“Бусдад сайхан үг хэлбэл эргээд өөрт сайхан үг хэлнэˮ гэсэн Солонгосын зүйр үг байдаг. Бусдаас таагүй хатуу үг сонсохгүйн тулд бусдад таатай зөөлөн үг хэлэх хэрэгтэй. Өдөр тутмын амьдралдаа бид бусадтай найрсаг дотно харилцаатай байя гэвэл зөв зүйтэй, аядуу намуун үг яриа ашиглах хэрэгтэй.
Бурхан хүнийг нэг ам, хоёр чихтэй бүтээсэн нь “Ярихаасаа хоёр дахин их сонс” гэсэн утгатай гэж хүмүүс ярьдаг. Библийн олон хэсэгт Бурхан бидэнд хэрхэн ярих тухай сургасан байдаг.
Урьд өмнө бид дуугаа өндөрсгөн ярьж, шунал хүсэл ихтэй байсан бол одооноос тэдгээр алдаагаа таягдан хаяж, тэнгэр Эцэг Эхийн сургаалыг даган, Эцэг Эхийн биднээс хүсэж буй үзэсгэлэнт төрхөөр өөрчлөгдөх ёстой юм. Их залбирахын зэрэгцээ Бурханы энэрэнгүй, өршөөнгүй, дөлгөөн даруу чанарыг нь дуурайгаад, эргэн тойрныхоо бүх хүнийг аврах тэнгэрийн ухаалаг хүүхдүүд болцгооё.
Махан биеийн дагуу амьдардаг хүмүүс ярилцаж байснаа сүүлдээ хоорондоо маргаж, муудалцах тохиолдол их. Библид ч мөн үг хэлээ хянахгүй бол зүй бусыг үйлдэх тул бусдыг босгон байгуулах тустай үг хэл хэмээн дахин дахин онцолсон юм.
“Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг. Хулгайлсан нь цаашид бүү хулгайл. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд [өөрийн] гараар сайныг үйлдэн, зүдэж зүтгэ. Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө. Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан юм шүү. Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд.” Ефе 4:26-32
Бидний өдөр тутмын амьдралд заримдаа уурлах хэрэг гардаг л даа. Гэсэн хэдий ч уураа удаан хадгалж болохгүй. Аль болох уурнаасаа түргэн ангижирч байж л ялзарсан үг биш, тустай үг хэлж чадна. Муу муухайг өвөрлөж байгаа цагт бусдад ивээлтэй үг хэлэхгүй шүү дээ.
Бусдыг босгон байгуулах үг, тустай үг, нигүүлсэл өгөх үг хэлье гэвэл энэрэнгүй, өршөөнгүй Бурханых шиг зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Бурханы хүүхдүүд бид бүх муу муухайгаа зайлуулж, Христийн нигүүлсэнгүй, сайхан сэтгэлийг эзэмших нь Бурханы хүсэл билээ. Ерөөлтэй мэдээ болох сайн мэдээг сонсоод Бурханы сургаалыг хүлээн авсан итгэгчид ертөнцийн хүмүүсээс өөр байх ёстой.
Тэнгэр Эцэг, Эхийн сургаал дотор шинэ бүтээл болон өөрчлөгдөж байгаа бид Бурханы энэхүү хүсэлд бүх сэтгэлээ зориулж, дуулгавартай байх хэрэгтэй юм.
Бурхан хүүхдүүдээ ялзарсан үг амнаасаа гаргалгүй, гагцхүү бусдыг босгон байгуулах, нигүүлсэл өгөхөд тустай үг хэлээд дахин нүгэл бүү үйлдээсэй хэмээн чин үнэнээр хүсэж байдаг.
“… Бас бидний төлөө залбирахдаа үгийн үүдийг Бурхан нээж, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. Би үүний төлөө хоригдсон билээ. Мөн би хэрхэн ярих ёстойчлон үүнийг илчлээрэй гэж залбирагтун. Гаднынхантай мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц. Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах учиртайгаа мэдэх юм.” Кол 4:2-6
Хоол амттай хийхийн тулд давсыг нь сайн тааруулах хэрэгтэй шиг, эргэн тойрондоо байгаа хүмүүстэй сайхан харилцаатай байхын тулд ивээлтэйгээр, ухаалгаар ярих хэрэгтэй байдаг.
Гэр бүлийн гишүүд баяр ёслолоор олон жилийн хойно нутаг орондоо ирж, халуун ам бүлээрээ цугладаг. Тэр үед ивээлгүй үг яриа ар гэрийнхний дунд маргаан үүсгэж, уур амьсгалыг үгүй хийж орхих нь мэр сэр бий. Тэнгэрийн найдвар өвөрлөөгүй хүмүүс энэ газрын зүйлсийг л ярианыхаа гол сэдэв болгодог. Өөрөөрөө сайрхсан юм уу эсвэл өөрийгөө бусадтай харьцуулж шүлсээ үсчүүлэн ярьсан ганц үг удаан уулзаагүй байсан ар гэрийнхнийхээ сэтгэлийг шархлуулахад хүргэж, уур амьсгалыг эвдэн, хэрүүл маргаан үүсгэх нь ч бий. Харин Сионыхон маань нутагтаа очихоороо гэрийнхэнтэйгээ эелдэг, сайхан үгээр ярилцан, тэднийхээ сэтгэлийг уярааж, улмаар үнэн рүү хөтөлдөг. Ингэж ивээлтэйгээр хөтөлсөн жишээ олон бий. Бурханы сургаалыг даган итгэлийн амьдралаар амьдрахад Бурхан бидний ар гэрийнхэн, ойр дотны хүмүүсийн сүнсийг аврах нь ч бий.
“Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг. Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна. Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.” Гал 6:6-10
“Юу тарьснаа л хурааж авдаг” гэсэн тул муу үг таривал муу үр жимс, сайн үг таривал сайн үр жимс хураах юм. Хөршүүд, гэрийнхэн, ойр дотны хүмүүстэйгээ уулзахдаа ч адилхан. Махбоддоо л зөвхөн таривал махбодоосоо ялзралыг хураана. Сүнс нь аврагдаасай гэсэн чин сэтгэлээр тэдний сэтгэлийн талбайд Ариун Сүнс тарих аваас Бурханы өгөх мөнх амь төдийгүй үүрдийн баяр баясгалангийн үр жимс хурааж авцгаах юм.
Юу тарьснаа л хурааж авдаг гэсэн үгийг сэтгэлдээ хоногшуулаад айл хөрш, ар гэрийнхэнтэйгээ уулзах бүрд сайхан, ивээлтэй үгээр ярин, Бурханы амийн үгнээс нэг ч болов тунхаглахад хичээгээрэй. Зарим хүн ивээлтэй үгийг тэр дороо хүлээж авахгүй байж мэднэ. Харин бид няцаж шантралгүй дахин дахин очиж тараавал хэзээ нэгэн цагт үгийн үр соёолж үндэслэн, ургаж, боловсрох болно.
“Намайг голж, үгийг минь хүлээж эс авагчийг шүүх шүүгч бий. Хэлсэн үг минь эцсийн өдөрт түүнийг шүүнэ. Учир нь Би Өөрөөсөө яриагүй, харин юу хэлж, юу ярих тушаалыг Намайг илгээсэн Эцэг Өөрөө өгсөн юм. Түүний тушаал бол мөнх амь гэдгийг Би мэднэ. Тиймээс ярьж байгаа минь Эцэг Надад хэлснээр Би ярьж байна…” Иох 12:48-50
Бурханы ярьсныг тэр хэвээр нь хүчтэй тунхаглаарай. Бурхан бидэнд Өөрийнхөө өмнөөс Бурханы үгээр энэ ертөнцийг сэрэмжлүүлэхийг тушааж, ерөөлийн боломжит цагийг зөвшөөрсөн билээ. “Давс нь таарсан мэт тохиромжтой, ивээлтэй үгээр сүнс авраарай” хэмээн тушаасан Бурханы үгийг мөнх амь гэдэгт итгээд, олон сүнсийг гэмшүүлэн, Бурхандаа баяр баясгалан, талархлын үр жимс өргөцгөөе.
Авралын зар тараах явцад хатуу үг сонсох ч үе байдаг. Тэглээ гээд бид адилхан хатуу үгээр хариу барьж болохгүй. Бид эргэн тойрны хүмүүсээсээ таагүй үг сонссон ч гэсэн тэднийг уужим сэтгэлээр ойлгож, уучлах хэрэгтэй.
Хатуу ширүүн үг хэлэхийн оронд зөвхөн ивээлтэй, сэтгэл хөдлөм үг хэлж, авралын сайхан мэдээ болон мөнх амийн үгийг тунхаглацгаая. Хүнээс хатуу үг сонслоо гээд адилхан хатуу үгээр шөргөөцөлдөөд байвал Бурхан бидэнд баярлахгүй. Бурханлаг бус үйлдэл, хатуу ширүүн үгс таригч нь тарьснаа л хурааж авна. Бурхан тийм хүмүүс дээр мөнхийн ял шийтгэл буулгах юм.
“бүгдийн дээр шүүлт явуулж, итгэл сүсэггүйн үйлсийг сүсэг бишрэлгүйгээр үйлдэгч бүрийг мөн Түүний эсрэг ярьсан итгэл сүсэггүй нүгэлтнүүдийн бүх хатуу үгсийг буруутгахын тулд юм” гэжээ. Тэд хүсэл тачаалынхаа хойноос явдаг, өө сэв хайн гонгиногсод бөгөөд ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.” Иуд 1:15-16
“Үүний зэрэгцээ тэд залхуудаа дадаж, айлаар хэсүүчлэн, гагц залхуу болоод зогсохгүй, бас хов хөөцөлдөн, хэрэгт дурлаж, ярих ёсгүй юмс ярьдаг аж. … Учир нь зарим нь хэдийнээ Сатаныг дагахаар эргэжээ.” 1Тим 5:13-15
Анхны сүмийн үед ч залхуудаа дадаж, хов хөөцөлдөн, хэрэгт дурлаж, ярих ёсгүй юмс ярьдаг зарим нэг хүн байсан. Ийм хүн эцэстээ Сатаныг дагаж эргэхэд хүрнэ гэсэн байна. Иймд бид хэл яриандаа бүр ч хянуур, болгоомжтой байх ёстой. Бодлогогүй үг хэлсэн хүн Бурханы өмнө заавал тэр үгээ тайлагнах болно хэмээн Библид хэлсэн байдаг (Мат 12:36-37).
Дээр үзсэнчлэн хэрэв хүн уур хилэн өвөрлөх аваас амнаас нь сайн бус ивээлгүй үг, ялзарсан үг, Бурханыг харахад зохимжгүй үгс гарна. Учир нь аливаа хүний зүрхнийх нь бялхал амнаас нь гардаг болохоор тэр (Мат 12:34). Эрт үед Израилийн цөлийн түүхэнд ч гомдлын үг урсгасан хүмүүс цөм мөхсөн.
Бид ярихынхаа өмнө гурваас дээш удаа бодож, “Хэлэх зохистой үг үү, зохисгүй үг үү” гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Биднээс түрүүнд амьдарч байгаад одсон ахмадууд үүнийг “амьдралын мэргэн ухаан” гэж хэлж байсан юм. Зохисгүй үг бол хэлэхгүй байсан нь дээр. Зохисгүй үг хэлэгчид нь эцэстээ Бурханы үнэнээс хагацах болно гэсэн сэрэмжлүүлэг ч бий.
“Хэн нэгэн нь өөр сургаал зааж, бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн сургаалд эс байваас, тэрээр бардам, юу ч ойлгодоггүй, харин сөргөлдөөн, үгсийн талаарх маргаанаар өвчилсөн аж. Эдгээрээс атаархал, хэрүүл, гүтгэлэг болон ёрын сэжиглэл, ялзарсан санаа, үнэнээс хагацсан, итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг байна” 1Тим 6:3-5
Үгийн талаарх сургаал ч мөн Христийн бидэнд өгсөн итгэл сүсгийн сургаалын нэг юм. Зөв ярихтай холбоотой Христийн сургаалыг үл тоон, дагахын төлөө хичээхгүй байвал эцэстээ тэр хүн үнэнээс хагацан, мөнхийн сүйрэлд орохоос өөр аргагүй юм.
Сионы итгэгчид хараахан төгс болоогүй, алдаа дутагдал ихтэй тул ах, эгч дүүс бие биенээ үгээрээ шархлуулах тохиолдол мэр сэр байдаг. Бид Бурханы сургаалд анхаарлаа улам их хандуулж, тийм зүйлсээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй юм.
“Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой. Морьдыг залахын тулд бид амыг нь амгайвчилж, бүх биеийг нь жолооддог. Мөн усан онгоцуудыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том болоод зогсохгүй хүчит салхинд туугддаг боловч жижигхэн залуураар залуурчийн хүссэнээр жолоодогддог. Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун, өчүүхэн гал ч ямар их ой модыг түймэрддэг билээ. Хэл бол гал бөгөөд зүй бусын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг.” Иак 3:2-6
Өчүүхэн гал уулыг бүхэлд нь, бүх байр байшинг шатаадаг шиг ганц үг эргэн тойрондоо байгаа хүмүүст хор учруулж ч болно.
Тиймээс Бурхан хэл бол гал хэмээн сургажээ. “Тарьснаа хураана” хэмээсэн тул хорт муу үг таривал ивээлгүй муу үр дүнд хүргэх ч Бурханы үгийг, тэнгэрийн хаанчлалыг мөн Бурханы бидэнд зааж сургасан хайрыг таривал бид мөнхийн аврал, амийн үр жимсийг багсайтал хураах юм.
Авралын сайхан мэдээнд хайр болон чин сэтгэлээ шингээн, хүчтэйгээр тунхаглацгаая. Тэгээд хайртай аав ээж, ах эгч дүүс, анд нөхөр, айл хөршөө авралын зам руу хөтөлье. Бурханы хүсэж буй ертөнц айл өрх бүрд биеллээ олбол тэнгэрийн хаанчлал төдий чинээ хурдан ирэх юм.
Бурханы бидэнд зааж сургасан сайн үйлсээрээ дэлхийн гэрэл, давс болох хэрэгтэй. Эцэг, Эхийнхээ ивээлтэй сургаалаар өөрчлөгдөөд, эргэн тойрондоо байгаа бүх хүнийг Ариун Сүнсээр хөдөлгөж, Бурханаа алдаршуулцгаая.
Сайн сайхан үгээр ярьдаг байцгаая. Ивээлгүй үг амнаасаа огт гаргахгүй гэж шийдэн, өдөр тутмын амьдралдаа үүнийг байнга хэвшил болгоцгооё. Нүглийн хирнээсээ хараахан бүрэн ангижраагүй байгаа ч одооноос үг, үйлсээ бүр ч сайхан болгоод, ивээлээр бялхаж, Бурханы хүүхдийн зүй зохистой амьдралаар амьдарцгаая.