Бурханаас эмээсэн тул

Гэт 1:15-21

13,114 үзэлт

Иаковын үр удам Египетэд очсон үеэс израильчуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж Египетийн ард иргэдээс ч олшров. Иймд Египетийн хаан айдаст автан еврей эх баригч Шифра Пуа хоёрыг дуудан тэдэнд хүндээр ийн тушаав.

“Та нар еврей эмэгтэйчүүдийг амаржихад нь эх барихдаа хүү байхыг харвал үхүүлж, харин охин байвал амьд үлдээ.”

Хэрэв тэд хааны тушаалыг зөрчвөл үхлээс мултрах аргагүй байв. Гэвч Бурханаас эмээсэн хоёр эх баригч хааны тушаасныг зөрчиж, хөвгүүдийг амьд үлдээжээ. Үүнийг сонсоод Египетийн хааны уур дүрэлзэж Шифра Пуа нарыг бариулав.

“Юунд та нар миний тушаалыг зөрчин хөвгүүдийг амьд үлдээв?”

Бурхан эх баригчдад мэргэн ухаан хайрлаж тэд аюулаас мултран гарчээ.

“Еврей эмэгтэйчүүд египет эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд хүч тэнхээтэй болохоор эх баригчийг тэдэн дээр ирэхээс өмнө төрчихсөн байх юм.”

Бурхан эх баригчдад сайнаар хандан тэдэнд гэр бүл бий болгон өгч, израиль ард түмний тоо ч олшров.

Хоёр эх баригч хэрэв хааны тушаалыг зөрчсөн бол амь насанд нь ч аюул учирч мэдэхээр байв. Гэвч тэд Бурханы талд зогсохоор шийдсэн юм. Амь нь аюулд орсон ч өөрсдийн үндэстэндээ хор учруулахыг төвдөөгүй тэд аюулаас мултран гарах мэргэн ухаан төдийгүй гэр бүл нь өнөр өтгөн болох ерөөл Бурханаас авсан байна.

Эх баригчид үхэх сэхэх нь шийдэгдэх сонголтын салаа зам дээр Бурханы талд зогссон нь Бурханаас эмээсэнтэй нь холбоотой аж. Бурханы хаанчлалын харьяатууд цаг мөч бүр юун түрүүнд Бурханы хүслийг боддог.

Итгэлийн амьдралын аянд элдэв бэрхшээлтэй тулгарч, сонголт хийхэд хэцүүхэн үе бидэнд гардаг. Тэгэх бүрийд бид Бурханаас эмээх сэтгэлээр шийдвэр, үйлсээ гаргацгаая. Чингэх аваас тэнгэрийн төгс төгөлдөр мэргэн ухаан болон асар их ерөөл бидэнд өгөгдөх юм.

“Түүний ариун хүмүүс ээ, Та нар ЭЗЭНээс эмээгтүн! Учир нь түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй.” Дуу 34:9