Шинэ гэрээний үед Христийн сайн мэдээ харийнханд ч тунхаглагдсан. (Үйл 10:11) Тэгвэл хуучин гэрээний үед ямар байсан бэ? Хуучин гэрээний үед ч бас сайн мэдээ харийнханд тунхаглагдаж байсан уу?

121 Үзсэн тоо

Мосегийн үед Алгасал баяр сахих хэмжүүр болгон “Гаднын хүн үүнээс идэж болохгүй. Харин мөнгөөр худалдаж авсан боол бүр хозлуулсныхаа дараа үүнээс идэж болно” (Гэт 12:43–45) хэмээсэн. Эндээс үзэхэд хозлуулсныхаа дараа бол харийнхан байсан ч Алгасал баяр сахиж болох нь ойлгомжтой байна. Мөн “Хэрэв та нартай хамт байгаа ирмэл хүн Алгасалыг ЭЗЭНд тэмдэглэхийг хүсвэл бүх эр хүйстэн нь хозлуулсныхаа дараа л үүнийг үйлдэхээр ойртог. Тэр хүн уугуул нутгийнхантай адил болно.” (Гэт 12:48) гэж бичсэн болохоор Бурханд итгэх итгэлээр хозлуулсан хүмүүс харийнхан байсан ч Бурханы ард түмэн болж чадна.

Исаиа номонд Амралтын өдөр сахиж, Бурханыг гэх хайраар Бурханы гэрээг чанд сахидаг хүмүүс хэдийгээр харийнхан байсан ч Бурханы ариун уул руу хөтлүүлнэ гэж бичсэн байдаг. Энэ нь харийнхан ч хүртэл Бурханд итгэж болохыг тодорхой харуулж байгаа хэрэг.

МЭӨ 6-р зууны орчимд иудейчүүд Вавилонд олзлогдсон байсан тул Иерусалим руу явж чадахгүй байжээ. Тиймээс тэд газар бүрд синагог барьж, тэндээ цуглардаг байлаа. Энэ үеэрээ иудейчүүд харийнханд сайн мэдээ тунхагласан нь илт.

Сүмийн эхэн үед Иерусалимд мөргөл үйлдэхээр ирсэн Этиопын тайган амбан, Петрээр дамжуулан шинэ гэрээний сайн мэдээ хүлээн авсан зуутын дарга Корнел гээд бүгд л харийнхан байсан хэдий ч Бурханд итгэдэг иудейн шашинтнууд байв. Пентэкостын өдөр дэлхийн орон орны харь үндэстнүүд Ариун Сүнсээр дүүрсэн Петр дээр ирж, түүний тунхаглалыг сонссон байдаг.

Өнөө үед ч хүртэл харийнхан хэрнээ иудейн шашинд итгэдэг хүмүүс байдаг. Гэвч бидний мэдэж байгаагаар тэд тийм ч олон биш.

Харин шинэ гэрээний үед харийнханд итгэмээргүй байдлаар сайн мэдээ тунхаглагдсан юм. Өөрөөр хэлбэл Бурханы авралын сайн мэдээ махан биеийн иудейчүүдээс сүнслэг иудейчүүдэд шилжсэн хэрэг.

Шинэ гэрээний сайн мэдээг сурахаар харийнхан Бурханы өмнө олноороо ирнэ гэж хуучин гэрээний эш үзүүлэгчид тэмдэглэсэн байдаг.

“Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүн болж, толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүнд цутгана.” Иса 2:2

“Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана. Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ.” Мик 4:1-2

Бурхан харийнханд сайн мэдээ тунхаглах үндэс суурь тавьсан тул харийнханд бүдрүүлэх чулуу болж байсан хоолны асуудлыг шинэ хууль болгон засварлаж өгчээ. Хуучин гэрээний үед Бурхан иудейчүүдийг харийнхнаас ялгахын тулд иудейчүүдэд бузар хоол хүнс идэхийг зөвшөөрдөггүй байжээ (Лев 11:1-11). Харин шинэ гэрээний үед шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлсийг цээрлэх хэрэгтэй (Үйл 15:28-29).

Анхны сүмийн тухайн үед ч Бурхан харийнханд сайн мэдээ тунхаглуулахаар элч Паулыг тусгайлан сонгож, харийнхны төлөөх элч болгосон байна. Паул сайн мэдээ тунхаглахаар Антиоход очиход Антиох дахь иудейчүүд сайн мэдээг шоолж, татгалзсан бол харийнхан харин тэр сайн мэдээг баярлалдан хүлээн авсан байдаг. Тэгэхэд нь элч Паул “Бурханы үг эхлээд та нарт л яригдах ёстой байв. Гэтэл та нар үүнийг эсэргүүцэж, өөрсдийгөө мөнх амийг авах зохисгүй гэж үзэж байгаагаас хойш, үзэгтүн, бид харийнхан уруу эргэв. Учир нь Эзэн бидэнд ийнхүү тушаасан. “Чи авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Би чамайг харийнханд гэрэл болгон тавьсан” гэв” хэмээсэн юм (Үйл 13:46–47).

Иудейчүүдийн хавчлага саадаас болоод янз бүрийн газраар тойрч явсаар дахин Антиох хотод ирсэн Паул болон түүний хамтрагчид чуулганыг цуглуулж, Бурхан өөрсөдтэй нь үйлдсэн бүхнийг болон итгэлийн үүдийг харийнханд нээснийг тайлагнаж, улмаар тэднийг нэгдэхийг санал болгов (Үйл 14:27).

Шинэ гэрээний сайн мэдээ хэрхэн харь үндэстнүүдэд тархсан тухай шинэ гэрээнд дэлгэрэнгүй тэмдэглэсэн байдаг тул үүнийг дахин онцлох шаардлагагүй юм.

Эцэст нь хэлэхэд хуучин гэрээний үед ч харийнхан сайн мэдээнд итгэх эрхтэй байсан ч цөөхөн нь л итгэдэг байв. Тиймээс шинэ гэрээний үетэй харьцуулж үзвэл сайн мэдээ хуучин гэрээний үед харийнханд хаалттай байсан гэхэд болно. Гагцхүү шинэ гэрээний үе ирж, улмаар сайн мэдээний хаалга цэлийтэл нээгдэн, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглах боломжтой болсон юм.