WATV.org is provided in English. Would you like to change to English?

Ариун Сүнсний хөтлөлөөр

Үйлс 16:6-15

467 Үзсэн тоо

Тунхаглалын аян замд явж байсан Паулыг болон түүний нөхдийг Ариун Сүнс Азид тунхаглахыг нь хориглосон тул тэд Фруг болон Галатын (одоогийн Туркийн төв хэсэг) нутгаар дайран өнгөрч, Мусиад хүрчээ. Тэндээсээ Битун рүү явахаар завдан байхад нь мөн л хориглов. Ингээд аялагчид хөлөө тушуулсан мэт байж байгаад өрнө зүгт чигээ өөрчлөн, Ази Европын зааг дээр байрладаг Тройг чиглэн явлаа.

Тройд хоноглох шөнө Паул зүүдэндээ үзэгдэл үзэв. Нэгэн македони эр зогсоод “Македонид ирж бидэнд туслаач” гэж гуйжээ.

Паул үзсэн үзэгдлээ хамт яваа хүмүүстээ хэлэхэд тэд “Бурхан македоничуудад сайн мэдээ тунхаглуулахаар биднийг дуудаж байна” гээд тэр даруй Македони руу явцгаахаар усан онгоцонд суув.

Македонид хүрч очоод тэндхийн тэргүүлэх хот болох Филиппойд хэд хонов. Амралтын өдөр болоход тэд залбирлын газар хайн хотын гулдан хаалганы гаднах гол дээр очив. Тэгээд цугласан эмэгтэйчүүдэд авралын зар тараажээ. Тэдний дунд Туатейр хотоос ирж наймаа хийдэг (нил ягаан өнгийн бөс даавуу худалдаалдаг) Лудиа гэгч нэгэн эмэгтэй Паулын ярьж байгааг анхааралтай сонсож байлаа. Бурхан Лудиагийн зүрхийг нээж, тэрээр болон гэрийнхэн нь баптисм хүртэв. Лудиагийн гэрийнхнээр эхэлсэн шинэ гэрээний сайн мэдээ улмаар Европт хүрч тунхаглагдсан юм.

Төлөвлөсөн зүйл бидний санаснаар болж бүтэхгүй бол бид сэтгэлээр унадаг шүү дээ. Яг ижилхэн нөхцөл байдал дахин дахин давтагдахад бүр бууж өгөх нь ч бий. Заримдаа бид гомдоллохоо урьтал болгодог.

Анхны сүмийн үед элч нар гэнэтийн, төлөвлөөгүй нөхцөл байдалтай учрахаараа сэтгэлээр унаж сайн мэдээний аян замаа зогсоож байсан удаагүй. Харин ч тэд Ариун Сүнсний хөтлөлийг дагах гэж хичээж байжээ. Тийм учраас тэд очсон газар бүрдээ хэдийн бэлтгэгдсэн Бурханы ард түмэнтэй уулзаж, авралын шинэ шинэ түүхүүдийг бичиж чаджээ. Анхны сүмийн тэрхүү сайн мэдээний гэрэл гэгээтэй түүх хаашаа ч хөтөлсөн Бурханыг талархан дагадаг итгэгчдийнх нь итгэлийн суурин дээр босгогдсон билээ.

Явах замд, хийх алив ажилд маань бидний төсөөлөө ч үгүй Бурханы хүсэл агуулагдаж байдаг. Урдах зам харагдахгүй, ажил санаснаар болж бүтсэнгүй гээд сэтгэлээр унах хэрэг юун. Бидний санаснаар болохгүй байж мэдэх ч Бурхан биднийг үргэлж ерөөлийн замаар хөтөлж байдагт нь бат итгээд, талархан дагацгаая. Явц нь төвөгтэй байх тусам үр дүн нь бүр ч ивээлтэй байдаг юм шүү.