“Эзэн минь! Би нүгэлтэн билээ”

22,479 үзэлт

Тэнгэр эх нутагтаа нүгэл үйлдэн хоргодох хот дэлхийд хөөгдөн ирсэн хүн төрөлхтөн бид эх нутгаа хүсэн санагалзах нь мэдээжийн хэрэг гэж бодно. Тэгтэл бүгд л тэнгэрийн орон буцахыг тэгж их хүсэж байгаа хэрнээ өөрсдийгөө тэнгэрийн нүгэлтэн гэдгийг мартах үе үнэхээрийн их байх шиг. Тэнгэрийн хаанчлалдаа буцахын тулд гэмших шаардлагатай нүгэлтний хувиар үндсэн үүрэг маань юу гэдгийг дахин нэг тунгаацгаая.

Нүгэлтэн гэдгээ ухаарч ухамсарлах хэрэгтэй

Хүмүүс энэ ертөнцөд амьдрахдаа өөрсдийн оршихуйн тухай бодож ухаардаггүй. Хүмүүсийн ихэнх нь энэ дэлхийд яагаад бууж ирснээ, дал наяхан жил амьдрахдаа яагаад баяр баясгалангаасаа зовлон бэрхшээл, цөхрөл гуниг нь илүү байдгийг, хүсээд байдаг эд хөрөнгө, эрх мэдэл нь яагаад тийм хэцүү олддогийг, амьдрал нь яагаад тийм хүнд бэрх байдгийг мэдэхгүй насан туршийнхаа амьдралыг өнгөрөөдөг.

Харин Библид тэмдэглэсэн Христийн сургаалаар өөрийгөө нүгэлтэн гэдгийг ухаарах юм бол энэ газрын уйтгар гуниг, зовлон бэрхшээлийн талаар гомдол дургүйцэл өвөрлөхгүй. Нүгэлтнүүдэд баяр баясал, эрх мэдэл эдлэх эрх байхгүй учраас тэр аж. Энэ ертөнцийн тогтолцоог харахад ч гэмт хэрэгтэнд яаж ханддаг билээ. Бүх эрхийг нь хасаж, эрх чөлөөг нь хязгаарлаж, шоронд хорьдог шүү дээ.

Биднийг нүгэлтэн гэдгийг ухааруулахын тулд Есүс дараах сургаалыг айлдсан.

“Харин Есүс үүнийг сонсоод —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. … Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.” Мат 9:12-13

“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.” Лук 19:10

Дээрх ишлэлд Есүс алдагдсаныг хайхаар ирсэн хэмээгээд мөн нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн гэсэн тул бид тэнгэрт нүгэл үйлдээд алдагдах болсон нүгэлтэн гэдгээ ухаарах хэрэгтэй. Нүгэлтэн учраас л аврал авахыг, мөнх амьтай болохыг хүсдэг байна. Хэрэв бид зөвт хүн байсан бол аврал авахыг тэгтлээ их хүсэх шаардлагагүй. Авралыг хүсэн хүлээж, аврагдахын төлөө хүчин зүтгэх энэ бүх байдлаа бодоод үзэхээр бид нүгэлтэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байх аргагүй юм.

Тэгтэл заримдаа амьдралын явцад нүгэлтэн гэдгээ бид мартаж орхидог. Уг нь нүгэлтэн гэдгээ мэдэж байгаа ч үнэн хэрэгтээ мартахыг хичээдэг. Мартана гэдэг мэдэхгүй байгаагаас дээрдээд байх юмгүй. Нүгэлтэн гэдгээ мэддэггүй болохоор эсрэгээрээ зөвт хүмүүсийн эдлэх ёстой эрхийг өөрийнх юм шиг бодож, өндөр байр сууринд суухыг, эрх мэдлээрээ далайлгахыг, өөртөө үйлчлүүлэхийг хүсдэг.

Нэгэн шоронгийн хянагчийн яриагаар бол хоригдлууд анх шоронд орж ирсэн эхний долоо хоног юм уу эхний нэг сар орчим хугацаанд гэмт хэрэг хийсэндээ их гэмшиж шаналдаг гэнэ. Давтан хэрэгтнүүд нь архагшиж, гэмших ч сэтгэлгүй байхад гэмт хэрэг анх хийсэн хүмүүс нь өөрийгөө хянаж чадалгүй хийсэн хэрэгтээ гэмшин, өөрийгөө буруутгаж зовж шаналдаг. Харин нэг, хоёр сар гээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр шоронгийн амьдралд дасан, гэмшихээ больж, хэрэгтэн мөн бишээ ч ялгаж чадахаа больж, тэр үеэс эхлэн шоронгийн умгар өрөөндөө ч болов “овгор” болчих гээд өөр хоорондоо үзэж тарна. Бид ч одоо сүнсний шоронгийн амьдралаар амьдарч байгаа.

Бидний сэтгэл зүй ч тэр хоригдлуудтай төстэй явцыг туулж байгаа бус уу? Хоргодох хот дэлхийд амьдарч байгаа хүмүүсээс тэнгэрт нүгэл үйлдээгүй энэ газарт бууж ирсэн хүн нэг ч байхгүй. Нүгэлтэн гэдгээ ухаарах үед маань л Бурханы ивээл нигүүлсэл, энэрэл бууна гэдгийг Есүс ийн ухааруулжээ.

“Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан энэ сургаалт зүйрлэлийг айлдав. —Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ. Фарисай хүн зогсоод өөртөө залбиран “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай биш, энэ татвар хураагч шиг ч биш. … Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв. Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. …” Лук 18:9-14

Өөрийгөө зөвт хэмээн боддог хүн гэмшинэ ч гэж байхгүй. Өөрийгөө дорд даруу болгоно ч гэж байхгүй. Бусдад үйлчилнэ ч гэж байдаггүй юм. Харин өөрийгөө нүгэлтэн гэдгээ ухаарсан хүн яадаг вэ? “Бурхан минь! Би нүгэлтэн билээ. Нүгэлт намайг өршөөгөөч!” гэх гэмшлийн залбирал аяндаа л гарна.

Энэ нь л нүгэлтний төрх билээ. Татвар хураагч шиг тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, цээжээ дэлсэн гэмшиж, нүгэлтэнд нигүүлсэл үзүүлсэн Бурханд талархах нь л жинхэнэ нүгэлтний төрх юм.

Нүгэлтэн бид хэрхэн хоолны сайханд шунаж болох билээ? Нүгэлтэн хэрхэн өөрийгөө өргөмжилж болох билээ? Өөрийгөө яаж ч өргөмжиллөө гээд нүгэлтэн л бол нүгэлтэн. Тэнгэрийн нүгэлтэн байж энэ газрын зугаа цэнгэлд татагдаж огт болохгүй. Нүгэлтэн гэдгээ мартаж, өөрийгөө зөвт хүн гэж бодох л юм бол бид бусдыг дарамтлан, өөртөө дуулгавартай захирагдахыг албадаж, юм болгон дээр бусдаас илүү дээгүүр байр сууринд байхыг санаархан, өөрийн болгож авах гэдэг. Бид тэгтэл зөвт хүн билүү? Огтхон ч биш. Христ зөвт хүмүүсийг аврахаар ирсэн бус, нүгэлтэн гэдгээ ухаарч Бурханаас эмээдэг хүмүүсийг л хайж, аврахаар ирсэн гэсэн шүү дээ.

Өөрийгөө дорд даруу болгох ёстой нүгэлтний төрх байдал

Өөрсдийгөө тийм аймшигт нүгэлтэн гэдгээ ухаарах юм бол бид насан туршдаа бусдад үйлчилж амьдрах ёстой. Энэ нь л нүглийнхээ хөлсийг төлөх зам юм. Тэр ч байтугай биднийг буруутган зэмлэсэн ч нүгэлтэн бид үүнд уурлаж, аягүйрхэх эрх байхгүй.

Бид бол нүгэлтнүүд. Нүгэлтэн гэсэн байр сууриа мартаж болохгүй. Нүгэлтэн байж таатай, таагүй нөхцөлд юундаа ч гомдоллох билээ дээ? Байр байдал, үүрэг даалгавар, байр сууриа голж, бидэнд хандах хүмүүсийн хандлага, нүүр царайны хувирлыг буруутгах эрх байхгүй. Зөвхөн Бурханы ивээл ба хайранд талархах сэтгэлээр л амьдрах хэрэгтэй. Нүгэлтний үндсэн үүрэг л энэ. Нүгэлтэн гэдгээ ухааран зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэхгүй байсан татвар хураагчтай адил сэтгэлтэй болох үед л Бурханы нигүүлсэл, хайр энэрлийг хүртэж чадна.

Лук 18-р бүлэгт гарч байгаа фарисай хүн толгойгоо гэдийлгээд л, тэнгэр өөд харж байгаад л ихэмсэг гэгч нь болчимгүй үг хэлж байсан юм. Тэрээр нүгэлтэн гэдгээ ухаараагүй болохоороо буруу итгэл сүсэгтэй болж л дээ. Ийм хүмүүс байр суурь нь дээшилбэл улам л бусдыг дарамтлан, эрх мэдлээрээ сүрдүүлэх гэж бүх хүчээ шавхдаг. Харин нүгэлтэнд эрх мэдэл ямар ашигтай гэж? Нүгэлтний ертөнцөд өндөр эрх мэдэл, дээгүүр байр суурь олж авлаа ч нүгэлтэн л бол нүгэлтэн.

Энэ газар амьдарч байгаа хүмүүс нийгмийн гарал, байр суурь хамаагүй бүгд л нүгэлтнүүд. Байр суурийн хойноос хөөцөлдөхийн оронд нүглээсээ болж үхэх тавилантай байсан биднийг аврахаар Бурхан Өөрөө ирсэн явдалд үргэлж баяртай байж, талархах ёстой. Мөн ах дүүсэг энэрлээр бие биедээ хандаж, харилцан үйлчилж халамжлах нь нүглээс аврагдсан бидний хүлээх үүрэг юм.

Үнэхээр л аврагдъя гэж байгаа бол нүгэлтэн гэдгээ нэг хормын төдийд ч мартаж болохгүй. Пастор, миссионер, үйлчлэгч гээд байр суурь ямар байсан ч бид “Би миссионер болохоор үйлчлэгчид тушааж болно, би пастор учраас тэгж болно” гэж бодож болохгүй. Харин оронд нь “Миссионер хүний хувьд яажшуухан гэр бүлдээ илүү үйлчлэх вэ? Пастор хүний хувиар хонин сүргийнхээ төлөө юу хийх ёстой вэ?” гэдгийг эхлээд боддог байх хэрэгтэй. Энэ л аврал авахыг үнэнээсээ хүсдэг нүгэлтнүүдийн төрх байдал юм.

“Тэрчлэн тэдний дунд хэн хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ. Тэр тэдэнд —Харийнхны хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь “Буянтнууд” хэмээгддэг. Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дунд хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг. Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг.” Лук 22:24-27

Ертөнцийнхний нийтлэг ойлголтоос эрс ялгаатай үгээрээ Есүс бидний зүрх сэтгэлд ухаарал хайрладаг. Удирдаж тэргүүлж байгаа хүн нь үйлчлэгч мэт байг хэмээсэн. Учир нь өөрийгөө нүгэлтэн гэдгээ ухаарч, үүнийгээ үргэлж санадаг хүнийг л тэргүүлэгч байх чадвартай хүн гэж тооцох юм.

Нүгэлтэн гэдгээ ухаарахгүйгээр хэнд ч үйлчилж чадахгүй. Өөрсдийгөө бусдаас өндөр байр сууринд тавьж бодвол харин ч бусдаар үйлчлүүлж, бөхөлзүүлэх гэнэ. Тэгтэл Бурхан тэргүүлэгч нь эсрэгээрээ үйлчлэгч мэт дорд болох ёстой гэж сургасан.

Бурханы сургаал ба үзүүлсэн жишээг дага

Эцэг Бурхан энэ газарт байхдаа бүх зүйлийг Өөрийн биеэр хийсэн. Тэр ч бүү хэл тэнгэр элч нартаа эсвэл хүүхдүүддээ тушаагаад хийлгэчихэж болох мэдээжийн зүйлийг ч Өөрөө л хийсэн. Тэр үед би ухаан суугаагүй байсан болохоор сайн ойлгоогүй, зүгээр л Эцэгт олон шавь байсаар байхад яагаад заавал Өөрөө бүгдийг хийдэг юм бол гэж гайхдаг байсан. Харин одоо л ойлгох шиг. Нүгэлгүй Эцэг маань нүгэлт хүүхдүүд биднийгээ сургахын тулд тэгж биечлэн жишээ үзүүлж байсан юм билээ.

Одооноос ч болов Эцэгийнхээ үзүүлсэн жишээг даган, бусдыг эхэлж хайрлан халамжилж, уучилж, үйлчилдэг байх хэрэгтэй. “Тэгэхдээ татвар хураагч шиг цээжээ дэлсэн “Эцэг минь, би нүгэлт хүн. Жинхэнэ нүгэлтэн билээ” гэж сэтгэлийнхээ гүнээс гэмших хэрэгтэй. Тэгж төгс гэмшил биелэгдвэл “Та нар фарисай хүнээс илүү зөвтгөгдлөө” гэсэн магтаал Бурханаас сонсоно.”

“Би та нарт хэлье, та нарын зөвт байдал фарисайчууд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй.” Мат 5:20

Энэ ишлэл ямар утгатай вэ? Нүгэлтэн болсон гэдгээ ухаарсан хүмүүс л хуулийн багш нар болон фарисай хүний зөвт байдлыг гүйцнэ гэсэн үг. Тэднээс илүү гарч чадах цорын ганц зам зөвхөн энэ.

Одоохондоо бид хараахан тэнгэрийн ханхүү, гүнж болчихоогүй байна. Ердөө л нүгэлтнүүд. Бид нүгэлтэн гэдгээ мартвал Бурханы сургаалыг зөв хэрэгжүүлж чадахгүй. Амьдралдаа хайрыг хэрэгжүүлэх гэж хичнээн зүтгэсэн ч энэ нь яг л үнэргүй цэцэгтэй адил, удалгүй сонирхол буурч, дургүй болно.

Харин өдөр бүр “Эзэн минь! Би нүгэлтэн билээ” гээд өөрийгөө нүгэлтний байранд тавивал хийж чадахгүй ажил гэж байхгүй. Бурханы хүсэл, тушаал л байвал ямар ч хэцүү ажил байсан баяр хөөртэйгөөр, талархалтайгаар хийх болно. Нүгэлтэн гэдгээ бүрэн ухаарч, хүлээн зөвшөөрсөн үедээ л “Дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, мянга түмэн хуцын өөхнөөс илүү” хэмээх Библийн айлдал ёсоор дуулгавартай байдал бүрэн төгс биелнэ.

Ямар ч албан тушаал, байр сууринд байсан өөрийгөө тэнгэрийн нүглээсээ болж хөөгдөж ирсэн сүнс гэдгээ мартаж болохгүй. Үүнийг мартвал бид тэнгэрт хийсэн шигээ нүглийг дахин үйлдэнэ. Нүгэлтэн гэдгээ ухаарч хүлээн зөвшөөрсөн байхад л гэмшлийн түүх гардаг. Харин үүнийг ухаарахгүй бол дахин нүгэл үйлдэх болдог юм.

“Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн.” 1Тес 5:16-18

Энэ айлдлыг өдөр шөнөгүй тунгаан бясалгаж, сэтгэлдээ сийлээд, үргэлж баяртай байж, тасралтгүй залбиран, бүх зүйлд талархаж амьдрах хэрэгтэй. Харин нүгэлтэн гэдгээ ухаараагүй бол “Бурхан баяртай бай гэсэн юм чинь баярлахаас. Талархаарай гэсэн юм чинь талархахаас” гээд зүгээр нэг үүрэг төдийд дагах учир долоо хоногоос ч хэтрэхгүй баярлаж талархахаа больчихно.

Юун түрүүнд нүгэлтэн гэдгээ л бүрэн дүүрэн ухаарчих юм бол талархахгүй байх нэг ч зүйл үгүй. Сэтгэлд нийцэхгүй ямар нэг юм гарлаа ч гэсэн “Тэнгэрт үйлдсэн нүглээс минь илүү байв гэж дээ?” гэж санаад, сэтгэлд талархлын дуу аяндаа л гарч, биднийг аварсан Бурханыхаа хайр ивээлд өвдөг сөгдөн бөхийх болно. Талархаарай гэж хэлээгүй байсан ч баяр хөөр аяндаа л төрөх болно. Ямар ч зовлон бэрхшээл, хүнд хэцүү зүйл тулгарсан нүглийн уучлал авсан баяр хөөртэй харьцуулах аргагүй шүү дээ.

Нүгэлтний хувьд гэмшлээс өөр амьдрах зам байхгүй. Бурхан биднийг төгс гэмшүүлэхийн тулд бусад сүнсэнд нүгэлтэн гэдгийг нь ухааруулж, тэднийг амьдруулах ажлыг бидэнд тушаасан.

Зөвт Бурханы тушаал заавар төдийгүй нүглийн уучлал авах арга зам болсон “авралын зар тараах” боломжийг огтхон ч битгий алдаарай. Цаашид ертөнцөөс сурсан зөрүүд, ихэмсэг, бардам зангаа бүгдийг нь хаяж, зөвт хүн мэт авирлах эндүүрлээсээ сэрээд, нүгэлтний зайлшгүй туулах учиртай золиос, үйлчлэлийн замаар алхацгаая.

Нүгэлтэн бид ариун тэнгэр өөд эгцлэн харж хэрхэн зүрхлэх билээ? Ариун Бурханы төрхийг махан биеийн энэ нүдээрээ яахан шууд дүгнэж болох билээ? Томоогүй балчир, ухаан суугаагүй үедээ л бид тэгж зүрхэлсэн биз ээ. Одооноос эхлээд “Эзэн минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэсэн даруу сэтгэлтэй болж, Бурханы хүсэлд дуулгавартай хандан, бүх сэтгэл, бүх хүчээ сайн мэдээнд дайчлаад, Эцэгийн морилон ирэх тэр өдөр Эцэгтээ гэм зэмгүйгээр олдох Эхийн цэвэр нарийн маалинганы гоёл чимэглэл болцгооё.