Бурханыг алдаршуулагч хүн

25,820 үзэлт

Сайн мэдээ тарааснаараа бид Бурханы нэрийг алдаршуулж, сайн үйлсээрээ Бурханд яруу алдар өргөхийг хичээж байна. Эцэстээ энэ маань өөрийнхөө л сайн сайхны төлөө явж буй зам юм. Эх ч мөн “Бурханыг алдаршуулбал тэр яруу алдар надад эргэж ирнэ” хэмээн сургасан байдаг.

Бурханыг алдаршуулах нь Түүний ард түмний хувьд маш чухал зүйлсийн нэг юм. Библийн олон зөгнөл биднийг Бурханы яруу алдрын төлөө бүтээгдсэн ард түмэн гэдгийг зааж өгдөг. Библиэс бид ямар оршихуй гэдгээ, мөн итгэл сүсгийн ямар замаар явбал Бурханыг хамгийн ихээр алдаршуулж болох мэргэн ухааныг олж авцгаая.

Хүний амьдрал бол эх нутгаа зорих аянчны аян зам

Аав хүү хоёр холын замд явган аяллаар явж байв. Замын хажуугаар зураг шиг үзэсгэлэнт байгалийн өнгө үзэмж холын аянд ядарсан аянчдын нүдийг баясгана.

Эргэн тойрны байгалийн үзэмжинд сэтгэл нь татагдсан хүү зорьсон газар хүртлээ явахгүйгээр, зүгээр эндээ майхан барьж, амьдаръя гэж ааваасаа гуйж шалав гэнэ. Хүүгээ шалаад байхаар аав нь хэд хоног тэндээ амарч байгаад явахаар шийджээ. Гэтэл баярлаж хөөрсөн хүү нь майхнаар зогссонгүй ойр орчмынхоо моднуудыг хугалж, майхнаа тойруулан хашаа барив. Эцэг нь хүүдээ ингэж хэлжээ.

“Хүү минь, иймэрхүү юманд тэгтлээ сэтгэл гаргах хэрэггүй дээ. Хоёр гурав хоноод л бид энэ газрыг орхиж, зорьсон газар төрсөн нутагтаа очих болохоор үүнд хэт автах хэрэггүй.”

Гэвч хүү нь аавынхаа үгийг тоолгүй, бөх гэгчийн модоор хашаа тойруулан барьж, цэцэг тарин, янз бүрээр санаа тавьжээ. Тэр газраа яг л мөнх амьдрах гэж буй мэт байв.

Дээр гарч буй эцэг хүү хоёртой адил бидний амьдрал бол аянчны аян зам юм. Энэ аян замын маань төгсгөл бол бидний зорьсон газар мөнхийн эх нутаг, тэнгэрийн хаанчлал билээ.

Эцэг биднийг мөнхийн тэнгэрийн хаанчлал руу хөтлөхийн тулд сургаал үгээрээ эх нутгийг маань мартуулахгүй гэсэндээ зааж сургадаг. Харин хүүхдүүд нь болсон бид үе үе мартдаг. Байгалийн өнгө үзэмжинд татагдаж, замын дунд гэрээ гоён, үзэсгэлэнт цэцэрлэг байгуулж амьдрахыг хүссэн хүү шиг бид ч мөн “Хурдан харьцгаая!” гэх Эцэгийнхээ дуу хоолойг анхааралгүй, нэг чихээрээ оруулж, нөгөө чихээрээ гаргаад, удахгүй ирэх Бурханы хаанчлалыг бодохын оронд энэ газрын амьдралдаа автах нь бий.

Мэдээж, одоогийн энэ түр зуурын амьдрал маань чухал хэдий ч, үүнээс чухал зорьсон газар болох тэнгэрийн хаанчлалыг хэрхэвч умартаж болохгүй. Бид одоо чухамдаа зорьсон газар, тэнгэрийн хаанчлалыг бодоод эрч хүчтэйгээр урагш давшин амьдарч байна уу, эсвэл зөвхөн нүднийхээ өмнө үзэгдэх юмст сэтгэл алдарч, тэнгэрийн хаанчлалын найдвараа замхруулж байна уу, өөрөө өөрсдийнхөө байдлыг дахин нэг эргэн хараасай гэж хүсэх байна.

Бурханыг алдаршуулахын тулд бүтээгдсэн хүмүүс

Тэнгэрийн хаанчлалыг зорин аялж буй аянчны хувиар бид бүхэн энэ аялалдаа заавал Бурханыг алдаршуулж байж зорьсон газар, тэнгэрийн хаанчлалдаа хүрч чадна. Учир нь бид Бурханыг алдаршуулахын тулд бүтээгдсэн хүмүүс юм.

“… Хөвгүүдийг минь алс холоос, охидыг минь газрын хязгаараас, Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би түүнийг алдрынхаа төлөө бүтээж, хэлбэржүүлж, хийсэн гэж айлдана»” гэв.” Иса 43:1-7

“Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, мутрын минь бүтээл болох Чиний ард түмэн бүгд зөвт болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.” Иса 60:21-22

Исаиа эш үзүүлэгч Бурханы хүүхдүүд болсон ард түмэн бол Түүнийг алдаршуулахын төлөөх оршихуй гэж тайлбарласан. Түүнчлэн Бурханыг алдаршуулах тэр үед хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно хэмээн зөгнөсөн байдаг.

Тэгвэл Бурханыг алдаршуулахын төлөө бүтээгдсэн бид хэрхэн Бурханыг ихээр алдаршуулах юм бол? Библийн түүхээр судалцгаая.

Дуулгавартай байдалд илчлэгдэх Бурханы яруу алдар

“Арамын хааны цэргийн жанжин Нааман… Хэдийгээр тэр зоригтой дайчин эр боловч уяман өвчтэй байв. Нэгэн удаа арамчуудын тонуулын бүлэг Израилийн нутгаас нэгэн бяцхан охиныг олзлон авчирчээ. Тэр охин Нааманы эхнэрт үйлчилдэг байлаа. Тэрээр эзэгтэйдээ —Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл түүний уяман өвчнийг тэр хүн эдгээнэ дээ гэв. … Ингээд Нааман морьд, тэрэгнүүдтэйгээ ирж, Елишагийн гэрийн үүдэнд зогсов. Елиша түүнд элч явуулан —Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл махбод чинь эргэн сэргэж, цэвэршинэ гэж хэлүүлэв. Харин Нааман хилэгнэн уурлаад холдон явахдаа —Харагтун, тэр над уруу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан өвчтэй газар дээгүүр гараа даллан уяман өвчнийг эдгээнэ гэж би бодсон юм. Абана, Фарпар зэрэг Дамаскийн голууд нь Израилийн бүх л уснаас илүү дээр биш гэж үү? … Тэгтэл зарц нар нь ойртож ирээд, түүнтэй ярин, түүнд —Эцэг минь, тэр эш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэхсэн бол та хийхгүй байх байсан гэж үү? Гэтэл тэр танд зөвхөн “Угаа, цэвэрш” гэж байхад та харин хийх бус уу? гэцгээхэд Нааман уруудан явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод залуу хүний бие махбод мэт эргэн сэргэж, тэрээр цэвэршив.” 2Хаа 5:1-14

Дээр үед уяман гэгч эдгэшгүй өвчин байсан бөгөөд энэ өвчнийг “тэнгэрийн шийтгэл”, “тэнгэрийн цааз” гэх хэмжээнд үздэг байв. Тийм өвчинд нэрвэгдсэн Арамын цэргийн жанжин Нааман өчүүхэн горьдлого тээн, Израилийн эш үзүүлэгч Елишаг зорьж очжээ. Гэтэл Бурханы эш үзүүлэгч Елиша бүхэл бүтэн улсын цэргийн жанжинг ирж байхад уулзахаар гарч ч ирэлгүй, Иордан голд очиж долоон удаа угаавал цэвэр болно гэсэн үг л хэлүүлжээ.

Эш үзүүлэгч томхон ёслол үйлдэн өөрийг нь эмчилнэ гэж бодож байсан Нааман нэлээд сэтгэл дундуур байлаа. Магадгүй тэрээр тэнд өөрт төрсөн сэтгэлдээ автаж, Бурханы үгэнд дуулгаваргүй байсан бол Бурханы яруу алдар, хүч чадал огт гарахгүй байх байлаа.

Өөрийнхөө бодлыг Бурханы үгнээс түрүүнд тавих тэр агшинд уур нь хүрсэн ч, зарц нарынхаа ятгалгаар Бурханы үгийг дуулгавартай дагатал уяман өвчин нь ер бусаар эдгэрч, цэвэр болжээ.

Тэгэхэд л Нааман Бурханы оршихуй ба хүч чадлыг ухаарч, Түүнийг алдаршуулжээ.

Энэ мэтээр Бурханы үгэнд дуулгавартай байсан үед Бурханы яруу алдар ихээр илчлэгддэг. Эцэстээ итгэлтэй, дуулгавартай хүн Бурханыг хамгийн олон, хамгийн ихээр алдаршуулдаг хүн юм. Нааман шиг Бурханд дуулгавартай байвал энэ ертөнцөд Бурханыг алдаршуулаад зогсохгүй өөртөө ч ивээл ерөөл, аз жаргал гэх үр дүн авчирна.

Дуулгавартай байдал нь ялалт авчирна

Дуулгавартай байдлаар Бурханыг алдаршуулсан жишээ Библид ахин дахин дурдсан байдаг. Иошуа номын 6-р бүлэгт Иерихог нураасан тухай Бурханы түүх тэмдэглэсэн байдаг. Иошуа израиль ард түмэнд хозлол үйлдэж, улмаар Алгасал баяр сахиад, Иошуа болон Израилийн ард түмэн Бурханы үгийг дуулгавартай дагаж Иерихо руу дайран орсон.

“Израилийн хөвгүүдээс болж Иерихо чанд хаагдсан бөгөөд хэн ч гарч, орохгүй байв. ЭЗЭН, Иошуад —Харагтун, Би Иерихог хаантай нь, эрэлхэг хүчит эрстэй нь хамт чиний гарт өгсөн. Та нар хотыг тойр. Тэгэхдээ бүх дайчин эрс хотыг нэг удаа тойрогтун. Үүнийг зургаан хоног хий. Мөн долоон тахилч хуцын эврээр хийсэн долоон бүрээг авдрын өмнө авч явах ёстой. Долоо дахь өдөр нь та нар хотыг долоон удаа тойрч, тахилч нар бүрээг үлээгтүн. Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэх үед та нар бүрээн дууг сонсоод бүх хүн маш чангаар уухайлан хашхиралдах ёстой. Хотын хана доош нуран унах бөгөөд хүн бүр чигээрээ дайран гар гэлээ.” Иош 6:1-5

“Долоо дахь өдөр тэд өглөө эрт үүр цайх үед босож, өмнөх маягаараа хотыг долоон удаа тойров. Гагцхүү тэр өдөр л тэд хотыг долоон удаа тойрчээ. Долоо дахь удаагаа тойрох үед тахилч нар бүрээгээ үлээхэд Иошуа ард олонд —Уухайлан хашхирцгаа! Учир нь ЭЗЭН та нарт энэ хотыг өгсөн. … Тийнхүү ард олон уухайлан хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод маш чангаар уухайлсанд хана доошоо нуран унаж, …” Иош 6:15-20

Иерихо төмөр хэрэм мэт бат бөх хот байсан. Бие бялдрын хувьд харьцуулбал тэндхийнхэн хүн шиг, харин израильчууд царцаа шиг гэмээр хотын оршин суугчид нь тийм аварга биетэй байв. Гэвч Бурханы хүч чадлаар уг хана хоромхон зуур нурж унажээ.

Бурханы энэ яруу алдар хэрхэн илчлэгдсэн бэ? Иошуа болон израиль ард түмний дуулгавартай итгэл ертөнцөд Бурханыг алдаршуулах үр дүн авчирсан юм.

Гидеоны хувьд ч мөн адил. Бурхан түүнд ердөө 300 хүн дагуулж, зуун гучин таван мянган хүнийг цохь хэмээн тушаахад боломжгүй хэрэг гэж үзээд, дуулгавартай дагаагүй байсан бол ивээлгүй үр дагаварт хүрсэн ч байж мэдэх юм. Харин дуулгавартай байсанд нь Бурхан гайхалтай үйл хэрэг бий болгож, яруу алдраа илчилжээ.

Дайсны цэрэг болох мидианчуудыг өөр хооронд нь дайтуулж, өөрөө өөрсдийгөө хөнөөхөөр болгожээ. Энэ бүхэн нь итгэлтэй, дуулгавартай байсных нь үр дүн юм.

Аль ч үед Бурханы хүслийг дуулгавартай дагаж, баяртайгаар хүлээн авч, тэрхүү ажлыг биелүүлэхэд Бурханы гайхамшигт хүч чадал үргэлж гарч, Бурхан алдаршуулагдаж байсан гэдгийг Библи гэрчилдэг.

Дуулгавартай байдлын жишээ үзүүлсэн Христ

Есүс Христ диаволын эрх мэдлийг унагаж, нүгэл болон үхэлд боолчлогдож байсан хүн төрөлхтнийг чөлөөлөн, Бурханыг хамгийн дээдээр алдаршуулсан юм. Энэхүү үйл хэргийг биелүүлэх хүртэл Христ ямар сэтгэлээр Бурханы яруу алдрыг гаргаж байсныг нь судалцгаая.

“Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй, харин Өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр Өөрийгөө мөхөс болгож, үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр Түүнийг өргөмжилсөн бөгөөд алив нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов. Энэ нь Есүсийн нэрд тэнгэр, газар дээр, газрын доорх бүгд өвдөг сөгдөж, Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хэл бүхэн хүлээн зөвшөөрөхийн учир ажээ.” Фил 2:5-11

Ариун Гуравын сэнтий нэгийн дагуу Есүс нь Бурханы мөн чанар юм. Харин Есүс үхэлд хүртэл дуулгавартай байснаараа Бурханыг алдаршуулах жишээг бидэнд үзүүлсэн. Тиймээс Библид Есүсийг үлэмжийн дээдээр өргөмжлөгдсөн хэмээн яруу алдрыг нь тэмдэглэжээ.

Махан биеэр ирсэн Бурхан “үхэлд хүртэл дуулгавартай байх” төгс дуулгавраар бүх түүхийг гүйцэлдүүлэн, Бурханыг алдаршуулж, мөн Өөрөө яруу алдар авсныг үргэлж санах хэрэгтэй. Дуулгавартай байдал бол Бурханыг алдаршуулах хамгийн сайн зам юм.

Дуулгавартай зуун дөчин дөрвөн мянган итгэгч

Ингэхэд Библид ямар хүмүүсийг Христийн жишээг даган, хамгийн дуулгавартай байсан гэж тэмдэглэсэн байдаг юм бол? Элч Иохан сүүлчийн үед гарч ирэх зуун дөчин дөрвөн мянган итгэгчийг хамгийн дуулгавартай хүмүүс гэж тодорхойлж, улмаар тэднийг “Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс” хэмээн тэмдэглэсэн байдаг (Илч 14:1-5).

Тэдгээр хүмүүс Бурханы хүсэл л бол гомдол дургүйцэл өвөрлөлгүй, баяртайгаар дагадаг. Цөлийн зам ч бай, өргөст талбай ч бай, хаашаа ч явсан итгэлтэйгээр, баяртайгаар дагадаг хүмүүс юм. Ийм бүрэн дуулгавар тэдэнд байдаг болохоор нь Исаиа 60-р бүлэгт тэднийг Бурханыг алдаршуулагчид хэмээжээ.

Дуулгаваргүй байвал Бурханыг хэрхэвч алдаршуулж чадахгүй. Иошуа болон израильчууд ч Бурханы үгэнд дуулгавартай байсан учраас л Иерихо хотын хана өөрөө нурсан гайхамшигт үзэгдлийг харах болсон шүү дээ. Тэд зөвхөн Бурханы үгэнд л дуулгавартай байсан юм. Тэгснээрээ Бурханыг алдаршуулсан юм.

Тиймд Библи нь 6000 жилийн авралын ажлын эцэст гарч ирэх зуун дөчин дөрвөн мянган итгэгчийг Хургыг хаашаа ч явсан дуулгавартай дагадаг хүмүүс гэж тайлбарлахын зэрэгцээ тэднээр дамжуулан сүүлчийн үед Бурханы яруу алдрын гэрэл бүх дэлхийд гэрэлтэнэ гэж зөгнөсөн байдаг.

Бурханы үгэнд дуулгавартай итгэлтэй бай

Библийн түүхэнд итгэлээр дуулгавартай байх болгонд Бурханы яруу алдар гарч байсан бол дуулгаваргүй байдалд тэр яруу алдар гарах нь байтугай харин ч таагүй үр дүн ирж байсныг харуулдаг. Өөрийн бодлоо урьтал болгон Бурханы үгэнд дуулгаваргүй байж, Бурханд хаягдсан Саул хааны харуусал бол үүний бодит жишээ юм. Үүгээр дамжуулан Бурхан “Дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү” гэсэн амьд сургаал өгсөн билээ.

“Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү. Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн тул ЭЗЭН бас чамайг үл хэрэгсэж, чи хаан байхаа болилоо гэв.” 1Сам 15:22-23

Энэ мэт үүх түүхийг хараад Бурханы үгэнд хэр дуулгавартай байгаагаа, ямаршуу дуулгаварт байдлаар Бурханыг илүү алдаршуулах вэ гэдгээ шалгах хэрэгтэй. Дуулгавар гэгчээр Бурханы яруу алдрыг гаргах нь тэнгэрийн хаанчлалыг зорих аян замдаа бидний биелүүлэх үүрэг даалгавар юм.

Үүнтэй холбоотой Петр элч бидэнд дуулгавартай байдлын сайхан үлгэр дуурайл үзүүлсэн. Загасчин байсан Петр шөнөжингөө загасчлаад юу ч барьсангүйдээ зүдэрчихээд байв. Гэтэл Есүс түүнд усны гүн рүү нь очоод тороо доошлуул гэдэг. Энэ үед Петр гагцхүү Бурханы үгэнд найдаж, тороо доош хаяжээ. Тэрээр хоромхон зуур торонд их хэмжээний загас баригдсаныг хараад мэл гайхав. Дуулгавартай байхын сайхан итгэлээр Бурханы яруу алдрыг илчилсэн Петр эцэстээ Христийг хүлээн аваад “хүмүүсийн загасчин” болж, арван хоёр элчийн яруу алдарт эгнээнд орсон юм (Лук 5:1-11 үзэх).

Бурханы үгийг түшиж, дуулгавартай байх итгэл. Энэ нь ийнхүү гайхамшгийг харуулдаг төдийгүй Бурханыг алдаршуулах ивээлтэй үр дүн авчирдаг билээ.

Бид ч мөн одооноос бүгдээрээ Бурханы заасан болгонд “Хэлснээр тань хийнэ” гэсэн Петрийнх шиг итгэлтэй болцгооё. Тэгээд Бурханы яруу алдрыг бүх дэлхийд алдаршуулах тэнгэрийн хүүхдүүд болцгооё.

Хаашдаа л Бурханы үгэнд дуулгавартай байх ёстой юм чинь Нааман шиг өөрийнхөө бодлыг урьтал болгож, уурлаж, аягүйцсэнийхээ дараа дуулгавартай болсноос Петр шиг Бурханы үгэнд итгэж, шууд дуулгавартай дагасан нь илүү ивээлтэй биш үү? Бурхан бидний дуулгавар биелэгдэх үед бүх дуулгаваргүйг шийтгэхэд бэлэн байдаг (2Кор 10:6).

Бурханыг хамгийн дээдээр алдаршуулж чадах хүн бол Түүнийг хаашаа ч явсан итгэлтэйгээр, баяртайгаар дагадаг хүн юм. Нааман, Иошуа, Гидеоны түүх, Есүс болон элч Петрийн жишээ гээд. Сионы гэр бүлүүд маань дуулгавартай байдлын бүхий л түүхийг санаад, зуун дөчин дөрвөн мянгын яруу алдарт зөгнөлийн баатрын хувьд Бурханы үгэнд улам илүү анхаарал тавьж, Бурханыг бүрэн дуулгавартайгаар дагахыг хүсье.