Даруу байдлын зам

33,379 үзэлт

“Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй.”

Есүс тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглахдаа хамгийн эхлээд “Гэмшицгээ” хэмээн айлдсан (Мат 4:17). Гэмшлийн хамгийн нэгдүгээр алхам нь нүглээ ухааран, өөрийгөө даруу, дорд болгох явдал юм. Тэнгэрийн хаанчлалд найдан, бүрэн төгс гэмшье гэвэл бид даруу байдлын замыг сурах хэрэгтэй.

Даруу зан бол бардам зангийн эсрэг ойлголт. Езекиел 28, Исаиа 14-р бүлгээс Тирийн хаан болон Вавилоны хааны өмнөх амьдралын талаар судлан үзэхэд, бардам зан нь нүгэл үйлдэх эх үндэс болсныг мэдэж болно.

Бардам зангийн улмаас бид Үүрийн хүү, гялбаат цолмонгийн хорон муу үйлдэлд автан, тэнгэрээс дэлхий рүү хөөгдөж ирсэн. Тэнгэрийн оронд яруу алдрын байр сууринд байсан тэнгэр элч нар бардам зангийн улмаас өөрсдийгөө завхруулж, нүгэл үйлдэн, энэ газарт хөөгдөж ирсэн хэмээсэн нь өнөөдөр бид яагаад Бурханы өмнө өөрийгөө илүү даруу, дорд болгож, итгэлийн амьдралаар замнах хэрэгтэй вэ гэдгийг ухааруулах шалтгаан болж байна.

Христийн даруу байдалд суралцацгаая

Шашин шинэчлэгч Мартин Лютер өөрийнх нь итгэлийн үзэл бодлын талаар асуух хүмүүст “Би Есүсээс суралцахдаа Түүний гайхамшгаас нь суралцах гэсэн бус, зөвхөн Түүний даруу үйлсийг л суралцах гэсэн төдий” гэж хариулсан байна.

Алдагдсаныг хайж аврахаар ирсэн Есүс Христ шавь нартаа даруу байдлын талаар олон сургаал айлдаж, даруу байдлын жишээг биечлэн үзүүлдэг байсан. Элч Паул итгэгч нараа Христийн сэтгэлтэй байлгахын тулд хичээнгүйлэн сургамжлан ятгадаг байсан бөгөөд Түүний онцолж заасан Христийн сэтгэл бол даруу төлөв чанар юм.

“… Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж, … Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй, харин Өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр Өөрийгөө мөхөс болгож, үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр Түүнийг өргөмжилсөн бөгөөд… Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хэл бүхэн хүлээн зөвшөөрөхийн учир ажээ.” Фил 2:3-11

Гэмшээд, тэнгэрийн орон руу буцан явахыг хүсэгч хүн Христтэй адил даруу төлөв болох хэрэгтэй. Паул болон Лютерын хэлсэн шиг даруу байдал нь бидний Христээс суралцах хамгийн чухал үйлсийн нэг. Эрт үед тэнгэрт биднийг нүгэл үйлдүүлсэн бардам занг маань арилгах гэсэндээ л Бурхан биднээс даруу байдлыг хүсэж байгаа.

“Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан энэ сургаалт зүйрлэлийг айлдав. —Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ. Фарисай хүн зогсоод өөртөө залбиран “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай биш, энэ татвар хураагч шиг ч биш. Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг” гэв. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв. Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.” Лук 18:9-14

Бурхан өөрийгөө зөвт хэмээсэн фарисай хүнээс илүү тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, нүгэлтэн гэдгээ хүлээн зөвшөөрч, зөвхөн өршөөж өгөхийг хүссэн татвар хураагчийг зөвтгөж, нигүүлслээ соёрхсон.

Өөрийгөө өндөрт өргөмжилдөг бардам ихэмсэг хүн эцэстээ номхруулагдахаас өөр аргагүй. Харин татвар хураагчтай адил өөрийгөө нүгэлтэн гэдгийг зөв ойлгож, даруу сэтгэлээр дорд болсон хүн нүгэлтнийг аварч өгсөн хайр ивээлд үргэлж талархаж, Бурханы хүсэл дунд амьдардаг болохоор тэр хүн тэнгэрт яруу алдар аван өргөмжлөгдөх болно. Өөрийгөө дорд болгон, даруугаар үйлдэж байж яруу алдар авч өргөмжлөгддөг зүй тогтлыг бодит сургаалаараа үзүүлсэн Христийн хүслийг бодож үзэцгээе.

Даруу хүнд нигүүлслээ өгдөг

Есүсээс даруу байдлыг сурсан элч Петр бидэнд ийнхүү сургасан байдаг.

“… Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар хувцасла. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг. Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө.” 1Пет 5:5-6

Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг бөгөөд даруу хүмүүсийг зохистой цагт өргөмжилнө гэжээ. Бид тэнгэрийн нүгэлтэн гэдгээ ухааран, “Эзэн минь, нүгэлт намайг өршөөгөөч” хэмээсэн татвар хураагчтай адил сэтгэлтэй байвал хэрхэн бид Бурханы өмнө өөрийгөө зөвтгөж чадах билээ? Хэрхэн бид өөрийнхөөрөө зүтгэж зөрүүдлэн, гэр бүлдээ дарамт учруулах билээ?

“Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, бохир ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр, өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл бол. Тэгээд Тэргүүн Хоньчинг гарч ирэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авна.” 1Пет 5:1-4

Өөрөө даруу байж, Бурханы хонин сүрэгт сайхан үлгэр дуурайл болон, тэднийг ноёлох бус ойлгож, бусдыг өөрөөсөө дээр гэж үз гэсэн Христийн сургаалыг бүрэн төгс дагах үед сайн мэдээ сонсох гэр бүлүүд ч Бурханы хөтлөл дунд зөв ухаарал олж авна.

Бурхан сүнсэндээ даруу хүмүүстэй хамт оршдог бөгөөд (Иса 57:15) Тэрээр даруу хүнийг аврах болно (Иов 22:29, Дуу 149:4). “Хатуугаас илүү даруу байдлаас агуу хүч гардаг” гэдгийг сэтгэлдээ шингээж, Христийн даруу байдлын жишээг ивээлтэйгээр дагах хэрэгтэй.

Бардам зангаасаа болж дорд болсон Небухаднезар хаан ба Саул хаан

Бардам зангаас болж номхруулагдаж, дорд болсон жишээг Библийн хаанаас ч үзэж болно. Даниел 4-р бүлгээс үзвэл Вавилоны хаан Небухаднезар Бурханыг саналгүй, бүхнийг өөрийн хүчээр хийсэн гэж бардамнан хэлсний улмаас хүний ухаанаа алдаж, тэнгэрийн шүүдэрт норон, араатан шиг амьдрах болжээ. Бүхий л эрх мэдлээ булаалгаж, дордын дорд болсон тэрээр ингэснийхээ ачаар даруу байдалд суралцаж, даруу болсон үедээ мэргэн ухаан болон саруул ухаан нь эргэн ирж, хааныхаа эрх мэдлийг буцааж авсан юм (Дан 4:24-37).

Хүн бардам зангаасаа болж л нүгэл үйлдэн, нүглийн мөн чанартай болсон болохоороо “Сайн байна” гэж жаахан л магтаал авбал сэтгэл нь бардамнаж, амархан завхрах болдог. Саул хаанд тохиолдсон явдал ч яг тийм байсан.

“Тэр үед Самуелд ЭЗЭНий үг ирж —Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. … Самуел, Саулд… —Хэдийгээр та өөрийн нүдэнд дорой байсан ч Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН таныг Израилийн хаан болгож тосолсон биш үү? ЭЗЭН таныг аян замд илгээн “Явж, нүгэлтэн амалекчуудыг устган тэднийг бүрмөсөн устаж дуустал тэдэнтэй тулалд” гэсэн. Та юунд ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин олз уруу шунан дайрч, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв? гэжээ. … Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү. Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн тул ЭЗЭН бас чамайг үл хэрэгсэж, чи хаан байхаа болилоо гэв.” 1Сам 15:10-23

Саул хаанд тохиолдсон энэ явдлаас Бурхан ямар хүнийг хэрэглэх вэ гэдгийг бид тодорхой ойлгож чадна. Саул хаан даруу сэтгэлтэй байж, өөрийгөө өчүүхэн гэж санаж байсан үед нь түүнийг Израилийн хаан болгосон. Харин бардам болмогц нь түүнийг хаан болгосондоо харамссан байдаг.

Саул “Би одоо өөрийн дураар юу ч хийж чадна, бүхнийг хийж чадна” гэж бодсон тэр үеэс Бурханы тушаалуудыг хайнга дагах болсон. Энэхүү бодол нь бардам занг төрүүлсэн бөгөөд Бурханы бодлоос өөрийнх нь бодол илүү дээр гэж санагдах аюултай байдалд түүнийг хүргэсэн. Ийм болохоор амалекчуудыг устгах гэж Бурхан түүнийг илгээсэн ч, үгийг нь дуулгавартай дагалгүй, тарган хонь, үхрийг үлдээж ирээд, Самуел эш үзүүлэгчээр дамжуулан Бурханы зэмлэлийг хүртсэн.

Саул анх хаан ширээнд суух үеийнх шигээ даруу төлөв байсан бол Бурханы үгийг тэр ёсоор дагах л байсан. Харин бардам зангаар дүүрч, ихэмсэг сэтгэл өвөрлөх болсон Саул дуулгаваргүй болж, эцэстээ Бурханд орхигдон, эмгэнэлтэй төгсгөлийг угтсан юм.

Библи дэх энэ бүхий л түүх нь биднийг сургахын тулд тэмдэглэгдсэн сургаал юм. Энэ мэтээр бардам хүмүүсийг дорд болгож, даруу хүмүүсийг өргөмжилдөг Бурханы хүсэл юунд байгаа болохыг бид сайн мэдэж авах хэрэгтэй. Бардам сэтгэл нь Бурханаас холдуулж, нүгэл үйлдүүлэх учир шалтгаан болсон учраас Тэрээр даруу байдлын талаар дахин дахин сургадаг.

Цөлийн амьдралаар ард түмнээ даруу болгосон Бурхан

Езекиел 28-р бүлгээс үзвэл Тирийн хаан өмнө нь тэнгэрт халхалдаг тослогдсон херуб байсан ба бүтээгдсэн өдрөөсөө эхлэн өөрийн замууддаа гэмгүй байжээ. Гэвч мэргэн ухаан бялхаж, гоо үзэсгэлэнгээсээ болж зүрх нь бардамнасны эцэст Бурханы сэнтийтэй эн зэрэгцэх гэсэн мунхаг бодолд автжээ. Бурхан түүний энэ мэт бардам занг тэнгэрт нүгэл үйлдсэн анхны нүгэлтний сэтгэл хэмээн зааж өгсөн юм.

Бид тэнгэрийн оронд нүгэл үйлдээд энэ газарт ирснээ мартах үед сэтгэл дотор маань бардам зан боловсордог. Бурханы тусламжийг хүсэлгүй, өөрийн мэдлэг, ухаан, өөрийн чадварт л найдах тэр үед сэтгэлд бардам зан аажим аажмаар томорч ургадаг. Төрсөн нутаг тэнгэрийн орондоо буцахыг чин сэтгэлээсээ хүсэж буй бид бүх дэлхийгээс гэмшихийг шаардахын зэрэгцээ өөрийгөө ч эргэж хараад, бардам зангаа хаяж, илүү даруу болох хэрэгтэй.

“… ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм. … Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, … Эцэг хүн хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхээрээ ухаар. Тиймээс Түүний замаар явж, Түүнээс эмээхийн тулд чи Бурхан ЭЗЭНийхээ тушаалыг сахь.” Дэд.Хуу 8:1-6

Бурхан израиль ард түмнийг дорд, даруу байдалд сургахын тулд 40 жилийн цөлийн амьдралаар цэвэршүүлж иржээ. Үүрийн хүү, гялбаат цолмонгийн урвалтын гунигт түүх мөнхийн тэнгэрийн хаанчлалд дахин бүү давтагдаасай гэсэндээ Бурхан энэ газар хүүхдүүдээ цэвэршүүлж байна. Ийн атал бид итгэлийн цөлийн замаар алхахдаа одоо хэр нь өргөмжлүүлж, үйлчлүүлэхийг хүсэж байгаа бол биднийг цэвэршүүлье гэсэн Бурханы хүслийг хөсөрдүүлэх биш гэж үү?

Бид даруу төрхөөр өөрчлөгдөх нь Бурханы хүсэл. Тиймээс Библид бидэнд даруу байдлын талаар олон сургаал заасан шүү дээ. Итгэлийн цөлийн замаар алхахдаа эцсээ хүртэл өөрийгөө дорд болгож чадалгүй, өөрийгөө дөвийлгөж Сионы гэр бүлүүд болон бусадтай харьцдаг хүн тэнгэрийн Канаан болох тэнгэрийн хаанчлалд огтхон ч орж чадахгүй. Дараах жишээнээс Бурхан биднийг ямаршуу итгэлийн замаар алхахыг хүсэж байгааг бодож үзэцгээе.

Даруу зан, дорд сэтгэл, үйлчилдэг төрх

Нэгэн хүн зүүдэндээ тэнгэрийн хаанчлал руу явжээ. Тэнгэрийн хаанчлалд хаан тахилч болох итгэгчдийн төлөө тоймгүй олон сэнтий байхыг харжээ. Тэр дунд хамгийн дээд талын сэнтий хоосон байхыг хараад ихэд сонирхон, хэн тэнд суух юм бол оо гэж бодтол, хажууд нь байсан тэнгэр элч түүнд багшийн тань суух сэнтий гэж гэнэ.

Зүүднээсээ сэрээд, манай багш үнэхээр тэр өндөр суудалд суух эрх байгаа болов уу гэж сонирхоод, багшаасаа “Та өөрийгөө ямар хүн гэж үнэлдэг вэ?” гэж асуужээ. Шавийнхаа асуусан асуултанд багш нь “Би өөрийгөө энэ хорвоогийн хамгийн адгийн хүн гэж боддог” гэж хариулав. Ихэд гайхсан шавь нь юу гэсэн үг болохыг нь дахин асуутал дараах байдлаар хариулсан гэнэ.

“Хэрвээ Бурхан надад өгсөн нигүүлслээ өөр хүнд өгсөн бол тэр нигүүлслийг авсан хэн ч бай, надаас илүү сайн хүн байх байсан байх. Би Бурханы энэ агуу нигүүлслийг авсан хэдий ч тэр чинээгээр өөрчлөгдөж чадахгүй, илүү олон хүнийг удирдаж чадаагүй болохоор өөрийгөө хорвоогийн хамгийн адгийн хүн гэж бодож байна.”

Энэ багшийн сэтгэл бол бидэнд байх ёстой сэтгэл юм. Өөрт нь агуу нигүүлсэл өгсөн байхад хийсэн ажлаа юу ч биш мэтээр үзэж, үргэлж Бурханаас хүлцэл өчдөг ийм даруу байдлыг үнэхээр л христчүүдийн хувьд байх ёстой дээд ёс суртахуун гэж бодож байна.

Бидэнд байгаа зүйл дунд Бурханаас аваагүй зүйл гэж байхгүй. Тийм учраас бидэнд Бурханы өмнө сайрхах зүйл нэг ч байхгүй (1Кор 4:6-7 үзэх). Өөрт өгөгдсөн Бурханы нигүүлсэл бусад хүнд өгөгдсөн бол тэр хүн өөрөөс тань илүү Бурханы яруу алдрыг гаргаж, Бурханы сайн мэдээний түүхийг улам гайхамшигтайгаар гүйцэтгэж чадах байсан байх. “Бурхан хэрэв надад өгсөн ивээлийг өөр бусад хүнд өгсөн бол тэр хүн Бурханд надаас илүү яруу алдар өргөж, Бурханы ажлыг илүү итгэмжтэйгээр гүйцэтгэх байсан даа.” Ийм маягаар бодож, өөрсдийгөө илүү даруу, дорд болгох хэрэгтэй.

Элч Паул өөрийгөө нүгэлтнүүдийн “эхнийх нь би” хэмээсэн байдаг (1Тим 1:15). Паул ч мөн Бурханаас агуу нигүүлсэл авсан хүн. Гэвч тэрээр тэр нигүүлслийг өөрөөс нь өөр хүн авсан бол илүү гарамгай үйлс бүтээх байсан гэж боддог байж. Тийнхүү тэрээр өөрийгөө бүгдээс дутуу дулимаг хэмээн үзээд, даруу болгож байжээ. Тэрээр бүх хүчээ дайчлан Христийн сайн мэдээнд дуулгавартай байж, бүх хүнд сайн мэдээ тараахыг өөрийн үүрэг гэж бодон, авралын зар илүү хүчтэйгээр тараадаг шинэ гэрээний үйлчлэгч болсон биш үү?

Түрүүлж ирсэн гэр бүлүүд маань үйлчлэх, даруу, дорд сэтгэлээр бусад итгэгчиддээ хандан, Эцэг, Эхийн ивээлтэй замыг дагацгаая. Сургаалт зүйрлэлд гарсан татвар хураагчтай адил нүгэлтэн бидэнд тийм их нигүүлсэл өгсөнд талархаж, өөрийгөө даруу, дорд болгоцгооё. Христийн үзүүлсэн даруу байдлын жишээг цаг үргэлж амьдралд хэрэгжүүлэн, өдөр бүр Бурханд болон ах эгч дүүдээ үйлчлэн, даруу сэтгэлээр амьдарцгаая. Тийнхүү мөнхийн тэнгэрийн хаанчлалд хөл тавихыг хүсэж байна.