дуудаагүй. Харин ч Түүний оршихуйг төвөгшөөн үзсэн. Тэгээд Бурханаас холдон гэм нүгэлд автах болжээ. Өөрийн Бурхандаа ойр байгаагүй үед ямагт гэм нүгэлд хутгалдсаныг Библийн түүх бидэнд сургадаг. Ийм гэм нүглийнх нь үр дагаварт гай гамшиг нүүрлэн ирдэг байв. Гэвч тэд ийм үед Бурханыг хайн, Бурхантай ойр байхын оронд харин ч ертөнцийн эрх мэдэл, цэргийн хүчинд найдсан учраас Бурхан тэднийг үндэстнүүдийн дунд олзлогдогсод болгож, Өөрийн ивээлээс тасалж орхидог.
“Хөөрхий еэ, Израилийн Ариун Нэгэн өөд эс харан, ЭЗЭНийг үл хайж, Египет уруу тусламж гуйн одож, морьдод түшиглэдэг, тэрэгнийх нь олон, морьтонгуудынх нь хүчтэйд найдагчид аа. Гэвч Тэр бас мэргэн бөгөөд аюул гамшгийг авчирна. Тэр үгээ буцааж эс авна. Харин Тэр, ёрын мууг үйлдэгчийн гэрийн эсрэг, ёс бусыг үйлдэгчдэд туслагсдын эсрэг босох болно.” Иса 31:1-2
Хүмүүс цэргийн морьд, тэрэг, морьтонгуудад найдан, Израилийн Ариун Нэгэн болох Бурхан өөд харалгүй, Бурханыг хэрэггүй мэтээр үзэх үед Бурхан тэдэнд аюул гамшгийг авчирна гэж айлдсан. Энэ мэтчилэн израиль ард түмэн Бурханы оршихуйг үл тоомсорлон, үгийг нь дорд үзэх үед ямагт нүгэл нь ихсэж, гай гамшгаар дүүрч байсан юм.
Өчүүхэн зүйл дээр ч Бурхан хэрэгтэй гэж бодох үед бүхий л ерөөл, аврал дагаж ирдэг. Ямар ч үржил шимгүй атар газарт ч, цуст дайны талбарт ч Бурханыг нэхэж хайх газар л бол Бурханы тусламж, Бурханы хайр үргэлж хамт байсан юм.
Давид хаан түүхэнд гарсан хаадын дотроос Бурханы тусламжийг хамгийн илүүтэй нэхдэг хүн байсан. Түүнийг үргэлж л үхлийн сүүдэр мөшгөж байв. Аварга биет Голиатыг Бурханы тусламжаар хөнөөсний дараа хүртэл Саул хаан түүнийг алахаар тасралтгүй араас нь хөөж байв. Саул үхэж, хаан ширээнд суусных нь дараа ч гадна дотны дайснууд залгуулаад амь насанд нь аюул заналхийлж байсан. Тиймээс хэн хүнээс илүүтэйгээр Давидад Бурханы тусламж хэрэгтэй нөхцөл байдал тулгарч байв.
Тэр болгонд Давид үргэлж залбирлаар Бурханд ойр байж, аврал гуйж байв. Түүний үр дүнд эргэн тойрныхоо олон дайсныг няцаан хөөж чадсан төдийгүй “Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүн” гэгдэн Бурханд хүлээн зөвшөөрөгдөж байсныг бид мартах учиргүй.
Элч Паул ч мөн адил сайн мэдээ тараах явцдаа зовлон, хавчлагад олонтоо өртсөн. Харин цаг мөч бүрд Бурханы тусламжийг эрж, залбирал гуйлтаараа Бурхантай ойр байсан. Мөхөс байдлаас нь өөр сайрхах зүйл өөрт нь байхгүйг Паул ухаарсан юм. Мөхөс байдлаа ухаарсан учраас сайн мэдээний амьдралынхаа туршид үргэлж л Бурханыг нэхэж ирсэн хэрэг. Паул ийм л байсан учраас сүнсээр жинхэнэ хүчирхэг нэгэн болж, “харь үндэстнүүдийн элч” гэгдэн явсан газар бүрдээ Христийг тунхаглаж чадсан.
Бид Давид шиг, Паул шиг Бурханыг эрж хайдаг байх хэрэгтэй. Сүнс болон Сүйт бүсгүй цангасан нэгнийг дуудсан билээ. Цангасан нэгнийг буюу амийн ус хүсдэг, Бурханыг нэхдэг хүмүүсийг дуудаж амийн ус өгсөн.
Бид бүхэн итгэлийн замаар замнахдаа Бурханыг чухамхүү хэр хэрэгтэй гэж үзэн, Бурханд хэр ойр байж вэ гэдгээ эргэн хараад, Бурханы ой тойнд хамгийн үзэсгэлэнтэй төрхөөр үлдэх гэж хичээх хэрэгтэй. “Би ч хийж чадна” гээд өөртөө итгэлтэйгээр сургаал зааж, гэр бүлүүдийг хөтөлдөг онцгой удирдах чадвар бүхий төрх байдал сайхан л даа. Гэсэн хэдий ч бүх зүйл дээр Бурханд найдаж, тусламжийг нь хүсдэг бол Бурхан энэ л төрхийг маань илүү үзэсгэлэнтэй гэж харах болов уу?
Бурханыг нэхэж, ойр байх бүрд Бурхан тэрхүү төрхийг маань шууд тэнгэрийн орны кино хальсанд үлдээж байгаад мөнхийн тэнгэрийн хаанчлалд биднийг очсон хойно “Чиний амьдрал дахь хамгийн хайр булаам, эгдүүтэй төрх чинь энэ” гээд үзүүлж өгөх байх.
Бурхан бидэнд хэрэгтэйн учир шалтгааныг Библид маш олон талаас нь тайлбарласан байдаг. Бид сүнснийхээ цангааг өөрсдөө тайлж чадахгүй учраас амийн ус өгөхийн төлөө Бурхан энэ газарт ирсэн (Илч 22:17). Тиймээс бидэнд амийн усыг үнэгүйгээр өгөгч Сүнс болон Сүйт бүсгүй хэрэгтэй.
Мөн авралд хүргэхийн төлөө хоёр дахиа энэ газарт ирсэн хэмээн айлдсан (Евр 9:28). Амийн усыг өгөгч нь зөвхөн Сүнс ба Сүйт бүсгүй. Авралын хүч чадалтай Нэгэн өөр байхгүй болохоор Сүнс болон Сүйт бүсгүй бидэнд хэрэгтэй.
Мөн төгс бүтээл болъё гэвэл Сүнс болон Сүйт бүсгүй зайлшгүй хэрэгтэй (Эхл 1:27, Кол 3:10). “Бид дүр төрхийнхөө дагуу хүнийг буй болгоё” хэмээн айлдсан учраас Бурханыг дуурайсан “шинэ хүн” болон төгс болъё гэвэл бидэнд тэнгэр Эцэг, Эх маань хэрэгтэй. Хүн өөрийнхөө хүчээр төгс бүтээл болж чадахгүй. Тиймээс биднийг төгс төгөлдөр оршихуй болгон бүтээж байгаа Сүнс болон Сүйт бүсгүй хэрэгтэй юм.
Бурхан мөнх амь өгөхөөр л энэ газарт ирсэн (Иса 25:6). Мөнх амийг авч чадахгүй хүн үхэл байхгүй тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй учраас биднийг мөнх амийн биеэр өөрчлөн өгч, тэнгэрийн хаанчлалд дагуулж явахын төлөө Бурхан Сүнс болон Сүйт бүсгүй болж энэ газарт ирсэн юм. Тиймээс мөнх амь өгч, тэнгэрийн хаанчлалын замаар хөтлөн явах Сүнс болон Сүйт бүсгүй бидэнд хэрэгтэй.
Зөвхөн ингээд л болоо юу? Сионд байгаа ард түмэндээ нүглийн уучлал өгөхийн төлөө Бурхан энэ газарт ирсэн (Иса 33:20-24). Өөрөө өөртөө нүглийн уучлал өгөх боломжгүй учраас Сионд оршиж, нүглийн уучлал өгдөг Сүнс болон Сүйт бүсгүй бидэнд зайлшгүй хэрэгтэй юм.
Мөн биднийг аюул зовлонгоос татаж гаргахын тулд ирсэн (Илч 7:1-4). Бид өөрсдөө зовлон дунд тэсэж, өвчинг тэсвэрлэхэд хүч хүрэхгүй болохоор дутуу дулимаг бидэндээ туслахын төлөө ирсэн юм.
Сүнс болон Сүйт бүсгүй бол бидний Хоньчин (Дуу 23-р бүлэг). Бид ямар замаар хэрхэн яаж явах ёстойгоо мэдэхгүй замаа алдаж, хэрэн тэнүүчилж байхад Сүнс болон Сүйт бүсгүй бидний явах замыг зааж газарчилдаг. Нууцлагдсан эрдэнийг бидэнд өгч (Мат 13:44), зөв бурууг ялган салгаж, шүүж өгнө (1Кор 4:5). Бурхан ирээд харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргаж, зүрхний санааг илрүүлэх хүртэл бид юуг ч шүүж чадахааргүй өчүүхэн оршихуй байсан юм. Тийм л учраас бидэнд Сүнс ба Сүйт бүсгүй туйлын хэрэгтэй юм шүү.
Бид Бурхан л байхгүй бол юу ч хийж чадахгүй гэсэн өөрсдийнхөө байр байдлыг ухаардаг бол Бурхантай улам бүр ойр байх ёстой. Ээж нь хэрэг болох бүрд уйлдаг хөхүүл, нярай хүүхэд шиг сүнсний Эцэг Эхээсээ үргэлж чухалчлан гуйцгаая. “Тасралтгүй залбир” гэсэн нь тасралтгүй Бурханыг эрж хай, нэх гэсэн битүү утгатай.
Бүхий л ажилд Бурханыг эрж, Бурханаас гуйж, тусламж хүсдэг хүн Бурханаас хамгийн их ерөөл, хайр хүртэнэ. Бурхантай эвтэй байвал тэр үеэс бүх ерөөл бидэн дээр ирнэ.
“Одоо Түүнийг таньж, Түүнтэй эвтэй байгтун. Тэгвэл чамд сайн нь ирэх болно. Түүний амнаас зааврыг хүлээн авч, Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч. Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн уруу эргэвэл, чи дахин сэргэнэ, хэрэв чи шударга бус байдлыг майхнаасаа хол зайлуулаад, алтыг шороонд булж, офирын алтыг горхины чулуудын дунд орхих аваас Төгс Хүчит Нэгэн чиний алт болон шилмэл мөнгө болох болно.” Иов 22:21-25
Энэ үгийг ой тойндоо тунгаах аваас Бурханыг нэхэж, эрж хайдаггүй амьдралд энх тайван, эв найр, баяр хөөр гэж байхгүй.
Бусдын нүдэнд энгийн харагддаг байж мэдэх ч харин бидэнд бол хосгүй нандин эрдэнэ Бурхан бий. Тэрхүү эрдэнийг хүлээн авсан улс бид юм шүү. Бидний Эцэг, бидний Эх бол бидэнд байгаа төгс эрдэнэ, хамгийн хэрэгтэй нь гэдгийг зүрхнийхээ гүнээс гүнд дахин нэг удаа сийлье. Өдөр болгон Бурхантай ойр байж, анхаарал халамжийг нь, асарч хамгаалахыг нь хүсэх хэрэгтэй. Харанхуй ертөнцөд үнэний гэрэл болж ирээд, биднийг хөтөлж байгаа Сүнс болон Сүйт бүсгүйтэй ойрхон байвал юм бүхэн Тэдний маань тусламжин дотор сүүлчийн сайн мэдээ ч ивээлтэйгээр биелж дуусна гэдэгт итгэж байна.
Итгэгчид бол Хургыг хаашаа ч хөтөлсөн төгс дагадаг хүмүүс. Урд алхсан хөлийн мөр болгон нь бүгд тэнгэрийн хаанчлал явахад хэрэгтэй мөр болохоор Сүнс болон Сүйт бүсгүйн мөрийг нэгийг нь ч алдаж болохгүй.
Биднийг дуудаж амийн ус өгсөн Сүнс болон Сүйт бүсгүй бол бидний Хоньчин гэдгийг зөв зүйтэй ухааран, үргэлж Хоньчинтойгоо ойрхон байж, Хоньчиныхоо хариулгыг дагадаг хурганууд шиг Сүнс болон Сүйт бүсгүй хаашаа ч хөтөлсөн эцсээ хүртэл баяртай сэтгэлээр дагаж, сүнслэгээр ивээлтэй амьдрахыг бүгдээс нь хүсэж байна.