WATV.org is provided in English. Would you like to change to English?

Би чамд өгнө

175 Үзсэн тоо

Бурхан бидэнд “Үргэлж баяртай байж, тасралтгүй залбирч, бүх зүйлд талархлаа өргө” хэмээн айлдсан (1Тес 5:16-18). Бүх зүйлд талархлаа өргө гэдэг нь орчин нөхцөл сайн байна уу, муу байна уу, амархан байна уу, хэцүү байна уу хамаагүй үргэлж талархалтай бай гэсэн үг.

Бүх зүйлд талархал өргө гэж Бурхан айлдсан бол талархалтай байх шалтгаан байж таараа. Бид Бурханаас үргэлж бялхам их хайр авдаг. Бидэнд байгаа бүх зүйл, бидний мэргэн ухаан, авьяас чадвараас эхлээд Бурханд итгэх итгэл хүртэл үнэндээ Бурханаас ирдэг. Ирээдүйн маань төлөө биднийг юм бүхнээр хангасан Бурхандаа өдөр бүр талархал, яруу алдар өргөдөг Сионы ард түмэн болох учиртай, бид.

Чи байгаагаа хүлээж аваагүй гэж үү?

Нэг юм хийх болгонд нэг түүх санаанд ордог юм. Нэг өдөр шинжлэх ухааны дэвшлийн ачаар сая нэг дуураймал хүн хийх боломжтой болсон үед нэг эрдэмтэн Бурханыг үгүйсгэн эргэлзэж, “Би ч бас Таны бүтээсэн шиг хүн бүтээж чадна” гэж хэлэв. Тэгэхэд нь Бурхан “Бүтээвэл бүтээ л дээ” гэж гэнэ. Тэрээр яг хүн хийх гэж байхад нь Бурхан “Наадах чинь Миний шороо биш үү? Өөрийнхөө тоос шороогоор хүн бүтээгээрэй” гэж гэнэ.

Юу ч байхгүйгээр хүн юу ч бүтээж чадахгүй шүү дээ. Шинжлэх ухаан яаж ч дэвшин хөгжлөө гэсэн хэрэв Бурхан биднийг Бурханы юмаар биш, өөрсдийнхөө юмаар ямар нэг юм хийгээрэй гэвэл бид юу ч хийж чадахгүй. Бид байгаа бүхнээ Бурханаас авдаг.

“Үнэндээ хэн чамайг илүү гээв? Чи байгаагаа хүлээж аваагүй гэж үү? Үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг чи юунд сайрхана вэ?” 1Кор 4:7

Энэ дэлхийд эрх мэдэлтэй, баян чинээлэг, эрдэм номтой гээд нөлөө бүхий хүн олон. Тэр их хүч чадал, эд баялаг, мэргэн ухаан, мэдлэгийг хэн өгсөн бэ? Энэ бүхнийг Бурхан өгсөн шүү дээ. Тэд ердөө Бурханы юм бүхнийг л хэрэглэж байгаа хэрэг. Үүнийг ухаараад бид мэргэн ухаанаараа, эд баялгаараа, хүч чадлаараа сайрхах ёсгүй. Харин бидэнд юм бүхнийг өгсөн Бурханаар л бахархах учиртай (Иер 9:23-24).

“Бурхан —Үзэгтүн, газрын гадарга дээрх үрт өвс ногоо бүрийг, үрээ гөвдөг үр жимст мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно.” Эхл 1:29

Бид Бурханы бүтээсэн үр тариа, жимс жимсгэнэ идэж хүч чадал олж авдагтаа л хөдөлж, бодож сэтгэдэг. Хэрвээ Бурхан “Газрын гадарга дээрх үрт өвс ногоо бүрийг, үрээ гөвдөг үр жимст мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно” гэж айлдаагүй байсан бол амьд биет хэрхэн амьдарч чадах байсан бэ? Бурхан бидэнд тийм л ивээлийг үнэгүйгээр соёрхож өгсөн. Бурханы ивээлээс таслагдах тэр мөчид бид юу ч хийж чадахгүй болно. Яг л усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир үүргээ биелүүлж чадахгүйн адил бид Бурханы дотор байхгүй бол үүргээ зүй ёсоор биелүүлж чадахгүй болно (Иох 15:1-8).

Бурханаас юу ч авахгүйгээр бидний амьдрал тогтвортой байж чадахгүй. Бид Бурханаас авсан зүйлээ эрхэмлэн нандигнаж, бүх цаг үед Бурхан дотор баяр хөөртэй байж, талархал өргөн, даруугаар өөрсдийгөө дорд болгох хэрэгтэй.

Би чамд мэргэн агаад ухааран ялгах зүрхийг өглөө

Бурхан “Би чамд өгнө” гэж айлддаг олон дүр зураг Библид гардаг. Бурханаас ямар нэг юм авах үед бидэнд ямар өөрчлөлт гардгийг Библийн сургаалаас харцгаая.

“Одоо ЭЗЭН Бурхан минь ээ, хэдийгээр би балчир хөвгүүн боловч Та Өөрийн зарц намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон юм. … Таны зарц би тоолж бүртгэж чадахааргүй тоо томшгүй, … Тиймээс Таны ард түмнийг засаглахын тулд ухааран ойлгох зүрх, сайн мууг ялгаж салгах ухааныг Өөрийн зарцдаа өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн засаглаж чадах билээ? гэв. Соломон энэ зүйлийг гуйсан нь ЭЗЭНий мэлмийд таашаагдав. Тиймээс Бурхан түүнд … Би чиний үгсийн дагуу үйлдлээ. Би чамд мэргэн агаад ухааран ялгах зүрхийг өглөө. Ингээд чамтай адил хүн чиний өмнө ч байгаагүй, чиний дараа ч гарч ирэхгүй юм. Би бас чиний гуйгаагүй баян тансаг байдал, нэр хүндийг ч чамд өгч байна. Иймээс чиний бүх өдрүүдэд хаадын дундаас чамтай адил хүн байхгүй болно. Хэрэв чи Давид эцгийнхээ явсан шиг Миний тогтоол, тушаалуудыг сахин, Миний замаар явбал Би чиний өдөр хоногуудыг уртасгана гэж айлдлаа.” 1Хаа 3:7-14

Соломон өмнө нь нэг их ялгараад байдаггүй байснаа Бурханаас мэргэн ухаан, ухаарал авсныхаа дараа тэрээр дэлхийг гайхшируулах хэмжээний агуу хүн болсон. Тэрээр агуу мэргэн ухаан дээрээ эд баялаг, алдар нэр ч нэмж авсан. Түүний алдар хүнд дэлхийн улс үндэстэн даяар тархав. Тэр бүү хэл Шебагийн хатан ч хүртэл Соломоны мэргэн ухааныг сонсохоор тоо томшгүй их эрдэнэсийн хамт түүнд бараалхдаг.

Библийн түүхэнд зөвхөн Соломон төдийгүй Бурханаас ямар нэгэн зүйл хүлээн авсан бүх хүн Бурханаас оноож өгсөн тухайн салбартаа онцгой авьяас чадвараа харуулж, олон хүнд хүчтэй нөлөө үзүүлэхүйц агуу хүмүүс болсон. Бурхан хэн нэгэнд “Би чамд мэргэн ухаан өгнө” гэж айлдахад тэр маш мэргэн ухаантай болж, Бурхан өөр нэгэнд “Би чамд итгэл өгнө” гэж айлдахад тэр агуу итгэлтэй хүн болж, мөн Бурхан өөр нэгэнд, “Би чамд тунхаглах хүсэл тэмүүлэл өгнө” гэж айлдахад тэрээр тунхаглахдаа маш шаргуу хүн болж байсан юм. Мунхаг, дорд хүн нь агуу, эрхэм хүн болж, ганц үг ч хэлж чаддаггүй хулчгар хүн зоригт дайчин болж байсан билээ.

Бурханаас авсан хүч чадлаа бид Бурханы яруу алдрыг гаргахад хэрэглэвэл тэр яруу алдар бүр нэмэгдэнэ. Итгэлийн өвөг дээдэстэй адил бид хаана ч байсан Бурханаас авсан авьяас чадвараа ашиглан, Бурханы яруу алдрыг илүү их гэрэлтүүлэх ёстой.

Би та нарт мөнх амийг өгнө

Өнөөгийн энэ үед амьдарч буй бид ямар ерөөл авснаа тунгаан бодоцгооё. Бурхан бидэнд хичнээн их зүйл өгснийг, тэдгээр нь хичнээн агуу, гайхамшигтай гэдгийг ухааръя.

“… Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн үйлс минь Намайг гэрчилдэг. Харин та нар хоньд минь биш учир итгэдэггүй. Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч гараас минь булаахгүй.” Иох 10:24-28

Соломон мэргэн ухаан авсан бол харин бид Сионд Бурханаас мөнх амийн ерөөл авсан юм. Хүн хичнээн эд баялагтай байлаа ч, хичнээн хүч чадалтай байлаа ч, энэ дэлхийд үүнийгээ мөнхөд эзэмшихгүй. Харин Бурханаас мөнх амь авсан хүнд бол хязгаар гэж байхгүй. Бурхан тэр хүмүүсийг үүнийгээ үүрд эзэмшинэ гэсэн тул бүх сансар огторгуйд үүнээс агуу ерөөл гэж үгүй билээ (Дан 7:18).

“Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна.” Иох 13:34

Бурхан биднийг хайрласандаа мөнх амийг ч өгч, шинэ тушаал ч өгсөн. “Шинэ тушаалыг Би та нарт өгч байна” гэсэн. Шинэ тушаал нь шинэ гэрээ юм. Ийнхүү шинэ гэрээ нь Есүсийг энэ дэлхийд ирэхээс 600 жилийн өмнө эш үзүүлэгчээр хэдийн зөгнөж амласан гэрээ бөгөөд Бурханы бидэнд өгсөн эрхэм нандин бэлэг юм.

“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. … Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”” Иер 31:31-34

Уг мөн чанар нь Бурхан болох Есүс шинэ гэрээ байгуулах зөгнөлийг яв цав биелүүлсэн (Лук 22:7-20). Бурханы амлалтаар шинэ гэрээний үнэнийг хүлээн авсан тэд Бурханы ард түмэн болж, мөнх амь, нүглийн уучлал авдаг. Шинэ гэрээгээр Бурхан бидний нүгэл, хилэнцийг уучилна гэж айлдсан. Хичнээн агуу нигүүлсэл, ерөөл билээ!

Бурханаас авсан энэ ерөөлөө бид үл тоож болохгүй. Шинэ гэрээ болох шинэ тушаалыг хүлээн аваагүй хүмүүс тэнгэрт хийсэн бүх нүглээ уучлуулж чадахгүй. Бурхан шинэ гэрээ сахидаг хүмүүсийн Бурхан нь болно гэсэн шүү дээ. Тэрээр мөн Сионд оршиж, Сүнс болон Сүйт бүсгүйд болон шинэ гэрээний үнэнд итгэдэг хүн бүрд хэзээ ч гунддаггүй мөнхийн тэнгэрийн өв залгамжлалыг өгнө гэж амласан.

Бидэнд соёрхсон ерөөлд талархах итгэл

Тэнгэр Эцэг Эх Бурханаасаа энэ эрхэм нандин бэлэг хүлээн авсныхаа төлөө тэнгэр Эцэг Эхдээ зүрх сэтгэлийнхээ гүнээс хэр зэрэг их талархаж байгаагаа эргэн нэг харах хэрэгтэй. Бурханы бидэнд өгсөн ерөөл хичнээн агуу, хичнээн гайхамшигтай гэдгийг бид ухаарах юм бол Бурханд аяндаа л талархал, магтаал өргөхөд хүрнэ.

Сүнслэг ертөнцийг нухацтай нэг хараарай. Библийн 66 номон дахь хүмүүсээс хэн хамгийн ерөөлтэй вэ? Хэнд Бурханы ивээл хэн хүнээс илүү их өглөө? Өнөөгийн бидэнд юм шүү. Энэ дэлхийд амьдарч, нүглийн уучлал болон мөнх амийн ерөөл авч, тэнгэр Эцэг, тэнгэр Эхийг хүлээн авах ерөөл хүртсэн маань дэндүү чухал. Бид Соломон, Давид, Петр, Иохан, Паулд атаархах хэрэг байхгүй. Библийн бүхий л түүхэн хүмүүс дундаас хамгийн атаархал төрүүлэх хүмүүс бол бид. Бид л хамгийн атаархам орчин нөхцөлд итгэлийн замаар алхаж байгаа улс. Үүнийг заавал санаж аваарай.

Мөнхийн эх нутаг тэнгэрийн орондоо биднийг буцан очиход Бурханы бидэнд өгнө гэж амласан юм бүхнийг бид авна. Бурхан “Би чамд мөнх амь өгнө” гэж айлдсан тул бид мөнх амийн асар том ерөөлийг авна, Бурхан “Би чамд тэнгэрийн хаанчлалыг өв болгон өгнө” гэж айлдсан тул бид тэнгэрийн өв залгамжлалыг ч авна. Сайн мэдээний төлөө гаргасан зүтгэл болгонд маань Бурхан бидэнд шагнал өгч, биднийг хаан тахилч болгоно. Тиймд үүнээс агуу яруу алдар, эрх мэдэл гэж байхгүй байх аа?

Энэ дэлхийд нийгмийн байр суурь маань дээгүүр байна уу, доогуур байна уу, баян байна уу, ядуу байна уу, орчин нөхцөл маань таатай байна уу, таагүй байна уу гэдгийг тоох хэрэггүй дээ. Хүнд хэцүү нөхцөл байдалд орвол тэрэнд ч биднийг цэвэршүүлэхэд болон өсөхөд маань тустай юм байж л таараа. Сионы ард түмний хувиар бид бүхэн махан биеийн ертөнцөд зугаа цэнгэл хөөж, сүнсний ертөнцөө мартаж болохгүй. Харин бидний удахгүй орхин одох энэ ертөнцийн зүйлст найдвар тавихын оронд хожим очих тэнгэрийн хаанчлалд найдвараа тавиарай.

Бурханы үг бүр нь яв цав биелэх учиртай. Бурханы үгнээс ганц ч үсэг, ганц ч зураас ямар нэг байдлаар алга болохгүйгээр бүгд биелнэ. Хүндрэл бэрхшээл бидний замд хөндөлсөх үед биднийг тэнгэрийн хаан тахилч болгон томилохыг хүсдэг Бурханы зүй тогтол байгааг санаарай. Бурханы бидэнд оноосон, бидэнтэй хамт байгаа хүн бүрийн төлөө, мэргэн ухаан, авьяас чадвар гээд юм бүхнийхээ төлөө бид талархдаг байх ёстой. Тэгсэн цагт л бид “Бүх зүйлд талархлаа өргө” гэсэн Бурханы тушаалыг дагаж чадна.

Хөлийн чинь ул гишгэх газар бүрийг Би та нарт өгнө

Бурханы бидэнд өгдөг бүхэн үнэтэй бэлэг. Тэдгээрээс хаях зүйл ганц ч байхгүй. Бурхан “Би чамд үүнийг өгнө” гэж айлдах л юм бол бид бүгдийг нь “Амен” гээд хүлээн авах ёстой. Авахаас татгалзах шаардлага бидэнд байхгүй. Бурханы үгийг л зууран, урагш давших юм бол дэлхий дахиныг шуугиулах хэмжээний түүх гарч л таарна.

“ЭЗЭНий зарц Мосег өөд болсны дараа ЭЗЭН, Мосегийн туслах, Нуны хүү Иошуад —Миний зарц Мосе өөд болов. Одоо чи босож, энэ бүх ард түмний хамт энэхүү Иорданыг гатлан, израильчуудад Миний өгөх тэр нутаг уруу яв. Хөлийн чинь ул гишгэх газар бүрийг Би Мосед амласныхаа дагуу та нарт нэгэнт өгсөн билээ. … Би чамайг орхихгүй мөн чамайг түлхэж хаяхгүй. Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдэст нь өгөхөөр Миний андгайлсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно. …” Иош 1:1-8

Ард түмнийхээ хөлийн ул гишгэх газар бүрийг Бурхан ард түмэндээ өгч, юу ч хийсэн амжилтанд хүргэнэ гэж айлдсан. Бурхан энэ амлалтаа Иошуагийн үед өгсөн ч гэлээ эдүгээ шинэ гэрээний хууль сахидаг бидэнд ч мөн хамаатай шүү. Бурхан “Итгэдэг хүн бүрд бүх юм боломжтой” хэмээсэн тул бид энэ амлалтанд нь итгэж, сайн мэдээг Самари, дэлхийн хязгаар хүртэл тунхаглах ёстой.

Олон сүнсэнд шинэ гэрээний сайн мэдээ тунхагладаг хүмүүст Бурхан хэзээ ч мөхөхгүй мөнх амь өгнө гэж амласан. Энэ ажил бол онцгойлон сонгосон хэсэг бүлэг хүмүүсийн хийдэг зүйл биш ээ. Бидний хүн нэг бүр маань Иошуагийн үүргийг авсан хүмүүс. Бурхан ажил хийж байгаа хүнд чадвар өгч, гуйдаг хүнд Ариун Сүнс өгдөг (Лук 11:13). Огтхон ч эргэлзэлгүй урагш давшин, Бурханы хүн төрөлхтөнд үнэгүй өгсөн бэлгийн үнэ цэнийг хараахан мэдээгүй байгаа хүмүүсийг сэрээцгээе.

Бурхан Соломонд мэргэн ухаан, Паулд тунхаглах хүч, нөгөө нэгэнд нь итгэл, бас өөр нэгэнд нь Бурханы хүслийг бүрэн дамжуулах ус цас шиг хэл өгсөн. Бүх хүч чадал биднийх гэж бардамнан бодохын оронд Христийн эрхтнүүдийн хувиар тус тусын үүргээ гүйцэтгэж, Бурханаас авсан бэлгээ хэрэглэнгээ Бурханы яруу алдрыг гаргах хэрэгтэй.

Бурханаас авсан юм бүхэн үнэ цэнэтэй, эрхэм нандин. Бид шинэ гэрээ болох шинэ тушаалыг, мөнх амийг, мэргэн ухааныг ч, итгэлийг ч авсан нь бидэнд бүгд л үнэ цэнэтэй. Хэрвээ Бурхан биднийг Бурханы юмыг хэрэглэж болохгүй, зөвхөн өөрийнхөө юмаар л аврал олж ав гэсэн бол бид тэнгэрийн хаанчлал руу нэг алхам ч урагшилж чадахгүй. Харин Бурхан биднийг Өөрийнх нь зүйлийг аваад “ир” гэж айлдсан. Тиймд бид тэрийг нь бушуухан барьж авбал мөнхийн тэнгэрийн хаанчлалд хүрч чадна.

Тэнгэр Эцэг, тэнгэр Эхийгээ хүлээн авч, итгэлийн өвөг дээдсийн ч хамгийн атаархам эрин үед бид итгэлийн замаар алхаж байгаа. Дэндүү ерөөлтэй хүн болсныхоо хувьд Елохим Бурхандаа талархал, яруу алдар өргөнгөө Бурханаас авсан ерөөлийнхөө үнэ цэнийг ухааран, эцсээ хүртэл тэдгээрээс зуурцгаая.