Итгэгчид бие биетэйгээ хэрхэн харьцах ёстой вэ?

35,301 үзэлт

Бурхан хүүхдүүдээ сэтгэлээрээ нэгдэхийг хараад баярладаг юм (Дуу 133:1, Фил 2:1-2). Гэсэн хэдий ч хүүхдүүд нь болсон бид зүй бус авирлан, бие биендээ тавих анхаарал халамж сул бол сэтгэлээрээ нэгдэх нь нэн бэрх хэрэг шүү дээ. Тиймээс итгэгч бид өөр хоорондоо ёс зүйтэй хандаж, хайрын сэтгэлээр нэгнээ халамжлан хайрлаж, Бурханд тааламжит эв эеийг цогцлоох ёстой билээ.

Тэгвэл одоо итгэгчид бие биедээ хэрхэн хандах ёстойг судалж үзэцгээе.

Нэгдүгээрт, нэгнээ хайрлахдаа ч ёс зүйтэй байх хэрэгтэй

Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна. Иох13:34

Бурхан биднийг хайрласны адил биднийг ч бас бие биенээ хайрлагтун гэжээ. Бид шинэ гэрээг сахиснаараа Бурханы мах цусыг өвлөн авч, зөвхөн Бурхантай нэг бие болоод зогсохгүй ах эгч дүүстэйгээ ч нэгэн бие болсон. Тиймээс нэг бие болсон ах эгч дүүсээ өөрийн бие адил чин сэтгэлээсээ халамжлан хайрлах хэрэгтэй юм.

Бурхан “Хайр нь зүй бус авирладаггүй (1Кор 13:4-5)” хэмээн айлдаж, Өөрийн хайрын мөн чанарыг тайлбарласан байдаг. Тиймээс бид Бурханы хайранд суралцаж ах эгч дүүстээ ёс зүйтэй хандах хэрэгтэй юм. Ямар ч гэр бүлтэй уулзсан түрүүлж баяртайгаар мэндлэн, яриа өрнүүлэхдээ ивээлгүй үгээр бус, ёс зүйд нийцсэн үг яриа хэрэглэх ёстой. Мөн өөр хоорондоо эелдэг даруу хандах нь зүйтэй.

Хоёр дугаарт, итгэлээр сул дорой итгэгчдээ харж халамжлаарай

Бурхан сул дорой биднийг хайрлан энэрсэн шиг бид ч мөн итгэлээр сул эсвэл итгэлийн амьдралаа дөнгөж эхлүүлж буй гэр бүлүүдээ хайрлан халамжлах нь зүйтэй юм.

Хүчтэй бид өөрсдөдөө таацуулалгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой. Ром 15:1

Хүчтэй нэгэн нь хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой хэмээсэн нь сул дорой нэгнээ халамжлан, асарч тойлохыг хэлсэн юм. Энэ үгийн дагуу бид шинээр орж ирсэн гэр бүлүүдээ болон итгэлээр сул дорой итгэгчдээ халуун дулаанаар асарч тойлон, харж халамжлах ёстой юм (Ром 14:1-3). Мөн мэдэхгүй зүйл дээр нь найрсгаар туслан, үйлсээрээ тэднийг ч мөн Бурханы хайрыг ухаартал нь хөтлөх ёстой.

“Би илүү өндөр байр сууринд байгаа учраас миний үгийг сонсох ёстой”, “Би сүмд түрүүлж ирсэн учраас намайг дагах ёстой” гэх мэт бодол нь Бурханыг баярлуулахгүй шүү дээ. Түрүүлж ирсэн байх тусмаа Бурханаас үлгэр дуурайл авч, өөрийгөө даруу болгон үйлчилж, гэр бүлүүдээ хайрлах учиртай юм шүү дээ.

Библид “Бие биенээ хайрлагтун”, “Сэтгэлээрээ нэгдээрэй” гэсэн утгатай сургаал олонтоо гардаг. Бид Бурханы эл хүслийг дагаж, ах эгч дүүстээ ёс зүйтэй хандан, өөр хоорондоо хайраар үйлчлэхээс гадна итгэлээр сул дорой гэр бүлүүдээ анхаарч халамжлан, хайраар хандвал Бурханд тааламжит төгс эв нэгдлийг цогцлоож чадна.

Тунгаах зүйлс
Шинээр орж ирсэн болон итгэлээр сул гэр бүлүүдийнхээ итгэлийн амьдралыг удирдан чиглүүлэхэд үнэн дотор түрүүлж орж ирсэн итгэгч хүний хувьд юу анхаарах ёстой вэ?
Итгэгчид өөр хоорондоо ямар ёс зүйг баримтлан харьцах ёстойг тунгаацгаая.