Сүнс болон Сүйт бүсгүй

21,109 үзэлт

Дэлхий даяар олон сүм Бурханд итгэдэг гэдэг ч үнэн хэрэгтээ тэдний итгэлийн зам өөр өөр. Бурханд итгэх сүсэгт амьдрал нь янз бүр байдаг. Энэ нь олон сүм Бурханы тухай мэдлэггүй буйн хөдөлшгүй нотолгоо юм.

Паул элч Грект сайн мэдээ тунхаглаж байх үед “эс танигдсан бурханд” гэсэн тахилын ширээг олж хараад, ихэд эгдүүцэж байсныг Үйлс номонд тэмдэглэсэн байдаг.

Бид Бурханд зөв үйлчлэхийн тулд юу юунаас илүү Түүнийг бүрэн мэдэх хэрэгтэй. Эс танигдсан бурханд тахил өргөж, мөргөнө гэдэг ямар гэнэн бас мунхаг хэрэг вэ!

Бид Бурханыг зөв таньж мэдвэл мөргөл маань ч үнэн зөв болох бөгөөд итгэлийн зөв амьдралыг бий болгоно. Библиэр дамжуулан Сүнс ба Сүйт бүсгүйн талаар судалж үзээд, Бурханы тал дээр үнэн зөв мэдлэгтэй болж, эс танигдсан бурханд үйлчлэлгүй үнэн Бурханд мөргөцгөөе.

Нууц болох Бурханыг мэдэхийн тулд шамдацгаая

Библи бидэнд Бурханыг мэдэхийн тулд шамдаарай гэж заадаг.

“Тиймээс таньж мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. …” Хос 6:3

Хүмүүс Бурханы тухай мэдлэггүй хэр нь Бурханд итгэдэг гэвэл Паул элчийг сайн мэдээ тунхаглан явахад таарсан эс танигдсан бурханд итгэдэг тэдгээр хүмүүсээс ялгаагүй болно. Тиймээс тэдний итгэлийг сохор итгэл гэдэг.

Бурханд итгэж л байгаа бол Бурханы талаар үнэн зөв мэдлэгтэй байх ёстой. Бид тахилын ширээнд “эс танигдсан бурханд” гэсэн бичиг тавиад, мөргөл үйлдэж байсан тэдгээр хүмүүс шиг Бурханд сохроор итгэж, харанхуйгаар дагах мунхаг явдал гаргаж болохгүй.

Библийн 66 ном нь Бурханыг нууцлаг оршихуй болж бидэнд илчлэгдэнэ гэж гэрчилдэг. 2000 жилийн өмнө Бурхан Есүс нэрээр энэ газарт ирээд сайн мэдээ тунхагласан. Харин ертөнц Түүнийг махан биеэр ирсэн учраас таниагүй юм.

“Тэрхүү нууц нь эрин ба үеүдээс нууцлагдаж байсан боловч одоо ариун хүмүүст илчлэгджээ. Бурхан, харийнхан дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарт буй алдрын найдвар болох Христ юм.” Кол 1:26-27

Бурхан энэ газарт нууцлагаар ирсэн. Тиймээс Хосеа эш үзүүлэгч “ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая” хэмээсэн. Махан бие өмсөж ирсэн Бурханыг басамжлан доромжилж байж “Би Бурханыг мэднэ, Бурханд итгэдэг” гэж зөвхөн уруулаараа л магтаж мөргөх вий гэсэндээ Хосеа эш үзүүлэгч ийн айлдсан.

Махан биеэр байсан ч, Сүнсээр байсан ч үргэлж Түүнд мөргөдөг хүнийг үнэхээр Бурханыг зөв мэдэж, итгэдэг хүн гэж хэлж болно. Бурхан энэ газарт махан биеэр ирээд, Өөрийг нь хүлээн авч, сургаалд нь эцсээ хүртэл итгэж, дагадаг хүмүүсийн бүх гэм нүглийг уучилсан. Харин олон хүн Бурханыг мэдэхгүй, хүлээж аваагүйгээсээ болоод уучлагдах боломжоо алдсан юм.

Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй

Есүсийг анх удаа ирэхэд нь иудейчүүд олон мянган жил уламжлагдан ирсэн иудейн шашинтай байсан. Бурханд итгэхийг номлодог тэргүүн тахилчид, фарисайчууд, хуулийн багш нар, шашны удирдагчид Түүнийг таниагүй юм. Итгэхийг тунхагладаг байсан Бурхан нь энэ газарт махан биеэр ирэхэд тэд хавчин доромжилж, харааж, шоолж, нүүр рүү нь цохиж байсан. Тэд эс танигдсан бурханд сохроор итгэж, Бурханы тухай огт мэддэггүй байсан учир ийн авирлацгаасан.

“Тэрээр (Бурхан) ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө. Тэд цусаар биш, махбодын хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төржээ. Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.” Иох 1:10-14

Тэр үед шашны удирдагчид үнэхээр Бурханыг мэддэггүй байсан. Есүсийн бүх сургаалыг үгүйсгэж байсан шалтгаан нь энэ юм. “Мужааны хүү биш үү?”, “Бид бүгд ээж нь Мариа гэж мэднэ. Мөн Тэр яаж Өөрийгөө тэнгэрээс ирсэн гэж хэлж чадаж байна аа?”, “Хүн байж Өөрийгөө Бурхан гэлээ” гэх мэтээр доог тохуу хийж, Есүсийг доромжилцгоож байв. Харин тэдэнд доромжлуулж байсан Нэгэн нь тэдний итгэж ирсэн Бурхан нь байсан юм.

“Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв.” Иох 1:1

Иохан, Петр зэрэг шавь нар Бурханыг зөв таньж, сургаал хүслийг нь дагасан юм. Тэд энэ газарт хавчигдан доромжлогдож, хүнд хэцүү замыг туулсан ч, эцэст нь тэнгэрийн мөнхийн яруу алдрыг олж авсан юм. Тэднийг гүтгэж байсан хорон муу хүмүүс одоо хүхэрт нуурт тарчлан зовж байгаа. Эсрэгээрээ Есүсийг Бурхан хэмээн таньж, эмээж байсан хүмүүс одоо тайтгарлыг олж, диваажинд байгаа биш үү?

Бид Бурханы тухай үнэн зөв мэдлэгтэй байх ёстой. Есүс махан биеэр ирсэн боловч Иохан Түүнийг тэнгэр газар, бүгдийг бүтээгч Бурхан хэмээн хүлээн авч, Түүнд итгэн үйлчилж байсан юм. Өнөө үед амьдарч байгаа бид ч бас Бурханыг зөв таньж хүлээн авч гэмээнэ Түүний хүлээн зөвшөөрдөг зөв итгэлтэй болж, мөнхийн тэнгэрийн хаанчлал болон аврал авах болно.

Бүх бүтээлд шингэсэн Эх Бурханы төрх

Бурханыг шамдан мэдэхийн тулд эхлээд Библийг судлах хэрэгтэй. Библи л Түүнийг гэрчилдэг. Библийг мэдэхгүйгээр нэг хүн ч мөнх амь өгөгч Бурхан руу ирж чадахгүй (Иох 5:39-40).

“Үнэнийг зүй бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа итгэл сүсэггүйдэл ба зүй бусын эсрэг Бурханы уур хилэн тэнгэрээс илчлэгддэг. Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан тэдэнд үүнийг ил болгосон юм. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй.” Ром 1:18-20

“—Бидний Эзэн бөгөөд Бурхан минь, алдар, хүндэтгэл, хүчийг Та авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь тогтоогдсон бөгөөд бүтээгдсэн юм…” Илч 4:11

Бүх юмс Бурханы хүслийн дагуу бүтээгдэж, Бурхан Өөрийн үл үзэгдэх хүч, бурхан чанараа бүтээлдээ шингээж өгсөн.

Огторгуйн шувуу, далайн загас, уудам талд дураараа гүйлдэх амьтад гээд энэ ертөнцөд олон амьд оршигч байдаг. Бурхан ямар нийтлэг хүсэл агуулж бүх зүйлийг бүтээсэн юм бол?

Огторгуйн шувуунд аав шувуу, ээж шувуу бий. Далайн загас ч мөн аав ээжтэй. Талын тахинд ч эцэг эх бий.

Бүхий л амьд биет эцэг эхтэй төдийгүй амийг өгөх эх заавал байгаа. Энэ зүй тогтлоор Бурхан хүслээ бидэнд мэдүүлэхийг зорьсон юм.

“Бид” гэх Бурханы дүр төрхөөр эр, эм хүн бүтээгдсэн

Бүх амьд биет эцэг, эхтэй байгаа нь Бурханы бурхан чанарыг харуулж байгаа эсэхийг Эхлэл 1-р бүлгээс харцгаая.

“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхл 1:26-27

Өнөө үед үй олон сүм ганц Эцэг Бурхан хүнийг болон бүх юмсыг бүтээсэн гэж ярьдаг. Гэвч Бурханы илчлэлтээр бичигдсэн Библийн эхний ном болох Эхлэл номын 1-р бүлэгт Бурхан айлдахдаа “Би дүр төрхийнхөө дагуу Өөртэйгөө адилхан хүнийг буй болгоё” гээгүй, “Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё” хэмээсэн. “Бид” гэх олон тооны Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн юм байна гэдгийг ойлгож болохоор байна.

Бурхан “Бид дүр төрхийнхөө” (26-р ишлэл) өөрөөр хэлбэл “Бурханы дүр төрхийг” (27-р ишлэл) загвар болгон хүн бүтээсэн нь эрэгтэй, эмэгтэй хүн байсан. Энэ нь Бурханд олон тоогоор илэрхийлэхүйц дүр төрх, тодорхой хэлэхэд эрэгтэй ба эмэгтэй дүр төрх байдгийг хэлж байна. Эрэгтэй дүрийн Бурханыг бид гэр бүлийн хүрээнд дуудагддаг нэрээр “Эцэг” гэж дууддаг. Тиймээс хүмүүс “Тэнгэрт байгаа Аав аа” хэмээн залбирч, ерөөл гуйдаг.

Бурханыг яагаад “Эцэг” гэж дууддаг вэ? Бидэнд амь болон амин амьсгалыг өгч, биднийг оршин тогтноход хүргэсэн Нэгэн бол Бурхан учраас тэр юм. Харин энэ ишлэлд Эцэг Бурхан л ганцаараа амь өгсөн юм болов уу гэж сөргүүлэн асуухаас өөрцгүй. Бүтээгч Эзэн нь “Бид” гэж айлдсан Бурхан байсныг мэдэж байх хэрэгтэй. Хүн гэгч цор ганц Бурханы дүр төрхөөр бус, хоёр Бурханы дүр төрхийн загвараар бүтээгдсэн болохыг Түүний дүр төрхийн дагуу бүтээгдсэн эрэгтэй, эмэгтэй хүнээр дамжуулан ойлгож болохоор байна.

Бурхан бүх амьд биетийг эцэг эхтэй байхаар бүтээсэн нь үл үзэгдэх Бурханы бурхан чанар бүтээгдсэн зүйлсээр нь дамжуулан илэрхий харагдаж байгаа гэсэн үгтэй яв цав нийцэж байна. Эхлэл 1-р бүлэгт “Бид” гэсэн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн оршихуй бол эрэгтэй, эмэгтэй хүн бөгөөд тэрхүү Бурханы эрэгтэй дүр төрхийг “Эцэг Бурхан” гэж илэрхийлбэл эмэгтэй дүр төрхтэйг нь мэдээж “Эх Бурхан” гэхгүй гэж үү?

Тэнгэрт байгаа бидний Эцэг, бидний Эх

Байгалийн зүй тогтлоор дамжуулан бидэнд Өөрсдийн үл үзэгдэх мөн чанараа харуулсан эрэгтэй, эмэгтэй төрхөөр оршдог Эцэг, Эх Бурхан. Библид Эцэг, Эх Бурханыг шууд утгаар нь зааж өгдөг.

“Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, …” Мат 6:9

Есүс “Бурханыг Аав хэмээн дууд” гэж зааж хэлсэн. Үүнээс харахад Бурхан бол гарцаагүй бидний сүнсний Эцэг мөн.

Энд Бурханыг “бидний Аав аа” гэж дуудаж байгаа “бид” нь хэн бэ? “Бид” гэж аврал авах хүмүүс юм. Библид аврал авах хүмүүст Эцэг Бурхан төдийгүй Эх Бурхан байх ёстойг заадаг.

Библид аврал авах хүмүүст Эцэг Бурхан төдийгүй Эх Бурхан байх ёстойг заадаг.

“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26

Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бичигдсэн бөгөөд авралд хүргэх мэргэн ухааныг бидэнд өгдөг юм (2004 оны хэвлэлт 2Тим 3:15-16). Матай номонд Эцэгийн үнэн, Галат номонд Эхийн үнэнийг бичсэн.

Тиймээс аврал авах хүмүүст гарцаагүй Эцэг, Эх Бурхан хоёулаа бий. Зөвхөн Эцэгт итгэснээр аврал авч чадахгүй юм.

Луу (эртний могой, диавол) нь эмэгтэйн дайсан

Бидэнд Эцэг төдийгүй Эх Бурхан бий. Библид Бурханыг мэдэхийн тулд шамдаарай гэсэн тул бид Эх Бурханыг мэдэж, Түүнд итгэх ёстой.

2000 жилийн өмнө махан биеэр ирсэн Эцэг Бурханыг хавчин доромжилсон тэр дайсан диавол сүүлчийн үед Эхийг ихэд эсэргүүцэж, хавчин гадуурхахыг Иохан элчээр дамжуулан хэдийн харуулсан юм.

“Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав. Тэгээд тэр тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо.” Илч 12:17-18

Эхлэл номонд Бурхан “Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална” (Эхл 3:15) хэмээсэн нь эцсийн үед биелэх зөгнөл юм.

Илчлэл номонд луу буюу диавол хилэгнэж, эмэгтэйн бусад үр удамтай дайтахаар явна гэж айлдсанчлан сүүлчийн үед заналт дайсан диавол эрэгтэй төрхийн Бурхан бус, эмэгтэй төрхийн Бурханы цуглуулсан зуун дөчин дөрвөн мянган хүүхэдтэй дайтахаар тэнгисийн эргийн элсэн дээр зогсох болно.

Энэ дайн эмэгтэйн үр удам могойны толгойг бяцалж, могой тэдний өсгийг няцална хэмээн Бурханы айлдсанчлан болох юм. Зөгнөлийн дагуу диавол эмэгтэйн үр удамд цохилт төдий өгч, харин эмэгтэйн үр удам диаволд үхлийн цохилт өгнө. Сүүлчийн сүнсний дайны ялагчийг эмэгтэйн үр удам хэмээн Библид зөгнөсөн. Бурханы тушаалууд хийгээд Эцэг, Эх Бурханд итгэх итгэлийг сахих нь ялалтанд хүрэх арга зам билээ.

Бид Эцэг, Эх Бурханыг мэдэж, Тэдэнд итгэж, хүслийг нь дагаж, мөргөж, алдаршуулах итгэлтэй байх ёстой. Эс бөгөөс Бурханд итгэдгээрээ хичнээн бахархсан ч тэр итгэл нь өөрт л таалагдахаас биш Бурханд хүлээн зөвшөөрөгдөх итгэл болж чадахгүй. Бурханыг мэдэхгүйгээр хичнээн чанд мөргөл тэмдэглэсэн ч энэ нь ямар ч утга учиргүй. Каины тахилыг бодож үзье. Тэр Бурханд итгэж байсан ч яаж тахил өргөх ёстойг мэдэхгүй, өөрт таалагддаг тахил өргөсөн тул Бурхан хүлээж аваагүй юм.

Өөрийнхөөрөө Бурханд тахил өргөн мөргөж, зүгээр л Бурханыг дуудлаа гээд болчихдог юм биш. Харин Абелын тахил хэдийгээр хээнцэр тансаг биш, өчүүхэн мэт харагдсан ч тэрээр Бурханы хүслийг мэдэж, цус урсгаж өргөсөн тахил байсан тул Бурхан баяртайгаар хүлээж авсан.

Амийн ус өгөгч Сүнс болон Сүйт бүсгүй

Библид Бурханыг мэдэхийн тулд шамдаарай гэсэн учир нь цорын ганц Бурханд л мөнх амь бий. Бурханыг мэдэхгүйгээр бид мөнх амь, аврал авч чадахгүй.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг. Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.” Илч 22:17-19

Сүнс нь Ариун Гуравын сэнтий нэгийн Эцэг Бурхан. Тэгвэл Түүний Сүйт бүсгүй нь Эх Бурхан юм. Одоо Сүнс болон Сүйт бүсгүй болох Эцэг, Эх Бурхан “Ирээрэй, амийн усыг аваарай!” хэмээн айлдаж байна. Эцэг, Эхийн энгэрт очихын тулд Тэднийг зөв ухаарч, Эцэг Эхээс минь өөр хэн ч амь өгөхгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Хүн төрөлхтнийг амьдруулах амийн усыг зөвхөн Сүнс болон Сүйт бүсгүй өгөх юм. Эдгээр үгс дээр огт нэмж, хасаж болохгүй хэмээсэн.

Сүнс болон Сүйт бүсгүй болох Бурхан махан биеэр ирээд, биднийг аврахаар дуудсан. Биднийг мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд хөтөлж буй Сүнс болох бидний Эцэг Бурхан ба Сүйт бүсгүй болох шинэ Иерусалим тэнгэр Эхийг баттай мэдэж, Аврагчаар хүлээн авах хэрэгтэй. Бидний дайсан болох диавол яаж ч урхидаж, гүтгэсэн бид итгэлээ баттай сахин, Гидеоны дайчид шиг хүчтэй Бурханы хүүхдүүд байж, түүний эсрэг баттай зогсоцгооё.

Тэнгэр Эцэг минь байгаа болохоор бид баяртай, тэнгэр Эх минь байгаа болохоор бид үнэхээр аз жаргалтай. Эцсээ хүртэл Сионд үлдэн Елохим Бурханд итгэх итгэл болон тушаалуудыг сахицгаая. Бидэнд амийн ус өгөгч Сүнс болон Сүйт бүсгүйг Самари, газрын хязгаар хүртэл тунхаглан, Эцэг, Эх Бурханаас мөнх амийн ерөөл авцгаая.