WATV.org is provided in English. Would you like to change to English?

Хилс гүтгэлэг

“Хилс гүтгэлэг” гэдэг нь зальжин муу үгээр бусдыг буруушаан, хийгээгүй хэргийг нь хийсэн мэтээр гүтгэн дээд тушаалын хүнд зарга мэдүүлэхийг хэлдэг.

378 Үзсэн тоо

1. Халдеичууд Даниелын гурван найзыг хилс гүтгэсэн нь

Вавилоны Небухаднезар хаан алтан хөрөгт мөргөөгүй хүнийг тэр дор нь галтай зууханд хаяна хэмээн зарлигдсан ч Даниелын гурван найз Шадрах, Мешах, Абеднего нар мөргөөгүй юм. Тэгэхэд тэдэнд атаархдаг байсан зарим халдеи хүн хаандаа зарга мэдүүлж, шийтгэл хүлээлгэхийг хүсжээ.

Тэр үед халдеичуудын зарим нь ойртон ирж, иудейчүүдийг буруушаав. Дан 3:8

※Халдеи нь Вавилоны өмнөд хэсгээр байрладаг газар нутгийн нэр юм. Халдеичууд Вавилоныг захирах болсноос хойш Вавилоныг халдеи ч гэж нэрлэдэг байв.

Небухаднезар хаан учирлан гуйсан ч Шадрах, Мешах, Абеднего нар шүтээнд мөргөөгүй. Иймд хаантан ихэд хилэгнэж, галлах ёстойгоосоо долоо дахин хүчтэй галласан зууханд тэднийг шидүүлэв. Зуух хичнээн их халсан болоод тэднийг зуух руу шидэхээр ирсэн хүмүүс хүртэл өөрсдөө шатаж үхсэн байхав дээ. Бурханаас өөр бурханд мөргөөгүй, үхлээс айгаагүй, шүтээнд мөргөөгүй тэднийг Бурхан тэнгэр элчээ илгээн толгойноос нь ширхэг үс ч гэмтээлгүйгээр хамгаалж өгсөн хэрэг.

2. Меде Персийн түшмэд Даниелыг хилс гүтгэсэн нь

Вавилоныг мөхөөсөн Меде Персийн засаглалын он жилүүдэд Дариус хаан зуун хорин аймгийн захирагч томилон бүх хаанчлалаа хариуцуулах болжээ. Түүнчлэн тэдний дээр гурван сайд томилсон бөгөөд тэдний нэг нь Даниел байсан юмсанж.

Даниел Бурханаас ивээл, мэргэн ухаан авсан хүн байсан болохоор бусад сайд, аймгийн захирагчдаас илүү сүрхий байж. Тиймд хаан Даниелыг бусад сайд нарын дээр томилон хаанчлалаа бүхэлд нь түүнд захируулах болжээ. Гэтэл үүнд хорссон аймгийн захирагч, сайдууд Даниелыг хилс хэрэгт унагах боломжийг отож байлаа. Тэд Даниелаас өө эрж олох гэсэн ч түүнийг буруутгах ямар ч үндэс олж чадсангүй. Тэгээд Даниелыг Бурханы хууль сахиж байгааг нь далим болгоё гэж сэдээд хоорондоо үгсэн хуйвалдсан ажээ.

Тэгээд тэд гуч хоногийн туршид хаанаас өөр аль нэг бурханд, эсвэл хүнд гуйлтаа өргөсөн хүн байх аваас тэр хүнийг арслангийн нүхэнд хаяна гэсэн шинэ тогтоол сэдээд хаанаар гарын үсэг зуруулж, уг тогтоолыг бүх нийтэд сонордуулсан байна. Меде Персийн хуулинд хаан гарын үсгээ зурсан л бол тэрхүү тогтоолыг хэн ч өөрчилж чадахааргүй заалт байдаг байв. Тэр ч байтугай хаан өөрөө ч өөрчлөх мэдэлгүй.

Даниел ийм тушаал гарсныг мэдээд, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа Иерусалимын зүг хараад өвдөг сөгдөн залбирч байлаа. Даниелыг хорлох гэсэн хүмүүсийн хүсэн хүлээсэн цаг мөч ч тулж ирлээ. Тэд даруйхан хааны өмнө очин хов хүргэв.

Дариус хаан Даниелыг ихэд хайрладаг байсан авч Меде Персийн хуулийг өөрчлөх аргагүйн учир нулимс унаган байж Даниелыг арслангийн нүх рүү хаяулав. Даниел хилс гүтгэлгийн улмаас арслангийн нүхэнд хаягдсан ч Бурхан тэнгэр элчээ илгээн тэдгээр арслангуудын амыг таглав. Ингээд Даниел маргааш өглөө нь арслангийн нүхнээс эсэн мэнд мултран гарчээ. Дариус хаан Бурханд яруу алдар өргөөд, Даниелыг гүтгэсэн хүмүүсийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяхад тэднийг нүхний ёроолд ч хүрэхээс өмнө арслангууд тэдэн рүү дайрч, бүх ясыг нь хугалан буталжээ (Дан 6:1-27).

“Хаан тушаал буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран…” Дан 6:24

3. Хаман иудейчүүдийг хилс гүтгэсэн нь

Бурханы зөгнөлийн цаг гүйцэхэд Персийн Кореш хаан бүх иудейчүүдийг эх нутагтаа буцаж болно гэсэн зарлиг буулгасан ч тухайн үед нутаг буцаагүй үлдсэн иудейчүүд ч байлаа.

Персийн Ахашверош хаан иудей хүн Мордехаин авга ахынх нь охин Естерийг өөрийн хатан болгож буулган авав. Түүний дараа Ахашверош хаан түшмэл Хаманы эрх мэдлийг өндөрсгөхөд мужийн захирагчид, хааны зарц нар, ард түмэн цөм Хаманд мөргөжээ. Харин иудей хүн Мордехаи л Хаманд мөргөсөнгүй. Үүнд хилэгнэсэн Хаман Мордехаиг олзны иудей хүн гэдгийг нь мэдээд хаанд хилс гүтгэн, иудей үндэстнийг сүйрүүлье хэмээн санав.

“Тэгээд Хаман, Ахашверош хаанд ийн хэлэв. —Таны хаанчлалын бүх аймгийн ард түмэн дунд тарж холилдсон нэгэн ард түмэн байна. Тэдний хууль бусад ард түмний хуулиас өөр бөгөөд тэд хааны хууль цаазыг сахин үйлддэггүй юм. Тиймээс хааны хувьд тэднийг тэвчих нь ашиггүй юм.” Ест 3:8

Ийнхүү иудейчүүдийг бүрэн сөнөө гэсэн тунхаг орон даяар зарлагджээ. Иудейчүүд аюулд орсон авч Естер хатны амиа зориулах гэсэн шийдвэр, хичээл зүтгэлийн ачаар дайснуудаа бүрэн сөнөөсөн юм байна. Мөн иудей үндэстнийг хилс гүтгэсэн дайсан Хаман Мордехаиг алах гэж бэлдсэн дүүжлүүртээ өөрөө хөнөөгдөв.

4. Диавол Бурханы ард түмнийг хилс гүтгэсэн нь

Бидний дайсан диавол тэнгэрт байхдаа Бурханы ард түмнийг мэхлэн, нүгэл үйлдүүлсний дараа Бурханы өмнө биднийг буруутган гүтгэсэн юм.

“Өнөөх асар том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч Диавол буюу Сатан гэгддэг хуучны могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэрэлч нар нь ч доош хаягдав. Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлэхийг сонсов. —Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг буруутгагч доош хаягдсан тул Бурханы маань аврал, хүч, хаанчлал ба Түүний Христийн эрх мэдэл ирлээ.” Илч 12:9-10

Даниелыг хилс гүтгэн, арслангуудад тастчуулахыг хүссэн хөнөөлт этгээдүүд эцэст нь өөрсдийн сонгосон аргандаа яллуулж, арслангийн нүхэнд хаягдаж амьтны хоол болдог. Мөн Мордехаиг хөнөөх гэж хилс гүтгэн, дүүжлүүр бэлдсэн иудей үндэстний дайсан Хаман өөрийн бэлдсэн дүүжлүүртээ цаазлуулсан байдаг. Мөн Хамантай хамсаатан болж иудейчүүдийг хөнөөхийг оролдсон этгээдүүд ч эцэстээ юу бэлдсэн түүндээ орооцолдож үхсэн байна.

Библид тэмдэглэгдсэн хилс гүтгэлгийн талаар нягт судлаад үзэхэд Бурханы ард түмнийг хилс гүтгэгчид Бурханы ард түмнийг хорлох гэж бэлдсэн урхиндаа өөрсдөө орооцолдож, өөрсдөө хохирдог байна. Биднийг хорлох гэж Бурханы өмнө буруутган гүтгэсэн дайсан диавол ч мөн тэнгэрийн хүүхдүүдийг хорлох гэж сэдсэн тэр л аргандаа өөрөө ороогдож хохирох юм.