Есүс дахин ирэхдээ үүлэн дээр залран “цог жавхлан”-тайгаар залран ирнэ хэмээн Библид хэлсэн байдаг. Гэвч Тэр яагаад энгийн махан биеийн төрхөөр ирснийг би ойлгохгүй байна.
Библид Есүсийн дахин ирэхийг, цог жавхлантайгаар ирэхийг нь зөгнөсөн байдаг (Мат 24:30). Тэгвэл Есүсийн айлдсан “цог жавхлан” гэдэг нь гэрэл цацарсан махан биеийн цог жавхланг заадаг уу?
Христийн эзэмшсэн цог жавхлан гэдэг нь хүмүүсийн төсөөлж буй махан биеийн цог жавхланг хэлж байгаа биш. Гэсэн хэдий ч өнөө үед хүмүүс Есүсийн үгийг буруу тайлбарлаж байгаа нь тэд сүнслэг цог жавхлан буюу ерөөлийн талаарх Библийн сургаалыг зөвхөн махан биеийн талаас л ойлгож байгаатай холбоотой аж.
Есүс цог жавхлантайгаар залрах зөгнөл ба Түүний бодит төрх
Анхны Есүсийн талаарх зөгнөл болон түүний биелэлтийг зөв ухаарахад, Хоёрдугаар Есүсийн тухай зөгнөлийн жинхэнэ утгыг ч мөн зөв ухаарна. Есүс сүр хүч болоод цог жавхлантайгаар заларна гэсэн үг ч мөн адил юм. Анхны Есүсийн ирэлтийн талаар Библид Бурханы яруу алдар илчлэгдэж, хүч чадалтайгаар ирнэ хэмээн зөгнөжээ.
“Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ. Цөлд Бурханд маань их замыг шулуун болгогтун. … Ингээд ЭЗЭНий цог жавхлан илэрч, махбодтой бүхэн хамтдаа үзэх болно. Учир нь ЭЗЭНий ам айлдлаа” гэв.” Иса 40:3-5
“Сайнмэдээчин Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайнмэдээчин Иерусалим аа! Дуугаа хүч чадалтайгаар өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Бурхан тань энэ байна” гэж Иудагийн хотуудад хэлэгтүн. Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй, хариу нь Түүний өмнө байна.” Иса 40:9-10
Дээрх ишлэлийг зөвхөн махан биеийн ухаанаар ойлгох аваас Бурханыг энэ газарт ирэхэд нь бүх хүн Түүнийг харж чадахуйц үлэмж их сүр жавхлантай ирэх ёстой.
Харин Тэр тэгж ирээгүй. Дээрх зөгнөл нь баптисч Иохан болон Есүсээр л биеллээ олсон гэдгийг бүх христчүүд мэднэ (Мат 3:1-3). Баптисч Иохан цөлд хашхирагч нэгний дуу болохоор Бурхан буюу Есүст зориулан зам бэлтгэсэн юм. Мөн Есүс хүмүүсийн дээдэлдэг хаан юм уу язгууртны эсвэл тахилчийн гэр бүлд төрсөн биш дорд мужааны Хүү болж мэндэлсэн билээ. Есүс “Тэр хүч чадалтайгаар, цог жавхлангаар ирнэ” гэсэн зөгнөлтэйгөө адилгүй, хүн амьдардаг гэр оронд ч биш бүр үхэр, адууны тэжээлийн тэвшин дотор тавиулж байжээ (Лук 2:4-7). Тэр бас иудейчүүдийн дорд үздэг байсан нэлээн зайтай оршдог Галилын Назарт өсөж, хуурай газраас гарсан үндэс мэт Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байгаагүй (Мат 13:55, Иох 7:52, Иса 53:2).
Ийнхүү Анхны Есүс хүмүүсийн бодож байсанчлан нүдэнд харагдах алдраар ирээгүй юм. Гэсэн хэдий ч Библид Есүсийн сайн мэдээ тараах талаар “Бурханы алдар илэрхийлэгдэж, хүч чадалтайгаар ирнэ” хэмээн яагаад зөгнөсөн юм бол? Махан биеийн ухаанаар үүний хариултыг хэрхэвч олж чадахгүй. Учир нь Библид зөгнөсөн “Христийн цог жавхлан” нь хүмүүсийн хүсэн хүлээдэг махан биеийн алдар биш.
Зөвхөн итгэдэг хүмүүст л харагдах Бурханы цог жавхлан
Христийн цог жавхлан нь махан биеийн нүдэнд харагдахгүй. Харин зөгнөлөөр Христийг хүлээн авч, Христийн соёрхсон үнэний үнэ цэнийг ухаарсан хүмүүст л харагдах сүнслэг цог жавхлан гэж байдаг. Харагдаж байгаа махан биеийн алдар биш, Есүсийн соёрхсон үнэний алдрыг зөв ухаарсан элч нар Түүний агуу алдрыг харсан ба Христийн нүүрэн дэх Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн гэж нэгэн дуу хоолойгоор гэрчилсэн юм.
“Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. Тэрбээр эхэнд Бурхантай хамт байсан. … Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.” Иох 1:1-14
“Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм.” 2Кор 4:6
“Христ цог жавхлантайгаар ирнэ” гэсэн зөгнөл яг л Библийн зөгнөл ёсоор биелсэн ч, тэрхүү алдар Библийн зөгнөлд итгэхгүй махан биеийн нүдээр Христийг дүгнэх гээд байсан иудейчүүдэд огт харагдаагүй юм. Зөвхөн Христийг хүлээн авсан элч нарын нүдэнд л харагдсан аж.
Анхны Есүсийг “цог жавхлантайгаар ирнэ” гэсэн зөгнөлийн жинхэнэ утга ийм бол хоёр дахиа ирэх Есүсийн “цог жавхлан”-тай байдал ч мөн ийм байх биш үү.
Сүүлчийн шүүлтийн өдрийн өмнө махан биеэр ирэх Хоёрдугаар Есүс
Ихэнх хүмүүс Есүс дахин ирэхдээ сүүлчийн Шүүгч болж маш том шийтгэл буулгахаар ирнэ гээд, үүнийгээ цог жавхлантайгаар ирэх явдал гэж итгэдэг. Учир нь тэд Библийн зөгнөлийг зөв ойлгохгүйдээ ийн хэлдэг.
“… Харин Хүний Хүү ирэхдээ газар дээр итгэл олох болов уу? гэжээ.” Лук 18:8
Есүс дахин ирэхдээ Бурханд итгэх үнэн итгэлийг энэ газар дээрээс олж чадахгүй гэж Библид зөгнөсөн байна. Итгэлгүйгээр хэн ч аврал авахгүй. Ийм байдалд байхад нь хүмүүсийг шууд шүүх юм бол хэн ч аврагдахгүй.
Тиймээс сүүлчийн шүүлтийн өдрөөс өмнө Бурханы сонгосон ард түмнийг аврахын тулд Есүс махан биеэр хоёр дахиа ирэх болно (Евр 9:28). Иймд Есүсийн дахин ирэх өдрийг “золилтын өдөр” гэлгүй, “золилт айсуй” гэж илэрхийлсэн байдаг.
“Тэгээд тэд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг харна. Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт айсуй гэв.” Лук 21:27-28
Есүс сүүлчийн шүүлтийн өдрийн өмнө махан бие өмсөж энэ газарт хоёр дахиа ирэх хоёр зорилго бий. Эхний зорилго нь амийн үнэнийг сэргээж ариун хүмүүстээ аврал өгөх.
Түүний хоёр дахиа ирэхээс нь өмнөх нөхцөл байдал ямар байлаа? Анхны Есүсийн тогтоосон амийн үнэн Сатаны эсэргүүцлийн улмаас үгүй болж хүн төрөлхтөн мөнх амь (аврал)-д хүрэх итгэлийг эзэмших боломжгүй байв (Дан 7:25, Илч 13:6-7). Тиймээс Есүс шинэ гэрээний үнэнийг сэргээхийн тулд сүүлчийн шүүлтийн өдрөөс өмнө дахин биечлэн ирээд Хоньчны үүргийг гүйцээх ёстой (Иох 10:16). Алдагдсан шинэ гэрээний үнэнийг хэн дуртай нь сэргээчихгүй. Зөвхөн Давидын Үндэс болох Есүс дахин ирж байж л Тэрээр бүх үнэнийг сэргээн Бурханы ариун хүмүүсийг аврах болно.
“Дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном сэнтийд Залрагчийн баруун мутарт байхыг би үзэв. Мөн —Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь эвдэх зохистой вэ? хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчит тэнгэрэлчийг би харлаа. Тэнгэрт ч, газарт ч, газрын доор ч хэн ч тэрхүү хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй. Хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэх зохистой хэн ч олдоогүй тул би ихэд уйлав. Ахлагчдын нэг нь надад —Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ. …” Илч 5:1-7
Есүсийн дахин ирэх хоёр дахь зорилго нь сүүлчийн шүүлтийн өмнө үгээрээ амийн үнэнийг биечлэн гэрчилж, ёрын муу хүмүүсийг нүгэлд нь шалтаггүй болгохын тулд юм. Энэ нь Тэрээр 2000 жилийн өмнө махан биеэр ирсэн үедээ өөрсдийгөө Бурханы ард түмэн гэж нэрийдсэн иудейчүүдийн гэм нүглийг илчлээд дараа нь МЭ 70 онд Ром цэргүүдээр ёс бус израильчуудыг устгасан түүхтэй нь адил юм. Эцсийн өдрүүдэд ч мөн Бурхан Өөрөө махан биеэр ирээд үнэнийг гэрчилж, өөрсдийгөө Бурханы ард түмэн хэмээн үнэнд саад хийн ёс бусыг үйлдэж буй бусармаг хүмүүсийг гэм нүгэлд нь шалтаггүй болгох юм.
“Хэрэв Би ирж тэдэнд хэлээгүйсэн бол тэд гэм буруугүй байхсан. Харин одоо тэд нүгэлдээ шалтаггүй болов.” Иох 15:22
Нууцаар ирэх Христ
Есүс энэ газарт ирэх зорилгуудаа биелүүлэхийн тулд зайлшгүй нууцаар ирэх ёстой юм. Есүс Бурханы алдрыг нууж жирийн махан биеийн төрхөөр ирсэн. Энэ нь эрт цагт Солонгосын Чусоны үед хааны нууцаар илгээсэн байцаагч ард түмний аж амьдралыг тандаад, тэднийг зовоож буй албан тушаалтныг олж илрүүлэн шийтгэл хүлээлгэхийн төлөө зэрэг зиндаагаа нуудаг байсантай адил.
Хэрэв Есүс нүдэнд харагдах цог жавхлантайгаар ирж Өөрийгөө илчилбэл хэн Түүнээс татгалзаж зүрхлэх билээ? Бурханаас чин үнэнээр эмээдэггүй хүмүүс ч бас гаднаа Есүсийг дагаж байгаа мэт дүр эсгэж, үнэн төрхөө нууна. Тиймээс Анхны Есүс хүмүүсийн сэтгэл татахуйц төрхгүй, энгийн махан бие өмсөж ирээд шавь нартаа хүртэл Өөрийгөө Христ мөн гэдгийг цаг нь иртэл бүү хэл хэмээн айлдаж байв.
“Тэрээр Христ гэдгийг нь хэнд ч бүү хэл хэмээн шавь нартаа тушаав.” Мат 16:20
Сүүлчийн өдөр ч мөн адил. Хоёрдугаар Есүс зөвхөн амаараа л Бурханыг хүндэтгэдэг хуурамч шашинтнуудын үнэн төрхийг илчилж, үнэнийг хайрлан Библийн зөгнөлд итгэдэг жинхэнэ ард түмнээ аврахын төлөө махан бие өмсөн нууцаар ирсэн юм. Тэр нүдэнд харагдах махан биеийн цог жавхлангаар биш, зөвхөн Хоёрдугаар Есүсийг хүлээн авах Бурханы ард түмэн л харж чадах сүнслэг цог жавхлантайгаар ирсэн юм. Бурханы алдар, цог жавхлан нь Библийн зөгнөлд итгэн хүний тушаалыг биш, үнэнийг буюу Бурханы тушаалыг хайрлан сахидаг ариун хүмүүст л харагдана.
Тийм болохоор бид Есүсийн үгийг махан биеийн ухаанаар дүгнэх биш, харин бүх үнэнийг сэргээсэн Давидын Үндэс буюу Хоёрдугаар Есүсийн алдрыг Библийн зөгнөлөөр зөв ухаарах хэрэгтэй. Мөнх амийн үнэнийг соёрхсон Христийн үнэн алдрыг зөв ухаарсан элч нар шиг бид ч мөн Хоёрдугаар Есүсийг үнэнээр дамжуулан таньж хүлээн авах ёстой.