Бурханд хэрэглэгдэх хүн

14,043 үзэлт

Шинэ гэрээний үүрэг хүлээсэн хүмүүс “даруу” гэдэг үгийг сэтгэлдээ шингээвэл Бурханы сайн мэдээ агуу ихээр хөгжиж чадна хэмээн Бурхан айлдсан. Түрүүнд дуудагдсан эш үзүүлэгчээс эхлэн одоо дөнгөж итгэлийн амьдралаа эхэлж байгаа гэр бүл хүртэл бүгд даруу байдлын талаар бодож, даруу төлөв сайн мэдээний үйлчлэгчид болох хэрэгтэй.

Христийн даруу сэтгэлийг өвөрлө

“… Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй, харин Өөрийгөө юу ч үгүй болгон, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр Өөрийгөө мөхөс болгож, үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв.” Фил 2:1-8

Даруу байдлын чухлыг Есүс Христийн үзүүлсэн жишээнээс судалж үзэж болно. Даруу байдал нь Христийн сэтгэл юм. Хаадын Хаан болсон Бурхан энэ газарт ирсэн боловч хүмүүс таньж чадалгүй Түүнтэй дур мэдэн харьцаж байлаа. Нүгэлтнүүд доог тохуу хийж, дорд үзэж байсан ч Христ биднийг аврахын төлөө үг дуугүй тэвчин, үргэлж даруу төрхөө харуулж байв. “Өөрийгөө мөхөс болгож, үхэлд хүртэл дуулгавартай байв” гэсэн үгнээс Христийн жишээ болгон үзүүлсэн даруу байдал гэгч юу болохыг ойлгож болно.

Хэрэв бид Бурханы хүүхэд л юм бол Бурханы даруу зан чанарыг дуурайх ёстой. Алдагдсан гэр бүлээ хайхад зан чанар чухал байр суурь эзэлдэг.

Итгэлийн маань зорилго бол сэтгэлийн буюу сүнсний аврал шүү дээ (1Пет 1:9). Аврал нь гэмшихээс эхэлж, гэмшил нь даруу байдлаас эхэлдэг. Тиймээс аврал гэгч даруу сэтгэл дээр үндэслэдэг гэхэд болно. Даруу байж чадаагүйгээс зөрчил үүсэж, атаархал, үзэн ядалт, маргаан гардаг. Эсрэгээрээ даруу хүнд дайсан байдаггүй.

Библийн бүх түүхийг нэгтгээд үзэхэд өөрийгөө мэдлэгтэй, мэргэн ухаантай гэдэг хүнийг, өөрийгөө бусдаас давуу гэдэг хүнийг ч Бурхан хэрэглээгүй. Учир нь тийм хүмүүс Бурханы хаант улсыг байгуулахаасаа урьтаж өөрийн хаант улсыг байгуулахад гол хүчээ зардаг юм. Бурханы үг ба Бурханы аргаар ажлаа явуулалгүй, өөрийн аргаар Бурханы сайн мэдээний түүхэнд оролцох нь Бурханы урьдаас төлөвлөсөн ажлын явцын эсрэг болчихдог учраас л Бурхан тийм хүмүүсийг хэрэглэдэггүй байна.

Бурхан Петр, Иохан, Иаков зэрэг өчүүхэн дорой загасчдыг шавиа болгон сонгосонд ямар нэг учир шалтгаан байж л таараа. Тэд биеэ өргөмжилдөггүй, өөрийгөө ямар нэг юм сайн хийдэг гэж боддоггүй байжээ. Ийм хүмүүс өөрийн хаант улсыг байгуулах гэхийн оронд зөвхөн “Би юу ч хийж чадахгүй юм чинь Бурханы тушааснаар хүслийнх нь дагуу хийнэ ээ” гэсэн бодолтой байдаг.

Бурхан тийм л даруу хүмүүсийг хэрэглэдэг тул Бурханд хэрэглэгдье гэвэл улам даруу болох ёстой. Тэгж гэмээнэ Бурханы зорилгын төлөө хэрэглэгдэх эрхэм чухал сав болж чадна. Бурханы үнэний сургаалыг дагагчдын хувьд Бурхан биднээс шаарддаг даруу санаа бодол ба үйлс бидэнд хэрэгтэй.

“Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махбод талаасаа мэргэн хүн олонгүй, хүчирхэг хүмүүс олонгүй, язгууртнууд ч олонгүй байлаа. Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ. Байгсдыг хүчингүй болгохын тулд энэ ертөнцийн дордсыг мөн гологдогсдыг буюу юу ч бишийг Бурхан сонгосон ажээ. Ингэх нь Бурханы өмнө ямар ч махбодыг сайрхуулахгүйн тулд болой.” 1Кор 1:26-29

Бурханд ийм л хүмүүс сонгогдсон юм. Бурхан өөрийгөө өндөрт өргөж, өөрийнхөө мэдлэг боловсролыг урдаа барьдаг хүнийг хэрэглэдэггүй. Тийм хүмүүс ажил хийвэл “Би өөрөө хийсэн” гэсэн бодол өвөрлөж, Бурханы зөвт байдлыг бус, өөрийн зөвт байдлыг илүү товойлгох гэдэг.

Өмнө нь нэг ах дүү надад “Сургаал сайн заадаг пастор сайхан ч тийм пастортай удаан байхаар пасторын нүүр халхлаад Бурхан сайн харагддаггүй” гэж билээ. Ингэж хэлсэн нь надад нэлээд юм бодуулж билээ.

Тэглээ гээд сургаал муу заагаарай гэсэн үг биш л дээ. Юу хэлэх гээд байна вэ гэхээр сургаал сонсоод сэтгэлд маань Бурхан л илүү байр эзлэх ёстой байтал пастор л санаанд ороод байвал энэ нь том алдаа гэсэн үг юм.

Бид гэр бүлийн өмнө Бурханы тусгал болсон толины үүргийг л гүйцэтгэх ёстой. Үг дамжуулах номлогч, зөнч нарыг илүү их анхаарч хардаг гэр бүл байвал одооноос ямар ч нөхцөл байдалд зөнчийг харалгүй, харин зөнчийн тусгаж өгөх Бурханыг л олж хараарай. Үгийг номлодог хүн толиноос өөр үүрэг гүйцэтгэх нь сүнсээр аюултай хэрэг юм.

Бурхан яагаад ертөнцийн эрдэм мэдлэгтэй, ухаалаг сэргэлэн хүмүүсийг хэрэглээгүй юм бол? Тийм хүмүүсийг хэрэглэвэл Бурханы яруу алдар тэдний нэр алдарт халхлагдан харагдахгүй болно. Тийм хүмүүс Бурханаар дамжуулан өөрийнхөө нэрийг л илүү гаргах гээд байдаг болохоос хүмүүсийн сэтгэлд Бурханы нэрийг суулгах гэж хичээдэггүй.

Бид үйлсээрээ Бурханы яруу алдрыг гаргах үүрэгтэй. Энэ нь итгэлийн зөв явц юм. Зөвхөн Бурханаас эмээж, Түүний яруу алдрыг гаргах нь бидний төрөлх байдал гэдгийг умартаж болохгүй.

Бид зүгээр л нүгэлтэн. Бурхан биднийг өрөвдөн хайрлаж, ивээлээ соёрхсон болохоор л өнөөдөр бид ирсэн хэрэг. Зарим маань сүм дээр тэргүүлэн удирдах байр сууринд байгаа. Тэгсэн ч өөрсдийгөө даруу болгон, гэр бүлүүдээ өрөвдөн энэрч, тайтгаруулдаг байх хэрэгтэй.

Бурханы хүч чадлыг ухаарч даруу болсон Небухаднезар

“… “Агуу их хүчээрээ, сүр жавхлангийнхаа алдрын төлөө хаанчлалын өргөө болгож миний бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ. Энэ үг хааны аманд байх зуур тэнгэрээс нэгэн дуу гарч, “Небухаднезар хаан, чамд үүнийг хэлье. Хаанчлал чамаас зайлсан. Чи хүмүүсээс хөөгдөж, орших газар чинь хээрийн араатнуудтай хамт байх болно. Чи үхэр мэт өвс идэж, Хамгийн Дээд Нэгэн хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртэлээ чи энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөх болно” гэв. Тэр даруй Небухаднезарын талаарх энэ үг биелэлээ олжээ. Тэрээр хүмүүсээс хөөгдөж, үхэр мэт өвс идэж эхлэн, үс нь бүргэдийн өд мэт, хумс нь шувууны савар мэт ургах хүртэл бие нь тэнгэрийн шүүдэрт норжээ. Харин тэр өдрүүдийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд саруул ухаан минь надад эргэж ирсэнд би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд орших Түүнийг өргөмжлөн хүндлэв. … Тэр үед саруул ухаан маань надад эргэн иржээ. Миний хаанчлалын алдрын төлөө нэр алдар, сүр жавхлан надад эргэн ирэв. Зөвлөгчид, ихэс дээдэс маань намайг эрэлхийлжээ. Ийнхүү би хаанчлалдаа дахин сууж, агуу байдал надад улам нэмэгдэв. Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.” Дан 4:30-37

Вавилоны хаан Небухаднезар хэдийгээр харь улсын хаан байсан ч Бурхан түүнд Өөрийгөө ойлгуулах агуу түүхийг олонтоо харуулсан. Шадрах, Мешах, Абед-него нарын хэрэг явдлаас ч Бурхан оршихуйгаа мэдүүлж, мөн Небухаднезарыг бардам сэтгэлтэй болоход нь тэнгэрээс “Хаанчлал чамаас зайлсан” гэсэн дуу гарч, эцэст нь түүнийг хааны суудлаас буулгаж, даруу сэтгэлтэй болох үед саруул ухааныг дахин зөвшөөрч, хааны суудлыг нь эргүүлэн өгсөн.

Небухаднезар хаанд “Агуу их хүчээрээ, сүр жавхлангийнхаа алдрын төлөө хаанчлалын өргөө болгож миний бүтээн босгосон” гэсэн бодол төрсөн даруйд Бурхан түүнд араатны ухаан өгсөн. “Би өөрөө хийсэн” гэсэн бардам зангаасаа болж тэрээр хаан суудлаасаа хөөгдөн, дордоос дорд болсон. Тэр үхэр мэт өвс идэж, бие нь тэнгэрийн шүүдэрт норж, үс нь бүргэдийн өд мэт, хумс нь шувууны савар мэт өөрчлөгдсөний дараа даруу сэтгэл чухал гэдгийг ухаарсан юм. Небухаднезар “Бурхан бардам явагчийг даруу болгодог” гэдгийг баттай ухаарсныхаа дараа тэнгэрийн Хаан Бурханыг магтсан гэж Библид тэмдэглэсэн байна.

Даруу сэтгэл гэдэг зөвхөн хуучин гэрээний үед ч биш, өнөө үед ч, ирээдүйд ч үнэн дотроос салгаж болшгүй зүйл юм. Авралын анхны алхам даруу сэтгэлээс эхэлдэг учраас тэр ажээ. Сайн мэдээний ажил хийхдээ бид анхаарах хэрэгтэй.

Мөн “Би өөрөө хийсэн” гэж бодвол үнэхээр том алдаа болно. Бурхан хэний ч нэрийг цохож дуудаад хийлгэж чадах ч жирийн бид нар л Бурханы ажлыг гүйцэлдүүлэх үүрэг даалгавар авсан юм. Дүүргийн дарга, хорооны дарга, миссионер, пастор гээд ямар ч албан тушаалтан байлаа ч Бурхан үүрэг даалган, нэр цохсон л бол авсан тэр ажил үүргээ гүйцэтгэж дийлэх хүч чадлыг ч Бурхан өгдөг юм.

Даруу сэтгэлээр сайн мэдээний ажил хийцгээе

Бурханаас бид мэргэн ухаан юм уу олон үр жимс гаргахаар гуйдаг. Тэгвэл юун түрүүнд одооноос эхлэн даруу болохыг хичээгээрэй. Нүгэлтнийг Бурхан ивээлдээ дуудан багтааж, энэ яруу алдрын байр сууринд авчирсанд талархдаг л бол насан турш ах эгч дүүстээ баяртайгаар үйлчилсэн ч юу нь болохгүй байхав. Даруу сэтгэлээр сайн мэдээ тунхаглавал Сионы ерөөл болон яруу алдар өөрт буцаж ирнэ.

Элч Паул бас даруу сэтгэлээр сайн мэдээнд оролцсон юм.

“Тэр Милетээс Ефест хүн илгээн чуулганы ахлагчдыг дуудуулав. Тэднийг ирэхэд тэр —Азид хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш ямар байсныг минь та нар мэднэ. Би Эзэнд даруу зан хийгээд нулимстайгаар, …” Үйл 20:17-19

“Учир нь би (Паул) бүгдээс чөлөөтэй атлаа илүү олныг олж авахын тулд өөрийгөө бүгдэд боол болгосон.” 1Кор 9:19

Элч Паул төрсөн цагаасаа тэр үеийн онцгой эрхээр хүлээн зөвшөөрөгдсөн Ромын иргэншилтэй байсан ба эрдэм номтой, хуульд гаргууд хүн байсан. Нэг үгээр хэлбэл түүнд ихэмсэг бардам байж болох бүх нөхцөл бүрдсэн байв. Харин тэрээр энэ мэт ертөнцийн юмсаар сайрхалгүй сайн мэдээ тунхаглахдаа бүгдэд боол болсон гэж хэлэх хэмжээнд өөрийгөө дорд, даруу болгосон. Тиймээс тэрээр Бурханыг эсэргүүцэж байсан замаа орхин, Бурханы нигүүлслийг өмссөн элч нарын элч болсон.

“Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчдадаа захирагд. Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар хувцасла. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг. Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө.” 1Пет 5:5-6

Бардамнах нь Бурханы эсрэг дайсагнаж байгаа хэрэг. Бурханыг эсэргүүцэх байр сууринд зогсвол Бурханы бүхий л тусламж тасарна. Мэргэн ухаантай байсан бол мэргэн ухаан нь алга болж, үр жимс сайн гаргадаг байсан бол үр жимсээр тасарч, ерөөл авдаг байсан нэгний ерөөл тасрах юм. Харин даруу нэгэнд Бурхан ивээлээ нэмж өгнө.

“… Гэвч Тэр илүү их нигүүлсэл өгдөг. Тиймээс “Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг” гэдэг.” Иак 4:5-6

Бурханыг эсэргүүцдэг хүн болох уу эсвэл Бурханы нигүүлслийг хүртэгч болох уу гэдгийг даруу байна уу үгүй юү гэдэг нь л шийднэ. Бурханы нигүүлслийг хүртье гэвэл жижиг зүйлээс эхлэн дуулгавартай, даруу байж, төлөв даруу итгэлтэй болцгооё. Христийн даруу сэтгэлийг өвөрлөн сайн мэдээнд оролцвол Бурханы ивээл Сионоор дүүрэн бялхана.

Бурханд ихээр хайрлуулж, мэргэн ухаан мэдлэг оюунтай болж, үр жимс их гаргахыг хүсвэл юун түрүүнд даруу байр сууринд зогсох хэрэгтэй. Тэгж гэмээнэ зохистой цагт Бурхан биднийг өргөмжилнө.

Сайн мэдээний ажилд зэрэг зиндаа гэж байхгүй. Хичнээн бага ажил байсан ч, хэцүү бэрх ажил байсан ч гэр бүлүүдийн маань төлөө л бол тэр ажил утга учиртай. Гэр бүлүүдийн нүдэнд тусахааргүй жижиг ажил байсан ч Бурхан бүгдийг нь харж байдаг. Нүдэнд анзаарагдаагүй хэцүү ажил хариуцан хийхийг Бурхан мэдэхгүй өнгөрнө гэж үгүй. Тийм хүнд үр жимс илүү ихийг өгч, үгийн чадварыг нь ч нэмнэ.

Бидний алхаж байгаа сайн мэдээний зам Бурханы туулсан зам байх ёстой. Тэр зам нь тэнгэрийн хаанчлалд хүрэх хамгийн бат, зөв, дөт зам юм. Сайн мэдээ хүний бодлоор болдог бус Бурханы бүх сургаалыг даган хэрэгжүүлэх үед биелдэг билээ. Бурханы үгэнд дуулгавартай байх үед л ерөөл ирдгийг Бурханы үгийг амьдрал дээр хэрэгжүүлсэн хүн л мэдэрнэ.

“Даруу сэтгэлтэй бай” хэмээсэн болохоор даруу төрх байдал, даруу сэтгэлтэй л байх ёстой. Тэгвэл сайн мэдээний ажил санаснаар бүтэх болно. Эцэг, Эх маань биеэрээ даруу байдлын жишээ үзүүлсэн. Бид тэр жишээг болон Эцэг Эхийнхээ сургаалыг дагах хэрэгтэй. Өөрсдийгөө даруу болгох тэр үед л олон үр жимс өгнө гэсэн Бурханы амлалтанд итгэн, дуулгавартай хүүхдүүд болцгооё.

Хүүхэд адил болсон хүмүүс тэнгэрийн хаанчлалд орно.

Бурхан итгэлийн өвөг Иовоос ч даруу байхыг шаардсан.

“Тэд чамайг дорд болгоход чи итгэлтэйгээр ярих болно. Тэрээр даруу хүнийг аврах болно.” Иов 22:29

Энэ үгнээс нь харвал аврал даруу байдлаас эхэлдгийг тодорхой мэдэж болох нь. Есүс энэ талаар дараах байдлаар сургажээ.

“Тэр цагт шавь нар нь Есүс дээр ирж —Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ. Тэр нэгэн хүүхдийг дуудаад тэдний дунд зогсоож айлдсан нь —Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй. Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно.” Мат 18:1-4

Хүүхдүүдэд эрх мэдэл гээд байх юм байдаггүй. Өөрийгөө үргэлж дутуу гэж бодон, аав ээжийнхээ хэлснийг л дагадаг. Хүүхэд бас эцэг эхийгээ л түшдэг. Хүүхэд юу ч хийсэн үргэлж эцэг эхийн тусламж хэрэгтэй. Жаахан хол газар явахаар болсон ч аав ээжээсээ хүргэж өгөөч гэж шална.

Яг л балчир хүүхдүүд шиг бидэнд ч бас Бурханы тусламж хэрэгтэй. “Би хэнээр ч туслуулахгүй энэ зэргийн юм ганцаараа хийж чадна” гэж бодохын оронд “Үүнийг өөрөө хийчихэж дөнгөх ч гэсэн Бурхан надад мэргэн ухаан өгч, илүү ивээлтэй арга зөвшөөрвөл бодсоноос арав, хорь дахин илүү сайн үр дүн гарах тул Бурханаас эхлээд гуйя” гэх нь хүүхдийн сэтгэл гэж болно.

Тиймээс Есүс тэнгэрийн хаанчлалд оръё гэвэл хүүхэдтэй адилхан сэтгэлтэй бай хэмээсэн. Эхлээд Бурханаас гуйсны дараа хийх нь даруу хүнээс гардаг ивээлтэй үйлс юм.

Бурхан даруу хүнийг л хэрэглэдэг. Ямар ч ажил хийсэн даруу байдлыг хамгийн эрхэм ёс журмаа болгон, эхлээд Бурханаас гуйвал Бурханы ерөөлийг дүүрэн авах юм. Сионы бүхий л ах эгч дүү нар маань даруу байдлаар Бурханы үгийг дуулгавартай дагаж, сайн мэдээний алив ажилд итгэмжит байж, Бурханы хайрыг татаж, үзэсгэлэнтэй үр жимс олныг гаргана хэмээн найдах ажгуу.