Мосегийн хууль дагадаг иудейн шашин ба Христийн хууль дагадаг Христийн шашны хооронд ялгаатай тал олон бий. Түүний нэг нь хоол хүнстэй холбоотой тушаал юм.
Одоо Еден цэцэрлэгийн үеэс эхлэн Мосегийн хуулийн үе, цаашлаад анхны сүмийн үе хүртэл Бурхан хоол хүнсний асуудлын тухайд хэрхэн хуульчилж өгснийг нь дэс дарааллын дагуу авч үзээд, энэ тал дээр бидний мөрдөх ёстой шинэ гэрээний хууль нь юу болохыг нягталж үзэцгээе.
Үе тус бүрд өгөгдсөн хоол хүнс
1. Еден цэцэрлэгт өгөгдсөн хоол хүнс
Еден цэцэрлэгт Бурхан хүн төрөлхтөнд үрт ургамал, үрт жимс бүгдийг хоол хүнс болгон өгчээ.
Бурхан —Үзэгтүн, газрын гадарга дээрх үрт өвс ногоо бүрийг, үрээ гөвдөг үр жимст мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно. Эхл 1:29
Еден цэцэрлэгт үрт ургамал, үр жимс гэсэн хоол хүнсний талаарх зарлиг Адам Ева хоёр Еденээс хөөгдсөний дараа ч хүртэл хүчин төгөлдөр байлаа. Тэд Еденээс хөөгдсөний дараа газар тариалангийн ашиг шимийг хоол хүнсээ болгож байв.
2. Үерийн дараа өгөгдсөн хоол хүнс
Үерийн дараа Бурхан ургамал ногоог төдийгүй мал амьтдыг ч бас Ноагийн гэр бүлд хоол хүнс болгон зөвшөөрчээ.
Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо Би энэ бүхнийг та нарт өгч байна. Эхл 9:3
Ноагийн үед тогтоосон хоолны талаарх тушаал Мосед хууль өгөгдөх тэр үеийг хүртэл хэвээр үргэлжилж байлаа.
3. Хуультай хамт өгөгдсөн хоол хүнс
Бурхан Мосегийн үед Арван тушаал гэх мэт Бурханы ард түмний зайлшгүй сахих ёстой олон хууль өгчээ. Тэдгээрийн нэг нь хоол хүнстэй холбоотой тушаал байсан юм.
Аль ч үед Бурханы тушаалыг дагаж байна уу, үгүй юү гэдэг нь Бурханы ард түмэн мөн эсэхийг ялгах хэм хэмжүүр болж байсан нь тодорхой.
Чи ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. Дэлхий дээрх бүх ард түмний дотроос чамайг Өөрийнхөө ард түмэн болгохоор ЭЗЭН сонгосон билээ. Чи жигшмээр муухай юуг ч бүү ид. Дэд.Хуу 14:2-3
Тухайн үед Бурхан Өөрийн ариун ард түмэн болох израильчуудыг харь үндэстнээс ялгах нэгэн тэмдэг болгож хоол хүнсийг нь дараах байдлаар зааглаж өгчээ.
ЭЗЭН дахин Мосе, Аарон нарт айлдахдаа —Израилийн хөвгүүдтэй ярин “Газар дээрх амьтан бүгдээс та нарын идэж болох амьтад энэ болой. Амьтдын дундаас туурай нь салаалсан буюу ац туурайтан, сэвсээ хивдэг амьтдыг та нар идэж болно. … сэрвээтэй, хайрстай болгоныг та нар идэж болно. … Лев 11:1-23
Мосегийн үед Бурханы ард түмэндээ өгсөн хоол хүнс дундаас идэж болох газар дээрх цэвэр амьтад нь туурай нь салаалсан буюу ац туурайтан, мөн сэвсээ хивдэг амьтад юм. Харин сэвсээ хивдэг боловч ац туурайтан биш бол эсвэл туурай нь салаалсан буюу ац туурайтан мөртлөө сэвсээ хивдэггүй амьтдыг бузарт тооцоод идэж болдоггүй байв.
“Цэвэр амьтан”, “бузар амьтан” гэж ангилсан хоол хүнсний асуудал нь израиль үндэстний сахих ёстой нэгэн тушаал болж Есүсийн үеийг хүртэл урт удаан хугацаанд тэдний амьдралд нь тогтоод байсан билээ.
4. Христчүүдэд өгөгдсөн тушаал
Бурхан Еден цэцэрлэгийн үеэс эхлээд үе тус бүрд тухайн цагт таарч тохирох хоол хүнсний талаар хуульчилж өгч байсан шигээ элч нарын үед ч мөн христчин хүний хувьд хэрэглэх ёстой хоол хүнсийг шинэ гэрээнд тушаалаар өгчээ.
Учир нь Ариун Сүнс болон бидэнд эдгээр зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт үл тохох нь зүйтэй хэмээн санагдаж байна. Энэ нь, шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас хол байгтун. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай. Үйл 15:28-29
Ангилал | Идэж болох хоол хүнс | Идэж болохгүй хоол хүнс | Библийн ишлэл |
---|---|---|---|
Еден цэцэрлэг | Үрт ургамал болон үр жимс | Эхл 1:29 | |
Үерийн дараа | Ургамал ногоо болон амьтад | Эхл 9:3 | |
Мосегийн хуулиас хойш | Цэвэр амьтад (Жишээ: Ац туурайтан болон сэвсээ хивдэг амьтад) | Бузар амьтад (Жишээ: Ац туурайтан биш эсвэл сэвсээ хивдэггүй амьтад) | Лев 11-р бүлэг |
Христээс хойш | Идэж болохгүй гэж заасан хоол хүнснээс гаднах бүх хоол хүнс | Шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс | Үйл 15:28-29 |
Цэвэр амьтад ба бузар амьтад
1500 жилийн урт удаан хугацаанд уламжлан сахиж ирсэн хоол хүнстэй холбоотой тушаал элч нарын үед яагаад өөрчлөгдсөн юм бол? Энэ талаар ойлгоё гэвэл хуучин гэрээний үед тушаал болж өгөгдсөн цэвэр болон бузар амьтдын талаар мэдэх нь чухал юм. Мосегийн үеэс л цэвэр амьтад ба бузар амьтад нь иудейчүүд ба харь үндэстнүүдийг хооронд нь ялгаж зааглах хэм хэмжүүр болж иржээ. Үнэн хэрэгтээ харь үндэстнүүдийг бузар гэж үздэг нь тэдний хэрэглэдэг хоол хүнснээс болсон хэрэг. Тиймээс иудейчүүд харь үндэстнүүдтэй дотносдоггүй бөгөөд энэ нь бүгд хоол хүнстэй нь холбоотой байв.
Петрт тохиолдсон явдлаас ч энэ талаар мэдэж авч болно.
Бурханд чин үнэнээр итгэж, олон сайн үйлс хийдэг байсан Италийн ангийн нэгэн зуутын дарга Корнел нэг өдөр үзэгдэл харжээ. Иоппад байгаа Петр гэдэг хүнтэй уулз хэмээн тэнгэр элч Корнелд хэлэв. Тэгээд тэр Иоппа руу хүн явуулжээ.
Харин Иоппад байсан Петр энэ үеэр хэт хөөрөлд автан тэнгэр нээгдэж нэгэн сав доошилсоор байхыг харав. Том бүтээлэг мэт нэгэн сав дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харлаа. Дотор нь бүх дөрвөн хөлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байж. Тэгтэл нэгэн дуу гарч түүнд “Петр ээ! Бос, нядлаад ид” гэв. Харин Петр “Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч бузар хийгээд цэвэр бус юм идэж байгаагүй” гэлээ. Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч түүнд “Бурханы цэвэр болгосон юуг ч бузар гэж бүү нэрлэ” гэв. Энэ нь гурав дахин давтагдаад мөнөөх сав тэр даруйдаа тэнгэр өөд өргөгдөн авагджээ.
Петр харсан үзэгдлээ ямар утгатай болохыг ойлгож ядан байлаа. Яг тэр үед Корнелын илгээсэн хүмүүс Петртэй уулзахаар иржээ. Маргааш нь Петр болон ах дүүсийн зарим нь мөнөөх хүмүүстэй хамт Кайсарид Корнел руу очив. Петр олон хүн цугласныг хараад ийн хэлэв.
… —Иудей хүний хувьд өөр үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар хийгээд цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа. Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. … Үйл 10:28-29
Петр үзэгдэл дотроо том бүтээлгэнд байсан амьтдыг харахад цэвэр болон бузар амьтдын аль аль нь байж. Иймд тэрээр идэхийг хүссэнгүй.
Тэгэхэд нь тэнгэрээс нэгэн дуу гарч түүнд “Бурханы цэвэр болгосон юуг ч бузар гэж бүү нэрлэ” гэв. Петр энэ үгийг нь “иудейчүүд ба харь үндэстнүүд”-ийн харилцаа гэж тайлбарлав. Бурхан махан биеийн иудейчүүд ба харь үндэстнүүдийн хоорондын зааг ялгааг хэдийнээ алга болгосон гэдгийг нь Петр ухаарч, тэр цагаас хойш Бурханы сайн мэдээг харь үндэстнүүдэд ч мөн тунхаглах ёстойг мэдэж авав.
Махан биеийн талаас нь үзвэл иудей хүн (цэвэр амьтан) болох Петр харь үндэстнүүдтэй (бузар амьтантай) уулзах нь Мосегийн хууль зөрчсөн хэрэг гэдгийг мэдэж байлаа. Харин Бурхан бузар байсан харь үндэстнүүдийг цэвэр болгосон тул тэр цагаас хойш харь үндэстнүүд гэж эс цааргалан тэдэнтэй уулзахаар ирснээ тэрээр гэрчилж байв.
Иудейчүүд ба харь үндэстнүүд
“Петр ээ! Бос, нядлаад ид” гэдэг нь “Арьсны өнгөөр ялгалгүй, дэлхийн бүх үндэстэнд сайн мэдээ тараа” гэсэн утгатай юм. Харь үндэстэн, иудей хүн гэж ялгалгүй, сайн мэдээ хүлээн авах л юм бол цөмөөрөө тэнгэрийн хаанчлалд орж чадна аа гэсэн утгаар том бүтээлэгт байсан элдэв амьтад тэнгэр өөд өргөгдсөн юм.
Тэр үеэс иудейчүүд ба харь үндэстнүүдийн хооронд ямар ч ялгаа байхаа больсон тул хуулбар бүхий цэвэр ба бузар амьтдын хооронд ч мөн ялгаа байхгүй болсон юм. Тиймээс Бурхан харь үндэстнүүдийг цэвэр болгосны зэрэгцээ харь үндэстнүүдийг бэлгэдэж байсан бузар амьтдыг ч мөн цэвэр болгосон ажээ.
Иймд санагтун. Та нар урьд махбодоороо харийнх байхдаа, … Тэр үед та нарт Христ үгүй бас Израилийн иргэншилд гаднынх, амлалтын гэрээнүүдэд харийнх, ертөнцөд ямар ч найдваргүй мөн Бурхангүй байлаа. Харин нэгэнтээ алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов. Тэр бидний амар тайван мөн. Тэрээр махбодоороо хоёр хэсгийг нэг болгож, бидний дундах дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан юм. … Тийм бол та нар цаашид гаднынхан болон ирмэл хүн бус, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм. Ефе 2:11-19
Мосегийн үеэс уламжилж ирсэн хоол хүнсний талаарх хууль Христийн хуулийн дагуу өөрчлөгдөж үүргээ дуусгажээ.
Харин бүх юмсыг байранд нь тавих цаг хүртэл хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махбодод хамаатай тогтоолуудыг л энэ нь шийддэг юм. Харин ирэх сайн юмсын Тэргүүн тахилчаар Христ ирэхдээ… Евр 9:10-11
Ац туурайтан болон сэвсээ хивдэг амьтад
“Хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг (Евр 10:1)” гэсэнчлэн сайн мэдээний үед ч мөн цэвэр болон бузар амьтдын бодит нь бий. Библид хүн төрөлхтнийг амьтдаар илэрхийлдэг. Мөн цэвэр амьтан буюу “Ац туурайтан болон сэвсээ хивдэг амьтад” гэж аврал авах Бурханы ард түмнийг заадаг. Харин энэ нөхцөлийг хангадаггүй бузар амьтад нь аврал авч чадахгүй хүмүүсийг илтгэдэг аж.
Христэд итгэдэг үнэн сүм нь ац туурайтан болон сэвсээ хивдэг байх ёстой. Сэвсээ хивдэг гэдэг нь Бурханы тушаалыг сахидаг гэсэн утгатай, ац туурайтан гэдэг нь Есүст итгэх итгэлийг заадаг юм. Өөрөөр хэлбэл жинхэнэ христчин хүн бол Бурханы тушаалыг ч сахидаг, Христэд бүрэн төгс итгэдэг байх ёстой.
Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. … зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа. … —Хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна, … Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авсан алив хүн өдөр ч, шөнө ч амрахгүй. Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна. Илч 14:1-12
Аврагдах зуун дөчин дөрвөн мянга нь Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг хүмүүс юм. Харин араатанд (Сатаны эрх хүчинд) ба түүний хөрөгт мөргөгсөд нь эдгээрээс ганцыг нь л сахидаг юм уу эсвэл хоёуланг нь сахидаггүй хүмүүс юм (Илч 13:4, 12:9). Тэд Бурханы мэлмийд бузар гэж тооцогддог үйлс гаргах буюу араатанд мөргөж, араатны бий болгосон тушаалуудыг сахидаг. Ингэснээр тэд араатны тэмдгийг аван мөнхийн ялд унан зовж тарчилна.
Мосегийн хуулийг л дагана хэмээн зөрж, маргаан дэгдээгчид
Петр болон элч нар Иерусалим дахь ерөнхий чуулганыг зохион байгуулж, иудейчүүд төдийгүй харь үндэстнүүдэд ч мөн сайн мэдээ тараах талаар хэлэлцэж Христийн тушаалыг тунхаглаж байв.
Учир нь Ариун Сүнс болон бидэнд эдгээр зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт үл тохох нь зүйтэй хэмээн санагдаж байна. Энэ нь, шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас хол байгтун. … Үйл 15:28-29
Иерусалим дахь ерөнхий чуулганд Ариун Сүнс хамт оршиж, дээрх тушаал нь Христийн тушаал мөн гэж нотолсон байхад хэн зөрчиж болох билээ? Гэвч одоо ч бас Еден цэцэрлэгийн хууль даган ургамал ногоо л идэх ёстой гэдэг хүмүүс эсвэл Мосегийн хуулийг даган цэвэр ба бузар амьтдыг ялгаж идэх ёстой гэж үздэг хүмүүс бий. Харин аль ч үед Бурханы тухайн цаг үед нь тогтоож өгсөн хуулийг дагахгүй бол огт аврал авч чадахгүй шүү дээ.
Элч нарын үед ч мөн Ариун Сүнсний зааврыг эсэргүүцэн, Мосегийн хууль ёсоор хоол хүнсийг ялгаж идэх ёстой гэж хэлдэг хүмүүс байв. Тэд Амралтын өдөр сахихдаа ч Христийн хуулийн дагуу бус Мосегийн хуулиар сахихыг шаардана. Алгасал баяр сахихдаа ч хурга нядалж сахих гэнэ.
Харин Есүс Бурханд сүнсээр, үнэнээр мөргөж тэмдэглэдэг Амралтын өдрийг сахиж жишээ үзүүлсэн юм. Мөн Алгасал баярыг хурга нядалж биш, мах цусыг нь бэлгэдсэн талх, дарсаар тэмдэглэх ёстойг жишээ болгон харуулжээ. Мөн хозлолын оронд Христийн хозлол болох баптисмын зарлигийг Есүс бидэнд зааж өгсөн. Тэрээр цэвэр ба бузар амьтад гээд заагласан хоол хүнсний тухай хуулийн оронд шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс л идэхгүй, эдгээрээс бусад бүх зүйлийг идэж болно гэсэн тушаалыг бидэнд шинээр өгсөн юм.
Үүнчлэн Есүсийн сургаалын дагуу анхны сүмийн үед дагадаг байсан хуулийг Христийн хууль гэж нэрлэдэг. Элч Паул өөрийгөө (Мосегийн) хуулийн дор байдаггүй, харин Христийн хууль дор байдаг гэсэн.
… хуулийн доор байгсдыг олж авахын тулд би өөрөө хуулийн доор бус атлаа… хуульгүйчүүдийг олж авахын тулд (хэдийгээр би Бурханы хуулиас ангид бус харин Христийн хууль дор байдаг атлаа), хуульгүйчүүдэд хуульгүй нэгэн адил, 1Кор 9:20-21
Анхны сүмийн тэр үеийн нийгэмд Христийн хууль үнэхээр шинэлэг зүйл байлаа. Иудейн шашнаас Христийн шашин руу шашнаа өөрчилсөн хүмүүсийн дунд ч хараахан иудейн шашны үзэл санаа, ёс заншлаасаа салаагүй хүмүүс олон байв. Тэд заримдаа Мосегийн хуулийн дагуу хурга нядалж Алгасал баяр сахих ёстой, бузар амьтдыг идэхгүй байх ёстой хэмээн үздэг байв. Элч нар иймэрхүү хүмүүсээс хонин сүргээ хамгаалах үүргээ ч бас гүйцэтгэх хэрэгтэй байлаа. Тиймээс элч Паул Колоссай дахь сүмд илгээсэн захидалдаа ийн тэмдэглэсэн ажээ.
… бидний эсрэг зарлигуудаас бүрдсэн, бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг арилгав. … Тиймд та нар хоол унд, эсвэл баяр, шинэ сар, амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд. Эдгээр нь ирж буй юмсын сүүдэр нь юм. Харин бие нь Христийнх юм. Кол 2:14-17
Есүс хоол хүнсний асуудлын хамтаар иудейчүүд ба харь үндэстнүүдийн хооронд саад болж байсан ханыг устгасан юм (Ефе 2:11-19). Тийн атал Түүний устгасан ханыг дахин босгох хүнийг христчин гэж яаж хэлэх билээ? “Христчин” гэдэг нь Христийн сургаалыг чин үнэнээр дагадаг хүн гэсэн утгатай үг. Есүсийн устгасан ханыг дахин босгох нь Христийн золиосыг ямар ч утгагүй хоосон болгож байгаа мөн Христийг эсэргүүцэж байгаа хэрэг болох юм. Тиймээс Библид Христийн сургаалыг орхиж хоол хүнс хориглодог хүмүүсийг диаволын сургаалыг дагагчид шүү гэж зөгнөсөн байдаг (1Тим 4:1-3). Тийм болохоор бид Ариун Сүнс болон элч нарын гэрчилсэн анхны сүмийн үеийн сургаалыг (Үйл 15:28-29) дагах хэрэгтэй юм.