Үл үзэгдэх гараар барьж байдаг экологийн тэнцвэр

633 Үзсэн тоо

Хаан оцон шувууны зулзага хойд зүгийн аварга салхич шувууны (giant petrel) дайралтанд өртөж байна. Энэ бол олон үзэгчдийн сэтгэлийг түгшээж, зүрхийг нь шимшрүүлсэн нэгэн баримтат киноны нэг үзэгдэл. Боломж харан отож байсан аварга салхич шувуу эцэг эх нь эзгүй байх зуур нялх хаан оцон шувууд руу дайрна. Нэг бяцхан оцон шувуу нь тусламж эрэх мэт зураглаач руу гүйнэ. Айж түгшсэндээ далавчаараа камерны хөл барьж, зураглаачаас гуйна. Гэвч зураглаачийн багийнхан юу ч хийж чадахгүй нөхцөл байдлыг ажигласаар л байна. Ажиглагчийн хувиар байгалийн агуу хууль, экосистемийн эсрэг зогсож чадаагүй болохоор арга ч үгүй биз ээ.

Аварга салхич шувуу нялх оцон шувуунууд руу дайрч байгаан учир тэднийг ч мөн үүрэнд нь ангаахай дэгдээхий нь хүлээж байгаа болохоор тэр. Ээж салхич шувуу хоол хүнс олохгүй л бол дэгдээхийнүүд нь өлбөрч үхнэ шүү дээ. Амьдрахыг хүссэн хаан оцон шувуу болон өлөн аварга салхич шувуу хоёр аль аль нь идэш тэжээлийн харилцаа нь үл үзэгдэх зүй тогтолтой байдаг хатуу ширүүн экосистемийн бүрэлдэхүүн.

Идэх идүүлэх идэш тэжээлийн гинжин хэлхээ

Экосистемд амьдардаг амьд биетүүд бүгд л хоорондоо идэж идүүлэх идэш тэжээлийн харилцаагаар холбогдсон байдаг. Өвсөөр хооллодог царцааг мэлхий, мэлхийг могой иднэ. Экосистемийн махчин амьтны идэш тэжээлийн харилцаа гинжин хэлхээтэй байдаг. Тиймээс үүнийг идэш тэжээлийн гинжин хэлхээ гэж нэрлэдэг байна. Экосистем дэх ихэнх амьд амьтад янз бүрийн хоол иддэг тул идэш тэжээлийн гинжин хэлхээ нь ээдрээтэй орооцолдсон байдаг тул үүнийг “идэш тэжээлийн сүлжээ” гэж нэрлэдэг аж.

Идэш тэжээлийн гинжин хэлхээ нь идэш тэжээлийн харилцаагаар дамжуулан нарны эрчим хүчийг дамжуулдаг үйл явц юм. Органик биш нэгдлүүд болон нарны эрчим хүч ашиглан, органик нэгдлийг нийлэгжүүлдэг ногоон ургамлуудыг бүтээгчид гэж нэрлэдэг ба тэдгээр нь бусад организмын шим тэжээл болж байдаг. Бүтээгчдийн бий болгосон органик нэгдлийг иддэг амьтдыг хэрэглэгчид гэж нэрлэнэ. Хэрэглэгчдийг анхдагч хэрэглэгчид, хоёрдогч хэрэглэгчид, гуравдагч хэрэглэгчид гэж гурван төрөлд хуваана. Анхдагч хэрэглэгч буюу өвсөн тэжээлтэн нь ургамал ногоо иддэг амьтад юм. Хоёрдогч хэрэглэгч нь өвсөн тэжээлтэн амьтдыг иддэг амьтад юм. Гуравдагч хэрэглэгч нь гинжин хэлхээний дээд хэсгийн махчин амьтад юм. Ямар ч амьд организм үхэх үед задлагч бактериар задарч, органик бус нэгдэл болж, дахин ургамал ногоондоо шингэнэ. Ердийн задлагч бактерийн төлөөлөл нь бактери, мөөг мэтийн мөөгөнцөр юм. Идэш тэжээлийн гинжин хэлхээ хамгийн дээд хэсгийн махчин амьтнаар дуусдаг биш, задлагч бактерийн тусламжтайгаар тойрог эргэлт үүсгэн, эргээд бүтээгчид болдог байна.

Гүн гүнзгий зүй тогтлоор экологийн тэнцвэр хадгалагддаг

Өргөн уудам Африкийн тал хээр нь эхлэлийн ер бусын нууцаар дүүрэн. Улайсам халуун наран дор модны сүүдэрт тайван гэгч нь зүүрмэглэн хэвтэх арслан харагдана. Ингэхэд хамгийн том махчин амьтан болох арслан ер нь эндхийн хаан мөн гэж үү?

Долдугаар сар болохоор Танзанийн Серенгетигээс Кенийн Масай Мара руу зэрлэг үхэр хэдэн зуун мянгаараа ирдэг. Тэд илүү их бэлчээр ус хайж, байнга ирнэ. Тэгэхэд нь арслан хоол хүнс нь болсон зэрлэг үхрээ дагаад явахаас өөр аргагүй. Хачирхалтай нь өргөн уудам зүлэг ногоон бэлчээр тал нутаг идэш тэжээлийн гинжин хэлхээний хамгийн доод хэсэг болох ургамал ногооныхоо аясыг дагадаг байна. Зэрлэг амьтдын ертөнц эцэс төгсгөлгүй өрсөлдөөн, ширэнгэн ойн хуулиар биш, харин гүн гүнзгий зүй тогтлын хяналтанд байдаг газар юм.

Гинжин хэлхээн хамгийн дээд хэсгийн махчин амьтан болох арслан гурав дөрөв хоногтоо нэг ан хийнэ. Хэрэв арслангууд өлсөөгүй үедээ ч ялгаагүй зэрлэг үхэр агнавал Африкийн хээр талд зөвхөн арслан мэтийн махчин амьтад л үлдэж, улмаар давхар өөрсдөө ч сүйрлийн замаар алхах болно. Бүх зэрлэг үхэр үхчихвэл зэрлэг үхрээр хооллодог арслан ч хүртэл өөрсдийгөө амьд үлдэж, оршин тогтнож чадахгүй гэдгээ зөнгөөрөө мэддэг байна.

Зүлэг ногоо ч бай, арслан ч бай эцэстээ үхнэ. Харин хөрст дэлхий үхсэн амьтны сэг зэм, үхсэн ургамлаар дүүрдэггүй шүү дээ. Энэ нь задлагч бактери байдагтай холбоотой юм. Чийгийн улаан, хачиг мэтийн задлагчид том организм болох сэг хүүрийг том хэсгүүдэд хувааж, харин хөгц мөөгөнцөр, бактери мэтийн бичил биетнүүд нь организмыг задалж, ургамал ногооны хэрэглэж чадах хэлбэр болох органик бус зүйл болгон бүрэн задална. Задлагч бактериар бий болсон органик бус зүйл нь ургамал ногооны фотосинтез явагдахад хэрэглэгдэж, ургамал ногооны бий болгосон организм нь идэш тэжээлийн гинжин хэлхээ ёсоор задлагчаар дамжин хөрсөндөө буцаж шингэнэ. Энэ бол экосистем дэх материаллаг мөчлөг юм.

Байгалийн гамшиг мэтийн нөхцөл байдал гэнэтийн өөрчлөлтийн улмаас тодорхой нэг төрөл зүйл эрс багаслаа гэхэд тоо толгой нь бага багаар нэмэгдсээр экосистемийн тэнцвэртэй байдлаа хадгалдаг. Жишээ нь ургамал ногоо, царцаа, мэлхий, могойны идэш тэжээлийн гинжин хэлхээнд гэнэт царцааны тоо толгой багаслаа гэхэд царцааны хоол хүнс болох ургамал ногоо бүр илүү болж, царцаа иддэг мэлхий, могой махчин амьтны тоо толгой ар араасаа багасна. Харин царцааны тоо толгой дахин нэмэгдвэл ургамал ногооны хэмжээ багасч, мэлхий могойны тоо толгой өсөж, бүгд хуучин байдал руугаа эргэн орно. Гэхдээ экосистем үүнээс ч илүү нарийн идэш тэжээлийн сүлжээтэй байдаг. Тийм учраас тодорхой нэг төрөл зүйл гэнэт тоо толгой нь багаслаа гэлээ гэхэд бусад төрөл зүйл нь нөгөөхөө нөхөж орлодог тул тэнцвэртэй байдаг байна. Нарийн төвөгтэй идэш тэжээлийн сүлжээ бүхий экосистем тэнцвэрээ хадгалж, өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг хянах чадвартай.

Алдагдсан идэш тэжээлийн сүлжээ

Харин экологийн тэнцвэр нь хэт их өөрчлөлтийн улмаас алдагддаг байна. Ихэнх тохиолдолд экосистем хүний хүчин зүйлийн улмаас сүйрч эхэлдэг аж.

Хүмүүс амьтан ургамлыг тохиолдлоор болон тодорхой зорилготойгоор эх нутагт нь биш, өөр бүс нутагт авчирснаар экосистем заримдаа эмх замбараагүй байдалд орох нь бий. Мөлхөө ургамал болох нэг үрт өргөст хэмх (sicyos angulatus) Солонгост гол орчмоор бишгүй харагддаг. Анх үүнийг хүнсний ногооны залгаас болгон ашиглах зорилготойгоор Хойд Америкаас Солонгост авчирч байсан бол харин одоо Солонгос даяар тарсан. Амьдрах чадвар сайтай, ургах чадвар сайтай байдаг болохоор нэг үрт өргөст хэмх суулгасан газар хаана ч бай бусад ургамал ногоо амьд үлдэж чадахгүй байгаа юм. Мөн “мангас харх” хочтой нутрия хурдацтай нэмэгдэж байгаагаас үүдэн экосистем эмх замбараагаа алдаж байна. Солонгос анх үслэг эдлэл, хоол хүнсэнд хэрэглэх зориулалтаар 1985 онд Өмнөд Америкаас авчирсан юм. Гэсэн хэдий ч тэд ашиггүй байсан тул фермүүд тэднийг үржүүлэхээс татгалзав. Үүний дүнд тэдгээр минж асар их хоолны дуршил, нөхөн үржихүйн өндөр хурдаараа экосистемд ноёрхох болов. Унаган байгалийн экосистемд нутагшсан төрөл зүйл хүчээр нэвтэрснээс болоод идэш тэжээлийн гинжин хэлхээ сүйдээд байна.

АНУ-ын Флорида мужид байдаг Эверглейдс (Everglades) үндэсний цэцэрлэгт хүрээлэн Бирмийн аварга могойтой тэмцсээр байна. Эдгээр могойг уугуул нутаг Зүүн Өмнөд Азиас АНУ руу гэрийн тэжээвэр амьтан болгон авчирч байжээ. Харин эзэн нь тэднээс уйдсандаа гаргаад хаячихсан байна. Тийнхүү тэд экосистемийг маш хурдан эзэлж эхлэв. Бирмийн аварга могой байгалийн дайсангүйгээр үл барам хулгана, туулай гээд жижиг амьтдаас гадна матар, бугыг ч барьж идэх болов.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн (UNEP) гүйцэтгэх захирал Аким Штайнер 2010 онд дэлхий даяар нутагшуулсан үр, амьтдаас болж эдийн засаг жилийн 1,4 их наяд ам.долларын хохирол амссан гэж мэдэгджээ. Нутагшуулсан төрөл зүйлийн улмаас дэлхий нийт экосистемийн хямралд өртөөд байна.

Түүнээс гадна байгаль орчны бохирдол, дэлхийн дулаарал, эмх замбараагүй хулгайн ан гэх мэтийн уршгаар үй олон ургамал амьтан мөхөлд хүрч, идэш тэжээлийн сүлжээ алдагдаад байна. Дронт хэмээх шувууны жишээ гэхэд анх удаа төрөл зүйл амьтан устаж алга болохын аюулыг харуулсан юм. Дронт нь Африкийн зүүн хэсгийн Маврикийн арал дээр амьдардаг байжээ. 16-р зууны эхээр Маврикийн аралд ирсэн европчууд эдгээр нисдэггүй шувуудыг зэрлэгээр агнаж, цаг хугацаа өнгөрөх тусам дронт шувууны тоо цөөрчээ. Хамгийн сүүлчийн дронт шувуу 1681 онд олдсон боловч үүний дараа устаж үгүй болсон. Дараа нь арал дээрх калвариа моднууд (calvaria tree) гэнэт цөөрч эхлэх нь тэр. Учир нь калвариа модны үрийг идэж, гадагшлуулж соёолоход нь тусалдаг байсан дронтууд устаж алга болсон юм. Нэг амьд биетийн төрөл зүйл устаж үгүй болох нь яг л домино тоглоом аятай бусад амьд биетийн устах шалтгаан болдог байна.

Байгаль хамгаалах олон улсын холбооноос (IUCN) гаргасан ховордсон амьтдын улаан жагсаалтаас бид экосистемд ямар том аюул тулгараад байгааг ойлгож болохоор байна. Дэлхий дээр бүртгэгдсэн 1,7 сая гаруй амьд зүйлийн 74000 орчим зүйлийг үнэлжээ. Үүний үр дүнд 20200 орчим төрөл зүйл устах аюулд орсны 10000 нь ургамал ногоо юм. Ангилал зүйн бүлгээр авч үзвэл гимноспермийн 40%, хөхтөн амьтдын 26%, шувуудын 13%, хоёр нутагтан амьтдын 41% нь устах аюулд өртөөд байгаа аж. Үнэлгээнд хамрагдсан зүйлийн тоо маш бага байгааг харгалзан үзэхэд дэлхий дээрх амьд амьтдын устах хэмжээ илүү их байна гэж тооцоолж болох нь. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) мэдээлснээр жил бүр 10000 орчим төрөл зүйл устан үгүй болж, түүний дотор хараахан судлагдаагүй байгаа төрөл зүйл ч бий. АНУ-ын Дьюкийн их сургуулийн профессор, биологич Стюарт Пимм “Амьтад соёл иргэншил хөгжихөөс өмнөх үеэс 1000 дахин хурдан устаж, хүмүүн бид өөрсдөө ч устах аюул нүүрлээд байгаа нь санаа зовоож байна” хэмээн өгүүлсэн байдаг.

Эрт дээр үеэс эхлэн энэ дэлхий дээрх бүхий л амьд организм нүдэнд үл үзэгдэх зүй тогтлын дагуу идэш тэжээлийн гинжин хэлхээгээр дамжуулан экологийн тэнцвэртэй байдлаа хадгалсаар иржээ. Амьд амьтан өөр хоорондоо харилцан холбогдож, тэнцвэртэй байдлаа тун нарийн хадгалж байдаг экосистем гэгч нэн гайхалтай.

Хүн төрөлхтөн хөндлөнгөөс оролцоогүй байх үед экосистем бүр ч илүү амар амгалан байдаг байна. Экосистемд чухал биш элемент нэг ч байхгүй ажээ. Тэд нэг нэгэндээ харилцан нөлөөлж, нөлөөнд нь орж байдаг. Экосистемийн амьтад огтхон ч шунал тээлгүй, төрөлх зөнгөөрөө, жам ёсоо дагаад л явдаг байна. Учир нь бусад төрөл зүйлийг сөнөөж байдаг махчин амьтад шунавал өөрсдийгөө устгана гэдгийг сайн мэдэж байгаа нь тэр. Энэхүү бодит үнэнийг байнга мартаж байдаг нь цорын ганц хүн төрөлхтөн юм.