Еврей эх бичвэрт Бурханыг “Елохим” гэж олон тооны нэр үгээр бичсэн байдаг. Тэгэхээр Бурхан ганц биш гэсэн үг үү?
Таны хэлсэнчлэн еврей хэл дээрх Библийн олон газар Бурханыг “Елохим (אֱלֹהִים)” гэж илэрхийлсэн байдаг. Бурхан нэг гэдгийг бүгд мэддэг ч “Елохим” гэсэн нэр томьёо нь энэхүү нийтлэг ойлголтыг бүрэн үгүйсгэдэг. Учир нь “Елохим” гэдэг үг нь олон тооны утгатай.
Зарим хүн Библид “Елохим” гэдэг үгийг Бурханы бурханлаг чанар, хүч чадлынх нь бүрэн төгс байдлыг илэрхийлэх гэсэндээ юм уу эсвэл Ариун Гуравын сэнтий нэгийн Бурханыг илэрхийлэх зорилгоор ашигласан гэж үздэг. Харин энэхүү үзэл Библийг буруу ойлгосноос үүдэлтэй юм. Одоо Елохим гэдэг үгийн тодорхой утгыг болон Библид Бурханыг яагаад “Елохим” гэж илэрхийлснийг мэдэж авцгаая.
Библи дэх оньсого мэт үг “Елохим”
“Елохим” гэдэг нэр томьёо нь Библи болон хэл судлаачдын дунд ихээхэн маргаантай хэвээр байгаа үг юм. Христийн шашны Бурханыг цорын ганц Бурхан гэдгээр нь хүмүүс мэддэг байхад еврей хэлний Библид “Елохим” буюу “Бид” гэж бичсэн байдаг. Иймийн тул Библийг урт удаан хугацаанд судалсан эрдэмтэд ч хүртэл үүний утгыг сайн ойлгож чадахгүйдээ “нууц” гэдэг.
Елохимын утга
“Елохим (אֱלֹהִים)” гэх еврей үг нь “Елоах” (אֱלוֹהַּ) гэсэн ганц тооны нэр үгэн дээр олон тооны “-им” гэсэн нөхцөлийг залгаж үүссэн үг бөгөөд шууд утгаараа “Бурхад” гэсэн утгатай. “Елохим” нь еврей хэлээр бичигдсэн хуучин гэрээний Библид Бурханыг дурдахдаа хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэр томьёо юм.
Тэнгэр газар, түмэн бодисыг бүтээсэн Бурхан, израильчуудыг Египетийн нутгаас гаргаж Арван тушаалаа тунхагласан Бурхан, шинэ гэрээний үеийн итгэгчид өчүүхнээсээ агуу нь хүртэл мэдэх Бурхан… Библийн энэ бүх тэмдэглэлд Бурханыг “Елохим (Бурхад)” гэсэн үгээр бичсэн байдаг (Эхл 1:1-31, Гэт 20:1, Иер 31:33).
“Бид” дүр төрхийнхөө дагуу “бидэнтэй” адилхан хүнийг буй болгоё
“Эхэнд Бурхан (Елохим) тэнгэр ба газрыг бүтээжээ.” Эхл 1:1
“Тэгэхэд Бурхан (Елохим) —Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов.” Эхл 1:3
Эхлэл номын 1-р бүлгээс эхлэн Елохимын тухай тэмдэглэл гарч ирдэг. Тэнгэр газар түмэн бодисыг бүтээсэн Бурхан бол Елохим буюу Бурхад юм. Мөн хүнийг ч Елохим Бурхан бүтээсэн. Энэ тухайд шинэчилсэн орчуулгын солонгос Библиэс юм уу англи Библиэс ч харж болно.
“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё.” Эхл 1:26
“Then God said, “Let us make man in our image, in our likeness …” Ge 1:26
Дээр дурдсанчлан Бурхан хүнийг бүтээхдээ Өөрийгөө “Би” гэж биш “Бид” гэж хэлсэн байдаг. Библид яагаад Бурханыг “Бид” гэж тэмдэглэсэн юм бол? Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүний төрхөөс энэ талаар мэдэж болно.
“Ийнхүү Бурхан (Елохим) Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы (Елохим) дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхл 1:27
Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүн бүтээгдсэн байдаг нь эрэгтэй, эмэгтэй дүр төрхтэй хоёр Бурхан байдгийг нотолж байна.
Сүнс болон сүйт бүсгүй болж илчлэгдсэн Елохим Бурхан
Хүмүүсийн нийтлэг ойлголтыг үнэн мэтээр буруу тайлбарладаг хүмүүс Бурханыг зөвхөн Эцэг гэдэгт л итгэж ирсэн. Улмаар тэд өөрсдийнх нь бодолтой харшлах аливаа логикийг үгүйсгэдэг. Гэвч Бурханы эрэгтэй, эмэгтэй дүр төрх байдгийг Библид тодорхой гэрчилдэг. Эхлэл номын 1-р бүлэгт бичигдсэн Елохимын нууц Библийн сүүлчийн Илчлэл номонд тодорхой тайлагдсан байдаг.
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17
Хүн төрөлхтөнд амийн ус үнэгүй өгч, авралын түүхийг удирдаж байгаа Сүнс ба Сүйт бүсгүй бол Эхлэл номын 1-р бүлэгт тэнгэр газрыг бүтээсэн эрэгтэй, эмэгтэй дүр төрхийн Бурхад юм. Сүнс нь Ариун Гуравын сэнтий нэгийн дагуу авч үзвэл Эцэг Бурхан юм. Тэгвэл Сүнстэй (Эцэг Бурхан) хамт амийн ус өгөх Сүйт бүсгүй хэн байж таарах вэ? Сүйт бүсгүйн оршихуйг илүү дэлгэрэнгүй судалцгаая.
“Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.” Илч 21:9
Элч Иоханы илчлэлтээр харсан Хурганы эхнэр буюу сүйт бүсгүй бол тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалим юм. Иерусалим нь бэлгэдлийн чанартай илэрхийлэл бөгөөд бодит нь элч Паулын гэрчлэлд гарч ирдэг.
“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26
Дээр (тэнгэрт) оршигч Иерусалим нь бидний Эх. Энэ нь Сүнс ба Сүйт бүсгүй бол бидний сүнсийг аврах тэнгэр Эцэг Эх гэсэн үг юм.
Зөгнөлийн дагуу энэ үеийн Аврагч болон илчлэгдсэн Эцэг Бурхан, Эх Бурхан бидэнд Бурханы бүтээл болон авралын зүй тогтлыг мэдүүлсэн юм. Түүнчлэн бидэнд Эцэг Эхийн соёрхох авралын урилгыг бүх хүнд дамжуулахыг тушаасан. Ийм эрхэм үүрэг хүлээсэн хүүхдүүд бид авралын мэдээг түгээн, Елохим Бурханыхаа яруу алдрыг дэлхий дахинд илчлэх учиртай.