Авралын сураг чимээ сонсоод

Эхлэл 19:12-26

14,020 үзэлт

Содом бол Абрахамын үеэл Лотын амьдардаг хот байв. Бурхан завхралд автсан Содом, Гоморра хотуудыг устгахын тулд хоёр тэнгэр элчээ илгээв. Лотын чинхүү хүсэлтээр тэнгэр элч нар гэрт нь үлдэж, түүнд авралын хэл чимээ дуулгажээ.

“Энд танайхнаас өөр хэн хэн байна вэ? Хүргэн, хөвгүүд, охид гээд энэ хотод байгаа өөрийн гэсэн хэнийг ч болов хотоос гарга. Бурхан энэ хотыг устгахын тулд биднийг илгээсэн. Хот удахгүй сүйрэх болно.”

Лот охидтой нь сүй тавьсан хүргэддээ яаран хэл чимээ дуулгав. Харин хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж бодоод огтхон ч хөдөлсөнгүй. Үүр цайх үеэр тэнгэр элч нар Лотыг ийн яаруулав.

“Түргэл! Энд байгаа эхнэр, хоёр охиноо дагуулаад хотоос зугт.”

Лотыг саатан тээнэгэлзэхэд тэнгэр элч нар түүний гараас, мөн эхнэрийнх нь болон хоёр охиных нь гараас зууран, хотоос гаргав.

“Амийнхаа төлөө зугт! Бүү эргэж хар! Энэ талд бүү үлд! Харин уул руу зугт.”

Гэсэн ч уул руу зугтах цаг байсангүй.

“Уул руу зугтахаас өмнө гай зовлон намайг нөмрөх вий. Харагтун, тэр нэг хотод зугтаж очвол ойрхон бас жижиг ч хот юм. Гуйя, намайг тийшээ зугтаалгаач.”

Тэнгэр элч нар Лотын хүсэлтийг хүлээн авчээ. Тэгээд тэр хотыг “жижиг” гэсэн утгаар Зоар гэж нэрлэжээ.

Лотыг Зоарт орж ирэхэд нар мандсан байв. Бурхан Содом, Гоморра дээр хүхэр болон галыг тэнгэрээс буулгажээ. Тэрээр тэдгээр хот, тал хөндийг бүхлээр нь бас хотод амьдарч байсан амьтан бүгдийг сүйрүүлжээ. Лотын эхнэр эргэж харснаас болж давсан багана болчихжээ.

Ганцхан өдрийн дотор л гэхэд бид их бага үй олон сонголтын мөчтэй тулгардаг. Нэг их тээнэгэлзэлгүйгээр шийдчихэж болох аар саар зүйл бол хамаагүй л дээ. Харин хүний амьдралын чиг хандлагыг өөрчилж мэдэх, үхэл амьдралтай холбоотой асар чухал асуудлын тухайд бол бид нухацтай бодож шийдвэр гаргах ёстой.

Нухацтай сонголт хийхэд өдөр тутмын санаа бодол их чухал. Хэрэв ердийн өдрүүдэд Бурханы хүслийг баяртайгаар дагаж, авралыг чухал гэж боддог бол хичээнгүйлэн дамжуулсан авралын мэдээг тоглоом төдийд үзэхгүй. Мөн тэнгэр элч сануулсаар байхад эргэж харах мунхаг сонголт хийхгүй биз ээ.

Өөрсдийгөө эргэн нэг тунгаацгаая. Бурханы дамжуулсан авралын мэдээнд тоглоом тохуу мэтээр хөнгөн хуумгай хандаагүй байгаа гэж. Мөн авралд хүрэх замынхаа өмнө эргэж харсаар л байгаа юм биш биз? Бидний бодол, үйлдлээс шалтгаалан үр дүн нь тэс өөр байх болно.