Хамгийн агуу нь хайр

14,023 үзэлт

Ертөнцөд хамгийн сайхан, хамгийн хүчирхэг зүйл бол хайр гэлцдэг. Библийн сургаалыг авч үзэхэд ч тийм л байдаг, ертөнцийн зүй тогтлоор аваад үзсэн ч хайраар шийдвэрлэгддэггүй асуудал гэж байдаггүй бололтой.

Үүнийг бид онолын хувьд мэддэг ч хааяа нэг илэрхийлэх арга дутсанаас хайрыг хэрэгжүүлж чаддаггүй. Сионы гэр бүлүүд маань “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” хэмээн айлдсан Бурханы шинэ тушаалыг сэтгэлдээ сийлж, тэнгэрийн хүүхдэд байх ёстой хайрыг бүрэн хэрэгжүүлцгээе.

Хайр нь хөрсөн энэ үеийнхэн

Эцсийн үед олны хайр хөрж, бусдад сэтгэл тавихаасаа илүү өөрийн ашиг хонжоог эрдэг цаг үе ирэх тухай Бурхан зөгнөсөн байдаг. Харин бусдыг хайрлаж халамжлах, бусдын сайн сайханд баярладаг ийм л хайрыг хэрэгжүүлээсэй гэж Бурхан биднээс чин сэтгэлээсээ хүсэж байгаа.

“Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дурлагч, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч, тэрслэгч, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно. Тэд итгэл сүсэгт дүртэй ч хүчийг нь үгүйсгэдэг. Чи тэднээс хол бай.” 2Тим 3:1-5

Ертөнцөд өдөр ирэх тусам хайр үгүй болж, нинжин сэтгэл хөрж байна. Мэдээгээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр алгасалгүй нэвтрүүлж байгаа бусармаг хэргүүдээс бид 2Тимот 3-р бүлэгт бичигдсэнчлэн хүмүүсийн муу муухай төрөлх зангууд бидний энэ цаг үед газар авч, дахин давтагдаж байгааг шууд ухаарч болохоор байна.

Библид зөгнөсөн эцсийн өдрүүдийн бүхий л шинж тэмдгээр ертөнц өөрчлөгдөж байна. Өөрийгөө л хайрладаг аминч үзэл, мөнгөнд дурлах мөнгө шүтэх үзэл, зугаа цэнгэлийг хайрладаг тансаглал нь газар авсан үе бол одоо бидний амьдарч буй энэ цаг үе юм. Хайр байхгүй бол эцэстээ энэ бүх байдал бий болно. Харин Бурхан биднийг хэрхэвч ийм хүн болж болохгүй гээд харин ч “Чи тэднээс хол бай” гэж айлдсан шүү дээ.

Оюуны хоосролд хүчтэй автсан энэ үеийнхнийг эмчилж чадах цорын ганц эм бол хайр юм. Тиймээс Бурхан бидэнд христчин хүний хувьд явах ёстой замыг маань хэлж өгч, хайрыг илүү онцолж чухалчилсан байна.

“Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр мөн.” 1Кор 13:13

Харгис цэргийн хүчнийг хайраар ялсан тариачид

Эртний Хятадад Чин, Чи гэх улсууд байжээ. Чин улсыг Чин Ши Хуан хаан нэгтгэсэн байна. Чин улс их түүхийг мандуулж агуу сүр хүчийг бадраасан их гүрэн байсан боловч Чи улсын хүч түүнтэй дүйцэхээргүй байв.

Тэр үеийн Чи улсын тариачид амтат гуаны талбайгаа тордоход хөрш зэргэлдээх Чин улсын тариачид ч тэдний адил амтат гуа тарьдаг байв. Жил бүр Чи улсын тариачдын тарьсан амтат гуа нь сайн ургаж, хэлбэр зүс, амт чанар сайхан болж байхад Чин улсын тариачдын тарьсан гуа нь яагаад ч юм нэг л сайн болдоггүй байв. Тэгтэл Чин улсаас хүчирхэг цэрэг босгон довтолж ирээд Чи улсын тариачдын амтат гуан талбайг нь байн байн гишгэчин хаяж байлаа.

Ийнхүү жил бүр энэ байдал байнга давтагдах болсонд Чи улсын тариачид хуралджээ. Тэд дахин дахин хэлэлцсэний эцэст шөнө дөлөөр Чин улсын амтат гуаны талбайд сэмхэн орж, тэдний гуа сайн ургахаар тарьж өгөх нь дээр гэсэн шийдвэр гаргажээ. Жил бүр амьжиргааг нь хүндрүүлж байсан дайснууд нь болохоор өшөө авах санаа байсан нь мэдээж. Харин үзэн ядалт болон дайсагнах сэтгэлээ хаяж, хайрын аргыг сонгожээ.

Хойтон жил нь Чи улсын тариачид шөнө дөлөөр сэмхэн очоод Чин улсын тариачдын амтат гуаны талбайг өөрсдийн талбайгаас ч илүү сэтгэл гарган тордож тавьжээ. Эцэст нь Чин улсын талбайд ч үнэ цэнэтэй, чанар сайтай амтат гуа ургахад үүнийг хараад цаад учрыг нь ухаж мэдсэн Чин улсын тариачдын сэтгэл өөрчлөгдөв. Тэр жилээс хойш Чин улс Чи улсын амтат гуаны талбайг гишгэчиж хаях явдал гаргаагүй бөгөөд Чи улсын тариачид ч ургац ихээр хурааж авах болсон гэнэ.

Энэ хэдийгээр богинохон түүх ч гэлээ цэргийн хүчнээс илүү их хүч хайраас гардаг болохыг харуулсан жишээ гэж бодож байна. Тэдний үйлдэл бусармаг муу байлаа гээд тэр жилдээ бас л өөрсдийнхөө л ургацыг сайн ургуулсан бол дайснууд нь ч мөн тэр жилд довтлон ирж, бүхий л ургацыг нь хэрэглэж чадахааргүй болгох байв.

Есүс ч бас “Баруун хацраа алгадуулбал зүүн хацраа тавьж өг” гэж сургаж байсан. Хальт харахад мунхаг муу арга мэт боловч эцэстээ дайснаа гартаа атгаж, номхотгох хамгийн шилдэг арга нь хайр гэдгийг баталж болно.

Сүнслэг тариалангийн ажилд арвин их үр жимс гаргуулдаг хайр

Итгэлийн амьдралаар амьдрах явцад гэр бүлүүдэд сайн санаагаар өрсөлдөх үе ч олон гардаг. Өөрөө үр жимс их гаргаж, хороо, дүүргийн ажил нь сайн байхад дэргэд нь ингэж чадахгүй байгаа гэр бүлүүд ч байж болно. Харин сэтгэл нь шаналсан нөгөө хүндээ сайнаар илэрхийлж болох зүйлийг халуу оргитол бүдүүлгээр хэлж, өөр хоорондоо ивээлгүй байдлыг ч үүсгэж болох талтай.

Ийм үед “Өөрийн дүүргээ л сайн болгоё гэхээс илүү 2-р дүүрэгтээ жаахан тусалъя”, “3-р дүүрэгтээ тусалбал ямар вэ?”, “Өөрийн дүүрэг л сайн болж байна гэж баярлах биш 2, 3-р дүүрэг ч сайн болоход нь бид ганц удаа хүчээ нэгтгээд үзье” гэсэн сүнслэг ургац хураагчдын чуулган явагдвал Бурхан ямар их баярлах бол оо?

Чи улсын тариачдын сайн санаат мэргэн ухаан нь хайранд суурилагдсан байсан болохоор эсрэг улсынхаа сэтгэлийг хөдөлгөж, аль аль талдаа сайхан үр дүн авчирсан юм. Бид ч мөн зөвхөн өөрийнхөө дааж авсан сүнслэг хүрээн дотроо зөрүүдлэхээс илүүтэй эргэн тойрноо ажиглан, хөршийнхөө талбай, хөршийнхөө ургацын төлөө сэтгэл тавьж, хамтдаа залбирч өгөх нь авууштай тал юм. Ингэж бид бүхний сэтгэл нэг болбол Бурхан илүү их ерөөл өгнө гэдэгт бат итгэлтэй байна.

Бид хамгийн агуу нь хайр гэдгийг мэдэж байгаа ч энэ хайрыг илэрхийлж хэрэгжүүлье гэвэл арга замыг нь ухаарч, дасгал ч их хийх ёстой. Итгэл сүсэгт дасгалжуулах хэрэгтэй байдаг шиг хайрлахад ч үргэлж дасгал хийж байж төгс төвшинд хүрэх болно. Библи бол зөвхөн бичээс уншуулахын төлөө бичигдсэн ном биш, байгаа чигээр нь хэрэгжүүлээрэй гэж бидэнд өгсөн сургаалууд юм.

Бурхан итгэлийн амьдралд итгэл болон найдвар үгүй бол болохгүй гэсэн ч юу юунаас илүү хайр байхгүй бол ямар ч утгагүй хэмээн тийн айлдсан аж. Хайр гэсэн болзол хангагдахад итгэл ба найдвар амьдарч чадна.

“Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч… Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, … Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. … Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр мөн.” 1Кор 13:1-13

Хайр нь тэвчээртэй, энэрэнгүй байх ёстой. Энэрэнгүй байх нь эелдэг найрсаг байдал дээр суурилдаг бөгөөд хайр нь бусдад эелдэг хандаж, халамжлах утгыг багтаасан байдаг.

Хайр атаархдаггүй. Хэн нэгэн өөрөөс нь илүү гарах юм уу өөрөөс нь илүү сайн юмтай гэж өөрийгөө дорд үздэг хүн бол хайрыг хэрэгжүүлж чаддаггүй мунхаг нэгэн юм. Өөрт байхгүй байлаа гээд их байгаа хүндээ атаархах шаардлагагүй юм. Илүү ч өгсөн, дутуу ч өгсөн ингэх болсон Бурханы хүсэл байдаг. Тиймээс хайр нь өөрийгөө бусад хүнээс дутуу байна гээд атаархдаггүй төдийгүй бусдаас илүү мундаг чадвартай гээд агсганадаггүй аж. Бүхий л зүйлийг Бурханаас авдаг. Тийм болохоор чадвараар дутмаг нэгэн нь дутуугаараа, илүү нэгэн нь илүүгээрээ Бурханы төлөө хэрэглэгдэх болсондоо л талархах хэрэгтэй.

Хайр ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй. Нөгөө хүндээ хайр халамж үзүүлж, ёс зүйтэй байх нь хайр юм гэж Библид хэлсэн байдаг. Мөн өөрийнхийг эрдэггүй, уурлаж зэвүүрхдэггүй.

Бусад хүн өөрт нь уурлахад дуртай хүн гэж нэг ч байхгүй. Өөрөө ийм байдлыг хүсдэггүй бол бусад хүнд ч ийм байдал гаргах ёсгүй. Хэдийгээр зан чанар тань хэт түргэн ч гэлээ арван удаа уурладаг байсан бол найман удаа болгон багасгаж, найман удаа уурладаг байсан бол таван удаа болгож бага багаар засах гээд үзье. Бурханы үгийн дагуу ах дүүгээ хайрлах гэж хичээж байгаа чин сэтгэлээ харуулбал Эцэг Эх үүнд баярлаж, бидний чадахгүй байгаа зүйлийг ч бүгдийг нь чадтал тусалж өгөхгүй гэж үү?

Ах эгч дүү нарын зарим нь өөрт чинь янз бүрийн таагүй нөхцөлийг бий болгож байгаа ч Чи улсын тариачдын гаргасан мэргэн ухааныг санаад, хайраар хандвал хүнд хэцүү бүхэн шийдвэрлэгдэх болно. Хайрын өмнө өвдөг сөхрөхгүй хүн гэж байхгүй. Яагаад гэвэл Бурхан бол хайр юм.

Бурхан бол хайр

Гэр бүлүүдэд байнга заадаг Эхийн сургаал нь хайрын тухай сургаал байдаг. Энэ цаг үед амьдарч байгаа бидэнд хамгийн хэрэгтэй зүйл нь хайр гэсэн байхад ч заримдаа бид хайрыг хэрэгжүүлж чадахгүй маргаан тэмцэл дунд өөрөө өөртөө зовлон дуудаж, нөгөө хүнээ ч зовоож, дэлхийн гэрэлний үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадаагүй биш байгаа гэж үргэлж эргэн харцгаая.

“Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. … Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн улмаас Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэнд л хайр байгаа юм. Хайртууд минь, Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биенээ хайрлах учиртай. … Хайр дор байгч нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. … Хэн нэгэн нь “Би Бурханыг хайрладаг” гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол тэр худалч. Учир нь харсаар атлаа ах дүүгээ хайрладаггүй нь, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ. Бурханыг хайрладаг нь ах дүүгээ мөн хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ.” 1Иох 4:7-21

Бурхан үүрд үхэхээс өөр аргагүй бидний оронд загалмайн зовлонг амсаж, Өөрийнхөө хөдөлшгүй хайрыг бидэнд үзүүлсэн болохоор бид ч мөн ах эгч дүүгээ хайрлах нь зохистой.

Нөгөө тал нь өөрийнх нь бодол болон зуршлаас тэс өөр байдгийн улмаас заримдаа санаа нийлэхгүй, жижигхэн зүйлээс хүнд байдалд ордог. Харин Библийн бүх сургаалаас харвал өөртөө тохируулах гэж нөгөө хүнээсээ шаардахаас илүүтэй өөрөө эхлээд нөгөө хүнээ халамжлан, золиосын хайрыг хэрэгжүүлээрэй гэсэн Бурханы хүслийг ухаарч чадна.

Эх Бурхан айлдахдаа “Библи бол тэнгэрийн орны ханхүү, гүнж нарын үг үйлдлийн зааварчилгаа” хэмээсэн. Хаант засгийн үеийг суурь болгосон нэгэн түүхэн жүжигт ханхүү, гүнж нар энгийн ардаас ялгаатайгаар тусдаа багш залж, хааны ордны ёс жаяг болон суурь боловсрол хүмүүжлийг заалгаж байгаа дүр зураг гардаг. Үнэхээр ордон дотор дагаж байгаа ёс журам, дэг жаяг нь энгийн ардаас ялгаатай байх бөгөөд хэлж ярихдаа ч соёлтойгоор хүндэтгэлийн үг хэрэглэж байдаг.

Бурханы сургаалыг сурсан бид ч мөн адилхан юм. Дөлгөөн дулаахан үг яриа, бусдыг халамжилдаг үйлдэл энэ бүгд нь тэнгэрийн хааны угсааны хүүхдүүдийн хувьд байх ёстой зүйл биш гэж үү?

Нэн тэргүүнд гэр орноосоо эхлээд тэдэнтэйгээ иймэрхүү үг болон үйлдлээр дасгал хийж, бүх хороо дүүрэг, цаашлаад Солонгос болон гадаадад байгаа Бурханы сүмийнхэн хүртэл тэнгэрийн ханхүү, гүнж нарын үг үйлдлийн зааварчилгаа номонд онцгойлон дурдсан байгаа хайрын сургаалыг хэрэгжүүлцгээе. Хайрладаг нэгэн нь Бурханых. Үзэн ядах зүрх, бие биедээ гомдоллох сэтгэл, бусдыг дорд үзэж өөрийгөө өргөмжлөх байдал гээд эдгээр нь бүгд ертөнцийн хүмүүст л байдаг зүйл болохоос Бурханаар сургагдсан бидний хувьд бүгд л хаях ёстой зүйлс юм.

Ертөнц тэрслүү болж, хайр хөрсөн байлаа гээд бид хүртэл тийм байдалд автчихаж болохгүй. Бид хорвоогийн юмст өвдөг сөгдөх биш, зөвхөн Бурханы сургаал ёсоор ах дүүгээ хайрлаж, жижигхэн зүйлээс эхлээд Бурханы хайрыг туйлбартай хэрэгжүүлцгээе.

Хайр бол хуулийн гүйцэлдэл

Эх “Ихэнх хүн өөрийнхөө нүдэнд байгаа дүнзийг харахгүй байж бусдын нүдэнд байгаа үртсийг сайн хардаг” хэмээн айлдаж, эхлээд өөрийнхөө нүдэнд байгаа дүнзийг сайн хардаг байх ёстой гэсэн. Энэ үгийг зүрх сэтгэлдээ сийлээд, дахин нэг удаа өөрийгөө эргэн харж, гэр бүлүүдээ болон Бурханыг үнэхээр бүрэн төгс хайрлаж чадаж байна уу гэдгээ өөрөөсөө асууж билээ.

Христийн төрхөөр бүрэн өөрчлөгдөх хүртэл хэнд ч тэр дутуу дулимаг зүйл олон байгаа байх. Ингэж өөрийнхөө талаас сайн бодож, ах эгч дүүсээ хайраар ойлгож өгөх хэрэгтэй юм. Үнэнээс урвасан юм уу Бурханы ариун нэрийг хуурмаг хоосонд дурдаж, үнэний сургаалыг гажуудуулж, сүнснүүдийг сүйрлийн замаар хөтөлсөн байдал гаргаагүй л бол өөрт тань дал дахин долоон удаа нүгэл хийсэн ч уучил гэсэн Христийн сургаал бий.

Чи улсын тариачид хайрын хүчээр Чин улсын жад сэлмийг зайлуулсан шиг Сионы гэр бүлүүд ч мөн Бурханы Өөрийн биеэр жишээ үзүүлж зааж өгсөн ариун сургаалыг хэрэгжүүлэх үед сүнслэг ялалт байгуулах болно. Гэртээ байхдаа гэрийнхнийгээ хайрлаж, сүм дотор ах дүүгээ өөрийн бие адил хайрлаж, цаашлаад хөршөө болон хүн төрөлхтнийг хайрладаг өөрсдийн өчүүхэн үйлсээрээ, хайрын үнэрээр бүх дэлхийг донсолгоход харанхуйн эрх мэдэл бүхэлдээ сөхрөх болов уу хэмээн бодно.

“Нэг нэгэндээ хайртай байхаас өөрөөр хэнд ч, ямар ч өргүй бай. Бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг. Учир нь «Чи бүү завхайр, чи хүн бүү ал, чи бүү хулгай хий, чи бүү шунахайр» гээд өөр ямар ч тушаал «Хөршөө өөрийн адил хайрла» гэсэн үг дотор агуулагддаг юм. Хайр бол хөршдөө муу муухайг үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн гүйцэлдэл мөн. Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна. … Утга учиргүй найрлан цэнгэж, архидах бус, садарлан, тачаадах бус, хэрэлдэн маргаж, атаархан жөтөөрхөх бус, харин өдөр буй мэт бүгдээрээ зүй зохистой явцгаая. Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалыг нь хангах юугаар ч махбодыг бүү тэтгэ.” Ром 13:8-14

Хайрын ухагдахууны дотор бүх хуулийн бичээс багтсан байдаг. Тийм болохоор хайр байхгүйгээр Бурханы хүслийг биелүүлэх арга байхгүй гэдэгт итгэж байна.

Өөрөөсөө эхэлцгээе. Хажуудах Сионы гэр бүлүүдээ хараад “Өнөөдөр хэний төлөө залбирах вэ?”, “Аль хороо, дүүргийн төлөө залбирах вэ?” гэж бодоод, ах дүүсийнхээ хэргийг өөрийн хэрэг мэт үзвэл Эцэг Эх маань улам их баярлаж, Ариун Сүнсний ивээлийг улам ихээр буулгаж, өөрөө ч, эргэн тойронд байгаа ах эгч дүү нар маань ч хайрын үр жимс гаргахгүй гэж үү?

Библийн сургаалаас үзэхэд бидний өмсөх ёстой гэрлийн хувцас нь хайр юм. Сэтгэл дүүрэн хайр өвөрлөөд, тэрхүү хайрынхаа хүчээр ёрын муу сүнслэг хүчнийг зайлуулж, ертөнцөд авралын баярт мэдээ тунхаглах гэрлийн хүүхдүүд болцгооё. Солонгос болон гадаад дахь бүх Сионд хайрын үнэр ихэд түгэхийг чухалчлан хүсээд, ертөнцийг хайраар өөрчлөхийг Сионы гэр бүлүүдээсээ хүсэж байна.