​Бурхан бол цор ганц шийдэл​

31,542 үзэлт

Аливаа асуудал тулгарах үед бид тэрхүү асуудлыг нь шийдвэрлэчих байх гэсэн хүнээсээ тусламж эрж, тэр хүнээ л түшдэг. Энэ дэлхийн юмс бол бодит нь болох тэнгэрийн юмсын хуулбар ба сүүдэр (Евр 8:5). Харин бид ямар нэг юм хийхээрээ байнга л сүүдрийг дагах гээд байдаг.

Уг нь сүүдэр дагаад нэмэргүй шүү дээ. Бодитыг нь л дагах ёстой. Сайн мэдээний ажлыг удирдан гүйцэлдүүлж байгаа нь цорын ганц Бурхан. Энэ дэлхий дээрх юм бүхэн Бурхан тэнгэрээс зөвшөөрсөн үед л хийгдэж, биелнэ.

Бурханы ажлыг өөрийн мэргэн ухаан, ур чадвар, эрх мэдлээр гүйцэлдүүлэх юм уу зогсоох чадвартай хүн нэгээхэн ч үгүй. Дуулал номыг бичигч “Хаанаас надад тусламж ирэх вэ? Тэрхүү тусламж минь тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс” гэж хэлсэн болохоор та бүхнийгээ би гагцхүү Бурхан руу л харж, Библийн сургаалын дагуу л амьдраасай гэж хүсмээр байна (Дуу 2:1-6, 121:1-2, 146:3-5 үзэх).

Бурханыг сана

Сүүлийн үед олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Бурханы сүмийн тухай мэдээ мэдээлэл нэлээн гарч байгаа. Ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл Бурханы сүмийг сайн сүм гэж мэдээллэсэн. Эх Бурханд итгэж, тэнгэр Эхийн сургаалын дагуу ертөнцийн гэрэл давсны үүрэг гүйцэтгэдэг Бурханы сүмийн үнэн мөнийг тэд хүлээн зөвшөөрсөн хэрэг л дээ. Үүний үр дүнд олон хүн манай сүмийг сонирхож, биширч байгаагаа илэрхийлсэн. Гэрэл улам тод цацран гэрэлтэж байгаа болохоор Сатан бүр ч улангасан хилэгнэж, зүсэн бүрийн худал хуурмаг үгээр Бурханы сүмийн нэр хүндэд халдахыг санаархсаар байна. Харанхуй гэгч хэзээд гэрлийг үзэн яддаг болохоор арга ч үгүй юм.

Бурханы ивээлээр Сатаны саадаас үл хамааран бүртгэлтэй итгэгчийн тоо тогтвортойгоор өссөөр байна. Сүүлийн үед дэлхийн нийт христчүүдийн тоо буурч байна. Нөгөөтэйгүүр Бурханы сүмийн үнэнийг хүлээн авах хүмүүс жил бүр хэдэн зуун мянгаараа байна. Энэ нь магадгүй Солонгост ч, дэлхийн бусад улс оронд ч их ховор тохиолдол байх. Мэдээж би олон итгэгчтэй сүм сайн сүм гэх гээгүй л дээ. Би ердөө манай сүмээс үнэнийг сурч, тэнгэр Эцэг Эхийн яруу алдрыг хараад дэлхий дахинаас хичнээн олон хүн Бурханы сүм рүү ирж байгааг л харуулах гэж итгэгчдийн тоог дурдсан төдий. Та бүхэн ч Бурханы сүм нь Бурханы үгийг дагадаг болохоороо л сайн сүм гэж бодох нь зөв. Тэрнээс биш сүмийг гадна харагдах байдал, том жижгээр нь дүгнэх ёсгүй.

Зарим сүм алдар хүндтэй итгэгчдээрээ бахархан, зурагт хуудас гаргачихаад хүмүүсийг цуглаандаа ирэхийг урьдаг. Тодорхой нэг хүмүүсийг хараад эсвэл тэднийг дагаад сүмд явах нь буруу. Сүм бол хүнд биш, Бурханд мөргөх газар. Бурханы сүм Бурханаас өөр хэнээр ч бахархаж сайрхаад байдаггүй, тухайн хүн пастор байна уу, алдар нэртэй хүн байна уу хамаагүй. Учир нь Бурханы сүмийнхэн Бурханыг л хүндэтгэдэг, Бурханд л мөргөдөг сүм юм.

Энэ дэлхийд амьдарч буй бүх хүн нүглийнхээ улмаас тэнгэрээс хөөгдсөн тэнгэр элч нар биз дээ? Бидний итгэлийн зорилго бол сүнсний аврал. Бид Бурханыг хүндэтгэн дагах үед л аврал олж авна. Бурханыг мартах мунхаг үйл хэрхэвч гаргаж болохгүй.

“Үнэндээ хэн чамайг илүү гээв? Чи байгаагаа хүлээж аваагүй гэж үү? Үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг чи юунд сайрхана вэ?” 1Кор 4:7

Авьяас чадвар гээд бидэнд байгаа бүхэн Бурханаас заяасан. Тийм ч учраас Библи бидэнд юуг ч өөрийнх нь юм шиг бүү сайрх гэсэн. Тэгтэл заримдаа бид өөрт байгаагаа биднийх юм шиг санаж Бурханыг мартах нь бий. Иймээс л Бурхан бидний сүнсний аюулгүй байдалд санаа зовдог.

“Өнөөдөр миний чамд тушааж буй тушаал, зарлиг, шийдвэрүүдийг нь сахилгүй өөрийн Бурхан ЭЗЭНийг умартахаас болгоомжил. … чамд байгаа бүхэн чинь арвижих үед чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад, өргөн уудам, аймшигт цөл дундуур, хорт галт могой, хилэнцэт хорхойтой, усгүй улайдмал газраар удирдан дагуулж, чамд цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ. Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар цөлд чамайг хооллож байсан билээ. “Миний чадал, миний гарын хүч тэнхээ энэ хөрөнгө чинээг надад бий болгосон юм” гэж чи зүрхэндээ хэлүүзэй. … Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун.” Дэд.Хуу 8:11-18

Эцэст нь бидэнд ерөөл өгөх гэсэндээ л Бурхан биднийг итгэлийн замаар хөтөлж байгаа шүү дээ. Ямар ч нөхцөлд бид зөвхөн Бурханыг л боддог байх учиртай. Бидэнд тулгардаг бүх асуудлын цор ганц шийдэл нь Бурхан төдийгүй ярвигтай хүнд асуудлуудыг маань шийдвэрлэх Нэгэн нь гагцхүү Бурхан.

Ямар нэг зүйл болж бүтэх үед бид магадгүй “Үүнийг би өөрийнхөө чадвараар хийсэн” гэж буруу бодож мэднэ. Бурхан биднийг олон чадвартай учраас сонгосон юм биш. Бидэнд байдаг бүх л авьяас чадвар Бурханаас ирдэг. Тиймээс бид аливаа чадварынхаа тухайд өөрийнх юм шиг сайрхах хэрэггүй. Бурхан Өөрийн гэсэн бүхнээ бидэнд өгч, Өөрийнхөө ажлын төлөө биднийг хэрэглэхээр сонгосон хэрэг. Бид Бурханд цаг үргэлж талархал өргөн, даруу сэтгэлээр өөрсдийгөө мөхөс болгох ёстой, тийм биз?

Бурханыг л хардаг жинхэнэ итгэл

Бурхан 2000 жилийн өмнө Есүс нэрээр ирэх үедээ Тэрээр хүмүүсээр бишрүүлж шүтүүлэх байр сууринд байгаагүй, харин үйлчлэх дорд байр сууринд байсан юм. Хэрвээ Бурхан энэ ертөнцөд нэр хүнд, алдар нэр олж авахаар сүр жавхлант төрхөөр ирсэн бол хүн болгон л дорхноо итгэх байсан. Үнэндээ Түүнд хүмүүсийг татахуйц үзэсгэлэн, цог жавхлан, дүр төрх, гэр бүлийн гарал үүсэл, эсвэл эд хөрөнгө гэх мэт зүйл байгаагүйг Библи гэрчилдэг (Иса 53:1-2). Иймээс ихэнх хүмүүс Христийг зохих ёсоор хүлээж аваагүй юм.

Библид мөн иудейчүүд “Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж судар бичгийг мэддэг билээ?” гэцгээж байгаа талаар гардаг (Иох 7:15). Тэд мөн “Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна” гэж гүтгэсэн юм (Иох 10:33). Тэд бүр жишим ч үгүй Түүнийг тэрс үзэлтэн гэж буруутгасан.

“Таван өдрийн дараа тэргүүн тахилч Ананиа зарим ахлагчид болон Тертул гэгч өмгөөлөгчийн хамтаар ирж, Паулын эсрэг захирагчид гомдол мэдүүлэв. Паулыг дуудан ирүүлсний дараа Тертул яллаж, захирагчид хандан ийн хэлэв. … Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээнийг дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг нь бид олж мэдсэн юм.” Үйл 24:1-5

Бурхан энэ газар Өөрийн биеэр заларч ирсэн байхад тэд яаж “Назарын бүлэглэл” гэж гутамшигт нэр зүүлгэн дуудаж зүрхлээ вэ? Тэд Есүсийг тэрс гэж нэрлэсэндээ л үнэнээс эргэж, Есүсээс нүүр буруулсан юм. Нөгөөтэйгүүр хүмүүс Есүсийг “Назарын бүлэглэл” гэж дуудахыг нь сонссон ч Түүний төлөө үхэхэд ч бэлэн хэмжээнд эцсээ хүртэл Есүсийг дагасан хүмүүс цөөхөн байсан юм. Христийн зовлонд дуртайяа оролцсон хүмүүст Тэрээр “Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас… хамгаалах болно” хэмээн амласан байдаг (Илч 3:10).

Есүсийн амласан ёсоор эцсээ хүртэл итгэлээ сахисан хүмүүс нь одоо Бурханы өмнө тайвширч байгаа. Энэ бол жинхэнэ итгэл. Хэрэв Есүс бүх хүнийг хаанчлан, Херод хаан юм уу эсвэл Ромын эзэн хаанаас илүү алдар нэр, нэр хүнд олж авсан бол жинхэнэ тэнгэрийн хаанчлалын хүмүүс ба тийм биш хүмүүсийг ялгах хэцүү болно. Түүнчлэн Есүс Өөрийгөө бүр “Назарын бүлэглэл” гэж дуудуулан дуудуулан хамгийн мөхөс дорд байр сууринд сайн мэдээний ажлаа гүйцэтгэсэн юм. Тэрээр зөвхөн Өөрийг нь зөв таньж, дагасан хүмүүсийг л сонгосон билээ.

Бурханы гүйцэлдүүлж буй түүх

Бид зөвхөн Бурханыг л харж, Библийн сургаалын дагуу авралын замыг дагах учиртай. Харин хүмүүсийн зэмлэл доромжлолыг сонсоод гуйвдаг сул итгэлтэй байж болохгүй.

“ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш манаач хүн дэмий л сэрүүн байна.” Дуу 127:1

Хамгийн агуу хүн бол юу ч хийсэн, гэр барьж байгуулсан ч, хот барьж байгуулсан ч хамаагүй Бурхан л хамт байдаг хүн юм. Анхны сүмийн ариун хүмүүс хэдийгээр энэ дэлхийн хүмүүст хүлээн зөвшөөрөгдөлгүй, “Назарын бүлэглэл” гэж хүртэл дуудуулсан ч зөвхөн Бурханыг дагаж, үнэнийг баримталдаг байсан юм. Эдүгээ бид Библид гэрчилдэг Елохим Бурханд итгэдэг. Тийм учраас анхны сүмийнхэн шиг Бурханыхаа тухай зоригтойгоор гэрчлэхийн төлөө улам бүр хүчин зүтгэх ёстой.

Эцэг Эх Бурхан цаг үргэлж бидэнтэй хамт байдаг юм шүү. Үүнийх нь ачаар л өнөөгийн бид бий болж, сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаад байгаа. Бурхан бидэнд тусалж л байхад бид ямар ч өндөр саадыг даван гарч чадна. Энэ талаар Израилийн түүхээр дахин баталж үзэж болно.

“ЭЗЭН, Мосед —Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл. Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган, түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.” Гэт 14:15-16

Израильчууд Египетээс гармагцаа асар том саадтай тулгарсан. Израильчуудын араас Египетийн Фараон хаан болон түүний цэргүүд элдэн хөөж, өмнө нь Улаан тэнгис хөндөлсөх нь тэр. Хүмүүсээ завиар тэнгис гатлуулсан бол Египетийн цэрэг тэднийг тэнгис гаталж дуустал нь зүгээр хүлээх байсан уу? Огт үгүй. Израильчууд баригдахаас өөр аргагүй болох байсан биз.

Хэрэв тэд дайснуудынхаа гарт унавал тэдэнтэй урьд өмнөхөөс нь ч харгис хатуу хандах байсан юм. Ийм эрсдэлтэй агшинд Мосе Бурханд хандан хашхирсан байдаг. Бурхан Мосегийн гуйлтанд хариулан “Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа” хэмээн гарах шийдэл өгсөн.

Мосе Бурханы өөрт нь өгсөн шийдлийг хэрэгжүүлэх үед гайхамшиг тохиов. Ус хуваагдаж, израильчууд далай дундуур хуурай газраар алхаж гарлаа. Израильчуудыг тэнгис хүртэл дагасан Египетийн бүх цэрэг усан дор булшлагдав. Бурхан шийдэл нь байсан юм.

Бурхан биднийг ялалт руу хөтөлдөг

Ямар ч асуудал тулгарсан Мосе цаг ямагт Бурханыг л хардаг байлаа. “Бурхан минь, асуудал тулгарлаа, яах уу?” “Үүнийг хий.” “Улаан тэнгис замд хөндөлслөө. Яах хэрэгтэй вэ?” “Далай дээгүүр гараа сунга.” “Өөр нэг асуудал тулгарчихлаа. Яах ёстой вэ?” “Хад цохь.” Энэ мэт ямар ч асуудалд Бурхан Мосед гарах шийдэл, хариулт өгч байсан юм.

Бид ч бас үргэлж Бурханыг харж, асуудалтай тулгарах бүрдээ Бурханы хариултыг гуйх ёстой. Нэмж хэлэхэд бидэнд байгаа бүхэн Бурханаас ирдгийг санаж, үргэлж Бурханыг л алдаршуулах итгэлийн хандлагатай байх хэрэгтэй.

“Мосегийн хэлсэн ёсоор Иошуа үйлдэж, Амалекийн эсрэг байлдав. Мосе, Аарон, Хур нар толгодын орой дээр гарлаа. Мосе гараа өргөхөд Израиль ялж, буулгахад Амалек ялж байв. Гэвч Мосегийн гар цуцжээ. Тэгэхэд тэд чулуу авч түүнд тавьж өгөхөд тэрээр чулуун дээр суув. Аарон Хур нар түүний гарыг нэг нь нэг талаас, нөгөө нь нөгөө талаас нь түшив. Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв. Ингээд Амалек болон ард түмнийг нь Иошуа илдний ирээр ялав.” Гэт 17:10-13

Амалекийн эсрэг дайнд Мосе гараа өргөсний хэрээр Бурхан Израилийг ялуулж байв. Мэдээж Иошуа тэргүүн шугаманд байсан ч тэрээр хичнээн авхаалжтай, эр зоригтой байсан ч Мосе гараа буулгах бүрийд Израиль ялагдал хүлээж байв. Мосе гараа өргөх үед бол хамгийн хүчтэй хүн ч Иошуагийн эсрэг зогсож чадахгүй байжээ.

Тулгарсан хүнд нөхцөл байдлаа шийдвэрлэхийг хүсэж байвал та бүхэн Бурханыг бодож, Бурханыг түш. Хятадын түүхэн дэх цэргийн бодлогын гарамгай хүмүүсийн нэг болох Жу Гэ Лян мэтийн мэргэн ухаантай, суу ухаант зөвлөхүүд цуглуулбал бүх асуудлыг шийдвэрлэж чадна гэж хүний бодлоор хандаж мэдэх юм. Тэгвэл ёстой буруу бодож байна. Асуудлыг шийдвэрлэх болсон нь Мосегийн мэргэн ухаан биш ээ. Хамгийн мэргэн ухаантай хүн бол Бурханыг бодож, мөн үл үзэгдэх ертөнцөд Бурханы тогтоосон зүй тогтол хэрхэн ажиллаж байдгийг ойлгодог хүн юм.

“ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа, ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө хэлэхдээ —Өө нар минь, Гибеон дээр, —Өө сар минь, Аиалоны хөндийн дээр тогтооч гэв. Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар тогтож, сар эс хөдлөв. Ийнхүү нар тэнгэрийн тэхий дунд тогтож, бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй. Энэ нь Иашарын номд бичигдсэн бус уу? Үүнтэй адил, хүний дууг ЭЗЭН сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтсан юм.” Иош 10:12-14

Израиль болон аморичуудын хоорондын тулаанд аморичууд уугуул нутгийнхан тул тулалдааны талбарын бүх газар зүйн онцлог аморичуудын хувьд танил байсан бол энэ нутаг израильчуудад огт танил биш байсан юм. Ялангуяа шөнийн харанхуйд бүр ч танил бус байв. Энэ мэт туйлын хүнд нөхцөл байдлын улмаас Иошуа нар, сарыг зогсоохыг Бурханаас гуйжээ. Энэ үед нар ч, сар ч тогтов. Нарны аймгийн тойрон эргэх гаргууд хөдөлгөөнөө нэг секунд ч зогсоож чадахгүй. Тэд харилцан таталцлын нөлөөн дор хөдөлсөөр байдаг. Гэсэн хэдий ч Иошуа Бурханд залбирах үед энэ бүх систем бараг бүтэн өдөр зогссон байна.

Энэ нь Иошуагийн өөрийн хүчээр хийж гүйцэлдүүлэх ажил мөн үү? Юм бүхнийг туйлын эрх мэдлээр гүйцэтгэдэг Бурхан л хийсэн юм. Бурхан бол цорын ганц хариулт, шийдэл. Нүдэнд харагдах хэн нэг хүнийг харахын оронд тэр хүнтэй хамт байгаа Бурханыг л зөвхөн харж, итгэлээрээ Бурханыг цаг ямагт хүндэтгэцгээе.

Бурхан бол цор ганц шийдэл

Гэтлэл номны түүхэн үйл явдлыг харахаар израильчууд 400 гаруй жил боолчлогдож байсан Египетээс чөлөөлөгдсөн нь хүний хүч чадал биш гэдгийг харж болохоор байна. Хэдийгээр зургаан зуун мянга гаруй эр цэрэг байсан ч тэд өөрсдийн хүч чадал, чадвараар эрх чөлөөгөө олж авсан юм биш ээ. Мосегийн хүч чадлаар ч эрх чөлөөгөө олж авсан юм биш.

Бурхан Египетийн дээр ар араас нь тасралтгүй арван гамшиг буулгасан. Бурхан Алгасал баярыг Египетийн хүн мал гэлтгүй бүх амьтдын ууганыг устгах өдөр хэмээн тунхаглаж, гамшиг израильчуудыг алгасан өнгөрөх өдөр болгон тогтоосон. Алгасал баярын шөнө Египетийн ууган хөвгүүд бүгд алагджээ. Фараон тэр даруй Мосе, Аарон хоёрыг дуудаж, “Ард түмнээ аваад Египетээс гар. Танай Бурханаас ирэх гамшгийг бид дахиж тэвчиж чадахгүй нь” гэв. Фараон израильчуудыг Египетээс гаргаж, тэднийг гар хоосон явуулалгүй, египетчүүдээр тэдний нэхсэн алт, мөнгөн эдлэлийг нь гаргуулжээ. Энэ бүгдийг Бурхан хийсэн юм. Бурхан л эцсийн хариулт, шийдэл байлаа.

Бид цаг үргэлж бидэнтэй хамт байж, авралын замаар биднийг хөтөлдөг Бурханыг мартах ёсгүй. Тэнгэрийн хаанчлал явах замд маань үй түмэн саад сорилт бий. Тэр бүх сорилт саадыг даван туулахад минь туслах цорын ганц Нэгэн нь Бурхан.

Та бүхэн бэрхшээлтэй тулгарч, зовж шаналах үедээ, эсвэл итгэлийн амьдралдаа уналтанд орох үедээ Бурханы талаар бодож, Бурханаас л шийдэл хүсээрэй. Бурхан бол бидэнд тулгарсан асуудал болгонд шийдэл өгөх цорын ганц Нэгэн төдийгүй бүх хаалгыг онгойлгох түлхүүр юм. Бидэнд Бурханаас хүлээж аваагүй зүйл гэж бий юү? Үргэлж Бурханд хандан, бүх нөхцөл байдалд Бурханы хүслийг хайж эрэлхийлэх юм бол бид Иошуа, Мосе, элч Паул, Петр нарынх шиг агуу итгэлтэй байж чадна гэдэгт би итгэлтэй байна.

Израильчууд Египетийн цэргүүдэд хөөгдөж, Улаан тэнгис өмнө нь тулж ирсэн эрсдэлтэй нөхцөл байдалд ч Бурханы тухай бодох тэр мөчид л асуудал нь шийдэгдэж байсан. Мянган хүн дэргэд унаж, түмэн хүн баруун гар талд унах гамшиг тохиолдсон ч Бурханд хандвал гарц шийдэл олж чадна. Шинэ гэрээний Алгасал баяраар тэр бүх гай гамшиг биднийг алгасан өнгөрч, гал уснаас ч аварна гэж Бурхан бидэнд амласан. Бурхан бол бидний асуудлыг шийдэх цорын ганц хариулт, шийдэл юм. Сионы ах эгч дүү нар аа, Бурханы тухай бодож, Бурханы ивээлтэй амлалтыг сэтгэлийнхээ гүнд сийлээд, Бурханыг хүндэтгэж, Бурхандаа яруу алдар, магтаал өргөцгөөе.