Бурханы тамгалах ажил наран мандах дорно зүгээс эхлэн ургацын үр шим арвин буй энэ үед Бурханы зөгнөл ёсоор Сионоос гарах үнэний үгийг тэсэн ядан хүлээж байсан дэлхийн ард түмэн, олон үндэстэн Сион руу цутган ирж байгаа талаар ивээлтэй мэдээнүүд өнцөг булан бүрээс тасралтгүй ирсээр байна.
Солонгост сайн мэдээний ажил эрч хүчтэй, халуун сэтгэлээр өрнөж, гадаад сайн мэдээний ажилд ч дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа болохоор Есүсийн анх ирсэн үеэс долоо дахин илүү хурц гэрэлтэх амийн үнэн одоо таван далай, зургаан тив алгасалгүй асар хурдтай тархаж байна. Бурханы сайн мэдээ ертөнцийн бүх үндэстэнд хүрч байгааг харахад “Самари ба дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчилнэ” хэмээсэн зөгнөл бодитоор биелж байх шиг санагдана.
“Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.”Мат 24:14
“… Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.”Үйл 1:6-8
Солонгост гадаадаас ирсэн гэр бүлүүд их бий. Тэд үнэнийг ухаарсныхаа дараа Бурханы нууцыг мэдэхийн хүслэн болдог. Ийм гадаад гэр бүлүүдээ хараад бид баярладаг, догдолдог, Бурхандаа талархдаг юм. Тэд нутагтаа буцан очвол Бурханы үгийг тунхаглах эш үзүүлэгчийн үүргийг итгэлтэйгээр хийх байх гэж итгэж байна.
Нутагтаа буцаж очсон гэр бүлүүд хэдийнээ сайн мэдээ тунхаглан, олон сүнсийг Бурханы энгэрт хөтөлж байгаа талаар бид сонсож байгаа шүү дээ. Мөн сайн мэдээ мэдэхгүй алслагдсан Африк тивд ч хүртэл сайн мэдээ тарж байгаа гэсэн баярт мэдээ гарч байгаагаас харахад сайн мэдээ Самари ба дэлхийн хязгаар хүртэл хурдан тарах нь гарцаагүй юм. Тэнгэрийн гэр бүлүүд маань гадаадаас үүл мэт, тагтаа мэт Эх рүү нисэн ирсээр. Тэд цуцашгүй халуун хүсэл, гал мэт сэтгэлээр Бурхантай уулзаж, үнэнийг хүлээн авч байгаа төрх нь бидний сэтгэлийг ч хүртэл догдлуулдаг юм.
Сайн мэдээ ийнхүү хурдацтай тархаж буй явцыг сайтар үзвэл бид яг Библид бичсэн зөгнөлийн үед амьдарч байгаа гэдгээ ухаарах юм. Сайн мэдээний үр суулгах амаргүй, үржил шимгүй газар байсан Америкийн бүс нутгуудад ч сайн мэдээ идэвхтэй тарж байгаагаас харвал Библид тэмдэглэсэн бүх зөгнөлөө Бурхан тун удалгүй гүйцэлдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Сайн мэдээ хурдан тархаж байгаа болохоор Сион руу бүр ч олон хүн үүл мэт, тагтаа мэт ирцгээж байна. Тэднийг угтан авахын тулд бид юун түрүүнд дулаан нөөлөгтэй үүр бэлтгэж, бүгдийг нь тэврэх том сав болох хэрэгтэй.
Том сав болох үндсэн арга нь өчүүхэн зүйлтэй зууралдахгүй байх гэдгийг Библид зааж байна.
“Шар эс байваас тэжээлийн тэвш хоосон. Шарын хүч байх аваас орлого арвин.”Сур.Үгс 14:4
Саравчинд шар үхэр байхгүй бол мэдээж тэвш хоосон байна. Бохирдуулах юмгүй хоосон юм чинь тэвшийг цэвэрлэх шаардлага гарахгүй. Библид шараар сайн мэдээний үйлчлэгчийг зүйрлэсэн. Сайн мэдээ тунхаглах гэр бүлүүд байхгүй бол сүм дотор ямар нэг зөрчил маргаан, асуудал гарахгүй юм. Харин Сионд зуун дөчин дөрвөн мянган ах эгч дүүс маань байгаа шүү дээ. Тиймээс “Мөчир ихтэй модонд салхилахгүй өдөр байдаггүй” гэсэн Солонгосын зүйр үгэнд гардаг шиг гэр бүл олон болох тусам том жижиг элдэв асуудал үүсэх нь дамжиггүй юм.
Шар байхгүй бол тэвш хоосон байх нь мэдээж хэрэг ч энэ тохиолдолд бид шарын хүч хөдөлмөрөөр олж авах зүйлсээ орхих хэрэгтэй болно. Харин аль нь илүү чухал вэ? Шарын хүчийг ашиглан ургац их авах нь чухал уу эсвэл бохир тэвш цэвэрлэх нь хүнд бэрх ажил уу?
Хэрвээ бид нүдний өмнө тулгарах өчүүхэн зүйлтэй зууралдаад, сайн мэдээнд үнэхээр хэрэгтэй чухал зүйлсийг танилгүй орхигдуулан үл тоомсорловол сайн мэдээний ургац ихийг хурааж чадахгүй. Ямар нэгэн бэрхшээл тулгарвал тухайн асуудлыг шийдвэрлэхдээ сайн мэдээний төлөөх зам уу, өөрсдийн төлөөх зам уу гэдгийг нэн түрүүнд боддог том сав болох хэрэгтэй.
“Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна. Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно гэлээ.”Иох 13:34-35
Зуун дөчин дөрвөн мянган гэр бүл маань Сионд эхнээсээ л төгс зан чанартай ирсэн бол Есүс яах гэж бидэнд бие биенээ хайрлан, бие биеийнхээ алдааг уучил гэж захих билээ дээ?
Дутуу дулимаг, сул дорой нүгэлтэн биднийг Бурхан дуудсан шүү дээ. Хэрэв бид нэг нэгнийхээ алдаа дутагдлыг хүлцэн тэвчиж ойлгож чадахгүй бол сайн мэдээ энэ ертөнцөд хэрхэн хурдан түгэх билээ?
“Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай. Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв.”Ефе 5:1-2
Гэр бүлүүдийн тоо ихсэх тусам хийх ёстой, харж хандах ёстой ажлууд ихэснэ. Харин гэр бүлүүд хамтдаа хийвэл сайн мэдээ хурдан биелнэ. Хэрэвзээ дутуу дулимаг, хурц зан чанартай нэгнээ хүлцэн тэвчиж, алдаа эндлийг нь далдалж, ууч сэтгэлээр тэвэрч өгвөл Бурханы үгээр яваандаа засарч өөрчлөгдөн, Бурханы төрхийг өмсөн, эцэстээ хайраар бүрэн төгс нэг болох юм. Энэ нь л бидний төлөөх Бурханы авралын зүй тогтол юм.
Одоо хүртэл бидний нүд шаранд анхаарлаа хандуулалгүй зөвхөн бохир харагдах тэвшинд анхаараад байгаа юм биш байгаа. Энэ өнцгөөс нь хараад байгаа бол бид бусдын хүч чадал, сайн талаас муу талыг нь илүү дөвийлгөж байгаа хэрэг юм шүү. Энэ нь л бидний дунд хэрүүл маргаан дэгдээж, эвдрэлцэх, бие биенээ өвтгөх үг хэлэхэд хүргэж, Сионы хайрыг хөргөнө. Ертөнцийн хүмүүс бохирдсон тэвшинд л хамаг анхаарлаа хандуулж, өөр хоорондоо шөргөөцөлддөг. Харин Бурханд үйлчлэх онцгой сонголтоор дуудагдсан Сионы гэр бүлүүд цэвэр юм уу бохир тэвшинд анхаарахын оронд шарын хүч хөдөлмөрөөр олж авах ургацанд илүүтэй анхаарч санаа тавих ёстой. Тэгж байж л тэр шар амгалан тайвнаар, баяр хөөртэйгөөр ажиллаж чадна.
“Хоосон завь” хараад сэтгэлээ тайван байлгахад суралцъя
Та бүхэн “Хоосон завь” гэдэг нэртэй ном уншиж байсан уу?
Нэгэн хүн завиар гол гаталж байжээ. Гэтэл голын дунд очиж байтал өөдөөс нь ирж байгаа завьтай мөргөлдөж гэнэ. Гомдол мэдүүлэхээр завь руу хартал хүнгүй хоосон завь байсан тул хэнд ч уураа гаргаж чадсангүй. Тэгэхээр нь нөгөө хүн тайвширч, цааш нь сэлүүрдэн урагшлав гэнэ.
Хэсэг явж байтал өөр нэг завьтай мөргөлдөв. Энэ удаад тэр завь хүнтэй байв. Ингээд тэд бие биедээ ширүүн үг хэлэн, муудалцан бүр зодолдохдоо хүрчээ. Эцэстээ бүр цусаа гаргалцаж гэнэ.
Тэрээр завийг хүнтэй байсан ч гэсэн хоосон гэж үзсэн бол юу ч тохиолдохгүй байх байсан шүү дээ. Уг нь хоосон завь харсан мэт сэтгэлээ тайван байлгах ёстой юм. Тэгж чадваас зуун дөчин дөрвөн мянга бид том сав болж, төгс хайраар нэг болсон Бурханы үзэсгэлэнтэй хүүхдийн хувиар Бурхандаа баяр баясгалан өргөнө.
Тэвшний талаар дээр судалсанчлан бид зөвхөн тэвшийг хараад байлгүй, тэвш юуны тулд байгааг уужуу ухаанаар авч үзэх хэрэгтэй. Тэвш шарын төлөө л байдаг биш үү? Тэгвэл юуны тулд шар байгааг, шарын хүчээр хичнээн их ургац хураахыг тунгааж үздэг алсын хараатай болох хэрэгтэй юм.
Дэлхий даяар Сионд олон гэр бүл цутган ирж байна. Бурханы шууд заавраар замнаж буй бидний хувьд хоосон завь харах сэтгэлээр, мөн шарыг гэсэн халамжийн сэтгэлээр тэднийг тэвэрч угтах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол сүнсний үүрээ зорин ирэх хүмүүс амар тайван, баяр хөөрийг огтхон ч мэдэрч чадахгүй.
“Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. … Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биенээ хайрлах учиртай.”1Иох 4:7-11
Хайрлаж үзээгүй хүн, ах дүүгээ сэтгэлээсээ хайрладаггүй хүн, мөн сүнсний Эцэг Эх болох Бурханыг хайрлаж чаддаггүй хүн нь Бурханыг мэддэггүй хүн юм. Алдагдсан зуун дөчин дөрвөн мянган ах эгч дүүгээ хурдан бүгдийг нь олохын тулд өөрсдийгөө хайрлахаас илүүтэй ах эгч дүүгээ дээдлэн хүндлэх сэтгэлтэй болох хэрэгтэй.
Сионд үнэнийг хүлээн аваад удаагүй байгаа гэр бүлүүдийн маань ихэнхэд нь нүгэлт дэлхийд амьдарч байсан зуршил, амьдралын хэв маяг нь хэвээрээ байгаа ч хурц зан чанар, хэлэх үг яриа, хийх үйлдэл бүхэн нь бага багаар өөрчлөгдөж байгаа билээ. Үнэндээ түрүүлж дуудагдсан бидний төрх ч үнэнийг анх хүлээн авч байх үедээ тэднээс нэг их ялгаагүй байсан байх. Ах эгч дүүдээ түрүүлж үйлчлэн, алдаа дутагдлыг нь хүртэл далдлан тэвчдэг том сав болцгооё.
“Ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!” (Дуу 133:1) хэмээсэн айлдлаас бид Бурханы хүсэж байгаа зүйлийг ухаарч болно. Гонсойх сэтгэл, ихэмсэг сэтгэл зэргээс болж Бурханы сургаалыг мартаад байлгүй, зөвхөн сайн мэдээний төлөө бодож, ах эгч дүүсээ хайрлан үнэнийг тунхаглацгаая. Тэгвэл Бурханы хайр, ерөөл дүүрэн буух болно.
“Бурханых нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир үүнийг сонсдоггүй гэлээ.”Иох 8:47
“Бие биеэ хайрла” хэмээсэн нь Бурханы үг. Бид Бурханы тушаасан бүгдийг дуулгавартай дагах учиртай атал хааяа хараахан бүрэн өөрчлөгдөж чадалгүй, ертөнцийн зуршлаасаа салаагүйгээс болоод зарим үгийг дагахгүй байх нь бий. Бурханы сургаалыг сэтгэлээсээ хүлээн авч чадаагүй үед Бурханых болж чадахгүй гэдгийг мэдэх хэрэгтэй.
Бурхан бидэнд “Бие биенээ хайрла” гэж захисан юм. Бурханых болсон хүмүүс нь Бурханы үгийг сонсдог хэмээсэн тул ах дүүгийн хайр, эв найран дотор нэг нэгнийхээ төлөө байж, Сионоо хайрын үүр болгоцгооё. Тэгж гэмээнэ тэнгэрийн алдагдсан ахан дүүсээ бид хурдан дуудан цуглуулна. Бүгд л их бага ямар нэг хэмжээгээр дутуу дулимаг байгаа билээ. Одооноос эхлэн Бурханы сургаал үгээр төгс өөрчлөгдөөрэй. Сэтгэл доторх нүгэлт араншингаа бүгдийг нь гаргаж хаяад, оронд нь Бурханы үг, Бурханы хайраар дүүргэж Библийн сургаалын дагуу бүрэн дүүрэн амьдраарай.
Бид өнөөг хүртэл Библийн сургаал ёсоор амьдрах гэж хичээж ирсэн билээ. Гэсэн хэдий ч зарим нэгийг нь үл тоомсорлож өнгөрөөсөн байж мэдэх юм. Бурханы сургаал нэг бүрийг амьдрал дээр хэрэгжүүлж, Бурханы хүслийг төгс дагах том сав болоорой.
Сионы ах эгч дүү нар аа, олон гэр бүлийг хөтөлж, тэдэнтэй нэгдэн, бие биенийхээ төлөө золиос гаргадаг Бурханд тааламжит том сав болоод, шинэ гэрээний сайн мэдээг Самари ба дэлхийн хязгаар хүртэл бүх үндэстэнд тунхаглацгаая!