Эргэн тойронд маань Бурханд итгэдэггүй хүн олон байдаг. Тэд Бурханд итгэдэг хүмүүсийн сэтгэл, үг яриа, үйлдэл нь Бурханд итгэдэггүй хүмүүсийнхээс илүү дээр гэсэн төсөөлөлтэй байж, тэр хандлагаараа ханддаг. Тиймээс бидний үг үйлдэл нэг бүр Бурханыг алдаршуулж ч болно, Бурханы яруу алдрыг халхалж ч мэднэ. Үүнийг ухаарч Бурханыг алдаршуулдаг байхын төлөө хичээх ёстой. Есүс ч мөн сайн үйлсээрээ Бурханаа алдаршуул хэмээн сургасан байдаг.
Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг. Мат 5:16
Сайн сайхан үйлс маань итгэгч бус хүмүүсийг гэмшүүлэн, Бурхан руу хөтөлж чадах хөшүүрэг болно гэвэл тэрхүү төрх маань Бурханд хичнээн тааламжтай, хичнээн сайхан байх билээ? Петр элч бидэнд сайн үйлсийн тал дээр ийнхүү зөвлөжээ.
Харийнхан дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчид хэмээн гүтгэвч, сайн үйлсийг чинь хараад Түүний харгалзлын өдөр Бурханыг алдаршуулах болно. 1Пет 2:12
Үйлс муу бол хичнээн сайхан үнэн байгаад ч, саар үйлсүүдээс маань болж сайн мэдээний гэрэл бүдгэрнэ. Харин үнэн нь зөв, үнэнийг дамжуулж байгаа хүмүүсийн мөс чанар нь сайхан бол сайн мэдээний гэрэл бүр ч тод гэрэлтэх юм. Тэгэх аваас Бурхан ч мөн их ерөөл буулгах болно.
Бидний бие бол Бурхан оршдог ариун өргөө юм (1Кор 3:16). Бурхантай нэг болсон бид Бурханы ажлыг хийж, Бурханыг алдаршуулан, Бурханыг дуурайх ёстой. Христийн жишээг даган Христийн чанарыг өөртөө бий болгохын төлөө хичээх үед бид Христийг бүрэн төгс дуурайж чадах юм.
Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Фил 2:5
… бурхан чанарыг хуваалцагч болох юм. Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахуйг, өөрийгөө захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ итгэл сүсгийг, итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга. 2Пет 1:4-7
Энэхүү бүх зөвт үйлсийг сүмийн гадна ч, дотор ч сахиж үйлдвэл Христийн сэтгэлийг бид илүү ихээр ойлгож, итгэлийн гэр бүлүүдээс ч, энгийн хүмүүсээс ч сайн гэсэн гэрчлэлийг олж авч, Бурханыг алдаршуулах юм.
Библи бидэнд бузар муу, завхай энэ үеийг бүү дуурай хэмээн анхааруулсан байдаг (Ром 12:2). Тиймээс бузар муу энэ үеийнхний дунд ч бид ертөнцийн явдалтай нийцэх биш харин үг үйлдэл, зүрх сэтгэлээ сайн сайхан байлгаж, хүмүүс бидний сайн үйлсийг хараад Бурханыг маань алдаршуулж байхын төлөө улам бүр хичээх хэрэгтэй.
- Тунгаах зүйлс
- Бурханд итгэдэг итгэгч хүн яагаад сайн үйлстэй байх ёстой вэ?
- Бид ямар сайн үйлстэй байж болох талаараа тунгааж үзээрэй.