Бурхан бидэнд хайртай билээ. Дэлхийн сууриас өмнө биднийг Өөрийнхөө хайраар сонгосон. Загалмайд цовдлогдоод, сүүлчийн амьсгалаа авах тэр мөч хүртэл зөвхөн бидний энх тунхын төлөө санаа нь зовж байсан. Одоо, яг энэ мөчид ч тасралтгүй биднийг хайрласаар байгаа.
Харин бид нар Бурханд үнэхээр хайртай билүү? Бид Бурхан дотор, итгэлийн замаар алхаж байгаа хэдий ч үнэхээр чин сэтгэлээсээ Бурханыг хайрлаж байгаа юу гэдгээ дахин нэг бодож үзэх хэрэгтэй болов уу.
Иерусалимыг хайрлагчид өөдлөх болно гэсэн. Мөн нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ гэсэн байдаг (Дуу 122:6, 1Кор 2:9). Энэ жилдээ ч мөн, бид Бурханыг хайрлах сэтгэлээ зүрхэндээ нандигнан хадгалаад, Бурханы бидэнд бэлдсэн ерөөл, ивээлүүдийг бүгдийг нь авч чадах сүнслэг эрх чөлөөлөлтийн жил болоосой гэж хүсэж байна. Бурханыг хайрлаж, баяр хөөртэйгөөр Бурхантай хамт явж, тэнгэрийн хаанчлалд орох хүүхдүүд болохыг та бүхнээс хүсье.
Саяхан би интернэтээс “Хэрвээ би дахин төрвөл” гэсэн нэртэй нийтлэл уншсан юм. Нэгэн дунд сургуулийн багш сурагчиддаа “Хэрвээ би дахин төрвөл” гэсэн сэдэвтэй зохион бичлэг бичих даалгавар өгч гэнээ. Сурагчдынхаа хураалгасан даалгаврыг шалгаж байтал нэг зохион бичлэг анхаарлыг нь татжээ. Ангид нь хөгжлийн бэрхшээлтэй нэг сурагч байдаг байв. Тэр сурагч ээжийнхээ тусламжтайгаар тэргэнцэр дээр сууж сургуульдаа ирдэг байж.
Тэр сурагчийн бичсэн зохион бичлэгийн эхний мөр нь ингэж эхэлсэн байлаа. “Хэрвээ би дахин төрвөл ээжийнхээ ээж болж төрөх юмсан” гэж өөрийнхөө хүслийг бичсэн байв. Цааш нь, ээж маань өнөөг хүртэл намайг сургуульд хүргэж өгч, тарахад ирж авдаг. Өдөр шөнөгүй зөвхөн намайг л асарч халамжлах гээд ямар их зовдог бол доо. Ээжээсээ авсан хэмжээлж баршгүй их хайрыг хариулахын аргагүй учраас, хүү нь болсон би ээжийнхээ ачийг гүйцэд хариулж чадахгүй юм аа. Тийм болохоор хэрвээ ээжийнхээ агуу ач ивээлийг хариулах арга байдаг бол ээжийнхээ ээж нь болж төрөх юмсан гэж боддогоо энэ сурагч бичжээ.
Хэрвээ дахин төрвөл, эрүүл саруул биетэй төрөөд тамирчин болмоор байна, эсвэл өндрийн харайлтын тамирчин болно ч гэдэг юм уу ийм хүсэл өвөрлөж болох байтал харин энэ сурагчийн хүсэл өөрийнхөө төлөө биш байсан. Зөвхөн өөрийнх нь сайн сайхны төлөө өнөөдрийг хүртэл бүхнээ өөрт нь зориулж байгаа ээжийнхээ хайр, чин сэтгэлд яаж хариулах вэ гэж тунгаан боджээ. Эцэст нь хэрвээ би дахин төрвөл ээжийнхээ ээж нь болж төрөөд, өнөөг хүртэл ээжээсээ авсан хэмжээлж баршгүй их золиосын хайрыг эргүүлээд төлж, ачийг нь хариулмаар байгаагаа бичсэн энэ бяцхан сурагчийн бодол нь үнэхээр хэрсүү юм гэж надад санагдсан.
Хэдий богино нийтлэл байсан боловч миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Бид өөрсдийнхөө хэцүү байдлаа л эхэлж боддог. Гэтэл энэ сурагч өөрийгөө гэхээсээ илүү өөрийнх нь төлөө золиослогдсон эхийгээ бодсон учраас л “Хэрвээ би дахин төрвөл ээжийнхээ ээж болж төрөх юмсан” гэж бичсэн болов уу.
Бид зөвхөн өөрсдийнхөө л өвчин зовлон, хүнд байдлаа бодолгүйгээр, хүүхдүүдийнхээ төлөө золиосын замаар алхаж яваа тэнгэр Эхийн тухай бас бодоцгооё. Бид ч бас энэ сурагч шиг ээжийнхээ золиосыг зүрхэндээ бодоод, ээжийнхээ төлөө гэдэг хүүхдүүд болоосой гэж хүсэж байна.
Сүм гэдэг бол зөвхөн мөргөл тэмдэглэдэг тогтсон дэг жаяг бүхий газар биш. Хүүхдүүд нь Бурханаа хайрлаж, хайрын Бурхан бас хүүхдүүддээ хайраа буулгаж өгдөг газар юм. Мэдээж мөргөл тэмдэглэхдээ ч мөн Бурханыг хайрлах сэтгэл маань бидний сэтгэлд гол төв нь болох ёстой. Бурханыг хайрлахгүйгээр зүгээр л тогтсон ёс заншлаар тэмдэглэвэл тэр мөргөлийг Бурханы хүсдэг баяр хөөрийн тахил гэж хэлэхэд хэцүү.
Бид Бурханд сэтгэл зүрхээ бүрэн өргөх ёстой (Мат 22:35–38). Нийтлэлд гарсан сурагч өөрийнхөө төлөө зүдэрч байгаа ээжийнхээ хайрыг хариулахыг хүссэн шиг, бид ч бас Бурханыг хайрлах сэтгэлээр сүмдээ ирж, Амралтын өдрийн мөргөл тэмдэглэж мөн Алгасал баяраа сахиад тэнгэрийн хаанчлалыг чиглэн алхах хэрэгтэй юм.
Есүсийн 12 дагалдагчдаас Петр болон Искариотын Иудасын тухай нэг бодож үзэцгээе. Тэд анх бүгд л Есүсийг хаа ч явсан дагадаг шавь нар нь байсан. Харин нэг нь хайрын сэтгэлээр эцсээ хүртэл Есүсийг дагаад амиа золиослогчийн замыг сонгосон, харин нөгөө нь Есүсийг 30 мөнгөн зоосоор худалдаад, Есүсийг загалмайд цовдлуулсан урвагч болсон. Бурханыг чин зүрхнээсээ хайрласан хүн ба тэгж чадаагүй хүний төгсгөл нь эрс тэс өөр байна.
“Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс, Симон Петрт —Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хургануудыг минь тэжээ гэлээ. Дахин Есүс хоёр дахь удаагаа түүнд —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хоньдыг минь хариул гэлээ. Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Тэрээр гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ.” Иох 21:15–17
Есүс Петрт Бурханы хонин сүргийг даатгаж өгөхдөө “Чи Намайг хайрладаг уу?” гэж асуусан. “Чи Намайг хайрладаг уу?” “Тийм ээ, Эзэн.” “Чи Намайг хайрладаг уу?” “Танд хайртайг минь Та мэднэ.” Есүсийг ингэж их хайрлаж байсан Петрийн энэ сэтгэл анхны сүмийн үндэс суурь нь болсон билээ.
Бурхан, хэрэв өнөөдөр биднээс үүнтэй адилхан асуулт асуувал бид нар “Тийм ээ, Эзэн” гэж зүрхнийхээ угаас хариулж чаддаг байх хэрэгтэй бус уу? Намайг аврахаар загалмайн зовлонг эдэлж, мөн махан бие өмсөн дахин ирээд, өнөөдрийг хүртэл бидний төлөө ажиллаж байгаа Эцэг Эхийн золиос, зүтгэлийг дахин нэг тунгаан бодоцгооё. Бидний санаанд ганцхан загалмайн золиосын тухай л орж ирдэг. Харин энэ түүхийг бүтээх гэж Мосегийн үеэс Есүсийн үе хүртэл 1500 жил гэдэг уртаас урт он жилүүдэд, өдөр бүр өргөгддөг шатаалт тахил бүр нь Бурханы золиос, хайрыг илэрхийлж, бэлгэдэж байсан юм. Бурхан нүгэлтэн болсон хүүхдүүдээ аврахаар энэ газар ирээд, бидний нүглээс болж үхлийн дээсийг давах тэр золиосыг Өөртөө авсныг нь бид заримдаа умартан амьдарч байгаа мэт санагдах юм.
Бурхан яруу алдрын тэнгэрийн хаанчлалдаа амар амгалан тухалж байж болох л байсан. Гэтэл яагаад энэ газар хүртэл ирээд, хүмүүсийн дарамт, саадыг авсан билээ? Бодоод үзвэл энэ бүхэн биднээс болсон шүү дээ. Биднийг тэгтлээ их хайрласан болохоор тэр юм.
Бурханд хайртай хүн бол бага хөлс өглөө гээд эсвэл өндөр албан тушаал өгсөнгүй гэж Бурханаас урвадаггүй. Искариотын Иудаст Бурханыг хайрлах сэтгэл байгаагүй. Тэр Бурханаас илүү эд хөрөнгийг хайрласан.
Харин бид Петр шиг, Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, эцсээ хүртэл дагадаг тийм итгэлийн замаар алхацгаая. Бурханы хайрыг ухаараад, тэрхүү хайранд хэрхэн хариулах вэ гэж үргэлж тунгаан бодох аваас Искариотын Иудас шиг мунхаг үйлдэл хийхгүй нь гарцаагүй юм.
“Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрэлээ үзүүлдэг.” Гэт 20:6
Бурханыг хайрладаг хүнд мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлнэ гэсэн. Бурхан хүн болгонд ийм том шагнал өгдөггүй! Энэ ишлэлийг сайн бодож үзвэл энэ дэлхий дээр үй түмэн хүн амьдардаг ч Бурханыг үнэхээр чин сэтгэлээсээ хайрладаг хүн цөөхөн гэдгийг мэдэж авч болох юм.
“Эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгч та нар дундаас гарч, чамд тэмдэг, гайхамшгийг таниулаад, чамд урьдчилан хэлсэн тэрхүү тэмдэг, гайхамшиг нь биелж тэрээр “Чиний мэддэггүй байсан өөр бурхдыг цөмөөрөө даган тэдэнд зарагдацгаая” гэж хэлсэн ч чи тэр эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгчийн үгийг бүү сонс. Учир нь бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь ЭЗЭН Бурхан чинь шалган үзэж байгаа юм.” Дэд.Хуу 13:1–3
Бурхан биднийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ Бурханд хайртай эсэхийг минь шалган үзэж байгаа хэмээсэн. Заримдаа бид Бурханыг бодохоосоо илүү өөрийгөө хайрлаж, Бурханы яруу алдрыг бодохоосоо өмнө өөрийнхөө яруу алдрыг боддог хэрнээ Бурханы ивээл, золиосын тухай амаараа л хий ярьж байгаа бол энэ нь туйлын хүлцэл эрмээр хэрэг болно.
Зөвхөн өөрийнхөө төлөө бодох биш, Бурханыг нэг бодож үзэцгээе. Төгс хүчит Бурхан юуны төлөө сүр хүчээ хойш тавин, энэ газар хүртэл ирээд бидэнтэй хамт байгаа билээ гэдгийг бид үргэлж сэтгэлдээ тунгааж, Эцэг Эхээ дээдлэн хүндлэх хэрэгтэй. Бурханы яруу алдрыг, Бурханы өвдөлтийг эхлээд боддог хүн л жинхэнэ Бурханд хайртай хүн юм.
“ЭЗЭН Та, Өөрийн бүх дайснаа ийнхүү устгаач. Харин Түүнийг хайрлагчид нь мандаж байгаа сүрлэг нар мэт байг. Ингээд энэ газар нутаг дөчин жилийн турш амар жимэр байлаа.” Шүү 5:31
Энэ ишлэл бол Израилийн эмэгтэй эш үзүүлэгч Дебора Бурханыг хайрлагчдын төлөө Бурханаас ерөөл хүссэн гуйлт юм. Бурханыг эсэргүүцэгч дайснуудыг бүгдийг нь устгаж, харин Бурханыг хайрлагчид мандаж байгаа нар мэт байг гэж тэрээр хүссэн байна.
Сүнсээрээ хүчтэй Бурханы хүүхэд болохын тулд юуны түрүүнд Бурханыг хайрладаг сэтгэл байх хэрэгтэй. Би авралын зар сайн тараадаг, би Библийн хичээл сайн заадаг, би дүүргийн дарга, хорооны дарга, эсвэл би зөнч гэдгээ урьтал болгохоосоо өмнө, би үнэхээр Бурханыг хайрладаг хүн мөн үү гэдгээ сайн бодож үзээрэй. Бурхан биднээс “Чи ямар албан тушаалтай вэ?” эсвэл “Чи юуг сайн хийдэг вэ?” гэж ерөөсөө асуугаагүй ээ! Зөвхөн “Чи Намайг хайрладаг уу?” гэж л асуусан. Бурхан энэ асуултын хариуд “Тийм ээ” гэж хариулж чаддаг тийм хүүхдийг л хайх болно.
Соломон хааны мэргэн ухаан ба яруу алдар мөн Соломоны үеийн Израиль улсын хүчирхэг байдал гээд энэ бүгд түүний Бурханыг хайрлах сэтгэлээс нь үүдэлтэй юм.
“Соломон эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж, ЭЗЭНд хайртай байсан хэдий ч… Соломон тэр тахилын ширээн дээр мянган шатаалт тахил өргөлөө. Гибеонд байхад шөнө нь Соломоны зүүдэнд ЭЗЭН үзэгдэж —Би чамд юу өгөх вэ? Надаас гуйгтун гэж Бурхан айлдав. … —Та Өөрийн боол, миний эцэг Давидыг өмнө тань үнэн, зөвт бас шулуун шударга зүрх сэтгэлээр явсны учир агуу их хайр энэрлийг үзүүлсэн билээ. Та энэ агуу хайр энэрэлээ түүнд хадгалж, өнөөдөр түүний сэнтийд залрах хүүг түүнд өгсөн билээ. Одоо ЭЗЭН Бурхан минь ээ, хэдийгээр би балчир хөвгүүн боловч Та Өөрийн зарц намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ. Таны зарц би тоолж бүртгэж чадахааргүй тоо томшгүй, Таны сонгосон агуу их ард түмний дунд байна. Тиймээс Таны ард түмнийг засаглахын тулд ухааран ойлгох зүрх, сайн мууг ялгаж салгах ухааныг Өөрийн зарцдаа өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн засаглаж чадах билээ? гэв. Соломон энэ зүйлийг гуйсан нь ЭЗЭНий мэлмийд таашаагдав.” 1Хаа 3:3–10
Хэрэв Соломон Бурханыг хайрлаагүй бол, Бурханаас ерөөл авах боломж олдоход магадгүй өөрийнхөө төлөө ямар нэг зүйлийг гуйх байсан биз ээ. Харин тэр шударга бус шүүлтийн улмаас Бурханы ард түмэн золиослогдох вий гэсэндээ сайн мууг ялгаж үнэн мөнийг шүүдэг мэргэн ухааныг Бурханаас гуйдаг. Соломоны энэ гуйлт Бурханд таашаагдсан билээ.
Бурханыг хайрладаг хүн цаг ямагт Бурханы хүсэлд нийцсэн бодолтой байдаг хэмээсэн. Мөн Бурхан Өөрийн ард түмэндээ ганц зүрхийг өгнө гэсэн (Езе 11:19–20). Бүх ах дүүс, эгч дүүс Бурхантай нэг сэтгэлтэй байхын тулд бүгдээрээ Бурханыг хайрлах сэтгэлтэй байх ёстой.
Бурханыг хайрлах ёстой нэг шалтгаан бий. Нүгэлд хутгалдсан бид сүнсээр харвал өөрсдөө юуг ч хийж чадахгүй учраас зөнгөөр нь орхичихвол үхэхээс өөр аргагүй байдалд хүрэх юм. Харин ийм бидэнд зөвхөн тэнгэр Эцэг, Эх минь л анхаарлаа хандуулсан билээ. Яавал хүүхдүүдээ аварч гаргах вэ гэсэндээ Эцэг Өөрөө ирээд 37 жилийн зовлонт амьдралыг туулсан. Мөн Эх өнөөдөр энэ мөчид ч бидэнтэй хамт байгаа.
Бидний тэнгэр Эцэг, Эх маань махан биеэр энэ газар ирээд найрсаг сайхан угтуулж, хүндлүүлсэн билүү? Хэрэв тэгсэн бол энэ нь Библийн зөгнөлтэй авцалдахгүй байх байсан. Харин өдөр шөнөгүй шаналан залбирч, хүүхдүүдийнхээ нүглийн хүнд ачааг ганцаараа үүрсэн. Хүүхдүүдээ л аварч байвал Өөрийг нь хүмүүс доромжилж, басамжилж, эсэргүүцэн дарамталж байсан ч тэр бүхнийг юу ч биш зүйлд тооцон бүх зовлонг Өөртөө авсан. Нэг удаа очоод үхлийн зовлон амссан газраа дахиад очдог ямар хүн байх билээ? Харин Бурхан биднийг аврахаар дахин ирсэн.
Бид өөрийнхөө л өвдөлт, зовлондоо санаа зовних биш харин бидний төлөө ирээд зовлон амссан Бурханыг нэг бодож үзээд, хүнд бэрх байдлаа ялан гарцгаая. Миний төлөө золиослогдсон тэр хайрыг ухаараад, Бурханыг хайрлаж, чин сэтгэлээсээ, зүрхнийхээ угаас Бурханд талархаж, яруу алдрыг өргөцгөөе. Бурхан биднээс “Хэрвээ чи дахин төрвөл яах вэ?” гэж асуух аваас бид ч бас “Эцэг Эх Бурханыг улам их хайрладаг хүүхэд болж төрмөөр байна” гэж хариулж чаддаг байх хэрэгтэй бус уу? Бидний төлөө золиослогдсон Бурханы төлөө миний хийж чадах юм юу билээ гэж эргэцүүлэн боддог тийм хүүхэд болохыг та бүхнээс чухалчлан хүсье.
Соломон хаан Бурханд хайртай байсан учраас түүнд мэргэн ухаан өгөгдөж, Бурхан Соломоны хийсэн бүгдийг нь сайн болгож ерөөсөн. Соломоны эцэг Давид ч мөн Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрласан. Дуулал номноос үзвэл Давид “Эзэн, Тандаа би хайртай” гэж дуулсан байдаг.
“Хүч минь болдог ЭЗЭН, Тандаа би хайртай. ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч, миний Бурхан, миний хоргодох хад, миний бамбай, миний авралын эвэр, миний бэхлэлт юм. Магтуулах учиртай ЭЗЭНийг би дуудаад, дайснуудаасаа би аврагдсан. Үхлийн хүлээс намайг хэрж, мөхлийн урсгал намайг дайрч Үхэгсдийн орны уяа намайг хэрж, үхлийн урхинууд миний өмнө тулгарахад зовлон шаналан дотроо ЭЗЭНийг би дуудаж, Бурхандаа би хашхирсан. Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож, Түүний сонорт хашхираан минь хүрсэн билээ. …” Дуу 18:1–11
Давид энэ шүлгээ бичихдээ хамгийн эхний мөрөнд “Хүч минь болдог Эзэн, Тандаа би хайртай” гэж эхэлсэн байна. Давид ч бай, Соломон ч бай, аврал авсан Библийн бүх баатрууд ямар нэгэн үүрэг даалгавраар биш, харин Бурханыг чин сэтгэлээсээ хайрлах сэтгэлтэй байсан учраас тэд агуу үйлсийг гаргаж чадсан юм. Үүрэг даалгавраар хийсэн аливаа ажил цаг хугацаа өнгөрөхөд хүч барагдаж, зовлонтой санагдаж, хүчгүй болгодог. Харин эсрэгээрээ, хайраар хийвэл огт өөр байдаг. Хүүхдүүдээ аврах гэсэн эцэг эхчүүд хэдэн өдөр ч хамаагүй нүд цавчилгүй шөнийг өнгөрөөсөн ч ядарч цөхрөхөө мэддэггүй. Энэ бол хайрын хүч юм.
Та бүхэнд зарим үед сайн мэдээний ажил хүнд хэцүү санагдвал Бурханыг хэр их хайрлаж байгаагаа нэг бодож үзэхийг хүсье. Би ийм ажил хариуцсан учраас энэ ажлыг хийж байгаа гэж бодвол их хэцүү санагдах болно. Харин Бурханыг хайрласан сэтгэлээр энэ ажлыг хийвэл огт зүдрэхгүй. Хайр байхгүйгээр хийсэн ямар ч ажил утгаа алдах юм (1Кор 13:1–3). Бурханыг хайрлах сэтгэлээр хийсэн аливаа ажлыг л сайн мэдээ гэж хэлж болно.
Бид өнөөг хүртэл Бурханаар хайрлуулж байсан бол, одооноос эхлээд бага ч болов Бурханаа хайрлацгаая. Бурханд яруу алдрыг өргөж, Бурханаа хүндэтгэе. Давид шиг, Соломон шиг үргэлж Бурханыг хайрлавал Тэрээр бидэнд мэргэн ухаан болон ерөөлийг зөвшөөрч өгөх болно.
Дэлхий дээр Бурханыг хайрлахаасаа илүү өөрийгөө хайрладаг үй олон хүн байгаа. Харин бид бол Бурханд хайртай хүмүүс. Бурханыг хайрлах сэтгэлээр зүрх сэтгэлээ дүүргээд, итгэлээрээ тэнгэр Эцэг, Эхдээ илүү их яруу алдрыг өргөөд, Эцэг Эх биднийг хаашаа ч хөтөлсөн хайрын сэтгэлээр эцсээ хүртэл дагахыг хүсье. Эцэг Эхийн бэлдсэн мөнхийн тэнгэрийн хаанчлалд бүгдээрээ хамтдаа гар гараа бариад орж чадах Сионы гэр бүлийнхэн болоорой гэж хүсье.