Израилийн түүх биднийг сургахын тулд бичигдсэн гэж би заалгаж байсан юм байна. Израиль улс МЭ 70 онд Ром улсын нөлөөгөөр сүйрсэн. Израилийн ард түмэн Бурханы сонгосон ард түмэн болсондоо их бахархаж байсан. Гэтэл тэд яагаад сүйрсэн юм бол? Яаж сүйрсэн юм бол? Мөн энэ түүх өнөөгийн бидэнд юу сургах гээ юм бол?
Энэ явдал МЭ 30 онд болсон юм. Израилийн шашны удирдагчид хүн төрөлхтний авралын төлөө энэ дэлхийд хүн болж ирсэн Бурхан болох Есүсийг буруутган яллаж, Иудагийн захирагч Пилатын өмнө авчрав. Шүүлтийн газар цугларсан байсан иудейчүүд дуу хоолойгоо өндөрсгөн, “Түүнийг цовдол! Түүнийг цовдол!” гэж тасралтгүй хашхирч байлаа.
Пилат Есүсээс ямар ч нүгэл олсонгүй. Гэвч тэр Түүнийг шийтгэхгүй бол үймээн гарч магадгүй гэж айж байлаа. Тэр гараа угаагаад “Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй” гэв.
“Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг” (Мат 27:25)
Есүсийг цовдолсон иудейчүүдийн хашхираан өөдөө хаясан чулуу болж 40 жилийн дараа өөрсдийнх нь толгой дээр буув.
Израилийн эмх замбараагүй байдал ба Веспасианус Иерусалимыг бүсэлсэн нь
Есүсийн загалмайн дараа Ромын эсэргүүцэл тасралтгүй үргэлжилж, улмаар иудейчүүдийн дунд гомдол дургүйцэл өссөөр байлаа. Иерусалимд бүлэг дээрэмчид бий болж, иуда даяар үймээн самуун хурдацтай тархлаа. Тэр үймээн самууныг нухчин дарахаар Ром цэргээ яаралтай илгээсэн ч ромын цэргүүд ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан тул ухрахад хүрсэн юм.
Нөхцөл байдал бүр дордохыг хараад гайхшаа барсан Ром тулаандаа хамгийн гаргуун туршлагатай, ерөнхий жанжин Веспасианусыг иудейчүүдийн бослогыг дарах шинэ жанжнаар томилов. Веспасианус 60000 цэрэг эрийг толгойлон, МЭ 68 онд Иерусалимыг бүсэлж, довтлох системээ чангатгав.
Ингээд дэндүү түгшүүртэй нөхцөл байдалд оров. Тэгтэл гэнэт Ромын цэрэг Иерусалимаас буцан ухрах нь тэр. Тэгэхэд нь Иерусалимд байсан иудейчүүд Ёховагийн тусламжаар Ромын цэргүүд зугтан одлоо гэж бодсон юм. Тэд дайнд ялсандаа баярлалдан, бүжицгээж, бамбайгаа өндөрт өргөн, баяр хөөртэйгөөр хашхирав. Хот тэр аяараа баяр наадмын байдалтай болж байжээ.
Титус Иерусалимыг бүсэлсэн нь
Ерөнхий жанжин Веспасианус гэнэт ухарсан шалтгаан нь Неро хаан гэнэт амиа хорлосонд байсан аж. Веспасианус хаан ширээнд өргөмжлөгдөн, МЭ 70 онд албан ёсоор Ромын эзэнт гүрний эзэн хаан болон залрав. Тэрээр Ромд улс төрийн үймээн самуун намжмагц, улсаа товхинуулаад, хүү Титус жанжинд Иерусалимын эсрэг бүх цэргийн үйл ажиллагааг хариуцуулав. Тун нарийн боловсруулсан төлөвлөгөөн дор Титус 80000 цэрэг эрийн хүчээр Иерусалимыг бүслэх нь тэр.
Иерусалим нь байгалиасаа эгц талт уулын нуруун дээр баригдсан сайн бэхлэгдсэн хот байсан төдийгүй дайралтаас хамгаалах зориулалттай гурван давхар зузаан ханатай байв. Мөн Ассирийн дайралтанд орсон үедээ Хезекиа хааны барьсан усан зам ч байсан ба түүгээр нь дамжин Гихон булаг хот руу урсдаг байсан нь хотынхон гадаад ертөнцөөс тусгаарлагдсан ч амьд үлдэхийн төлөө байсан юм.
Ромын цэрэг эхлээд Гихоны усан замд хаалт тавьж, Иерусалимд хоол хүнс хангах замыг бүрэн тасалж, хотоос орох гарах бүх үүд хаалгыг бүрэн хаав.
Иерусалимыг ийн тусгаарласан нь удаан үргэлжилсэн тул оршин суугчид нь өлсөж үхэхэд хүрэв. Дээвэр нь ядарсан эмэгтэйчүүд, хүүхдүүдээр дүүрч, гудамжаар дүүрэн хөгшчүүл байлаа. Хацрынх нь яс товойтлоо турсан залуус сүнс шиг гудамжаар тэнэж, ядарч туйлдсандаа энд тэнд унаж, өвдөж үхнэ.
Тэдний үхэлд хэн нь ч уйлж гашуудсангүй. Тэр бүү хэл гэр бүлийнхэн нь ч үхсэн хүмүүсээ оршуулах тэнхээ байгаагүй юм. Хэн нэгэн жаахан чадал тэнхээтэй байлаа гээд ч нас барсан хүмүүс дэндүү их байсан тул оршуулах аргагүй байлаа. Аймшигт ийм үхлийн нам гүм дунд танхайрагч дээрэмчид улам бүр хүчирхийлж байв. Айл хунараар орж, идэх уух юмыг нь хулгайлж, тэр байтугай цогцоснуудыг ч нэгжиж байсан юм.
Дэндүү туйлдсан өлсгөлөндөө зовж зүдэрсэн хүмүүс юу ч хамаагүй идэж эхэлсэн байна. Бүс тэлээ, гутал, бамбайны арьс энэ тэрийг зажилж, мал амьтан ч ойртдоггүй хог новш онгичин, идэх юм хайж байлаа.
Гэвч энэ бүр юу ч биш байсан юм. Тэдний туйлдаа хүрсэн өлсгөлөн нь дэндүү аймшигтай хэрцгий хэрэг хийхэд хүргэж, амьд үлдэхийн тулд зарим эмэгтэйчүүд бүр хүүхдээ хүртэл идсэн байдаг.
Ромын цэрэгт бүслэгдсэн Иерусалимд болсон бүхэн харин Библид хэдийн зөгнөгдсөн байсан билээ.
“Тэд чиний найдвар болсон өндөр, бат бэх хана хэрмүүдийг нуран унах хүртэл чамайг газар нутаг дээрх бүх хотод чинь бүсэлнэ. Тэд ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газрын бүх хотод чамайг бүслэх болно. Дайснууд чинь чамайг шахамдуулах бүслэлт шахалт дор чи, ЭЗЭН Бурханаас чамд хайрласан, хэвлийн чинь үр, хөвгүүд охидынхоо махыг идэх болно. …” Дэд.Хуу 28:52-57
МЭ 70 онд Иерусалим сүйрэв
Титус Иерусалим руу ширүүн дайралт хийлээ. Хотод амьд үлдсэн байсан иудейчүүд өлссөндөө туйлдан, Ромын эсрэг тэмцсэн ч эцэстээ Ромын цэргүүдэд алагдсан юм. Хана хэрэмнүүд, ариун газар, хот гээд Иерусалимд байсан бүхэн галдан шатаагдаж, гудамж талбай нь цогцсоор дүүрч байлаа. Үхсэн хүмүүсээс урсах цус авалцсан галыг унтраахад хангалттай хэмжээний байлаа.
МЭ 70 оны 9 сарын 8-нд Иерусалим эцэстээ Ромд эзлэгдэн сүйрэв. Дайны туршид олзлогдсон еврейчүүдийн тоо ерэн долоон мянга хүрч, Иерусалимын бүслэлтийн үеэр амиа алдсан еврейчүүдийн тоо ойролцоогоор 1,1 саяд хүрсэн байна.
Иерусалим нь урьд өмнө тэр хотод хүмүүс амьдарч байсан гэж итгэхэд ч бэрх тийм хэмжээнд бүхэлдээ балгас болов. Нэгэн цагт алдар цуутай байсан хотын төгсгөл ийм байлаа.
Христчүүдийн аврал
Гэвч энэ хотод байсан бүх хүн тийм аймшигт сүйрэлтэй тулгараагүй билээ. Веспасианус цэргээ эргэн татсанд иудейчүүд ялалтын баяр хөөрөндөө мансуурч байх хооронд Иерусалим дахь бүх христчүүд уг хотоос гарсан юм.
Тэд яагаад Иерусалимаас гарах тухай бодсон юм бол? Үүний учир нь Есүс хэдийн Иерусалимын сүйрлийг зөгнөж, Иерусалимын сүйрлийн талаар урьдчилан анхааруулсан “шинж тэмдэг” өгч байсан юм. Тэр тэмдэг нь “Иерусалим дайчдад бүслэгдэх” байлаа.
“Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын хоосрол ойрхон буйг мэдэх болно. Тэгэхэд Иудейд байгсад нь уулс өөд зугтаг. Хотод байгсад нь тэндээс гараг, хөдөө байгсад нь хотод бүү орог. Юу гэвэл бичигдсэн бүх зүйл биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм.” Лук 21:20-22
Есүсийг тэнгэрт одсоноос хойш 40 жил өнгөрчээ. Энэ хооронд хүмүүс Есүсийг мартаж, Есүсийн хэлж байсныг санасангүй. Зөвхөн христчүүдийн зүрх сэтгэлд л Есүсийн үг унтаршгүй, бөхөшгүй дэнлүү мэт амьд хэвээр байлаа. Тиймд МЭ 68 онд Иерусалим Ромын цэргүүдэд бүслэгдэх үед христчүүд зөгнөлийн дагуу хөдлөх цаг мөн гэдгийг мэдэж ойлгон, Пелла гэдэг хот руу зугтлаа. Иерусалим нуран унадаг тэр үед христчүүд Христийн үгэнд итгэснээрээ тэрхүү сүйрлээс аврагдах асар их ерөөл авч чадсан билээ.
Энэ түүх нь өнөө үед амьдарч байгаа бидэнд сургамж өгч байгаа хэрэг.
Зөгнөлийн тэмдэг ба аврал
“Тэгээд Тэр цааш нь тэдэнд —Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд хүчтэй газар хөдлөлтүүд болно. Энд тэндгүй гамшиг болон өлсгөлөн болж, аймшиг хийгээд үлэмж тэмдгүүд тэнгэрээс үзэгдэнэ.” Лук 21:10-11
Одоо дэлхий даяар болж буй гай гамшиг, дайн дажин, ослын тухай мэдээ байнга сонсогдсоор байгаа. Эдгээр нь ч мөн л Есүсийн зөгнөсөн шинж тэмдгүүд юм. Өнөө үед болж буй шинж тэмдгүүд нь Сион руу зугтах цаг болсныг бидэнд хэлж байна.
“Иудад зарлан Иерусалимд тунхаглахдаа «Нутагт бүрээ үлээ. Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл. Сион тийш тугаа босго! Хоргодох газар хай, бүү зогс. Учир нь Би хойд зүгээс гай гамшиг ба аймшигт сүйрлийг авчирч байна.” Иер 4:5-6
Сион бол Бурханы товлосон баяруудыг тэмдэглэдэг сүм юм (Иса 33:20, Евр 12:22). Шинэ гэрээний үед Сионд тэмдэглэдэг Бурханы баярууд нь шинэ гэрээний баярууд буюу Алгасал баяраар (ариун тооллын эхний сарын арван дөрөвний өдрийн үдшийн бүрийгээр) эхэлдэг 3 удаагийн 7 баяр юм. Алгасал баярт аливаа гай гамшиг биднийг алгасан өнгөрнө гэсэн Бурханы авралын амлалт бий (Гэт 12:11-14).
Бурхан бүх хүмүүсийг Сионд амийн гэрээ болох Алгасал баяр сахиж аврагдаасай гэж ихэд хүсдэг билээ.
“Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга (усан үзмийн дарс) авч, —Энэ аяга (усан үзмийн дарс) нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:15, 19-20
МЭ 70 онд Иерусалим сүйрэх үед Есүсийн үгийг үл тоосон хүмүүс тийм гаслант, аймшигт үхлээр зовсон юм. Христийг таньж чадаагүй, үгийг нь үл тоомсорлосон иудейчүүд болон анхны сүмийн христчүүд дэндүү ялгаатай үр дагавраар төгссөн байна. Бид тэднээс сургамж авч, Бурханы зөгнөлд анхаарлаа хандуулан, зөгнөлийн дагуу үйлдэх итгэлтэй байх учиртай.
Өнөөгийн энэ үеийн бодит байдлыг хараад бүгдээрээ огтхон ч цааргалалгүй, Сионд хамтдаа цугларцгаая. Бид эхлээд Сионы хүүхэд болон дуудагдсан учраас бүх үндэстэн тийш авралын бүрээ үлээх ёстой. Шинэ гэрээний Алгасал баярыг чанга дуугаар тунхаглан зарлаж, ертөнц даяарх хүн зоныг бэхлэгдсэн хот болох Сион руу хурдан хоргодуулах ёстой. Энэ нь л одоо бидний гүйцэтгэх ёстой зөгнөлийн үүрэг даалгавар юм шүү.