​Бурханы сайн мэдээний үйлчлэгч​

30,825 үзэлт

“… —Ургац арвин ч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа.” Лук 10:2

Сионы ард түмэн сүнслэг ургац хураалтын улирал болох Майхан баярын зөгнөлийн үед амьдарч байгаа учраас сүнслэг ургац хураах үүрэгтэй ажилчид юм. Хэдий бид олон талаар дутуу дулимаг ч Бурхан биднийг сайн мэдээний үйлчлэгч болгон, сайн мэдээний ажил даалгасан.

Хэн хүнгүй ургац хураагаад завгүй байдаг намрын улирлын турш ухаалаг, уйгагүй ажилчид нь эзнийхээ сэтгэлийг сэргээж, харин залхуу нь шүдэнд орсон цуу, нүдэнд орсон утаа мэт болно (Сур.Үгс 10:5, 26). Бид бүхэн Бурханы нүдэнд ямархуу ажилчид байх тухайгаа бодож, итгэмжит сайн мэдээний үйлчлэгчийн хувиар сэтгэл оюунаа шинэчлэх хэрэгтэй.

Бурханы ажлыг хийдэг хүмүүс

Дэлхий дээр янз бүрийн л ажилчид байдаг. Өчүүхэн жижиг зүйлд ч хариуцлагатай байдаг ажилчид, нууц үйл ажиллагаа, нууц даалгавар гүйцэтгэдэг нууц элч, тусгай үүрэг даалгавар гүйцэтгэдэг тусгай элч, ямар нэг яаралтай зүйл хариуцдаг буухиа элч, улс орныхоо нэрийн өмнөөс албан үүрэг гүйцэтгэдэг консул, хааны зарлигийг хүргэх үүрэгтэй хааны элч гээд л. Тэгвэл Бурханы өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг хүмүүсийг бид юу гэж нэрлэх ёстой вэ?

Тэнгэрийн даалгавар гүйцэтгэгчдийг тэнгэр элч нар гэдэг ба тэд бол Бурханы элч төлөөлөгч нар. Жижиг ажил, нууц ажил, тусгай ажил, хааны ажил, албан ажил, яаралтай ажил гээд ажлуудыг гүйцэтгэх даалгавраар илгээгдсэн янз бүрийн ажилчид бий. Харин хамгийн чухал даалгаврыг биелүүлдэг хүмүүс бол Бурханы элч төлөөлөгч нар юм.

Гурван төрлийн ажилчид байдаг гэлцдэг. Өөрсдийнхөө төлөө ажилладаг хүмүүс, ажлынхаа төлөө ажилладаг хүмүүс, Бурханы төлөө ажилладаг хүмүүс гэж бий гэнэ.

Бурханы төлөө үүрэг даалгавар гүйцэтгэдэг хүмүүс нь өөрсдийнхөө төлөө юм уу ажлынхаа төлөө ажилладаг хүмүүс биш юм. Харин тэд зөвхөн Бурханы төлөө ажилладаг хүмүүс. Бурханы төлөөх үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг элч зарлагын хувиар бид өөрсдийгөө Бурхан дотор итгэлийн зөв суурин дээр ажиллаж байгаа эсэхээ эргэцүүлэх хэрэгтэй.

“… Бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй. Бид амьдарлаа ч Эзэний төлөө амьдардаг. Бид үхлээ ч Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдарлаа ч, үхлээ ч бид Эзэнийх.” Ром 14:7-8

Дээрх ишлэл нь Бурханы ажлыг гүйцэтгэхээр илгээгдсэн ажилчдын хувьд бид ямархуу сэтгэл оюунтай байх ёстойг харуулж байна. Бид бол өөрсдийнхөө төлөө ч ажилладаг ажилчид биш, ажлынхаа төлөө ч ажилладаг ажилчид биш. Бид ердөө Бурханы төлөө л ажилладаг хүмүүс. Бид энэ дэлхий рүү тэнгэрийн үүрэг даалгавар гүйцэтгэхээр илгээгдсэн тул бидэнд даалгасан ажилд л анхаарлаа төвлөрүүлж, Бурханы элчийн хувиар үүрэг даалгавраа биелүүлэх ёстой.

Түүхэн явцад улс орныхоо хааны даалгасан үүрэг даалгаврыг гүйцэтгэхээр амь биеэ үл тоон, амь эрсэдсэн хүмүүс байсан юм. Японы эзэнт гүрэн Солонгосын дипломат эрхийг булаан авсныхаа дараа Солонгос улсын бүрэн эрхт байдлыг үгүй хийхийг санаархах үед Солонгосын эзэн хаан Гужун Нидерландын Гааг руу гурван нууц элч илгээв.

Тэд Олон улсын энх тайвны бага хуралд оролцон Японы эзлэн түрэмгийллийн шударга бус байдлыг дэлхий нийтэд таниулах гэсэн эзэн хааны нууц даалгаврыг гүйцэтгэхийн төлөө чадах бүхнээ хийсэн боловч япончууд тэдэнд саад учруулахыг төлөвлөж байсан төдийгүй бусад орныхон үл тоомсорлосон тул нууц элч нар зорилгодоо хүрч чадалгүй бүтэлгүйтэв. Энэ нь эцэстээ гурван элчийн нэг болох халуун эх оронч И Жүнийг харгис үхлээр төгсөхөд хүргэсэн юм.

Тэд энэ ертөнцийн хааны өгсөн даалгаврыг биелүүлэхэд бие сэтгэлээ зориулсан байдаг. Бурханы даалгаврыг гүйцэтгэхээр илгээгдсэн элч зарлагуудын хувиар бид бүхэн Бурханы ажлыг бүх зүрх сэтгэл, оюун ухаанаараа итгэмжтэй гүйцэтгэх учиртай. Бидний хийж буй юм бүхэнд эхлээд бид энэ ажлыг өөрийнхөө төлөө хийж байгаа эсэхээ, зөвхөн хийж буй ажилд нь анхаараад байна уу, эсвэл биднийг илгээсэн Бурханы төлөө ажиллаж байна уу гэдгээ бодож тунгаах хэрэгтэй. Бурханы төлөө итгэмжтэйгээр ажиллах үед л бид Бурханаас авсан үүрэг даалгавраа биелүүлж чадах юм.

Элч Паулын сайн мэдээний ухаан

Библид Бурхан даалгавраа гүйцэтгүүлэхээр илгээхэд нь Бурханы төлөө итгэмжтэйгээр ажилласан үй олон хүн байсан талаар гардаг. Анхны сүмийн үед байсан тэдгээр итгэмжтэй хүмүүсийн нэг бол элч Паул.

“Биднийг тэнд хэд хоног байх үеэр Иудейгээс Агаб гэгч нэгэн эш үзүүлэгч ирэв. Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч хөл гараа хүлээд —Ариун Сүнс надад “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харийнхны гарт тушаана” гэж айлдаж байна гэв. Үүнийг сонсоод бид болон нутгийн хүмүүс Иерусалим уруу явахгүй байхыг түүнээс гуйлаа. Харин Паул —Юунд та нар уйлж зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ.” Үйл 21:10-13

Паул Бурханы даалгаврыг ямар нөхцөл байдал тулгарсан ч гуйвж дайвалгүй гүйцэтгэж байсан юм. Паул хүлүүлэх нь байтугай юу байх нь хамаагүй илүү хүнд нөхцөл байдлыг ч даван туулахад бэлэн байна гэдгээ хэлснээрээ тэрээр сайн мэдээ тараах үүргээ итгэмжтэй биелүүлэх гэсэн хатуу шийдвэрээ харуулсан юм.

“Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсээр хүлүүлэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг. Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.” Үйл 20:22-24

Элч Паул ийм сэтгэл оюунтай байсан тул тэрээр хаашаа ч явсан Бурханы яруу алдрыг гаргаж байсан юм. Анхны сүмийн үеийн агуу эш үзүүлэгчийн нэг болохынхоо хувьд тэрээр аврал руу олон сүнс хөтөлсөн юм. Бурханы ажлыг гүйцэтгэхээр илгээгдсэн Бурханы элч нар элч Паулынх шиг тийм оюун ухаантай байх ёстой. Ажлаа гэсэн үүрэг хариуцлага, шийдвэрээ гэх хүчтэй мэдрэмж байхгүй бол нууц үүргээр илгээгдсэн ч бай, тусгай даалгавар гүйцэтгэх ч бай, хааны даалгавар ч бай өөрсдөд нь даалгасан чухал үүрэг даалгавраас алийг нь ч биелүүлж чадахгүй.

Ертөнцийг аврахаар дуудагдсан үйлчлэгчид

Бурхан бидэнд бүх үндэстнийг аврал руу хөтлөх үүрэг даалгасан. Энэ бол энэ дэлхийн хамгийн чухал үүрэг даалгавар.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг атгасан Бурхан бидэнд “Яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” гэж тушаасан. Сүүлчийн энэ үед энэ даалгавраа гүйцэтгүүлэх гэсэндээ л Бурхан биднийг сонгож тосолсон юм.

Бид бичиг хэргийн ажилтан ч биш, хааны зарлага элч ч биш. Харин бид Бурханы төлөө даалгавар гүйцэтгэж буй тэнгэрийн тэнгэр элч нар билээ. Энэ дэлхийд өөр улс руу илгээгдсэн нууц элч хааныхаа даалгасан үүрэг даалгаврыг гүйцэтгэхээр амиа ч харамладаггүй. Тэгвэл төгс хүчит Бурханы бидэнд даалгасан ариун үүрэг даалгаврыг гүйцэтгэж байгаа бидний тухайд ямар бол? Бид үүрэг даалгавраа үл тоож ч болохгүй, хүмүүс бидний тухай юу бодох бол гэж санаа зовох ч ёсгүй.

Бидэнд даалгасан сайн мэдээний ажлыг өөрсдийнхөө төлөө ч хийх ёсгүй, уг ажлын төлөө ч хийх ёсгүй. Бид уг даалгаврыг бидэнд даалгасан Бурханыг л бодож, Бурханы төлөө ажиллах гэж л хичээх учиртай. “Бид амьдарлаа ч Эзэний төлөө амьдардаг. Бид үхлээ ч Эзэний төлөө үхдэг” гэж хэлсэн Паул элчийнх шиг бат шийдвэртэй байхгүй бол энэ ертөнцөд хүмүүстэй цаг нөхцөөж, амьдралын шуурганд сэгсрүүлж өдөр хоногийг өнгөрөөвөл бидний итгэл бүлээсэх юм.

Зөвхөн өөрсдийнхөө төлөө ажилладаг хүмүүс уг ажлыг хиймээргүй байвал ажиллахаа болино. Тэд тогломоор байвал тоглож, ертөнцөд амархан уруу татагдана. Эсрэгээрээ Бурханы төлөө чин сэтгэлээсээ ажиллахад цаг заваа зориулдаг хүмүүст өөр зүйл рүү нүдээ эргүүлэх цаг зав олдохгүй. Талантын тухай сургаалт зүйрлэлээр дамжуулан Бурханы төлөө ажилласан хүмүүс болон ажиллаагүй хүмүүсийн эцсийн үр дүнг харж болно.

“Энэ нь холын аянд гарахдаа зарц нараа дуудаад, эзэмшилээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил билээ. Нэгэнд нь тэр тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талантыг тусбүрд нь чадварынх нь дагуу өгчээ. Тэгээд аянд гарч гэнэ. Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмж олов. Үүний нэгэн адил хоёртой нь мөн хоёрыг нэмж олжээ. Харин нэгийг авсан нь явж, газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. Удаан хугацааны дараа өнөөх зарц нарын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ. Таван талант авсан нь ирээд, илүү таван талант өгч… Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. Хоёр талант авсан нь ирээд… эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. Мөн нэг талант авсан нь ирж “Эзэн, … таны талантыг газар нуучихсан. Хар, таных энэ байна” гэв. Эзэн нь түүнд “Олиггүй муу боол, залхуу чи… Түүнээс нэг талантыг авч арван таланттайд нь өгсүгэй. Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгаа нь хүртэл авагдана.” Мат 25:14-29

Таван талант авсан болон хоёр талант авсан хүн нь эзэндээ тус тус арван талант, дөрвөн талант гаргаж өгсөн бол харин нэг талант авсан хүн юу ч бүтээгээгүй. Эзэн нь буцаж ирэхэд тэрээр зүгээр л газарт нууж байсан нэг талантаа буцааж өгсөн.

Энэ гурван боолын ялгаа юу байна? Таван талант ба хоёр талант авсан хоёр аль аль нь эзнийгээ тэдний даалгавраа биелүүлсэн байхыг нь харахыг ямар их хүсэх бол гэдгийг бодолцон эзнийхээ үүрэг даалгаврыг биелүүлэхийн төлөө чадлынхаа хэрээр ажилласан. Тэд “Намайг буцаж иртэл талантаараа худалдаа хийгээд байж бай” гэсэн үүрэг даалгавар өгсөн эзнээ бодоод уйгагүй ажиллан, таван талант, хоёр талант тус тус нэмж олж чадсан юм. Тэд эзнийхээ баяр баясгалан, аз жаргалыг болон өөрсдийнхөө ирээдүйг ч бас төсөөлж бодсон байна. Энэ хоёр тохиолдол нь уг сургаалт зүйрлэлд эзэн гэдгээр зүйрлэгдсэн Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг заасан хэрэг. Тэд бол “Би хэдхэн таланттай ч гэлээ Бурханы надад даалгасан үүрэг даалгаврыг яаж итгэмжтэй гүйцэтгэе дээ, байз?” гэж бодоод Бурханд л үргэлж бодол сэтгэлээ төвлөрүүлдэг.

Эсрэгээрээ талантаа газар нуусан боол нь зөвхөн өөрийнхөө тухай л бодсон байна. Тэрээр өөрийн нэр төр, алдар хүнд, бие махбодын ядаргаа, туулах зовлон бэрхшээлээ л бодоод байсан болохоор тэр ажлыг дуртайяа хийж чадаагүй аж. Тэр бол өөрийнхөө төлөө, ажлынхаа төлөө ажилладаг тийм л төрлийн хүн юм. Эцэстээ эзэн нь түүнийг “олиггүй муу боол, залхуу боол” гэсэн байна.

Хэний төлөө ажиллах ёстойгоо бид дахин нэг бодоцгооё. Хэрвээ бид Бурханы төлөө үүрэг даалгавар эрхэлдэг тэнгэр элчийн үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй байгаа бол бид өөрсдийнхөө төлөө эсвэл ердөө ажлын л төлөө ажиллаж байгаа юм биш биз гээд өөрөө өөрсдийгөө шалгаж үзэх хэрэгтэй. Бурханыг бодож, Бурханы л төлөө ажилладаг хүн олон талант олдог үйлчлэгч болж чадна.

Сайн мэдээний үйлчлэгчийн итгэл, шийдвэр

Паул элч сайн мэдээний үр жимс их гарган, талант их олсон. Тэрээр зөв итгэлтэй байж, зөвхөн Бурханыг боддог байсандаа л ингэж чадсан байна.

“Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан. Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, гүн тэнгист өдөр шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аялахдаа, гол усны аюул, дээрэмчдийн аюул, овог нэгтний аюул, харийнхны аюул, хот дахь аюул, цөл дэх аюул, тэнгис дэх аюул, хуурамч ах дүүсийн дундах аюул, зүдэл зүтгэл, дараа дарамт, байнгын нойр дутал, өлдөл цангал, үргэлжийн мацаг, ноорол нүцгэрэл, даарал хөрөлд байлаа. Энэ бүгдээс гадна би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтад байна.” 2Кор 11:24-28

Элч Паул сайн мэдээ тараах явцдаа үй түмэн зовлон бэрхшээл, хавчлага саад тулгарсан ч цаг ямагт Бурханы төлөө ажилладаг байсан. Тэрээр сайн мэдээг “Бид амьдарлаа ч Эзэний төлөө амьдардаг. Бид үхлээ ч Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдарлаа ч, үхлээ ч бид Эзэнийх” гэсэн хатуу шийдвэрээр сайн мэдээ тунхагладаг байсан учраас хаашаа ч явсан сайн мэдээний сайхан үр дүн олж байлаа. Библид Бурхан сайн мэдээний гайхамшигт үр дүн гаргаж байсан элч Паулын агуу итгэлийг харуулдаг. “Тэднийг үр жимсээр нь танина” гэж айлдсанчлан энэ бүхэн нь өнөөгийн бид Бурханы даалгасан сайн мэдээг тунхаглахын төлөө баттай шийдвэртэй байх ёстойг зааж сургасан юм.

Ийм шийдвэр бүхий итгэлээр сайн мэдээ тунхаглах үед Сатан юу ч биш мэт болж хүчгүйдэн, ямар ч зам дээр бидэнд саад хийж чадахгүй юм.

“… Тэд итгэлээр, хаанчлалуудыг эзэлж, зөвийг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж, галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа. Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амиллаар буцаан авч байв. Зарим нь илүү дээр амилалд хүрэхийн тулд чөлөөлөлтийг хүлээж авалгүй тамлагдсан юм. Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм ээ, бас гинжлэгдэн, хоригдож байлаа. Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ. Тэд цөл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.” Евр 11:28-38

Анхны сүмийн итгэгчид Бурханы өгсөн үүрэг даалгаврыг заавал биелүүлнэ гэсэн баттай шийдвэр гаргасан учраас Сатан тэдний итгэлд яаж ч саад хийх гэж, ажил үйлсийг нь зогсоох гэж яаж ч оролдоод тэдний итгэлийн ивээлтэй үйлсийг зогсоож чадаагүй юм. Итгэлийн өвөг дээдэс ертөнц дийлэхээргүй тийм агуу итгэлийг харуулж чадсан нь тэд Бурханы ажил үүргийг сайтар гүйцэтгэхийн төлөө байв.

Үүрэг даалгаврын тухайд найзын даалгасан үүрэг, эцэг эхийн даалгасан үүрэг, хааны даалгасан үүрэг гээд олон төрөл бий. Харин бид одоо хамгийн дээд Нэгэн, оршин буй бүх юмсаас дээгүүрх Бурханы үүрэг даалгавар, захиасыг биелүүлж байгаа шүү дээ. Бурханы үүрэг даалгавар хэн хүнд өгөгдсөн юм биш ээ. Хэрвээ И Жүн мэргэн ухаан, үнэнч сэтгэлээр дутмаг нэгэн байсан бол Гужун эзэн хаан түүнд хэзээ ч нууц даалгавар оноохгүй байх байсан. Бурхан тэнгэрийн үүрэг даалгавраа хэнд ч хамаагүй өгдөг биш, зөвхөн Өөрийн зөвт гэж үзсэн хүмүүст л өгсөн юм (1Тес 2:4).

Бид Бурханы илгээсэн тэнгэр элч нар. Бидний үүрэг даалгавар бол хөршөө, нийгмээ, улс орноо, дэлхийг бүхэлд нь аврах. Энэ бол бид бүхний бүх зүрх сэтгэл, оюун ухаанаараа биелүүлэх учиртай тэнгэрийн даалгавар. Эцэг Эх Бурханаа үргэлж бодоод энэ ажилд л бие сэтгэлээ бүрэн зориулах үед бид жинхэнэ сайн мэдээний үйлчлэгчийн хувиар арван талант гаргана.

Сионы ард түмний хувиар анхны сүмийн элч нар, ариун хүмүүсийнх шиг итгэлийн оюун ухаанаар сайн мэдээний ажлаа биелүүлээд, Эцэгийг ирэх тэр өдөр баяр хөөр, яруу алдар дунд ивээлтэйгээр угтан авцгаая.