Тэнгэрийн хаанчлал хүчинд автаж байна

27,419 үзэлт

Солонгост ч, гадаадад ч сайн мэдээний гал бадран асаж, газар газраас олон үр жимс хураан авч байна гэсэн баярт мэдээ сонсогдсоор байна. Энэ бүх ивээлтэй мэдээ нь Бурханы үгэнд найдан, “чадна” гэсэн өөдрөг бодлоор сайн мэдээний ажилд зүтгэсэн манай Сионы гэр бүлүүдийн бодлын үр дүн гэдэгт итгэж байна.

Бүх үед дэлхийн түүх “Юу ч байсан хийж чадна” гэсэн эерэг бодолтой хүмүүсээр жолоодуулж ирсэн байдаг. Алдарт эрдэмтэн Эдисон ч “чадна” гэсэн бодлоор уйгагүй туршилт хийж байж, хойч үеийнхээ шинжлэх ухааны түүхэнд мөнхөд мөрөө үлдээх хэмжээний амжилт гаргасан юм. Тэрээр эмэгчин тахиа шиг өндөг дараад ангаахай гаргах гэж ч хичээж үзсэн, устөрөгчийн хий найздаа уулгаж тэнгэрт нисэж чадна гэсэн хүслээ биелүүлэх гэж ч оролдсон. Иймэрхүү бодлууд нь алдаж оносоор дэвшилд хүрч, эцэстээ шинжлэх ухааны хөгжлийг авчирч, түүний үр дүнд өнөө үед хэдэн арван тонн жинтэй төмөр биет тэнгэрт нисэж, далай дээгүүр хөвөх боломжтой болсон.

Гэвч эсрэгээрээ “болохгүй, чадахгүй” гэж бодсон хүмүүс ажил болгон дээр өчүүхэн юманд ч санаа зовж, түгшсэнээс болоод хүн төрөлхтөнд ямар ч ололт амжилт, хөгжил цэцэглэл авчирч чадаагүй гэдгийг түүх өгүүлж байна.

Одоо тэнгэрийн хаанчлал “чадна” гэсэн эерэг итгэлтэй хүчирхийлэгч хүмүүсийн хүчинд автаж байгаа. Яавал тэнгэрийн хаанчлалыг хүчээр авч чадах талаарх сургаалыг судалж үзье.

“Чадна” гэсэн өөдрөг бодол

“Баптисч Иоханы өдрүүдээс өнөөг хүртэл тэнгэрийн хаанчлал хүчирхэгжихэд, (хүчинд автаж байна, 2004 оны хэвлэлт) хүчирхийлэгчид ч бас хүчээ авав.” Мат 11:12

Тэнгэрийн хаанчлал нь сайн мэдээнд хичээнгүйлэн оролцдог хүмүүс хүчирхийлэн авах болохоос юу ч хийхгүй зүгээр хүлээж байгаа хүнд өгөгдөхгүй. Тэнгэрийн хаанчлалын замаар хүчлээгүй хүнд ямхын чинээ газар ч гаргаж өгсөн удаа байхгүй. Искариотын Иудас шиг бэрхшээл тулгарвал урвачихаад, таатай зүйл тохиолдвол Бурхантай нийлдэг тийм хүмүүст тэнгэрийн хаанчлалд орохыг огтхон ч зөвшөөрөөгүй.

Дүрэлзтэл шатаж буй зуухан дотор ч хүртэл Бурханд найдан, ялж байсан өнгөрсөн үеийн итгэлийн өвөг дээдсийн маань итгэл ч тэнгэрийн хаанчлалыг хүчээр авна гэсэн найдвараас нь төрөн гарсан юм. Анхны сүмийн үед элч Паул төдийгүй сургаалынхаа төлөө амиа золиосолсон олон хүн байсны заримд нь амьдаар нь шатаан алах цаазын ял ч оноож, заримыг нь араатны идэш ч болгож, зарим нь тас хөрөөдүүлж, зарим нь ташуурдуулж байсан юм. Тэгсэн ч тэд үүнийг үл ажран эцсээ хүртэл итгэлээ сахиж, тэнгэрийн хаанчлалд орсон нь мөн л тэнгэрийн хаанчлалыг хүчээр авъя гэсэн сэтгэл байсантай нь холбоотой юм.

Одоо ч мөн тэнгэрийн хаанчлал хүчинд автсаар байна. Хэний хүчинд автаж байгаа вэ? Сайн мэдээний төлөө идэвх зүтгэлгүй, дуртай дургүй сүмд явдаг хүмүүсийн хүчинд үү? Тийм хүмүүс огт хүчээр авч чадахгүй бөгөөд тэдний хувьд тэнгэрийн хаанчлал нь давж нэвтрэшгүй хэрэм юм.

Тэнгэрийн хаанчлал нь орох гэж бүх талаар хичээдэг хүн, ертөнцийн зүйлээр жаахан хохирол амссан ч сүнслэг ажилд Иаков шиг ерөөл авах гэж хичээдэг хүмүүсийн хүчинд аажим аажмаар автаж байгаа хэрэг. Тийм хүмүүст тэнгэрийн хаанчлал эзлэгдэж байгаа.

Бидний эргэн тойронд тэнгэрийн хаанчлалыг хүчээр авах хүмүүс аажим аажмаар ихсэж байна. Дотоод, гадаад гэлтгүй оюутнууд, цэрэг итгэгчид, ажилчин, сурагч гээд залуучууд босож тэнгэрийн хаанчлалын төлөө хүчирхийлэн орж ирж байна. Мөн гэрлэсэн эрэгтэйчүүд, гэрлэсэн эмэгтэйчүүд ч тэнгэрийн хаанчлалыг тасралтгүй хүчинд автуулж байна. “Бурхан дотор би юуг ч хийж чадна” гэж боддог хүмүүс тэнгэрийн хаанчлалыг хүчээр авч байгаа юм. Өнөөг хүртэл эргэлзэж байгаа гэр бүл байвал одоо “Би ч бас чадна” гэж итгээрэй. Тэнгэрийн хаанчлалд заавал орох ёстой гэсэн найдвар л байх юм бол хэн ч байсан Ариун Сүнсний үр жимс гаргаж чадна. Бурхан бага балчраас авхуулаад азай буурал хүртэл бүх хүнд адил тэгш боломж соёрхсон. Жаахан хүүхэд авралын зар огт тарааж чадахгүй биш харин ч хүүхдүүд аав ээждээ авралын зар тарааж байгаа ивээлтэй бодит жишээ олон байдаг.

“Хэн ч чадахгүй” гэсэн бодол ба “Хүн бүр чадна” гэсэн бодол

Нэгэн үе Америкт “Nobody (Хэн ч байхгүй)” гэдэг дуу хит болж байсан сан. Тухайн цаг үеэ эсэргүүцсэн гутранги үзэл санаатай дуу л даа. Үг нь нэгэн үе хүмүүсийн сэтгэлд адилхан сэтгэгдэл төрүүлж байснаараа нэрд гарсан. Үнэхээр харамсмаар, гунигтай хэрэг гэхээс өөр юу гэхэв.

Тэр дууны үгний болхидуу утга нэг иймэрхүү. “Хэн дэлхийд ерөнхийлөгч болох зохистой вэ? Nobody. Хэн дайныг зогсоож чадах вэ? Nobody”. “Хэн энэ дэлхийд хүндэтгэл хүлээх юм? Nobody”. Хэн ч байхгүй, хэн ч чадахгүй, юу ч болохгүй гэх мэт гутранги сөрөг үзэл санаатай дуу байв. Ийм л сөрөг утгатай дуу залуусыг байлдан дагуулж байсан гэхээр тэр үеийн хүмүүс хичнээн гутранги дорой амьдралаар амьдарч байсныг нь тааж мэдэж болохоор байгаа биз.

Тэдний сэтгэлд яагаад тэгтлээ гутранги бодлууд дүүрэх болсон юм бол? Шалтгаан нь тэдний дунд Бурхан байгаагүй. Бурханыг хайлгүй зөвхөн энэ ертөнцийн баяр хөөр, зугаа цэнгэл, ертөнцийн юманд сэтгэл ханах гэж тэмүүлэн амьдарч байсан болохоор ийм гутранги дуу хит болохоос ч аргагүй юм. Хичнээн харамсалтай! Ийм хүмүүс түүхэнд ямарваа ахиц дэвшил гаргаж чадахгүй.

Харин бид яах билээ? “Хэн дэлхийд ерөнхийлөгч болох зохистой вэ?” гэж асуувал “Everybody (Хүн бүгд)!” гэж хариулах ёстой биш үү? Бүгд ерөнхийлөгч болохуйц хүн гэсэн үг. “Хэн дайныг зогсоож чадах вэ?” гэвэл энэ асуултанд ч бас “Everybody!”, “Хэн энэ дэлхийд хүндэтгэл хүлээх юм?” гэж асуувал мөн “Everybody!” гэж хариулах хэрэгтэй. Бүгд ерөнхийлөгч болох, дайныг зогсоох, хүндэтгэл хүлээх хэмжээний хүн байх хэрэгтэй.

Үнэн дотор байгаа бид бүгдээрээ хаан тахилч нар биш гэж үү? Бүгд маш сайн дүүргийн дарга, хороон даргын чадвартай хүмүүс, мөн гарамгай сайн зөнч болоход таарах хүмүүс, маш сайн авралын зар тараагч болох хүмүүс билээ. Бид бүгдийг хийж чадна, боломжгүй юм бидэнд юу ч байхгүй.

“Энэ ч болохгүй дээ” гэж бодоод хийвэл итгэл гэдэг унтраалга ажиллахгүй. Итгэлээр үйлдээгүй алив бүхэн нь нүгэл гэж айлдсан шүү дээ. Тийм нүгэл үйлдчихээд сүнс аварч чадах уу? Мэдээж чадахгүй.

Яг энэ агшинд ч тэнгэрийн хаанчлал хүчинд автсаар байгааг санаад, тус тусынхаа байранд сайн мэдээний ажилд улам бүр хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Сайн мэдээний тэргүүн шугаманд зогсоод ажилласан ч, хажуунаас нь хийлцсэн ч, харагдахгүй газраас тусламжийн гараа сунгасан ч, тэнгэрийн хаанчлалын төлөөх өчүүхэн жижиг нэг зүйлд ч бахархан, сэтгэл дүүрэн байхыг хүсье.

“… Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд цатгалан болон өлсгөлөн байх, элбэг байх, дутагдахын аль алины нууцад би суралцсан. Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.” Фил 4:10-13

Элч Паул зөвхөн сүнс аврах тодорхой ганц зорилготой амьдарч байсан тул ямар ч нөхцөл байдалд аль алины нууцад суралцсан бөгөөд “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна” гэж итгэлтэйгээр хэлж байсан юм. Тиймээс “Би чадахгүй”, “Би авралын зар тараахдаа ядаж тэр гэр бүл шиг чадвартай биш” гэх зэрэг бодлууд нь Бурханы сургаалын эсрэг байгаа хэрэг биш үү?

Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр бүгдийг хийж чадна гэсэн итгэлээр ажиллавал ямар ч ажил байсан заавал биелэгдэнэ. Харин “болохгүй, чадахгүй” гэсэн бодлоор эргэлзэх юм уу шантарвал ямар ч ажил биелэхгүй. “Болохгүй” гэсэн гутранги бодлоор ганц алхам ч урагшлахгүй.

Өөрсдийнхөө хүч, чадварт найдахын оронд Бурханыг түшээд хийвэл чадахгүй зүйл байхгүй. Сионд Бурхан хамт байж, мөн Бурхан бидэнд тусалдаг. Энэ талаар хааяа бид мартаж, “Бид болохгүй”, “Үйлчлэгч болох чадвартай хүн алга” гэсэн сөрөг бодол төрдөг. Тэр нь “Nobody” ухаан бодол юм.

Хэрвээ ийм “Nobody” ухаан бодолтой итгэгчид байвал тэднийг Бурханы хүслийн дагуу тэнгэрийн хаанчлалыг хүчээр авдаг хүмүүс гэж болох уу? Огтхон ч биш. Одооноос хэн ч чадахгүй гэсэн “Nobody” ухаан бодлоо Ариун Сүнсний галаар шатааж хаяад, ухаан санаагаа бүгд чадна гэсэн “Everybody” ухаан бодлоор сольцгооё.

“Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. … Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. …” Евр 11:1-6

Еврей номонд тэмдэглэсэн итгэлийн талаарх тодорхойлолтыг Хамтран орчуулсан Солонгос Библид “Итгэл нь бидний найддаг зүйлсийг баталдаг, харж чадахгүй зүйлсийг нотолдог юм” (Хамтран орчуулсан Солонгос Библи Евр 11:1) гэж тайлбарласан байна. Ийм итгэл дотор бүх юм болно, бүгдийг чадна, бүгд биелнэ гэсэн өөдрөг элемент агуулагдаж байдаг болохоор боломжгүй зүйлсийг боломжтой болгодог.

Бурхан үр жимс гаргаж чадах оршихуйд үр жимс гаргаарай гэснээс биш, үр жимс ч гаргаж чадахгүй амьгүй зүйлд үр жимс гаргаарай гээгүй. “Nobody” гэсэн гутранги бодлоо “Everybody” гэсэн өөдрөг бодлоор соливол бид заавал үр жимс гаргаж чадна. Тийм эерэг итгэлээр Бурханы яруу алдрыг илүү их гаргах хэрэгтэй.

Итгэлээр орох тэнгэрийн Канаан

Хэзээ ч билээ дээ, шинэ оны өглөө зурагтаар би нэгэн алдартай бүсгүйн амжилтын тухай нэвтрүүлэг үзэж байсан юм. Тэр солонгос эмэгтэй жижигхэн биетэй хэрнээ элдэв бэрхшээл саадыг даван туулж, Америкт нэлээн амжилтанд хүрч, цөөхөн хэдэн баячуудын нэг болсон байсан. Түүний амжилтын нууц ердөө ганц, “Би чадна” гэх итгэл нь байв. Тэрээр уулзсан хүн бүрдээ “Тэр ч чадна, тэр эмэгтэй ч чадна, яагаад би чадахгүй гэж? (He can do, she can do, why not me?)” гэж үргэлж урамтай сайхан үг хэлдэг байсан гэж ярьж байв.

Үүнтэй адил “Би чадна” гэж боддог хүн эзгүй цөлд ч асар том хот босгож чадна. Харин “Би чадахгүй” гэж боддог хүн тэр цөлийг хэзээ ч үржил шимтэй газар болголгүй зэлүүд хоосон хэвээр нь үлдээнэ. Бурхан бидэнд ертөнцийн хүмүүсийг сэрэмжлүүлж, тэднийг тэнгэрийн хаанчлал явж чадах сүнс болгон гэмшүүлэх зарлиг буулгасан. Энэ нь боломжгүй ажил огт биш ээ. Бурхан оргүй хоосноос гэрлийг, тэнгэр газрыг бүтээж, далайг бий болгоод, далайд амьдардаг төрөл бүрийн загаснууд болон газрын мал адгуус хийгээд огторгуйгаар нисдэг жигүүртэн шувуудыг бүтээсэн. Түүний бүтээсэн энэ бүхэн дэлхийд оршиж байгаагүй. Оргүй хоосноос оршихуйг бий болгох, хэдийн бүтээчихсэн зүйлийг авчрах хоёрын аль нь хэцүү вэ? Бурханы бүтээлийн ажилтай харьцуулбал аль хэдийн бүтээчихсэн зуун дөчин дөрвөн мянгыг хайж олох ажил тийм хэцүү биш.

Библид “чадна” гэсэн итгэлтэй хүмүүс ба “чадахгүй” гээд няцсан хүмүүсийн эсрэг тэсрэг үр дүнг тодорхой тэмдэглэсэн байдаг. Үүний талаар судлахын хамтаар заавал тэнгэрийн хаанчлалд орно гэсэн бат шийдвэртэй, өөдрөг санаа бодолтой хүмүүс л тэнгэрийн хаанчлалд гарцаагүй орно гэдгийг ухаарцгаая.

“Гэтэл Калеб ард олныг Мосегийн өмнө намжаагаад —Бид гарцаагүй дийлж чадах учир өгсөж очоод түүнийг эзэлж авцгаая гэв. Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс —Тэд биднээс хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний өөдөөс өгсөж очиж чадахгүй гэсээр байв. Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд базаахгүй мэдээ дэлгэрүүлж… Даяар хотол түмэн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнө ард олон уйлалдав. Израилийн бүх хөвгүүд Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож байв. Даяар хотол түмэн тэдэнд —Бид Египет нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой! … Эхнэрүүд болон бяцхан хүүхдүүдийг маань олз болгохоор, биднийг илдэнд унагаахаар уу? Египет уруу буцсан нь бидэнд дээр байх юм биш үү? гэцгээж байв. … Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урж, … Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. … Мосе Аарон нартай ЭЗЭН ярин айлдахдаа… Миний эсрэг гонгиносон, хорь ба түүнээс дээш насны тоолуулсан бүх хүний цогцос тооныхоо дагуу энэ цөлд унах болно. Та нарыг суурьшуулахаар Миний тангарагласан тэр нутагт Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй.” Тоо 13:30-14:30

Бидний сайн мэддэг арван хоёр тандагчийн талаарх түүх энэ. Арван хоёр тандагчийн арав нь хэдийнээ шантарч “Nobody” гэж байнга хэлж байсан. “Канаан нутагт орох хүн байна уу? Nobody”. “Канаан нутагт ороод амьдарч чадах хүн байна уу? Nobody”. Гутранги тандагчдын үгэнд израиль ард түмэн нийтээрээ дуугаа өндөрсгөн хашхирч, уйлалдсан. Чадахгүй гэсэн бодолд дийлдмэгц эсрэгээрээ цөлд үхсэн нь дээр байж гэсэн гутранги санаа бодол толгойд нь төрж, “Тэд аварга том жанжин мэт, харин бид царцаа мэт” гэж өөрсдийгөө дорд үзэх бодол тэдний зүрх сэтгэлийг нухчин дарж эхэлсэн.

Бүгд болохгүй гэж шантармагц Бурхан тэдний бодлын дагуу Канаан нутагт орж чадахааргүй болгосон. Өөр өөрсдийнх нь бодлын дагуу, итгэлийнх нь дагуу болгожээ.

Гэвч хоёрхон хүн, Иошуа Калеб хоёр л “Бид бүгд (Everybody) Канаан нутаг орж чадна” гэж хашхирсан. Тэд өнөө үеийг хүртэл бидэнд итгэлийн сайн жишээ үзүүлэн, хүнд хэцүү нөхцөлд ч Бурхан хамт байгаа болохоор бүгдийг хийж чадна гэсэн сургамж үлдээсэн юм.

Тэнгэрийн хаанчлалыг “чадна” гэж боддог хүн эзэлж авна

Чадна гэж боддог хүн олон байж гэмээнэ сайн мэдээний ажил урагшилна. Өнгөрсөн цөлийн үеийн түүх нь өнөө үед амьдарч байгаа бидэнд сургамж ба сануулга өгөхийн төлөө бичигдсэн. Өнгөрсөн үеийн түүхийг харахад мөнхийн тэнгэрийн хаанчлалд эцэст нь орж чадах хүмүүс бол “чадна” гэсэн өөдрөг бодолтой хүмүүс гэдэг нь тодорхой байна. Энэ мөчөөс ч болов “Бид болохгүй”, “Манай дүүрэг арай болоогүй”, “Манай хороо хэцүү” гэх мэт гутранги бодлоо хаяцгаая. Болохгүй гэдэг бодол хүнийг байнга хойш татаж, сүйрэл рүү ухраадаг. Иошуа Калеб хоёр шиг Бурханд найдаад, чадна гэсэн бодлоор хүчтэйгээр урагшилцгаая.

Чадна гэж боддог хүнд ганцхан хувийн боломж байлаа ч ажил нь биелдэг байхад чадахгүй гэж боддог хүнд 99 хувийн боломж байсан ч ажлаа бүтээж чаддаггүй. Тиймээс Бурхан “Гичний үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлбэл тэр нүүнэ” гэж айлдсан байдаг (Мат 17:20).

Бурханд найдаад, чадна гэж итгэвэл бид гарцаагүй чадна. Гутранги сөрөг бодлоо бүрэн өөрчилцгөөе. Бидний сэтгэлд Иошуа Калеб шиг итгэл л байх юм бол Иерихо нурсантай адил Вавилон удахгүй нурна. Төмөр хэрэм шиг Иерихо Бурханы өмнө элсэн хот шиг нурж унасан. Юу ч биш юм шиг, сүрлэн бухал шиг л бүгд хийсэж, бүгд устсан.

Бат бөх харагдах сүнслэг Вавилон ч манай Бурханы хүч чадлын өмнө юу ч биш юм мэт, сүрэл мэт шатах болно. Эрэмгий зоригт зан, өөдрөг итгэлтэй байж энэ цаг мөчөөс ч болов тэнгэрийн хаанчлалд хүчлэн орох Сионы гэр бүлүүд бүгд болцгооё.

“Түг түмдийн ЭЗЭН тангараглан “Үнэхээр бодсон хэрэг минь биелж, төлөвлөсөн минь бүтнэ.” Иса 14:24

Дээрх зөгнөлд Бурхан төлөвлөсөн бүгдээ бүтнэ, биелнэ гэж айлдсан. Одоо “Итгэлийн чинь дагуу болог” гэсэн үгийг санаж, тэнгэрийн амбаарын бүх хоосон зайг цэвэр буудайгаар дүүргээд, тэнгэр Эцэг Эхдээ яруу алдар, баяр баясгалан өргөх бат итгэлтэй болцгооё.

Энэ дэлхий “чадна” гэж боддог хүмүүсийнх юм. Тэнгэрийн хаанчлал ч мөн адил. “Чадахгүй” гэж боддог хүний эзэмших орон зай нь ердөө л өөрийнх нь мухрын өрөө байдаг бол харин чадна гэж боддог хүн бүх ертөнцийг бүхлээр нь, огторгуйг бүхэлд нь тэвэрч чадах тэнгэрийн хаан тахилч нар болно (1Пет 2:9).

Одооноос ч болов “Би авралын зар тарааж чадахгүй” гэж бодохоос илүү “Бурхан хамт хийж байхад болохгүй юм юу байх вэ? Болохгүй байгаа асуудал нь надад байгаа юм биш байгаа?” гэж эргэн хараад, үргэлж “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна” гэсэн бат итгэлээр сайн мэдээний ажилд оролцохыг хүсэж байна. Тийнхүү итгэлээр юм бүхнийг биелүүлдэг байхыг Сионы гэр бүлүүдээсээ хүсэх байна.

Тэнгэрийн хаанчлал яг энэ хоромд ч хүчинд автсаар байна. Хүчинд автаж байгаа тэрхүү талбарт хөлийнхөө мөрийг үлдээцгээе. Бүгдээрээ хүчирхийлж авсан ул мөрөө тэнгэрийн хаанчлалд үлдээгээд, Эцэгийн морилон ирэх өдөр арвин их үр жимсээр бахархан, баяртайгаар тэнгэрийн хаанчлалд орох хүүхдүүд болцгооё.