Салхи бол үл үзэгдэгч. Гэхдээ бид салхи байдгийг баттай мэдэрдэг. Найгах навчисаар, намирч хийсэх үс гэзгээр, эргэлдэх цаасан сэнсээр гээд шууд бусаар салхины хөдөлгөөн харагдаж байдаг болохоор тэр шүү дээ.
Хэлбэр дүрсгүй салхины сүр хүч хүн төрөлхтний түүхийг ч хүртэл өөрчилсөн байдаг. 16-р зууны үед тулаанд ялагдаж байсан Англи улс “Ялагдашгүй Армада” гэгддэг Испани улсын эсрэг дайтаад урьд хожид байгаагүйгээр ялалт байгуулжээ. Яг цагаа олж шуурсан хүчтэй салхи болон далайн урсгал Испаний хөлөг онгоцыг сөнөөхөд англичуудад давуу тал болсон байдаг. Салхи гэгч харагдахгүй мөртлөө хүмүүний амьдралд ихээхэн нөлөөлдгөөр барахгүй улс орны мандан бадрах уу, буурч доройтох уу гэдэгт ч нөлөөлөх юм. Салхи гэгч ингэхэд юу юм бол?
Агаарын хөдөлгөөн, салхи
Хялбараар хэлэхэд салхи нь агаар мандлын температур болон агаарын даралт хоёрын зөрүүнээс үүдэн бий болдог агаарын урсгал юм. Халуун агаар нягтаршил нь багасаж сийрэгжин, улмаар хөнгөн болж, бүр агаараас ч хөнгөн байдаг гели хийтэй бөмбөлөг мэт хөөрдөг. Тэгээд тэр хоосон зайг нь дүүргэхийн тулд эргэн тойрных нь хүйтэн агаар халуун агаар байсан газар руу шилжихийг салхи гэж нэрлээд байгаа юм.
Яг л ус доош урсдаг шиг агаар бас дээд даралтаасаа нам даралт руу шилждэг байна. Агаар мандлын өндөр даралт нь ойр орчмоосоо өндөр даралттай байхыг, харин бага даралт нь ойр орчмоосоо бага даралттай байхыг хэлнэ. Агаар мандлын даралт өндөр газар салхи төвөөсөө гадагшаа салхилж, агаар мандлын даралт нам газар тухайн орчноосоо төв рүүгээ чиглэн салхилдаг байна.
Одоо ч агаар мандал хөдөлсөөр байгаа. Илбэн өнгөрөх салхи, хаа нэгтээ хөвөх үүлс, өдөрт хэдэнтээ өөрчлөгдөх цаг агаар зэргийг харахад л үүнийг тодорхой харж болно. Харин дэлхийг бүхэлд нь харах юм бол агаар мандлын хөдөлгөөнд нэг л янзын урсгал байгааг харна. Энэхүү дэлхийн агаарын урсгалыг “агаар мандлын эргэлт” гэдэг байна.
Агаар мандлын эргэлт нь нарны эрчим хүчээс эхэлдэг. Дэлхийн бөөрөнхий гадаргууны улмаас тухайн өргөргөөс хамаараад нарны гэрэл дэлхийн гадаргууд хүрэх хэмжээ өөр өөр байдаг. Тийнхүү экваторын ойр орчимд халуун агаар дэгдэж, хоосон зай бий болгох төдийгүй улмаар ойр орчмынх нь хүйтэн агаар тэр хоосон зай руу нь явдаг байна. Хөөрсөн агаарын масс дээшлэн хөрдөг тул улам бүр хүнд болж, улмаар буцан бууж ирэн, бууж ирсэн агаар бүх чиглэл рүү тархан түгэж, агаар дутмаг газруудад шилжин очно. Агаар энэ үйл явцаар эргэлддэг байна. Тиймд өөр өөр өргөргийн энергийн тэнцвэргүй байдал нь эцэстээ их хэмжээний конвектив хөдөлгөөнийг бий болгодог аж.
Хэрвээ дэлхий тэнхлэгээрээ тойрон эргэдэггүй байсан бол салхи зөвхөн агаарын өндөр даралттай туйлын бүс нутгаас агаарын даралт багатай экватор руу л шилжих байлаа. Харин дэлхийн эргэлтээр салхины чиглэл даялж байгаа хэрэг. Бөмбөрцгийн хойд хагаст салхилах салхи баруун тийш шахагдах мэтээр диагналаар салхилдаг байна. Дэлхий дээр экватор болон туйлын хооронд дэлхийн эргэлт, далай, газрын гадаргуу дээрх тархалт гээд гурван үндсэн эргэлт явагдана. Эдгээрийн үр дүнд гарсан гадаргуу дээр салхилах салхи нь худалдааны салхи, өрнийн салхи, дорнын салхи юм.
Худалдааны салхи гэдэг нь экватор ба өргөргийн 30 градусын хоорондох бага өргөргөөс үлээдэг салхи бөгөөд бөмбөрцгийн хойд хагаст зүүн хойноос баруун өмнө зүгт салхилдаг салхи юм. Худалдааны салхи хэмээх нэр хайгуулын эрин үед Испанийн галлеон зэрэг хөлөг онгоцууд энэ салхийг ашиглан худалдаа хийдэг байсан үеэс гаралтай аж. Эдгээр салхи нь Европоос Америк тив хүртэл далайн аялал хийхэд маш ашиг тустай. Дунд өргөргөөр үлээдэг өрнийн салхи нь өрнө зүгээс дорно зүг рүү үлээдэг ба өрнийн салхины нөлөөн дор байдаг улс орнуудад салхи өрнөөс дорно руу салхилах хандлагатай байдаг байна.
Энергийн хуваарилалтаар амьдралыг тэтгэдэг агаар мандлын эргэлт
Мэдээж хэрвээ дэлхий энергийг зөвхөн шингээж авдаг байсан бол дэлхийн туйлын температур тасралтгүй нэмэгдэх байсан ба харин дэлхий энерги ялгаруулдаг учраас тийм зүйл огтхон ч болдоггүй байна. Дэлхийн цацрагийн энергийн хэмжээ өргөрөг хамааралгүй бараг тогтвортой байдаг байна. Тиймээс бага өргөргийн бүсэд ялгарах энерги нь шингэсэн энергийн хэмжээнээс бага байдаг тул хэт их энерги үүсдэг. Дээд өргөргийн бүсэд эсрэгээрээ ялгарсан энергийн хэмжээ нь шингэсэн энергийн хэмжээнээс их байдаг нь энерги дутагдалтай байх шалтаг болдог байна.
Бүс нутаг бүрийн хүлээн авах нарны гэрлийн хэмжээ ихэнх хүмүүсийн боддогоос хавьгүй их байдаг тул хэрвээ дулаан дэлхийг тойрон явдаггүй байсан бол хүмүүсийн амьдарч чадах газар бараг байхгүй байж ч мэднэ. Дулаан ихтэй газрууд нь тасралтгүй нэмж халсаар байгаад хайлж, бага дулаантай газрууд нь тасралтгүй хүйтэн болж, улмаар юм бүхэн хөлдөнө.
Тэгвэл дэлхий дээр энерги хэрхэн тархаж эргэлддэг вэ? Агаар мандлын конвектив хөдөлгөөний үр дүнд дэлхийн гадаргуу дээрх агаарын хөдөлгөөн салхиар дамжин дулааныг дэлхий даяар жигд тараадаг. Хэрвээ агаар дулааныг тархаахгүй бол бүс нутгуудаас хамааралтай энергийн туйлын тэнцвэргүй байдал бий болох байлаа. Өрнийн салхи, худалдааны салхи, дорнын салхи байнга салхилж байгаа тул далайн эсрэг үрэлт үүсгэн, улмаар яг тодорхой чиглэлд урсаж байдаг далайн гадаргуун эргэлтийг бий болгодог байна. Ийнхүү агаар мандал, далайн ус эргэлдэж, хэт их дулааны энергийг бага өргөргөөс эрчим хүчний хомсдолтой дээд өргөрөгт хүргэдэг тул дэлхий энергийн тэнцвэрээ хадгалж байдаг аж.
Одоо энэ мөчид ч хүртэл агаар, далайн ус хоёр эцэлт цуцалтгүй хөдөлж, энергийг дэлхий даяар жигд тараасаар байгаа. Дэлхийн агаар мандлын эргэлт далайн эргэлтийн хамт дэлхий дээрх энергийн хуваарилалтанд хувь нэмэр оруулдаг байна.
Дэлхийд хар салхи хэрэгтэй
Энэхүү дулааны эргэлтийн ерөнхий үйл явцаас гадна дэлхийн агаарын давхаргад их хэмжээний энерги нэгэн зэрэг хөдөлгөж чадах нэгэн өвөрмөц туслах төхөөрөмж бас бий. Энэ бол хар салхи. Хар салхи нь бага өргөргийн бүс нутгийн дулаан агаар далайгаас их хэмжээний уур хүлээн авдаг тул хүчтэй салхи, аадар бороотой цуг дээд өргөрөгт очдог халуун орны циклон юм. Хар салхи нь үүссэн газраасаа хамааран өөр өөр нэртэй байдаг. Номхон далайн баруун бүсийн хар салхи, Хойд болон Төв Америкийн хар салхиHurricane, Энэтхэгийн далайн хар салхиCyclone гэх зэргээр нэрлэдэг байна.
Хар салхи нь усны уур хүлээн авах явцдаа их хэмжээний дулаан агуулдаг байна. Ийм төлөвт хар салхи дээд өргөрөг рүү явдаг тул бага өргөргийн үлдсэн дулааныг маш хурдан бас үр дүнтэй хөдөлгөдөг байна. Энэ маягаар агаарын давхаргад дэлхийн эргэн тойронд агаарын янз бүрийн урсгал тасралтгүй байнга бий болж, дулаан ч мөн агаарын эргэлтийн дагуу эргэлдэж байдаг байна.
Хүчтэй хар салхи жил бүр ихээхэн хохирол учруулж байдаг ч халуун бүсийн халуун агаарыг аван, дээд өргөрөгтэй газруудад тараан дэлхийн зохистой температурыг хадгалж, дулааныг тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэдэг цаг уурын зайлшгүй үзэгдэл юм. Мөн усны хомсдлын асуудлыг арилгаж байдаг усны нөөцийг хангахад ч, далайн усыг хөдөлгөн хутгах, эргүүлэх байдлаар далайн улаан түрлэгийн үзэгдлийг шийдвэрлэхэд ч хар салхи чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Нарнаас авсан дулааны энерги дэлхий дээр эргэлдэхгүй бол яах вэ? Дэлхийн гадаргуу дээр өдөр шөнийн болон өргөрөг хоорондын температурын асар их ялгаа гарна. Аз болоход агаар мандал, далай тэнгисийн конвекцоор дамжуулан дэлхий дулааны энерги тараасаар байна. Энэхүү агаар мандлын эргэлт нь дэлхийн энергийг удаан хугацаанд тэнцвэртэй байлгаж, эхийн халуун энгэр мэтээр амьд амьтад дэлхий дээр амьдрах боломж олгодог байна.
- Эх сурвалж
- Hong Jun-eui and 3 others, Living Science Textbook 1, Humanist, 2011
- Kim Byeong-chun and Park Il-hwan, Interesting Weather and Climate Change Story, Gana Publishing Company, 2014