Үхлийн биеэс мөнх амийн бие рүү

26,135 үзэлт

Сионы гэр бүлүүд маань жил бүр Алгасал баяраа ариунаар сахин, Бурханы соёрхсон амийн найранд оролцож байна. Шинэ гэрээний сайн мэдээний номуудад Есүс “Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ” (Лук 22:15) хэмээн айлдаад, Алгасал баярыг шинэ гэрээ болгон тогтоосон байдаг.

Есүс яагаад шавь нартайгаа Алгасал баяр сахихыг тэгтлээ их хүссэн юм бол оо? Үүний учир нь үхэлд хүлүүлсэн нүгэлтнүүдийг мөнх амийн биеэр бүтээх авралын төлөвлөгөөгөө шинэ гэрээний Алгасал баяраар гүйцэлдүүлэх болохоор тэр аж. Тэнгэрээс манна буулгахыг, үхсэн Лазар амилахыг хүмүүс гайхамшиг гэдэг ч үнэн хэрэгтээ үүрд үхэх заяатай байсан хүн төрөлхтнийг Алгасал баяраар мөнх амьдрах оршихуй болгохоос илүү агуу гайхамшиг гэж үгүй. Үхлийн биеийг маань мөнх амийн биеэр өөрчлөх Бурханы ер бусын гайхамшиг, үүнтэй холбоотой амлалтын үг сургаалыг судлан үзэцгээе.

Үхлийн боол болсон хүн төрөлхтөн

Энэ дэлхийд төрсөн хэн ч үхлээс мултарч чадахгүй. Түмэн бодисын эзэн гэгддэг ч эцэстээ үхлийн эрх мэдэлд захирагддаг болохоор хүнийг ер нь түмэн бодисын эзэн гэлгүй, харин үхлийн боол гэхэд болно.

“Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг” Евр 9:27

“Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? …” Ром 7:24-25

Ром номд гарч байгаа энэ үг нь зөвхөн элч Паул гэх хувь хүний харуусал биш, тэрээр бүх хүний гуниг шаналлыг өмнөөс нь төлөөлж хэлсэн нь тэр. Үхлийн гинжинд баглуулж, зовж амьдрахаас өөр аргагүй болсон хүн төрөлхтөн. Жаахан илүү урт насалж, эрүүл амьдрах гэсэндээ хүмүүс өдий төдий мөнгө төгрөг зараад ч болов нэртэй сайн эмч, нэртэй сайн эм хайдаг. Тэглээ гээд хэн нь ч үхлээс зугтаж чадахгүй төдийгүй үхсэнийх нь дараа Бурханы шүүлт хүлээж байдгийг Библи бидэнд мэдүүлж байна.

“Учир нь хамаг өдрүүд маань Таны хилэнгийн дунд өнгөрсөн. Бид санаа алдах мэт он жилүүдээ дуусгасан. Амьдралын маань өдөр хоногууд далан жил юм. Хүч чадалтай байх аваас наян жил боловч тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог.” Дуу 90:9-10

Библид “нисэн оддог” гэсэнчлэн үнэхээрийн хурдан өнгөрөн оддог нь хүмүүний амьдрал юм даа. Энэ ахархан амьдралдаа хүртэл Бурханд тааламжит бус, нүгэлт амьдралаар замнадаг учраас Эзэний хилэнгийн дунд, зүдгүүр, уй гашуу дунд нэг л мэдэхэд өдөр хоногууд нь дуусдаг. Бурханыг мэдэхгүй амьдарч байгаа нь яг л тоормосгүй автомашин шиг үхлийг чиглэн хурдалж байгаагаас өөрцгүй. Үүнийг ухаарсандаа л Соломон хүний амьдралын утга учрыг гүн гүнзгий бодож тунгаавал бүх зүйл хоосон хэмээн гэрчилсэн.

“Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс оршвой. Номлогч, “Хоосноос хоосон агаад хоосны хоосон, бүгд хоосон ажээ” гэнэ. Наран доор зүтгэх хүмүүний хамаг зүтгэл өөрт нь ямар ашигтай юм? …” Ном.Үгс 1:1-11

Хоосон амьдралын төлөө насан турш элдвээр зүтгэвч эцэст нь үхлээр дуусдаг нь хүний амьдрал шүү дээ. Соломон хүмүүсийн атаархал төрүүлэх хэмжээний их эд баялаг, алдар нэр, эрх мэдэл, мэргэн ухаан гээд юм юмтай байсан. Гэвч тэрээр амьдралын хоосныг ухааран, эцэст нь “Хоосноос хоосон агаад хоосны хоосон, бүгд хоосон” хэмээгээд хүмүүний наран дор зүтгэж байгаа бүхий л зүтгэл өөрт нь ямар ч ашиг байхгүй гэж дүгнэсэн байна.

Амийн Алгасал баяр зөвшөөрсөн Бурхан

Бурхан энэ мэт хоосноос хоосон амьдралаар амьдарч байгаа хүн төрөлхтнийг тэнгэрээс хараад ихэд өрөвдсөн юм. Үхэл ба тамын зовлонгоос зугтаж чадахгүй бидний ирээдүйг өрөвдөхдөө мөнх амь өгөхөөр энэ газарт ирсэн билээ.

“Тийнхүү хүүхдүүд нь мах цусны тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод, бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан бүгдийг чөлөөлөх юм.” Евр 2:14-15

“Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ.” Иох 10:10

Үхэхээс өөр аргагүй хүн төрөлхтөнд мөнх амь өгөхийн төлөө Бурхан Өөрийн биеэр энэ газарт ирсэн гэсэн нь хичнээн ерөөлтэй, хичнээн баярт мэдээ вэ! Бурхан ямар арга замаар бидэнд мөнх амь өгснийг судалцгаая.

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. …” Иох 6:53-57

Махаа идүүлж, цусаа уулган хүн төрөлхтнийг аварна гэхээр дэндүү их золиос амсах нь мэдээж хэрэг. Үхэх хувь тавилантай олон нүгэлтний төлөө Бурхан зөвхөн Өөрийнхөө золиосоор л мөнх амь олгох үнэний зарчмыг тогтоосон юм. Буудайн үр үхвээс тэндээ соёолж, цэцэг дэлгэрч зуу дахин, мянга дахин үр дүн гардаг. Энэ л зарчмыг Бурхан сонгосон юм.

Мөнх амь өгөх Христийн мах цусыг хүн төрөлхтөнд Алгасал баяраар зөвшөөрчээ.

“… Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-28

“Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:14-20

Хүний Хүүгийн мах цусыг идэж уувал мөнх амьтай болно хэмээн айлдсан үг нь Алгасал баярын талх, усан үзмийн дарс идэж уувал бидэнд мөнх амь өгнө гэсэн утгатай. Нүглээс болж үүрд үхэх заяатай болсон биднийг үхлээс аварч, мөнх амь өгч, тэнгэрийн хаанчлал өөд дагуулж явах нь Бурхан бидэнд Алгасал баяр зөвшөөрснийх нь туйлын хүсэл гэхэд болно. Алгасал баярт шингэсэн энэ амлалтыг Лук номд Христ энэ газарт Өөрийн биеэр ирээд байгуулсан “шинэ гэрээ” хэмээн илэрхийлсэн.

Мөнх амийн амлалт авсан хүмүүсийн орох тэнгэрийн хаанчлал

Шинэ гэрээний Алгасал баяр нь зүгээр ч нэг баяр биш, хүн төрөлхтнийг мөнх амийн зам руу хөтлөх Бурханы амлалт юм. Энэ ерөөлтэй мэдээг Библид “сайн мэдээ” хэмээн нэрлэсэн байдаг. Тиймээс элч Паул өөрийгөө сайн мэдээний ч үйлчлэгч болсон гээд, шинэ гэрээний ч үйлчлэгч болсон гэж нэг бичээд, үүгээрээ сайн мэдээ нь шинэ гэрээ гэдгийг илчлэн мэдүүлсэн юм.

Бурхан энэ газарт ирээд, үнэт цусаараа шинэ гэрээний Алгасал баярыг тогтоон бидэнд мөнх амь бэлэглэсэн билээ. Яагаад мөнх амь өгөх гэсний учрыг хайж олцгооё.

“Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис үгүй болов. … Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно]. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, …” Илч 21:1-4

Бурханы хаанчлал нь үхэл гэж үгүй мөнхийн ертөнц юм. Үхэл байхгүй газарт амьдаръя гэхэд эхний нөхцөл нь мөнх амьтай болох ёстой. Тиймээс Бурхан тэрхүү ертөнц өөд биднийг аваачихын тулд шинэ гэрээний Алгасал баярын талх, усан үзмийн дарсаар бидэнд мөнх амь амлаж, тэнгэрийн хаанчлалд буцах шинэ, амьд зам нээж өгсөн юм. Мөнхийн тэнгэрийн хаанчлал ирэх мөчид шинэ гэрээний үнэн дотор мөнх амийн амлалт авсан хүмүүсийг цаашид үхэл захирч чадахаа больж, тэд сүнслэг биеэр өөрчлөгдөөд, тэрхүү мөнхийн ертөнц өөд явах болно.

“Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье, мах ба цус нь Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм. Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, сүүлчийн бүрээнээр. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудахаар амилуулагдаж, бид өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд үхдэг нь үхэшгүйг өмсөх ёстой. …” 1Кор 15:50-58

Энэ бол Бурханы амлалт. Үхэхээс өөр аргагүй үхлийн энэ биеийг мөнх амийн биеэр сольж, сүүлчийн агшинд нүд ирмэхийн зуур биднийг өөрчилнө гэдгээ Бурхан амласан байна. Мөнх амь нь гагцхүү шинэ гэрээний Алгасал баяр сахин Христийн үнэт цус болох усан үзмийн дарсанд, Христийн бие болох талханд оролцсон итгэгчдэд соёрхон өгөх Бурханы бэлэг юм. Сүүлчийн бүрээнээр үхэгсэд амилж, амьд үлдсэн нь өөрчлөгдөөд, Христийг морилон ирэхэд нь угтан авна гэсэн амьд найдвар тийм л итгэгчдэд бий.

“… Учир нь, Эзэн Өөрөө тушаалын уухай, тэргүүн тэнгэрэлчийн дуу ба Бурханы бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амилна. Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт Эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие биенээ тайвшруул.” 1Тес 4:13-18

Энд 1Коринт 15-р бүлэгт дурдсантай адилхан үхлийн энэ бие үхэшгүй биеэр өөрчлөгдөж байгаа дүр зураг харагдаж байна. Үхлийн бие нь үхэшгүй биеэр, муудах бие нь үл муудах биеэр өөрчлөгдөх хүмүүс бол шинэ гэрээний Алгасал баяр сахисан, Бурханы амлалт дотор байгаа ард түмэн. Эсрэгээрээ шинэ гэрээн дотор байхгүй бол мөнх амийн амлалт авч чадахгүй. Мөнх амийн амлалт байхгүй байж яаж мөнх амийн биеэр өөрчлөгдөх билээ дээ?

Бурхан биднийг үхлийн биеэс мөнх амийн биеэр өөрчилж өгөхийн төлөө шинэ гэрээний Алгасал баярын үнэнийг зөвшөөрсөн билээ. Тиймээс элч нар энэ үнэ цэнэтэй Алгасал баярын ёслолыг жил бүр дурсан санаж ирсэн бөгөөд элч нарын үеэс хойш ч МЭ 325 оныг хүртэл уламжлуулан сахиж байв. Гэтэл 325 онд болсон Никеагийн хурлаар Сатаны улмаас Алгасал баяр бүрмөсөн устсан юм.

Тэр цагаас хойш урт удаан хугацаанд Алгасал баяр гэх амийн баяр энэ дэлхийд байхаа больсон. 1600 жилийн урт удаан хугацааны эцэст хоёр дахиа энэ газарт ирсэн Христ Алгасал баярыг сүүлчийн үед сонгогдсон ард түмэндээ дахин уламжлуулж өгсөн юм. Үүгээр Бурханы авралын түүх гүйцэлдэж байгаа дүр зургийг Библийн зөгнөлүүдээс батлан харж болно (Евр 9:28, Иса 25:6-9 үзэх).

Бурханы амийн амлалт Алгасал баяр

Хуурай цөлөөс булаг ундрааж, хатсан навчнаас амийн үр соёолуулах амийн ундарга болсон Бурханы амлалт шинэ гэрээний Алгасал баяраар биеллээ олов. Энэхүү амийн амлалтыг авсан хүмүүсийг хэзээ ч үхэшгүй, үл муудах мөнх амийн биеэр өөрчлөөд тэнгэрийн хаанчлалд аваачна гэсэн нь Библийн гол сургаал юм.

“Тийм учраас Тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энэ нь анхны гэрээн дор үйлдсэн зөрчлийг золихын төлөө үхэж, дуудагдсан хүмүүст мөнх өвийн амлалтыг хүлээн авахуулахын тулд болой. …” Евр 9:15-22

Бурханд дуудагдсан хүмүүсийг мөнхийн тэнгэрийн хаанчлалын өвийн амлалт авхуулах хүч шинэ гэрээнд бий. “Хэсэгхэн талх, аягахан усан үзмийн дарсыг идэж уугаад яаж мөнх амь авах юм?” гэж сөргүүлэн асуудаг хүмүүс бий л дээ. Гэвч үнэндээ Алгасал баярт л Бурханы бидэнтэй тогтоосон амлалт шингэсэн байдаг.

Христийн шашин бол амлалтын шашин юм. Бурханы бидэнтэй гэрээ байгуулсан үгэнд нь итгэж үйлдсэнээрээ ерөөл хүртэх юм. Алгасал баярыг сахихгүйгээр Бурханд хичнээн хичээнгүйлэн итгэлээ ч тэр нь Бурханы амлалт байхгүй, тухайн хувь хүний л итгэлийн үйлс төдий зүйл.

Долоо дахь өдөр Амралтын өдрийг сахивал ерөөл өгнө гэсэн нь ч мөн л Бурхан болон Бурханы ард түмний хоорондох амлалт юм. Алгасал баярын талх ба усан үзмийн дарсыг идэж уувал мөнх амь өгнө хэмээсэн нь ч Бурханы бидэнд өгсөн амлалт. Ердийн үед талх, усан үзмийн дарс идэж ууж болох ч үүнд Бурханы амлалт байхгүй юм. Бурхан онцгойлон Алгасал баярын өдрийг сонгоод Бурхан болон бидний хоорондох амлалтыг биелүүлэх гэсэн хэрэг. Тэрхүү амлалтанд нь итгэж сахих аваас Бурхан бидний үхлийн биеийг мөнх амийн биеэр өөрчлөн, улмаар Христийг хүлээн авах яруу алдарт хүргэнэ хэмээн амласан.

Бид Бурханы амлалтанд итгээд ариун, эрхэм нандин Алгасал баярт оролцдог. Бид Христийн замнаж явсан замналыг л дагаж амьдрах хэрэгтэй. Бодол санаа маань ч Христийн бодол санаагаар, үйлс маань ч Христийн үйлсээр өөрчлөгдөх хэрэгтэй билээ. Христ ертөнцийг аврахаар энэ газарт ирсэн тул бидний амьдралын зорилго ч Түүнийхтэй адилхан байх ёстой. Шинэ гэрээний сайн мэдээ хараахан тунхаглагдаагүй муж, хотуудад ч бүгдэд нь тунхаглаад Бурханы авралын түүхэнд бүх улс үндэстэн оролцох хүртэл нь тэднийг газарчилцгаая.

Шинэ гэрээний сайн мэдээ тунхаглахын төлөө одоо ч Сионы олон ах эгч дүү нар маань дэлхий дахин руу үүл мэт, тагтаа мэт нисэн явж, мөн тийн нисэн ирцгээж байна. Цагаа олсон ч, эс олсон ч сайн мэдээ тунхаглахад илүү шамдаж, Бурханы амлалтанд баттай итгээд мөнх аминд хангалттай орохыг Сионы гэр бүлүүдээсээ хүсэх байна.