Бодоогүй өдөр ирэх Бурхан

13,669 үзэлт

Христчин хүн “амар амгалан, аюулгүй байдал” гэсэн бодолд автвал юу болох вэ? Ийм хүн гаднаа христчин гэж харагдаж байвч дотроо христчин хүний төрхгүй байх нь бий. Зарим хүн зовлон зүдгүүр, хавчлага саадтай үедээ халуун итгэлтэй байснаа харин таатай нөхцөл байдалд орохоороо бүр эсрэгээрээ Бурханд итгэх итгэлээ гээх тохиолдол гардаг.

Библи нь хүн төрөлхтөн биднийг бүтээсэн Бүтээгч Бурханы тэмдэглэсэн үг болохоор хүний сэтгэл бодлыг нарийн тодорхой дүрсэлсэн бичээс юм. Бидний сэтгэлийг Бурхан сайн мэддэг тул биднийг Сатан диаволын арга мэхэнд уналгүй авралд хүрэг гэсэндээ Библийн 66 номыг бичиж үлдээжээ. Бурханы үг нь заримдаа биднийг зэмлэдэг, зарим үед биднийг залхууралд автуулахгүйн тулд сэрээдэг.

“Ирэхгүй удна” ба “Удахгүй ирнэ” гэх бодлын ялгаа

Бурханы үгийг унших үед хамгийн чухал зүйл нь үгийг хүлээн авах бидний бодол юм. Бодол санаа гэгч нь хүний үйлдлийг захирдаг гол хүчин зүйл аж. Иеремиа эш үзүүлэгч биднийг бодол санаа буюу төлөвлөгөөнийхөө үр дүнд ерөөл ч авч болно, гамшигт ч өртөж болно гэж заажээ.

“Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв. Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн. Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ. Тэдний дунд юу байгааг мэдэгтүн, хотол түмэн! Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна. Учир нь тэд үгсийг минь сонсоогүй бөгөөд хуулийг минь ч бас эсэргүүцсэн билээ.” Иер 6:17-19

Бүх зүйл төлөвлөгөөний буюу бодлын үр дүн хэмээсэн. Тэгвэл одоо бид ямар бодолтой байгаагаа шалгаж үзэх ёстой биш үү? Ерөөл авах хүн нь ерөөл хүртэхүйц бодолтой байдаг бол гамшигт өртөх хүн нь гамшигт өртөхүйц бодолтой байдаг болохоор ийнхүү ерөөл болон гамшгийн үр дүн дагалдаж байдаг. Хэрвээ бидний бодол Бурханы ариун хүсэлд нийцэж байдаг бол эцэстээ тэр бодлынхоо үр дүнд ерөөл л авна.

Эдүгээ бид Сүйт залуу саатах зөгнөлийн цаг үед амьдарч байгаа болохоор зарим нь “Сүйт залуу ирэхгүй хэтэрхий удвал яана аа” гэж сэтгэл түгших юм уу зарим нь “Удахгүй ирнэ” гэсэн бодолдоо ирээдүйн талаар бодохгүй, дур зоргоороо амьдарч байх вий гэж би санаа зовдог юм. Харин Бурхан бидэнд маргааш эцсийн өдөр ирсэн ч хийх ёстой ажлаа өнөөдөр хийж байгаад л яруу алдрын өдрийг угт гэж дахин дахин айлдсан. Христ жилийн дараа ирсэн ч, хоёр жилийн дараа ирсэн ч, маргааш ирсэн ч, ер нь хэзээ ч ирсэн “Христ өнөөдөр морилон ирнэ” гэсэн сэтгэлээр ажиллах нь итгэлийн зөв төрх байдал ба Бурханы бидэнд захисан үг юм.

“Христ ирэхгүй удаж магадгүй” гэх бодол нь бидний итгэлийг бусниулж, хүсэл найдварыг үгүй хийн, сүнсийг маань нойрсуулах эмний үүрэг гүйцэтгэдэг туйлын аюултай бодол юм. Бид сүнсээрээ “сонор соргог байх” гэдэг нь ямар утгатайг Библийн үгсээс судалж, соргог байж бэлтгэн, бодоогүй өдөр ирэх Бурханыг угтан хүлээн авцгаая.

“Харин өөдгүй муу зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд, анд нь болох зарц нараа зодож, архичидтай идэж ууж эхэлтэл бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь мөнөөх зарцын эзэн ирж, түүнийг тас хэрчиж, хоёр нүүртнүүдтэй ижил хувь онооно. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй.” Мат 24:48-51

Эзэн нь “бодоогүй өдөр, мэдээгүй цагт” ирнэ гэж Библид гарч байна. Өөдгүй муу зарц уйлж, шүдээ хавирах болсон нь бодлынх нь үр дүн юм.

Нэг хэсэг нь Христ хоёр жилийн дараа ч бай, жилийн дараа ч бай, маргааш ирлээ ч эсвэл яг одоо ирсэн ч бай Христийг угтан авах бэлтгэлээ базаах гээд зүтгэж байгаа. Тийм хүмүүсийн хувьд Бурхан тэдний бодлынх нь үр дүнгийн дагуу ерөөл бэлдчихсэн байгаа.

Эсрэгээрээ нөгөө хэсэг нь “Ирэхгүй удна” гэж бодон, ажил үүргээ цалгардуулж, ерөөл авах ажлыг ч хүртэл хойш тавьж орхидог. Иймийн тул Христийг морилон ирэхэд “Бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь мөнөөх зарцын эзэн ирж, түүнийг тас хэрчиж, хоёр нүүртнүүдтэй ижил хувь онооно. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй” гэсэн зөгнөл тэдний хувьд биелэгдэх юм.

Матай 24-р бүлэгт Есүс үеийн төгсгөлд тохиолдох зүйлсийг тайлбарлан, Христ ирэх сүүлчийн үед юу болох талаар бидэнд урьдчилан харуулсан юм (Мат 24:3 үзэх). Энэ үг бол анхны сүмийн итгэгч нарт хэлсэн үг биш, хуучин гэрээний үеийн итгэлийн өвөг дээдэст өгсөн зөгнөл ч биш. Энэ зөгнөл нь үеийн төгсгөлд амьдарч буй бидэнд зориулсан үг юм.

Тэгвэл сүүлчийн үед “өөдгүй муу зарцын бодол” шиг санаа бодолтой хүмүүс байх нь гарцаагүй. Тэд үүнийгээ гаднаа харуулахгүй. Харин “Ирэхгүй удна” гэж бодож байгаа учраас өөрийн анд нөхөд болох зарц нараа зодох, архичидтай идэж уух гэх мэт хувийн зугаа цэнгэлд автах болно. Үүнээс болж өөрийн хийх ёстой, христчин хүнийхээ хувьд хүлээсэн үүрэгт ажлаа умартаж, бэлэн байж чадаагүй тэр өдөр, бодоогүй цагт ирэх Эзэнээс шийтгэл авах болно.

“Тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэмдэж байхад нэгийг нь авч, нөгөөг нь орхино. Тиймээс… сонор соргог бай.” Мат 24:44

“Тиймээс та нар ч мөн бэлэн бай. Хүний Хүү та нарын санаагүй цагт ирнэ.” Мат 24:40-42

Итгэмжит, ухаалаг зарцын ёсоор сонор соргог бай

Библи бидэнд байнга “Сонор соргог бай”, “Бэлэн бай” гэдгийг чухалчлан хэлдэг. Учир нь санаагүй цагт Хүний Хүү ирнэ. Тэгвэл яавал бид сонор соргог байж чадах юм бол?

“Бусад зарц нарынхаа хоол ундыг нь цагт нь өгүүлэхээр эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан, итгэмжит, ухаалаг зарц нь хэн бэ? Тийнхүү үйлдэж байхад эзэн нь ирээд харвал тэр зарц ерөөлтэй еэ! Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн хамаг хөрөнгөө түүнд даатгана.” Мат 24:45-47

Есүсийн энэ үгийг харахад сонор соргог, бэлэн байх нь тийм хэцүү биш бололтой. Хоол унд хэрэгтэй хүнд цагт нь үнэний хоол өгөх нь, өөрөөр хэлбэл Бурханы үгийг тунхаглах, хичээнгүйлэн залбирах, Бурханы тушаалыг чанд сахих, ах дүүдээ хайраар үйлчлэх явдал юм.

Энд айлдсан итгэмжит зарц ба өөдгүй муу зарцын зүйрлэлээс тэдний эсрэг тэсрэг үр дүн мөн л бодлынх нь ялгаанаас үүдэлтэйг мэдэж болохоор байна. Нэг нь цагаа олсон ч, олоогүй ч үргэлж тэр л ажилдаа бүх анхаарлаа хандуулсан хүн юм. Харин нөгөө нь “Тогтоосон цаг хүртэл л ажиллая” гэсэн бодлоор хугацаа товлон ажиллах ба эзнээ удахгүй ирвэл сайн ажиллаж, удвал ажиллахгүй, цаг хугацаа харснаас итгэлдээ гуйвж ганхдаг хүн юм.

Сонор соргог, бэлэн байдаг зарцын уг мөн чанар нь муу зарцаас бодол санаагаараа л ялгаатай байсан юм. “Энэ бол Эцэгийн минь ажил, надад даалгасан үүрэг байтал би хэрхэн үүнийг цаг хугацаа тогтоон хийж болох билээ? Эцэгийнхээ хайрласан амь нас, бүх зүйлээ тэр өдөр иртэл энэ ажлын төлөө дайчлах болно” гэх нь сонор соргог, бэлэн байгаа хүний бодол юм. Ингэж бэлтгэдэг хүн нь хэн нэгэн Христ морилон ирэх ойртлоо гэхэд тухайн үеийн уур амьсгалд автаж, тухайн цагтаа л нүд ирмэхийн зуурт хичээн ажиллаж байгаад төд удалгүй болих биш “Сайн мэдээний ажил нь миний ажил, Эцэгийн минь ажил, Эхийн минь ажил” гэсэн бодлоор тууштайгаар хийж, эцсээ хүртэл тэвчдэг.

Бидний зүрхийг Нягтлагч Бурхан энэ сургаалт зүйрлэлээр дамжуулан сүүлчийн үеийн сайн мэдээнд оролцож буй бүх хүний сэтгэл санааны болон сүнсний байдлыг ийнхүү тайлбарлаж өгчээ. Тэгвэл бид ямар бодолтой байж, ямар үр дүнд хүрэх хэрэгтэй вэ?

Эцэг энэ ажлын төлөө махан биеийн хувцас өмсөн, 37 жилийн турш сайн мэдээ тунхаглаж хүнд хэцүү, зовлон золиосын замыг туулсан атал Эцэгээ дагаж байгаа бид тэрхүү хөлийн мөрийг яв цав дагаж чадахгүй гуйвж дайвах юм бол Бурханы золиосын замыг хэрхэн төгс дагаж чадах билээ?

Үнэнийг хараахан хүлээж аваагүй хүмүүс нь цаашдаа үнэн дотор орж ирснийхээ дараа Бурханы хүсэлтэй санаа нийлэн, сайн мэдээний ажилд оролцоно. Түрүүнд дуудагдан, үнэн дотор ажиллаж байгаа хүмүүсийн хувьд яах ёстой вэ? Эцсээ хүртэл хүчээ шавхан гүйх нь ивээлтэй юм.

Дайсан диавол заримдаа биднийг сорих гэсэндээ Иовынх шиг хүнд бэрх байдлыг бий болгодог. Эдийн засгийн асуудлаас болж сайн мэдээнд бүх анхаарлаа хандуулж чадахгүй тийм нөхцөл байдалтай тулгарлаа ч хичээнгүйлэн авралын зар тараагаарай. Ямар ч нөхцөл байдалд орсон сайн мэдээ уйгагүй тараах төрхийг маань харвал Бурхан сайн мэдээний төлөө илүү дээр боломж, илүү дээр нөхцөл байдлыг бий болгож өгдөг. Иовыг сорихын тулд түүнийг зовоосон диавол эцэстээ Иовын хувиршгүй итгэлд өвдөг сөгдсөн бөгөөд Бурхан Иовд урьд байсан бүхнийг нь хоёр дахин илүү болгосныг бодож үзээрэй.

“Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээн өгч, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов. Тэгэхэд бүх ах дүү, эгч дүү нар нь хийгээд өмнө нь түүнийг таньдаг байсан бүгд түүн дээр ирцгээж, түүнтэй хамт гэрт нь идэж ууцгаав. … ЭЗЭН, Иовын төгсгөлийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, нэг мянган эм илжигтэй байв.” Иов 42:10-12

“Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас… хамгаалах болно. …” Илч 3:10-12

Үнэндээ хүн гэгч сул дорой оршихуй. Бурханыг гэсэн бодол санаа, оюун ухаан маань сарнихгүй байвал нөхцөл байдал огт боломжгүй, найдлагагүй мэт байсан ч Бурхан сайн мэдээний замыг нээж өгдөг.

Бодоогүй цаг мөчид, мэдэхгүй цагт Бурхан энэ газарт морилон ирнэ гэдгийг үргэлж бодож өөрсдийгөө эргэн нэг харцгаая. Христ өнөөдөр ирвэл би юу хийх ёстой вэ, маргааш ирвэл яаж угтан авах вэ? Би одоо бүх бэлтгэлээ базаасан уу? Бурханы тушаасан бүхнийг би дуулгавартай дагаж байна уу? Хаашаа ч хөтөлсөн дагаж байгаа билүү?

Сайн мэдээ хичээнгүйлэн тарааж байгаа билүү? Бурханы тушаалыг бүх зүрх сэтгэл, оюун ухаанаараа сахиж байгаа юу? “Өнөөдөр ирнэ” гэж бодон сонор соргог байхын тулд миний хийх ёстой ажил юу билээ гэж эхлээд бодвол Бурхан авралын зар тарааж чадах мэргэн ухаан ба арга замыг өгнө.

Сүнс аврах сэтгэлээр Бурханы үгийг тунхаглацгаая

Бүх сансар огторгуй түмэн бодисын зохицол Бурханы гарт байдаг. Ертөнцийн зүйлс ч мөн гаднаас нь хэн нэгэн хүнээр хийгдэж байгаа мэт боловч доторхыг нь харвал бүгд Бурханы дотор байгаа бөгөөд бидний мэдэж чадахгүй Бурханы гүн хүсэл шингэсэн байдаг.

Заримдаа бидэнд хавчлага, саад тотгор тулгарч, хүнд бэрхийг туулах болдог ч хавчлага саадгүйгээр тэр дороо л залхуурч, ядарч туйлдан унахыг Бурхан мэддэг болохоороо биднийг дасгалжуулах гэсэндээ тийм байдлыг зөвшөөрсөн юм. Тиймээс “Бүх зүйлд талархлаа өргө” гэжээ (1Тес 5:16-18).

Сайхан байдалд байвал тэр дороо махан биеийн бодолд автахыг Бурхан мэддэг учраас заримдаа биднийг олон янзын хүнд хэцүү байдал амсахад хүргэдэг. Харин ямар ч байдалд байсан бид ийм нөхцөл байдалтай байгаа ч яавал хамгийн ивээлтэйгээр ерөөлт мэдээг тунхаглах вэ гэж бодвол Бурхан энэ бүх бэрхшээлийг ялж гарах замыг цэлийтэл нээж өгнө.

Нэг эгч дүү маань хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн учир асрах болж л дээ. Эгч дүү тэнд хүүхдийн тасагт хүүхдээ асрахаар ирсэн ойролцоо насны ээжүүдтэй таарч, Бурхан руу хөтөлсөн гэсэн. Бидний бодлоор бол тийм байдалд орвол юу ч хийж чадахгүй байлтай. Харин тэр эгч дүү “Эмнэлэг ч мөн Бурханы үгийг тунхаглахад сайхан газар байсан шүү” гэсэн гэнэ.

Хүүхдүүдээ унтаж байх хооронд хамт байгаа ээжүүдтэй ярилцаж, цаашид өвдөх гэж байхгүй, уйлах, гашуудах гэж байхгүй тэнгэрийн хаанчлал руу дагуулж явахын төлөө Бурханы тогтоож өгсөн шинэ гэрээний талаар тэдэнд ойлгуулсан гэнэ. Сүмд явдаг ч энэ талаар сайн мэдэхгүй гэж хэлсэн нэг хүнд Бурханы үгийг яарч тэвдэлгүйгээр гэрчилсэн чинь “Тийм юм бас Библид байсан юм уу?” гээд Библийг судалж үзээд “Үнэхээр гайхалтай, ивээлтэй юм” гээд хүүхдээ эмнэлгээс гаргахаа бодохоос илүү Бурханы үгэнд их анхаарч байсан гэнэ билээ.

Хүнд хэцүү байдалтай ч хүүхдээ асрангаа эхийн үүрэг, эх хүний ёсоо сахин гүйцэтгэж байхдаа ч яавал энэ хүн аврал авах бол гэж чин сэтгэлээсээ сайн мэдээ тараасан учир сайн үр жимс гаргасан байна.

“Авралын зар тараах ёстой гэсэн…” гээд үүрэг төдийхнөөр авралын зар тараавал “Хүмүүс намайг юу гэж бодох бол?” гэсэн санаа зовнилоо урьтал болгох ба тийм авралын зараар сайн үр жимс гаргаж чадахгүй. Харин үнэхээр нөгөө хүнийхээ сүнсийг өрөвдөж аврах ёстой гэсэн бодол өвөрлөн авралын зар тарааж үзээрэй. “Тэр сүнсийг зүгээр орхивол үхнэ шүү дээ”, “Энэ цаг өнгөрвөл тэр хүн надтай энэ амьдралдаа дахиж таарахгүй байж магадгүй, Бурхан биднийг тааралдуулсан энэ мөчид л түүнд амьдарч чадах амийн мэдээг дамжуулъя” гээд үнэн голоосоо сэтгэлээ нээж очоод сайн мэдээ тунхаглаж аварсан гэсэн яриаг сонсоход хаана ч байсан бүх зүйлийн үр дүн бодлын дагуу болдог бололтой.

Бидний сэтгэл тэр сүнсийг заавал аврах гэсэн чинхүү бодолтой байх ёстой. Цагт нь хоол унд өгөх нь бидний хүлээсэн үүрэг биш гэж үү?

“Бусад зарц нарынхаа хоол ундыг нь цагт нь өгүүлэхээр эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан, итгэмжит, ухаалаг зарц нь хэн бэ? Тийнхүү үйлдэж байхад эзэн нь ирээд харвал тэр зарц ерөөлтэй еэ!” Мат 24:45-46

Цагаа олсон ч, олоогүй ч зөвхөн хүн төрөлхтний сүнсийг хайрлах Бурханы сэтгэлээр сайн мэдээ тараах нь ухаалаг хүүхдийн дүр төрх хэмээн бодно. Харин эзэн маань ирэхгүй удна гэж бодсон зарц “Өнөөдөр хийж чадахгүй ч дараа боломж гарах биз” гэх бодолдоо автан, архичидтай хамт идэж, ууж согтуурч наргиж цэнгэж байтал бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь ирсэн шүү дээ.

Эхнийх нь хүн Христийн үгэнд бүрэн найдаж, үгнээс нь зууран амьдарч байсан бол дараагийнх нь хүн өөрийн зугаа цэнгэлд тэмүүлэн амьдарч байжээ гэж хэлж болох юм.

Бурханы даалгасан ажилд итгэмжтэй хүн нь сонор соргог хүн

Бодоогүй өдөр энэ газарт ирэх Христийг дахин нэг санацгаая. Бүх зүйл бидний бодлын л үр дүн гэдгийг ойлгоорой. Өөдрөг итгэл бүхий санаа бодолтой байж, ивээлтэй үр дүнд хүрэх ёстой юм.

“Дараа нь бусад охид ирж “Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд харин тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Би та нарыг танихгүй” гэв. Та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй тул соргог бай.” Мат 25:11-13

Матай 24-р бүлгийн 42-р ишлэлд ч “Сонор соргог бай” гээд, 25-ын 13-р ишлэлд ч “Соргог бай” гэсэн. Ийнхүү Бурхан байнга сонор соргог бай, бодоогүй өдөр, мэдээгүй цагт ирнэ хэмээн дахин давтан хэлж байна.

Сонор соргог байх хамгийн сайн арга нь ажиллах явдал юм. Ажиллаж байгаа хүн нүдээ аниад үүрэглээд ажил хийж чадах уу? Ажил хийвэл саруул ухаантай байж чадна. Шөнөжин ажилласан ч уйгагүй чармайн ажиллаж байгаа хүн үүрэглэдэггүй. Харин ажиллахгүй байгаа хүмүүс унтаж байгаагаас өөрцгүй юм.

Ямар хүн соргог байгаа талаар тодорхой хариултыг дараах талантын сургаалт зүйрлэлээс харж болно (Мат 25:14-30). Таван талант авсан хүн таван талант нэмж олъё гэсэн бодлоор хичээнгүйлэн ажиллаж, эзэндээ таван талант өгч “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэж магтуулж байна. Хоёр талант нэмж олсон хүн ч хоёр талант нэмж олох ёстой гэж бодсон. Нэг талант авсан хүн нь айсан бодолтой байсан ба нэг талантаа л буцаан өгчээ. Энэ бүгд бодлынх нь үр дүн аж.

“Ирэхгүй удна. Одоо ингэж хичээж ажиллах нь надад ямар ашигтай юм бол?” гэх бодол нь эцэстээ ийм үр дүнд хүргэдэг. Хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгаа нь хүртэл авагдсан нь ч мөн л бодлынх нь дагуу гарсан үр дүн юм.

Худалдаа наймаа гэгч ашгийн төлөөх ажил. Эзний “Худалдаа хий” гэсэн үгэнд олон сүнс авраарай гэсэн хүсэл оршиж байгаа ба энэ нь Бурханы бидэнд талант өгсөн зорилго юм. Хоёр нь эзнийхээ хүссэнээр үйлдэж, нэг нь үйлдээгүй. Тийн үйлдэх үед Бурхан ажил хийгээгүй тэр хүнийг олиггүй муу залхуу боол хэмээгээд түүнээс байгааг нь хүртэл ав гэж айлдсан юм.

Таван талант авсан нь арван талант авчирч, хоёр талант авсан нь дөрвөн талант авчирсан ч нэг талант авсан хүн нь юу ч олж чадаагүйд Бурхан түүнд ямар шийтгэл оноосон бэ? Бидний бодлын үр дүн сүнслэг ертөнцөд хэрхэн илчлэгдэхийг бид эндээс ухаарах ёстой.

Багахан зүйл хийсэн ч Бурханы хаанчлал ба түүний зөвт байдлын төлөө ажилладаг хүнд зайлшгүй ивээлтэй үр дүн ирж, тийм биш байдлаар ажиллавал тэр хүнээс асуудлууд огт салахгүй гэдгийг үргэлж санаад, Бурханы хаанчлал ба зөвт байдлыг л зөвхөн бодож ажилладаг хүүхдүүд болцгооё.

“Тэр үед ард түмний чинь хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел босно. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болно. Тэр үед ард түмний чинь дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно. Газрын шороон дотор нойрсогч олон нь сэрж, зарим нь мөнх амь уруу нөгөө нь гутамшиг ба мөнхийн жигшил уруу явна. Хэрсүү ухаантнууд тэнгэрийн мандлын гялбаа шиг, олныг зөвт байдалд авчрагчид од мэт үүрд мөнх туяарах болно.” Дан 12:1-3

“Олныг зөвт байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх туяарах болно” гэсэн энэ үгийг тэнгэрийн орны яруу алдрыг товчхон ч болов тайлбарлаж байгаа хэсэг гэж болно. Нэг сүнс аврах гэж хичнээн их тэвчиж, хичнээн их залбирч, хичнээн их чинхүү сэтгэлээ зориулсныг Бурхан бүгдийг харж байдгийг мэдэх хэрэгтэй.

Бурханы хүч чадлаар зургаан тэрбум хүн дотроос зуун дөчин дөрвөн мянган хүнийг хайна гэдэг маш амархан ажил. Харин Бурхан “авралын зар” гэх ажлаар дамжуулан биднийг цэвэршүүлэн, бидний итгэлийн оюун ухааныг сонор соргог байлгахын зэрэгцээ Бурхантай илүү ойр байлгаж, Эцэг Эхийн сэтгэлийг бага ч болов ойлгуулах гэсэн юм.

Авралын зар тарааж үзээгүй хүний зүрх сэтгэлээс “Бурхан бол хайр” гэдэг үг гарахгүй. Нэг сүнсийг, нэг гэр бүлийг хөтөлж үзэж байж Эцэг Эх Бурханы өөрт нь үзүүлсэн тэр агуу хайрыг ухаарч, ойлгож чадна. Тиймээс илүү дуулгавартай байх ёстой хэмээн сэтгэл шулуудан, өмнө нь Бурханы үгийг ойлгохгүйгээс сорилтонд орж байсан төрхөө эргэн хараад, тэр үед ч гэсэн Эцэг Эх намайг хувиршгүй хайраараа хайрлажээ гэдгийг ухаардаг. Үүнийг авралын зар тарааж үзэхгүй л бол огт ухаарахгүй.

Одоо бүгд залбираад, тараах ёстой гэсэн хүнээ бодож үзвэл олон хүн санаанд орно. Аврах ёстой хүн найз маань ч байж болох, мөн эрт дээр мартагдсан ангийн хүүхэд, өмнө нь маш ойр дотно байсан хөрш маань ч байж болох шүү дээ. Бид тэднийг ой санамжиндаа булшилж, мартах аваас тэд хаягдсан чигээрээ л байх болно. Харин бид тэднийг аваръя гэж шийдээд, авралын зар тараавал бүгд л аврал авч чадна.

Ийм замаар нэг өдрийн өмнө ч болов энэ сайн мэдээний ажлыг ивээлтэй гүйцэлдүүлэн, Христ маргааш ирсэн ч эсвэл өнөөдөр ирсэн ч “Тавтай морилно уу. Таныг хүлээж байлаа” гээд сэрүүн угтах хүүхдүүд болцгооё.

Эхлээд би өөрөө сонор соргог байгаа төрхөөрөө гэр бүлүүддээ жишээ үзүүлье гэсэн бодлоор хичээж, дэлхий дахины бүх гэр бүл сонор соргог байж, тэнгэрийн мандлын гялбаа шиг үүрд мөнх туяарах ерөөлтэй үр дүнд хамт хүрцгээе. Тэгээд Бурхан хэзээ ч ирсэн баяртайгаар угтах зуун дөчин дөрвөн мянган ариун хүмүүс болцгооё, бүгдээрээ.